Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 25

 

109/2016/0016/З                             2016-10-03                                          №25

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: С.Раднаадоржийн нэхэмжлэлтэй 
    Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны даргад хариуцагдах 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдсэн “Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Раднаадорж, хариуцагч О.Жавзансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
Нэхэмжлэгч С.Раднаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 1993 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдарч байгаа болно. Ардчилсан намын хорооноос 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдын Хуралд намайг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэх материалыг Эрдэнэбулган сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн.
Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо нэр дэвшигчидын материалыг хянаж үзээд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор намайг шаардлага хангаж байна гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэж хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлсэн.
Гэтэл Эрдэнэбулган сумын сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 158 дугаар зүйлийн 158.1.2 , 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтуудын үндэслэн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 180 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийлгээгүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байна.
1993 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байнгын ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа тул энэхүү хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтаар “хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, 16 дугаар зүйлийн 16.18 дахь заалтаар “ улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох”, 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтаар “төрийн байгууллагад сонгох, сонгогдох ” иргэний үндсэн эрхийг эдлэх хүсэлтэй байна.
Иймд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтын 24-д бичигдсэн өөрт холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолд оруулсан өөрчлөлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч О.Жавзансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд :
Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Раднаадоржийг нэр дэвшигчээр бүртгэсэн. Гэвч нэр дэвшигчидтэй холбоотой судалгаа, материалыг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар албан бичгээр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж Д.Батсайхан, С.Раднаадорж, Б.Буян-Ундрах нарын иргэний оршин суугаа харъяалалыг тодруулахаар Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний бүртгэлийн лавлагаа авч үзэхэд нэхэмжлэгч С.Раднаадорж нь Улаанбаатар хотын харъяат иргэн болох нь лавлагаагаар гарч ирсэн. Энэ талаар аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Л.Соёлмөнхөд нэр дэвшигч С.Раднаадоржийн материалыг дахин нягталж үзэх талаар мэдэгдсэн. Улмаар сумын Сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж нэр дэвшигч С.Раднаадоржийн асуудлыг авч хэлэлцсэн.
С.Раднаадоржийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд өгсөн нэр дэвшигчийн материалд иргэний үнэмлэх нь Улаанбаатар хотын харъяатай байна. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 11-ний өдрийн 151/005370 дугаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Өнөр хороолол, 15-р байр 05 тоотод оршин суух бүртгэлтэй байсан. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтад ... санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтад “иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харъяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад “иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба эрхэлнэ”, 26.4-д “иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэсэн хуулийн заалтаар бол нэхэмжпэгч С.Раднаадорж нь Эрдэнэбулган сумын харъяат иргэн биш Улаанбаатар хотын харъяат иргэн байна. Тухайн орон нутагт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлээгүй иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй тул сумын сонгуулийн хороо 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. С.Раднаадоржийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбоотойгоор 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоол гаргаж 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан.
Нэхэмжлэгч С.Раднаадорж нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт буюу ... хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалт буюу ... төрийн байгууллагад сонгох, сонгогдох, 16.18 дахь заалт буюу ... улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох гэсэн үндсэн эрх эдэлж чадахгүй хохирч байгаа гэжээ. Сумын Сонгуулийн хорооны гишүүд бүгд төрийн албан хаагч бөгөөд Төрийн нэрийн өмнөөс сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж бүртгэхээс татгалзсан зүйл огт байгаагүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтад ... сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно; 16.18 дахь заалтад ... гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл гадаадад явах, оршин суух эрхийг хуулиар буюу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан «Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам» -аар зохицуулдаг. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.13. ..аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ.. гэж заасны дагуу сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18, 19 дүгээр албан бичгээр Архангайн толь, Архангайн амьдрал сонинд хүсэлт гаргаж нийтэд мэдээлсэн.
Гэвч нэр дэвшигч С.Раднаадоржтой холбоотой нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалт буюу “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар албан бичгээр аймгийн сонгуулийн хороонд хүсэлт гаргаж нэр дэвшигчдийн нэрсийг залруулан дахин нийтэд мэдээлсэн. Архангайн амьдрал сонины 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №29(485), Архангай толь сонины 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн №22 /228/ дугааруудад нийтэлсэн.
Тус аймгийн Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоол нь хуулийн дагуу гарсан тогтоол тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гэрч Т.Ариунтунгалаг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: 2013 оноос би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргаар ажиллаж эхлэхэд С.Раднаадорж нь манай багт оршин суугчаар амьдарч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1121 дүгээр Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг өмнө нь хөтөлж байсан өрхийн бүртгэлийн дэвтэр, одоо цахим хэлбэрээр бүртгэж байгаа хүн, ам, өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн программыг үндэслэж 2 дугаар 48 дугаар байр 44 тоотод оршин суудаг С.Раднаадорж нь тус хаягт 2003 оноос одоог хүртэл 13 жил оршин сууж байгаа байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг гаргаж өгсөн гэжээ.

    Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Раднаадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Уг маргаан гарах болсон үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэхэмжлэгч С.Раднаадорж нь Ардчилсан намаас нэр дэвшиж 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэр дэвшүүлсэн намаас нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. /х.х-21-38/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэр дэвшигч нараас ирүүлсэн материалыг нягтлан үзээд нэхэмжлэгч С.Раднаадоржийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн байна. /х.х 47-48/

Тус сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дахин хуралдаанаар нэр дэвшигчээр бүртгэгдсэн С.Раднаадоржийг Эрдэнэбулган сумын харъяат иргэнээр бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн  тогтоолд өөрчлөлт оруулах тухай 11 дүгээр тогтоолоор 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын 24 дүгээрт бичигдсэн С.Раднаадоржийн нэрийг хассан өөрчлөлт оруулсанаар уг маргаан үүсжээ. /х.х49-50/ 

1. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдсэн С.Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээх нэхэмжлэлийн тухайд: 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороонд Ардчилсан намаас Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт “Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ:
157.2.1. нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
157.2.2. нэр дэвшигчийн жагсаалт
157.2.3 нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
157.2.4 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /сүүлийн бүтнэ жилийн/
157.2.5 энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
157.2.6 нэр дэвшигчийн намтар
157.2.7 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг нотариатаар батлуулсан хуулбар гэж 7 төрлийн бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэхээр заасны дагуу тус сонгуулийн хороонд нэхэмжлэгч С.Раднаадоржийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 01-нд хүргүүлсэн байна. 

Тус сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана гэсний дагуу дээрхи 7 төрлийн бичиг баримтыг нягтлан шалгажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэгт зааснаар баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нэр дэвшигч С.Раднаадоржийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдэж тогтоол гаргаж, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.13 дахь хэсэгт зааснаар тус аймгийн сонин хэвлэлд мэдээлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байна. /х.х 7, 51-55/

Иймд дээрхи 03 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байх тул 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдсэн С.Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

2. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.....” , 
Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг зөрчжээ.

Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснийн дараа  нэр дэвшигчийг  бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлж, сонин хэвлэлд нийтлэх хууль зүйн заалттай байхад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь дээрхи маргаан бүхий захиргааны акт болох тогтоолыг гаргахдаа зохих хуулийн заалтыг баримтлаагүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь  хэсэгт зааснаар “хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэсэн хуулийн заалтуудыг буруу тайлбарлан, нэхэмжлэгч С.Раднаадоржийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тухайлбал: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших ....” зааснаар нэхэмжлэгч С.Раднаадоржийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 48-р байр, 44 тоотод 1993 оноос эхлэн амьдарч байгаа тул түүнийг дээрхи хуулийн заалтанд хамруулан ойлгоно. /х.х 4-5, 70-72, 76-77/

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байнга амьдардаг, түүний эд хөрөнгө болох тус аймгийн Эрдэнэбулган сум 2 -р баг 3 дугаар 48 дугаар байрын ар талд байрлах “Хадат Хужирт” ХХК-ний улсын бүртгэлийн 111003042 дугаартай 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 000006736 дугаартай гэрчилгээтэй, хүнсний бөөний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагч нь нэхэмжлэгч С.Раднаадорж болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон хэргийн оролцогч нарын тайлбаруудаар нотлогдлоо. /х.х 74-75, 87-91/

Энэ нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж  болно гэсэн хуулийн заалттай нийцэж байгаа учир нэхэмжлэгч С.Раднаадоржийг тус сумын оршин суугч гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий захиргааны актыг /10 дугаар тогтоолын С.Раднаадоржид холбогдох хэсгийг/ хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх дээрхи маргааны бүхий захиргааны акт болох 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дугаарт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Раднаадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.2, 106.3.4, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 33 дугаар зүйлийн 33.7, 157 дугаар зүйлийн 157.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдсэн “Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооноос 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Раднаадоржид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА