Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С ХХК -ийн гаргасан,

 

Хариуцагч: Ц,

 

Хариуцагч: Н нарт холбогдох,

 

46,922,012.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагч Н, Ц, өмгөөлөгч О, гэрч Г, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:

 

“Хариуцагч Ц, Н нар 2017 оны 10 дугаар сард манай эмнэлэгт хандаж, үр шилжүүлэн суулгуулахаар харилцан тохирсон ба 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үр шилжүүлэн суулгах ажилбарыг эхлүүлж, 2 ихэр үр тогтсон. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас ЭХО зураг авахад хэвлийд ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ц хэвлийгээр өвдөж байна гэж эмнэлэг дээр ирсний дагуу үзлэг хийсэн бөгөөд олгой байх магадлалтай тул өөр эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлсэн.

 

Гэвч Цэргийн төв эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үзүүлэхэд олгой биш гэж хэлээд буцаасан байсан. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин ЭХО зураг авахад үрэвсэл үүссэн байх магадлалтай гэсэн учраас нарийн шинжилгээ хийлгэхийг зөвлөн *******, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхийг санал болгосон юм. Гэвч тус эмнэлгийн эмч нар олгой биш үр шилжүүлэн суулгаснаас өндгөвч хэт сэтээгдсэн байна гэж үзсэн.

Ингээд тус эмнэлэг 8 хоногийн турш эмчилгээ хийгээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчтөний биеийн байдлын талаар ярилцаж зөвлөлдөхөд өндгөвчинд үрэвсэл байна, нээлттэй хагалгаа хийнэ, дурангийн хагалгаа хийх боломжгүй гэж үзсэн. Хагалгаагаар ургийн эрүүл мэндэд баталгаа өгч чадахгүй тухай бидэнд хэлсэн учраас манай эмнэлгийн эмч нар хуралдаж БНСУ-руу яаралтай авч явж эмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Хариуцагчийг *******ы их сургуулийн харьяа ******* төв эмнэлэгт үзүүлж, Монгол эмч нар эмэгтэйчүүдийн өвчин гэж оношлож байсныг үндэслэн эхлээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн хэдий ч эмэгтэйчүүдтэй холбоогүй, харин мухар олгой хагарсан нь тогтоогдсон учраас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дурангийн мэс ажилбарт оруулсан ба манай эмнэлгийн буруутай ажиллагаанаас үүдэн хариуцагч ямар нэгэн өвчин тусаагүй гэдэг нь тогтоогдсон.

 

Иймд, хариуцагч Цийн эмчилгээний зардал 35,112,012.00 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг тэдгээрийн өмнөөс эрх бүхий этгээдэд төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42,722,012.00 төгрөгийг нэхэмжлэхэд өмгөөлөгчийн зардалд 4,200,000.00 төгрөгийг төлсөн тул нийт 46,922,012.00 төгрөг нэхэмжилж байна.

 

Бид, эрүүл биш хүнд үр шилжүүлэн суулгахгүй, өндгөвч хэт сэдээгдсэн учраас олгой ургасан гэх баримтгүй, олгой хагарсан тул хэвлийн ус ихэдсэнээс гадна мөн халдвар орсон учраас шингэн улам их болсон. Үүнээс үзэхэд олгой эрт хагарсан байсан.

 

 Нэхэмжлэгч эм тариа их хэрэглэсэн тул удаан тэссэн байх. *******,*******ийн эмч нарын онош дээр нээлттэй хагалгаа хийнэ гэсэн байсан. Олгой юунаас ч болж үүссэн байж болно үүнийг хэн ч тогтоож чадахгүй. Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болгоно гэж гэрээ байгуулаад хүүхэдтэй болгосон, бусад ямар нэгэн өвчнийг эмчлэх үүрэг эмнэлэгт байхгүй” гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Бид, 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэгч С ХХК-ийн эмнэлэгт очиж үр шилжүүлэн суулгахаар шинжилгээнд орсон бөгөөд тухайн үед бүтэн шинжилгээнд ороход бүх эрхтэн эрүүл байна гэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сараас өндөр тунгаар дааврын эм хийж, өндгөвчний сэдээлт хийж эхэлсэн.

 

Би, тэр үед эмчид миний өндгөвч маш хурдан сэдээгддэг шүү гэж сануулахад огт тоогоогүй, хэсэг хугацааны дараа 2 өндгөвчиндөө тариа тариулж, 6 дахь хоногоос эхлэн хэвлийгээр хүчтэй өвдсөн учраас эмчид үзүүлэхэд их хэмжээгээр өндгөн эс ялгаруулсан тул өвдөж байгаа гэсэн. Тухайн сардаа 23 өндгөн эсийг надаас соруулж авсан ба үүнээс 21 үр хөврөл бий болж, улмаар 2 эсийг суулгасан. Би амьдарлын эрүүл хэмнэлтэй учраас миний биеийн байдал маш сайн байсан.

 

Ийнхүү үр суулгаснаас хойш 8 хоногийн дараа эмнэлэг дээр очиж шинжилгээ өгөхөд 2 ихэр хүүхэдтэй болсон байсан боловч 2 дахь удаагийн шинжилгээ хийхэд миний хэвлий 4-5 сартай жирэмсэн хүнтэй адил томорсон байсан. Үүнийг тодруулахаар ЭХО-д харуулахад хэвлийд шингэн хуримтлагдсан байсныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 литр 200 гр ус соруулж авсан. Гэвч 5 хоногийн дараа дахиад л 2 литр орчим шингэн соруулсан ба ойролцоогоор хагалгаанд орохын өмнө нийт 8 литр шингэн авсан. Гэвч биеийн байдал дээрдэхгүй байсан тул эмч гаднаас халдвар орсон тул хэвлий үрэвссэн тул нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах хэрэгтэй гэж үзээд намайг “*******” амаржих газар руу шилжүүлэх гэтэл уг эмнэлэг манай эмнэлэг ийм хүнд өвчтэй хүн авахгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Цэргийн госпитал дээр очиход жижүүр эмч нь олгой байх магадлалтай, гэхдээ одоогоор манайд хагалгааны заал байхгүй гэсэн.

 

Тэгээд  С эмнэлэгт буцаж очсон бөгөөд тус эмнэлэг намайг *******, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлж, шинжилгээ хийлгэхэд дурангаар эхлээд харна, тэгээд оношлогдохгүй бол нээлттэй хагалгаа хийнэ гэсэн юм. Гэвч нээлттэй хагалгаа хийсэн тохиолдолд ургийг аврах боломжгүй гэсэн учраас нэхэмжлэгч тал намайг БНСУ руу авч явсан. Би Солонгос улсад хагалгаанд ороход юу болсныг сайн мэдэхгүй, хагалгааны дараа өндгөвчний хэт сэдээлт гэж тайлбарласан. Би, энэ хугацаанд сэтгэл санаа, бие эрхтнээрээ хохирсон, цаашид надад ямар сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй

 

            Нисэх дээр байхад нэхэмжлэгч С ХХК-ийн эмч нар өөрсдөө хэвлийн гаднаас халдвар орсон гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд Солонгос улсад очих эмнэлэг бол манай төв эмнэлэг, төлбөр мөнгө дээр та нар санаа зоволтгүй, битгий санаа зов гэж хэлснийг эмнэлгийн дарга болон орчуулагч нар гэрчилнэ. Хувь хүний биеийн онцлог өөр өөр байдаг, бид нар эмнэлэгт итгэж өнөөдрийг хүрсэн. Анх С эмнэлэг 24 цагийн үйлчилгээтэй гэж реклам хийж байсан. Гэтэл манай тал гуйж байж арай гэж 1 хонуулсан. Тэгээд *******,******* рүү очсон юм.

 

Төлбөр мөнгөний талаар бид нарт нэг ч зүйл урьдчилж хэлээгүй, хэрвээ төлбөрийн талаар мэдэж байсан бол ийм их зардал гаргаж Солонгос улс руу явахгүй, мухар олгой гэдгийг мэдэж байсан бол Монгол Улсад авахуулж болох байсан. Мөн Солонгос улсад эмчилгээ хийсэн эмч нар манай хүүхдүүдийг дауны өвчтэй гэж хэлсэн боловч Монгол Улсад хүүхдүүдээ үзүүлэхэд эрүүл байсан.

 

Нэхэмжлэгчийн эмч нар Солонгос тал шийднэ, юунд ч битгий санаа зов гэж хэлсэн атлаа одоо бид нараас мөнгө нэхэж байна, шинжээчийн дүгнэлтээр өндгөвчний хэт сэдээлтээс үүдэн олгой ургах боломжтой гэж гарсан. Энэ хугацаанд манай эхнэрээс 3 удаа мэдээ алдалтгүйгээр шингэн соруулж авч 8 литр ус гарсан, цаашид ямар өвчин тусах нь тодорхойгүй, хүүхдүүд эрүүл саруул 1 нас хүрсэн тул баярласан, гэхдээ ирээдүйд гарах бүх асуудлыг С эмнэлэг хариуцах ёстой.

 

Анх өндгөвчний хэт сэдээлт гэж өөрсдөө оношилсон. Энэ хугацаанд өвчтөнд бүхэлд нь хяналт тавих ёстой байсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчээс өөр газар оношлуулсан бол Монгол Улсад олгойг авах боломжтой байсан. Хэвлийд үрэвсэл орсон тул төв эмнэлэг рүү авч явна гэсэн байдаг. Хариуцагч нарын өмнөөс өөрсдөө мөнгө төлсөн.

 

Хариуцагч нарын хүүхдүүд эрүүл саруул төрсний дараа С эмнэлэг дээр очиход нэхэмжлэл өгсөн, гэвч энэ бол нэхэмжлэх болохоос зардлыг бодитоор төлсөн баримт биш. Эмчийн ёс зүйг зөрчсөн, мөнгөө төлсний дараа эмчилгээ хийдэг дэлхийн стандарт байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдөө Солонгос улс дахь манай төв эмнэлэг, төлбөрт санаа зовох шаардлагагүй гэж хэлсэн, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаагаа мэдээд хугацаа алдалгүй арга хэмжээ авсан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан гэдэг нь хариуцагч нарыг тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрсдийн буруугаа мэдээд Солонгос улс руу хариуцагчийг авч явсан. Иймд, дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

           

            ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч С ХХК-иас хариуцагч Ц, Н нарт холбогдуулан 46,922,012.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч Цийн эмчилгээний зардал 35,112,012.00 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг тэдгээрийн өмнөөс эрх бүхий этгээдэд төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42,722,012.00 төгрөгийг нэхэмжлэхэд өмгөөлөгчийн зардалд 4,200,000.00 төгрөгийг төлсөн тул нийт 46,922,012.00 төгрөг нэхэмжилж байна” гэснийг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ц, Н нар 2017 оны 10 дугаар сард нэхэмжлэгч С ХХК-тай үр шилжүүлэн суулгахаар харилцан тохиролцжээ. Тодруулбал, зохигчид хариуцагч Цийн өндгөн эсийг боловсруулан авч, улмаар лабораторийн орчинд эр бэлгийн эсүүдтэй нийлүүлэн үр тогтоож, үр тогтсон өндгөн эсийг түүний умайн хөндийд шилжүүлэх мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас дахь анхааруулгатай танилцаж, зөвшөөрсөн байна /1-р х.х-ийн 6, 7 хуудас/.

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Цийн өндгөвчид боловсорсон өндгөн эсийг гадагшлуулах суваг хаалттайн улмаас жирэмслэх боломжгүй байсан учраас эмнэлгийн нөхцөлд зохиомлоор үр тогтоолт хийхээр С ХХК-тай гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй.

 

            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5.-д “Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг тэмдэглүүлж болно” гэж заасан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компанийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэйг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэжээ /1-р х.х-ийн 6 хуудас/.

 

             Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т ”эрүүл мэндийн байгууллага гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж”, мөн 19 дүгээр зүйлийн 19.1.-д “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно” гэж тус тус заасны дагуу энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.-д заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага ажээ.

 

             Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Цаас өндгөн эс соруулж авахаас өмнө тус ажиллагаа хариуцагчийн эрүүл мэндээс хамаарч амжилттай болох, цаашид ажилбарын явцад гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр түүнийг эрүүл мэндийн оношилгоонд хамруулж, улмаар хэвийн байсан учраас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн өндгөвчийн үйл ажиллагааг сэдээх тариаг хийж эхэлсэн байна /1-р х.х-ийн 8 хуудас/.

 

            Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч Цид өндгөвчийн үйл ажиллагааг сэдээх тариаг 8 удаа хийсний дараагаар өндгөн эсийг соруулж, үр суулгасны дараа 2 ихэр хүүхэд тогтжээ. Гэтэл хариуцагчийг хүүхэдтэй болсны дараа түүний хэвлийн хөндийд шингэн хуралдсаныг хэд хэдэн удаа соруулж авсан боловч тус шингэн дахин дахин хуралдсаар байжээ /1-р х.х-ийн 10-12, 62, 64, 81-84 хуудас/.

           

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудсын 3 дугаарт өндгөвчний үйл ажиллагааг сайжруулах дааврын эмчилгээ хийх явцад өндгөвч дэх өндгөн эсийн цэврүүний тоо хэт олшрох, эсвэл өндгөвч хэт томорсноос болж хавдах, гэдэс дүүрэх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тухай дурдсан ба шаардлагатай тохиолдолд хуримтлагдсан усыг авах, хэрэв эдгээр шинж тэмдгүүд хүнд хэлбэрээр тохиолдвол үр тогтоох мэс ажилбарыг хойшлуулах арга хэмжээ авах заалттай ажээ /1-р х.х-ийн 7, 9 хуудас/.

 

            Тодруулбал, үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийхээр өндгөвчийн үйл ажиллагааг сэдээх, өндгөн эсийг соруулж, үр суулгах ажиллагааны явцад хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах шинж тэмдэгт илэрдэг хэдий ч тухайн шингэнийг соруулах болон бусад эмийн эмчилгээг хийх замаар эмчилдэг байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2019/01063 тоот захирамжийн дагуу *******, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч С ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хандан хариуцагч Цийг үр шилжүүлэн суулгах ажилбараар 2 ихэр хүүхэдтэй болсон, өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуралдсан, шингэнийг хэд хэдэн удаа соруулсан ба Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг болон “*******” амаржих газарт хэвтэн эмчлүүлэхээр хүргүүлсэн боловч хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр дээд шатны буюу тус эмнэлэгт эмчлүүлэхээр шилжүүлэх хүсэлт гаргаж байжээ /1-р х.х-ийн 71-73, 113-116 хуудас/.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцсэн *******, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгээс ирүүлсэн баримтаар үзлэг хийсэн болон хяналт тавьсан эмч нарын зүгээс хариуцагч Цийн гэдэс дүүрэх, халуурах, хэвлийгээр өвдөх, гүйлгэх зэрэг зовиурыг өөрчлөгдөөгүй буюу хэвэндээ, биеийн байдал хүндэвтэр гэж тэмдэглэж, хэвлийд хатгалт хийж хуримтлагдсан шингэн авах ажилбарыг хийж байснаас гадна үр шилжүүлэн суулгах мэс ажилбарын дараа өндгөвч хэт сэдээлт хам шинж бүхий хүнд хэлбэрээр үүсч, эмчлэх явцад бага аарцагны гялтангийн үрэвсэл үүссэн, халдвар авсан гэсэн үндэслэлээр хамтарсан үзлэг хийхээр төлөвлөж байсан байна /1-р х.х-ийн 120-138, 146 хуудас/.

 

            Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Цид бий болсон эдгээр зовиурын оношийг Монгол Улсад нарийн тодруулж чадаагүй учраас БНСУ-д эмчлүүлэхээр нэхэмжлэгч С ХХК-ийн шийдвэрийг үндэслэн хариуцагч нар тус улс руу явжээ.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Жсургуулийн эмнэлгийн тодорхойлолтоор хариуцагч Цид 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хийсэн мэс заслыг “мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвслийн хагалгааг хийж, үүний дараа үрэвслийн улмаас үүссэн буглааг авсан гээд хэвлийн гялтангийн үрэвслийн гол шалтгааныг мухар олгойн цоорлоос үүддэг өвчин тул эмэгтэйчүүдийн тасаг болон мэс заслын тасгийн эмчилгээтэй хамааралгүй, мухар олгойн үрэвсэл нь ямарч үед үүсэх боломжтой байдаг ба үрэвсэлт өвчин тул үр шилжүүлэн суулгах, хам шинж илэрсэн болон жирэмслэлтээс үүдэлтэй гэж дүгнэх боломжгүй” гэжээ /1-р х.х.-ийн 24-27 хуудас/.

           

            Гэвч хариуцагч нар мухар олгойн үрэвслийн хагалгаа хийсэн Жсургуулийн эмнэлгийн тодорхойлолтоор мухар олгойн үрэвсэл үүссэн шалтгааныг үр шилжүүлэн суулгах ажилбартай холбоогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үл хүлээн зөвшөөрч, шалтгааныг өндгөвчийн үйл ажиллагааг хэт сэдээж, үүнээс болж хэвлийд шингэн хуримтлагдсаны улмаас мухар олгой үрэвссэн гэж маргасан.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2019/05480 тоот захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлтэд “Цид үр шилжүүлэн суулгах ажилбарын явцад өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн үүссэн, хэвлийн шингэн соруулах ажилбарын явцад нянгийн халдвар авах боломжгүй, өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсан нь мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой, мөн хоол хүнс, биеийн эсэргүүцэл гэм мэт олон шалтгаанаар мухар олгой үрэвсэх боломжтой, хэвлийд их хэмжээний шингэн хуралдсаныг өвчний түүхэнд өндгөвч хэт сэдээлтийн хам шинж гэж оношилсон байна” гэжээ /2-р х.х-ийн 34, 35 хуудас/.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.2.-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ.

 

            Нэгэнт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Цийн үр шилжүүлэн суулгах ажиллагаатай холбоотойгоор хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан, мөн уг хуримтлагдсан шингэний улмаас мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлэх боломжтой гэсэн байх тул хариуцагчид хийсэн мухар олгойн мэс заслыг үр шилжүүлэн суулгах ажиллагаанаас тусдаа үүссэн үрэвсэл гэж үзэх боломжгүй байна.

 

            Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Цийн үр шилжүүлэн суулгах ажилбартай холбоотойгоор хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан, уг шингэнийг эмчлэх боломжтой бөгөөд хэд хэдэн удаа соруулж, холбогдох эмчилгээг хийсэн ч тийнхүү эмчлэгдэхгүй байсны шалтгаан нь мухар олгойн цоорлоос улбаатай байсан, мухар олгой үрэвсэх болсон шалтгаан нь өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсанаас тус тус болсон байна.

 

            Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан эмчилгээний зардал 35,112,012.00 төгрөг, хариуцагч нарын онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг тэдгээрийн өмнөөс эрх бүхий этгээдэд төлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 42,722,012.00 төгрөгийг нэхэмжлэхэд өмгөөлөгчийн зардалд 4,200,000.00 төгрөгийг төлсөн тул нийт 46,922,012.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

            Зохигчид, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Ц, Н нарыг БНСУ руу явсан болон хариуцагч Цид Жусоны Их сургуулийн эмнэлэг мухар олгойн цоорлоос үүдэлтэй хэвлийн гялтангийн үрэвслийн хагалгааг хийж, үүний дараа үрэвслийн улмаас үүссэн буглааг авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

            Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заажээ. Тайлбарлавал, тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгө шилжүүлсэн тал ийнхүү нэхэмжлэл гарган буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгөжсөн этгээдэд тухайн хөрөнгийг үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй байхыг шаарддаг.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Ц, Н нарын хооронд эмчилгээний зардалд 35,112,012.00 төгрөг, онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг төлөх хууль болон гэрээнд заасан үүрэг үүсээгүй, аль эсхүл үүрэг дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон байхад нэхэмжлэгч тал хариуцагчдын бусдад төлөх төлбөрийг сайн дураараа төлсөн тохиолдолд тухайн зардлыг буцаан нэхэмжлэх эрхтэй болно.

 

            Гэвч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.-д “Дараах тохиолдолд шаардлага гаргаж болохгүй” гээд 496.3.3.-д “шаардлага хариуцах этгээд зардлыг нөхөн төлөхөөс өмнө түүний талаар маргасан” гэж заасан. Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Цийн өмнөөс түүний эмчилгээний зардалд 35,112,012.00 төгрөгийг Жсургуулийн эмнэлэгт, хариуцагч Ц, Н нарын онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг гуравдагч этгээдэд тус тус төлсөн гэх уг харилцаанд талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд төлөхөөс татгалзаж болно.

 

            Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг хэлнэ” гэж, мөн 3.1.2.-т “эмнэлэг гэж эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч С ХХК нь мэргэжлийн эмнэлгийн байгууллагын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор хариуцагч Цид үзүүлэх ёстой. Энэ нь, нэхэмжлэгчийн үүрэг гагцхүү хариуцагчид тийнхүү үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийснээр дуусгавар болохгүй, харин нэгэнт уг ажилбарын улмаас үйлчлүүлэгчийн өндгөвч хэт сэдээлтээс хэвлийн хөндийд шингэн хуримтлагддаг, үүнээс шалтгаалан бусад эд эрхтэнд сөрөг үр дагавар үүсэж болох эрсдэлийг энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэшсэн эмнэлгийн байгууллага болохын хувьд хариуцагчаас илүү мэдээлэлтэй, туршлагатай байж, хариуцлагатай хандах ёстой.

           

            Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсан шиг нэхэмжлэгчийн үүргийг зөвхөн үр шилжүүлэн суулгаснаар дуусгавар болсон гэж үзвэл үүний улмаас үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд бусад байдлаар сөрөг үр дагавар учирснаас бий болсон хохирлыг хариуцах эзэнгүй болж, улмаар Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 19 дүгээр зүйлийн 19.3.1 болон 36 дугаар зүйлийн 36.1.-д тус тус заасан эмнэлгийн байгууллагын хүлээсэн хүний өвчин эмгэг, гэмтэл бэртэл, биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах, урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг үгүйсгэхэд хүрнэ.

 

            Иймд, нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Цийн өмнөөс түүний эмчилгээний зардалд 35,112,012.00 төгрөгийг Ж сургуулийн эмнэлэгт, хариуцагч Ц, Н нарын онгоцны тийзний үнэ 7,610,000.00 төгрөгийг гуравдагч этгээдэд тус тус төлсөн гэх үйлдэл нь тэдгээрийн заавал төлөх ёстой байсан өрийг төлж буй үйлдэл бус, харин нэхэмжлэгчийн үйл ажиллагаа буюу үр шилжүүлэн суулгахтай холбоотойгоор үүссэн эрсдэлийн улмаас үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндийг зайлшгүй хамгаалах нөхцөл байдал бий болсонтой холбоотой төлсөн төлбөр байх тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үзэх боломжгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нар бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэж болохгүй, ийм зүйл бий болсон тохиолдолд зөвтгөх үндэслэл бий эсэхийг шалгах бөгөөд зохигчдын хооронд үүссэн үйл баримтын хүрээнд авч үзвэл хэдийгээр хариуцагч нар үр шилжүүлэн суулгах ажилбар болон мухар олгойн үрэвслийн хагалгааны эерэг үр шимийг хүртсэн байх боловч мухар олгойн үрэвслийн хагалгаад орох шалтгаан нь үр шилжүүлэн суулгахтай холбоотойгоор өндгөвч хэт сэдээлтийн улмаас хэвлийд их хэмжээний шингэн хуралдсанаас мухар олгойг хоёрдогчоор үрэвсүүлсэнтэй холбоотой байсан ажээ.

 

            Нөгөөр талаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С ХХК-иас 35,112,012.00 төгрөгийг Жсургуулийн эмнэлэгт, 4,200,000.00 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар өмгөөлөгчийн хөлс төлсөн болон 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар хариуцагчийн төлбөл зохих эмнэлгийн төлбөрийг түүний өмнөөс төлсөн гэдгийг хөдөлбөргүй нотолсон баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд өгөөгүй.

 

            Хэдийгээр хавтаст хэргийн 19 дүгээр талд “Наран трэвел” ХХК-нд 7,610,000.00 төгрөгийг төлсөн тухай баримт бий боловч энэхүү зардлыг дээр дурдсанаар хариуцагчийн амь нас, эрүүл мэндийг зайлшгүй хамгаалах нөхцөл байдал бий болсонтой холбоотой төлсөн төлбөр бөгөөд 14 дүгээр талд авагдсан баримтаар 35,112,012.00 төгрөгийг төлсөн гэдгийг бүрэн нотлохгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал өмгөөлөгчийн хөлсөнд 4,200,000.00 төгрөг, эмчилгээний зардалд 35,112,012.00 төгрөгийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

 

            Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.1, 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С ХХК-ийн гаргасан хариуцагч Ц, Н нарт холбогдох 46,922,012.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,565.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР