Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0665

 

С.Раднаадоржийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.Раднаадоржийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр 11.8, 33 дугаар зүйлийн 33.7, 157 дугаар зүйлийн 157.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээрт бүртгэгдсэн “Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн давж заалдах гомдолдоо: “Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. С.Раднаадорж нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалтад “... санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлд бүртгэл нь байхгүй Улаанбаатар хотын иргэн юм. Энэ нь иргэний үнэмлэхний хаяг, Улсын бүртгэлийн лавлагаа, Татварын албаны лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн эзэмшигчийн хаяг зэргээр нотлогдож байна.
  2. Иргэн С.Раднаадорж нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэсэн хуулийн заалтыг хангаагүй.

Дээрх хуулийн заалтаар бол С.Раднаадорж нь Эрдэнэбулган сумын харьяат иргэн гэдгээ албан ёсоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, иргэний үнэмлэх дээр Эрдэнэбулган сумын Иргэний бүртгэл хариуцсан ажилтнаар оршин суух газрын хаягийг тэмдэглүүлэх үүрэгтэй.

  1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар тухайн орон нутагт санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлээгүй иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй С.Раднаадоржийг нэр дэвшигчээр бүртгэх эрх сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд хуулиар олгогдоогүй.

Энэ утгаараа сонгуулийн хорооны гишүүд хуралдаж гишүүдийн олонхийн саналаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай, мөн өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 11 дугаар тогтоолыг гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан нь хуулийн дагуу гарсан шийдвэр юм.

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Сонгуулийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заалтад заасан ... байнгын оршин суугчаар бүртгүүлсэн гэсэн гол заалтыг анхааралгүй зөвхөн оршин сууж байсан гэдэг утгаар дээрх хуулийн үндэслэлүүдийг бүрэн гүйцэд харгалзан үзэлгүйгээр шүүх нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь буруу байна.

            Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Раднаадорж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хавсралтын 24-д бүртгэгдсэн Самбуу овогтой Раднаадоржид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, мөн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 11 дүгээр тогтоолын 24 дүгээрт бичигдсэн Самбуу овогтой Раднаадоржийн нэрийг хассан нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо нь тус аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 151/005370 тоот “Иргэний үнэмлэхний лавлагаа”-г үндэслэн С.Раднаадоржийг Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д “Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “улсын бүртгэлд бүртгэсэн” гэж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлд бүртгэсэн, иргэний бүртгэлийн дугаар олгосон байхыг” гэж,

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэнийг аймгаас аймагт, аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулж бүртгэх, мэдээлэх ажлыг аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба эрхэлнэ” гэж,

26.4-д “Иргэн аливаа засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухдаа 10 хоногийн дотор холбогдох сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийг иргэний үнэмлэхэд тэмдэглүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нэр дэвшигчийн хөрөнгө хаана байгаагаас үл хамааран түүний улсын бүртгэлд оршин суугчаар бүртгүүлсэн бүртгэлийг үндэслэн “суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн” байх шаардлага хангагдсан эсэх нь тодорхойлогдохоор байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 151/005370 тоот “Иргэний үнэмлэхний лавлагаа”-нд С.Раднаадоржийн иргэний үнэмлэх дээрх хаяг Улаанбаатар хот, Сонгинохайрхан, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 15 байр 05 тоот хаяг гэж бичигдсэн ба харин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын хүн ам зүйч статистикч А.Рэгзэдмаагийн гарын үсэг бүхий лавлагаанд С.Раднаадорж нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооноос Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 2 дугаар баг Арслан цохио гэх хаягт шилжиж ирсэн талаар дурдсан.

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1121 тоот тодорхойлолтод С.Раднаадорж нь тус багийн 2/48 дугаар байрны 44 тоотод 2003 оноос одоог хүртэл 13 жил оршин сууж байгаа, байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлжээ.

Дээрхээс үзвэл, С.Раднаадоржийн байнгын оршин суугаа хаягийн талаарх баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаагаас түүнийг хэзээнээс эхлэн Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байнгын оршин суугчаар бүртгүүлсэн болохыг тодорхойлох боломжгүй байна.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 214 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-ын 3-д иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэхдээ үндэслэл болгох баримт бичгүүдийн жагсаалтыг нэг бүрчлэн заасан байхад анхан шатны шүүх шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллагад хадгалагдаж буй С.Раднаадоржид холбогдох баримтуудад үзлэг хийх зэргээр түүний байнгын оршин суугчаар бүртгүүлсэн хаяг, уг хаягт хэзээнээс оршин сууж эхэлсэн болохыг бүрэн шалгаж, тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарах зүйлсийг тодорхойлон заасан байхад анхан шатны шүүх үүнд хамаарахгүй буюу “захиргааны актыг хэвээр үлдээлгэх” тухай шаардлагад захиргааны хэрэг үүсгэн улмаар мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг зөрчиж, уг заалтад хамаарахгүй буюу “захиргааны актыг хэвээр үлдээсэн” шийдвэр гаргасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 ШҮҮГЧ                                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН