Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 526

 

                                                                        

 

 

 

 

 

Ким Ки Манд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор У.Дэндэвдорж,

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/-ны өмгөөлөгч Н.Мандах,

Хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний өмгөөлөгч, Д.Ганбат, Б.Отгонтөгс,

Хохирогч Ш.Ганбат,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ким Ки Маны өмгөөлөгч Н.Мандахын гаргасан давж заалдах гомдлоор Ким Ки Ман /Kim Kiman/-нд холбогдох эрүүгийн 2014260004315 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ким овогт Ки Ман /KIM KIMAN/, БНСУ-ын иргэн, 1951 оны 1 дүгээр сарын 18-нд Сөүл хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, “Солонгон энд майн” ХХК-д захирлаар ажиллаж байсан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байр, 302 тоотод оршин суух, /паспортын дугаар ТМ1102822/,

Ким Ки Ман /KIM KIMAN/ нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд

1. Хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 136.042.000 төгрөг/-ийг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13М wc” маркийн өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179.000 ам.доллар /тухайн үеийн Монголд банкны ханшаар 244.478.200 төгрөг/-ийг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах “Ханжин-6000” маркийн худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” xэмээн 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 140.006.000 төгрөг/-ийг,

2012    оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Алтангэрэл гэгчээс “НВС” ХХК-ийг
зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 276.174.000 төгрөг/-ийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796.700.200
төгрөгийн хохирол учруулсан,

2. Хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн “STD14 Е” маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ийг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013    оны 2 дугаар сарын 2-ны өдөр “МК-501” маркийн худгийн өрмийг зарж
өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67.400.923 төгрөгийн нийт 298.688.495 төгрөгийн хохирол учруулсан,

нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж 759.500 ам.доллар /1.095.388.695 төгрөг/ буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ким Ки Ман /KIM KIMAN/-нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ким Ки Маныг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ким Ки Ман /KIM KIMAN/-ыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жил хорих ялаар шийтгэж, Ким Ки Манд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ким Ки Маны цагдан хоригдсон 49 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Ким Ки Манд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ким Ки Манaac нийт 976.768.695 төгрөг гаргуулж, хохирогч Кан Хүүн /KANG НOON/-д 727.100.200 төгрөг, хохирогч Шинэбаярын Ганбатад 249.668.495 төгрөг тус тус олгож, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаартай тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, битүүмжлэгдсэн тухайн эд хөрөнгүүд болох цэнхэр өнгийн “HANJIN 6000” маркийн өрмийн машин 1 ширхэг /өрмийг урт болгодог 20 ширхэг хоолой, 5 ширхэг өрмийн үзүүрийн ирийн хамт/, улаан өнгийн “SUPER 13M wc” маркийн өрмийн машиныг тус тус хохиролд тооцуулах ажиллагаа хийхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ким Ки Маны иргэний баримт бичиг, тухайлбал түүний паспорт шүүхэд ирээгүйг тус тус
дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/-ны өмгөөлөгч Н.Мандах давж залдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа ба мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан учирсан гэх хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитоор тогтоолгох, гэмт хэрэг гарсан гэх үйл байдлын тухайд эсрэг саналтайгаар холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж хүсэлтийг хангаж шийдвэрлэдэг боловч мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд бодит байдлаар хэрэгжээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралд эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах байр суурьтай оролцсон болно. Хохирлын хэр хэмжээний хувьд яллах дүгнэлтэд авагдсан хохирлын дүн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирлын хэмжээ илт зөрүүтэй байгаа ба шүүмжлэлийн шатанд шүүхээс улсын яллагчид туслан байж гаргуулсан хохирлын дүн болох нийт 976.768.695 төгрөгийг Ким Ки Манаас гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн эргэлзээтэй болсон.

Анхан шатны шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгчөөс учруулсан гэх хохиролтой хамаатай мөнгө төлөгдсөн гэх санхүүгийн анхан шатны баримтуудыг, шүүгдэгчээс хохирогч Кан Хүүнд бэлэн мөнгө төлж байсан баримтыг ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй орхисон ба хохирогч Ш.Ганбатын мэдүүлэгтээ холбогдуулан гэрчээр Ш.Билэгбаатарыг шүүх хуралд оролцуулах шүүгдэгч болон өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа гэрчээс ирүүлсэн гэх хүсэлтийг үндэслэж 14 хоногийн дараа дахин шийдвэрээ өөрчилж байгаа нь шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөөтэйгүүр шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнээс хохирлын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн ч Кан Хүүн-аас хөрөнгө оруулалт хэлбэрээр хийгдсэн мөнгөнөөс БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүний авсан гэх 50.000 ам.доллар буюу 68.021.000 төгрөг, уул уурхайтай холбоотой гэх мөнгөтэй хамааралтайгаар Монгол Улсын иргэн Б.Алтангэрэл, Ж.Амар нарын авсан гэх 200.000 ам.доллар буюу 276.174.000 төгрөгийг /“Зэвт дуулга” ХХК-тай холбоотой/ хэрхсэн нь тодорхойгүй орхигдуулсан. Шүүгдэгчээс шүүх хуралдааны шатанд шүүхэд гаргаж өгсөн солонгос хэл дээр бичигдсэн мөнгөний баримтаар шүүгдэгчээс хохирогч Кан Хүүнд өгсөн мөнгийг тооцоогүй, Ким Ги Манаас хохирогч Ш.Ганбатад тухайн цаг хугацаанд төлж байсан мөнгөний баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 202 дугаар шүүхийн тогтоолд заасан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлох, тогтоох, шүүгдэгч, хохирогч нарын хамтран ажиллах хугацааны үйл ажиллагааны зардалд хичнээн төгрөг зарцуулагдсан гэх асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоох талаар заасан ба энэ байдал нэмэлт мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн, зарим ажиллагаа огт хийгдээгүй атал шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн. Шийтгэх тогтоолд дурдсанаар Ким Ки Ман “Солонгон энд майн” ХХК-ийн захирал, уг компани бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн талаар дурдсан боловч энэ компанитай холбоотой санхүүгийн тайлан бүртгэл, татвар төлж байсан талаарх баримтууд байхгүй байгаа нь уг компанийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байсан эсэхэд эргэлзээтэй талаар дүгнэсэн нь харин ч шүүх дээрх баримтууд байхгүй тохиолдолд аливаа байдлаар дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд эрүүгийн хэрэгт БНСУ-ын иргэн Ким Ки Манд холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн болохоос “Солонгон энд майн” ХХК-тай холбоотой шалгалтын ажиллагаа хийгдээгүй байгааг анхаарсангүй. Мөн шүүх тогтоолдоо шүүгдэгчийг өөрийн гэм буруугүй гэдгийг үгүйсгэн нотолж чадаагүй хэмээн үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн төдийгүй шүүх хуралдааны үед хуралдаан даргалагчаас улсын яллагчид хандан Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйл ангийг яагаад зүүгээд оруулаад ирүүлээгүй эсэх талаар хэлж байсан нь шүүх шүүгдэгчийг зөвхөн яллах санаа зорилготой байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн өмнөх мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчсөн талаар шүүхийн тогтоолд дурдсан атал нэмэлт мөрдөн байцаалтын шатанд дахин шүүгдэгчийг цагдан хоригдох байранд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр байцаасан /4-р хх-ийн 229-230/, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн дахин өмгөөлөгчгүйгээр байцаасан /4-р хх-ийн 231/ нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг ноцтой зөрчсөн. Шүүхээс Ким Ки Маныг бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ч доорх байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирогч Кан Хүүнд хамааралтай гэх үйлдэлд дурдагдаж буй өрмийн машинуудыг ямар зориулалтаар, хэний мөнгөөр худалдан авч байгааг хохирогч мэдэж байсан төдийгүй өөрөө хөрөнгө оруулалтаа гаргаж “НВС” ХХК-ийн Увс аймаг дахь зэсийн уурхайд “Super 13M WC” улаан өнгийн өрмийн машин /100.000 ам доллар/ хайгуулийн өрөмдлөгө хийлгэхээр худалдан авсан, хохирогч Кан Хүүны эзэмшлийн “Айвору” ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орших жоншны уурхайд “Hanjin 6000” маркийн цэнхэр өнгийн худгийн өрмийн машиныг /100.000 ам.доллар/ худалдан авч 6-8 сарын хугацаанд өрмийн ажил талууд хийж байсан нь ямар учраас залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон талаар шүүх дүгнэсэнгүй.

Хохирогч Ш.Ганбатад хамааралтай үйлдлүүдийн тухайд “STD 14E” маркийн тэсэлгээний өрмийн хувьд Ш.Ганбат нь БНСУ-аас 135.400 ам.доллараар худалдаж авсан гэх үнийг төлөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүхэд өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримтууд болох талуудын харилцан тохиролцож урд өмнө өгч авалцаж байсан өрмийн машинуудын өр авлагыг хэрхэн дуусгавар болгож буй талаарх бичгийн баримтууд, шүүхийн шийдвэр, 4 хавтас, 207-208 хуудсанд байгаа хохирлын дүнг тооцоолсон мөрдөн байцаагчийн тооцоололд тодорхой дурдагдсан байна. “STD 14E” маркийн тэсэлгээний өрөм, “МК-501” маркийн худгийн өрөмнүүдийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй бөгөөд эхний өрөмний үнийн урьдчилгаа болох 135.400 ам.долларыг БНСУ-д Ким Ки Маны хүү болох Ким Жин Үн төлсөн талаарх баримт авагдсан, ямар учраас төлөх болсон тухайд Ш.Ганбат Ким Жин Үн нар хамтран ажиллахаар тохиролцож уг өрмийн машины урьдчилгаа үнийг Ким Жин Үн гаргаж Монгол Улсад оруулж ирэх үед гааль, тээврийн үнэнд 24 сая төгрөгийг Ш.Ганбат гаргаж улмаар Ш.Ганбат уг өрмөөр бусдын ажлыг хийж 200 орчим сая төгрөгийн орлого олох явцдаа эвдэрсэний улмаас Ким Жин Үн-д буцаан өгсөн үйл байдал яригддаг ба яллах дүгнэлтэд дурдсанчлан дээрх 2 өрөмтэй холбоотой үйл явдалд БНСУ-ын иргэн Ким Жин Үн хамааралтай ба түүний эцэг дээрх өрөмнүүдийн үнийн тооцоог хүүгийнхээ өмнөөс Ш.Ганбаттай хийсэн, гааль болон үнэнд төлсөн гэх улсын төсөвт төлсөн мөнгөнүүд ямар үндэслэлээр бусдыг залиалан мэхлэх гэмт хэрэгт тооцогдох болсныг өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байгаа бөгөөд шүүх ч энэ талаар тодорхой дүгнээгүй болно.

Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж өгнө үү…” гэв.

Хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг хэт нэг талыг барьсан гэх гомдол гаргаж байна. Мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгч Н.Мандах оролцоогүй. Очоод уншаагүй байж гарын үсгээ зураад явдаг нь зориуд буцаах үндэслэл бий болгосон. Мөрдөн байцаалтад буцааж хохирлын асуудлыг нарийн тогтооно гэж байна. Ким Ки Маны компанид аудитын шалгалт оруулаад тухайн компанид ямар ч санхүүгийн баримт байхгүйг нь тогтоосон. Энэ талаар өөрөө байцаалтаа өгсөн. Байхгүй байгаа баримтаар юуг шалгаж нь тогтоох нь ойлгомжгүй байна. Кан Хүүн анх өргөдөл гаргахдаа 7 удаа мөнгө шилжүүлж Ким Ки Манд өгсөн баримт байгаа. Нийтдээ 1.137.250.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. 50.000 ам.доллараар ажилчдын байр барьсан зэрэг үндэслэлээр ямар ч баримтгүй мөртлөө 410.152.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд хасуулсан. Шүүхээс 727.100.200 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. “Солонгон энд майн” ХХК нь хуулийн дагуу ажиллаж байсан гэдэг нь худлаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон. Ким Ки Ман нь БНСУ-д 9 удаа шийтгүүлээд оргон зайлсан баримт нь хэрэгт байгаа. БНСУ-аас авсан баримтад энэ тухайн нарийн зааж өгсөн. Монгол Улсад 2005 онд ирээд түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд удаа, дараа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргээс бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй…” гэв.

 

Хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Гомдолд Кан Хүүн 100.000 ам.долларыг гадаадын хөрөнгө оруулалттай болгоно гээд дансаар авсан. Тэр мөнгийг 8 дугаар сарын 13-ны өдөр, 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2 удаа 50.000, 50.000 ам.доллар аваад буцаагаад Ким Ки Манд өгсөн. Энэ талаар Ким Ки Ман “50.000 ам.долларыг БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүнд өгсөн” гэж мэдүүлдэг боловч тэр мөнгө нь тусдаа өөр мөнгө. Ким Ки Маны хүү Ким Жин Үнээр дамжуулаад 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн тусдаа мөнгө. 100.000 ам.долларыг алга болсон талаар аудитын шалгалт оруулахад гарч ирдэггүй. 179.000 ам.долларын өрмийн машин яригдсан. Анх 6 уурхайн тус бүрээс 60 хувийг эзэмшүүлнэ гэж Ким Ки Ман Кан Хүүнд хэлсэн. Зургаан уурхайн лицензийн дугаарууд байсан болохоос зөвшөөрөл нь байхгүй байсан. Уурхайн лицензийг эзэмшүүлэхийн тулд “тухайн тоног төхөөрөмжийг авах юм бол 60 хувийг эзэмшүүлнэ” гэж хэлдэг. Уурхай нь Алтангэрэлийн уурхай гэж ярьдаг боловч Алтангэрэл би ямар ч уурхай аваагүй гэж мэдүүлдэг. “Зүгээр баримт бичиг төдий байсан зүйлийг Ким Ки Ман ашигласан” гэж гэрч Өнөрмаа мэдүүлдэг. 100.000 ам.доллар цэнхэр өнгийн өрөмдлөгийн машин яригддаг. Кан Хүүн би Ким Чан Сун гэдэг хүнээс 100.000 ам.доллараар авсан. Гэтэл 72.000 ам.доллараар аваад 100.000 ам.доллар гэж бичээд өгөөч гэж мэдүүлдэг. Энэ асуудал нь 6 уурхайтай холбоотой. 200.000 ам.долларын асуудал яригддаг. “HBC” компанийн зэсийн уурхай байгаа та үүнийг авчих гэж хэлдэг. 200.000 ам.долларыг авахын тулд Монгол Улсаас хайгуулын тусгай зөвшөөрөл авахын тулд 200.000 ам.доллар хэрэгтэй гэж бичиж өгсөн. Сүүлдээ 200.000 ам.долларыг “Зэвт дуулга” ХХК руу шилжүүлсэн гэж ярьдаг нь ямар ч баримтгүй. Ингээд аудитын шалгалт оруулаад ямар ч баримт гарж ирээгүй. “Зэвт дуулга” ХХК-ийн баримтад байгаа гэж ярьдаг боловч тухайн аудитын шалгалтаар баримтуудыг нь шалгасан боловч юу ч гарж ирээгүй. Мөнгө авсан зарцуулалт яасан нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 он хүртэл 2 жилийн хугацаанд 4 мөрдөн байцаагч, 7 прокурор хянасан. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

Хохирогч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ялтны өмгөөлөгч анхнаасаа илтэд үндэслэлгүй, нотлох баримтгүй зүйлийг удаа, дараа ярьсан. Анхан шатны шүүх хуралдаанд намайг гэрчийг дарамталсан, дарамт учруулсан учраас хамгаалалтад авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. “Солонгон энд майн” ХХК болон “Экспресс трейд” ХХК нарын хооронд үүссэн Иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулсан асуудлыг өнөөдөр энэ хэрэгтээ холиод байна. Иргэний хэргийг шийдвэрлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. 2014 оны 4 дүгээр сарын шүүгчийн захирамжаар эвлэрсэн Жи7 гэдэг өрмийн машин нийлүүлнэ, хайгуулын өрмийн машиныг хугацаа алдагдуулж нийлүүлсний алданги буюу түүнд ногдох алдангийн мөнгө юм. Үүнийг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр үүнтэй холбогдуулаад STD-14 E загварын залилуулсан өрмийг хольж яриад байна. Анхан шатны шүүх энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Манай зүгээс STD 14 E загварын өрмийн бүх үнийг нь төлж аваагүй ч гэсэн 135.000 ам.доллар төлсөн гэдгийг Ким Ки Ман хүлээн зөвшөөрөөд уулзалтын протокол дээр тусгаад өрмийн машинаа засварын газрын хашаанд аваачиж тавьсан. Өнөөдрийг болтол өрмийн машинаа аваагүй, тухайн өрмийн машиныг цааш нь 290.000 ам.доллараар зараад өөр хүн худалдаж аваад зарсан нь тогтоогдсон. Хамтарч ажиллах ямар нэгэн гэрээ байгаагүй. Ким Жин Үн гэдэг хүн бол өмнө нь нийлүүлэх ёстой өрмийн машины мөнгийг 2 жил өгөөгүй. 2 жилийн дараа өрмийн машиныг явуулаад бид нарыг банкны өр төлбөрт унагасан. МК-501 загварын өрмийн машины хувьд чанарын шаардлага хангаагүй муу машин ирээд түүнийг буцааж өгөөд тухайн хүмүүс нь Сүхбаатар аймгийн хүнд зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй. Орж ирсэн зардал түүнд төлсөн гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал, худалдаж авсан мөнгөтэйгөө нийлүүлээд Ким Ки Манаас хохирлоо гаргуулж авахын тулд хохирогчоор оролцож байгаа. Өмнөх шүүх хуралдаанд би “тухайн үед бид нараас гадна олон хохирогч байсан. Би Ким Ки Маны батлан даагчаар цагдаагийн байгууллагаас авч байсан” гэж хэлж байсан. Өмнөх үйлдлүүдийг нь дандаа прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгодог…” гэв.

 

Прокурор У.Дэндэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын хэмжээг тогтоосонгүй гэж тайлбарлаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг тогтоож болох хэмжээнд тогтоогдсон гэж үзэж байна. “Солонгон энд майн” ХХК-д санхүүгийн анхан шатны баримт байхгүй учраас хохирогч нарын өгсөн мөнгөний зарцуулалттай холбоотой дүгнэлт хийх боломжгүй гэдгийг аудитын шалгалтаар тогтоосон. Хохирогч нар банкаар дамжуулж мөнгөө шилжүүлсэн гэж тодорхой мэдүүлдэг. Ким Ки Маны үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай тогтоодсон учраас дахин мөрдөн байцаалтад буцааж хохирлын хэмжээг тогтоох шаардлагагүй. Ким Ки Маны зургаан удаагийн үйлдэл болгон нь гэмт хэрэг биш иргэний журмаар шийдвэрлэх асуудал гэж хэлсэн. Ким Ки Маны үйлдэл нь бусдыг залилан мэхлэхдээ ямар ч санхүүгийн баримтгүй “Солонгон энд майн” ХХК-ийг ашиглаж өөрт байхгүй лицензийг авч өгнө, мөн бусдын эзэмшлийн өрмийн машиныг засварлаж өгнө гээд цаашаа зарсан үйлдэл болон хувийн байдал нь Ким Ки Ман нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд анхан шатны шүүхээс гэм буруутай гэж ял оноосон нь үндэслэлтэй байна. Оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Н.Мандахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна…” гэв.  

                                                            ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд тогтоодог. Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллаж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага буй. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдал илэрч энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байвал түүнийг засуулах ёстой. Гэтэл Ким Ки Манд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулснаас хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсний улмаас шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага  хангагдаагүй байна. Тухайлбал:

 

1. Прокуророос Ким Ки Маныг хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн “STD14 Е” маркийн тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ийг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013    оны 2 дугаар сарын 2-ны өдөр “МК-501” маркийн худгийн өрмийг зарж
өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс яллагдах онцлог нь зөвхөн эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдагаараа бусад өмчийн эсрэг гэмт хэргээс яллагддагаас гадна тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоох нь хэргийн зүйчлэлд чухал ач холбогдолтой байдаг.

            Анхан шатны шүүх Ш.Ганбатыг залилан мэхэлсэн гэх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг агуулгын хамт шийтгэх тогтоолдоо тусгасан байх боловч тэдгээрт тулгуурлан ямар үйл баримт тогтоож буй нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч Ш.Ганбат  /4-р хх-ийн 112/, гэрч Ш.Билэгбаатар нарын  /4-р хх-ийн 113-119/, мэдүүлгүүд, тэднийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /6-р хх-ийн 6-7/ зэргээс үзэхэд харилцан бие биенээ үгүйсгэн байх бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн харилцан зөрүүтэй байдлыг анхаарч хэний мэдүүлгийн аль хэсэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж, аль нь хэрхэн няцаагдаж байгаа талаар бодит дүгнэлт хийгээгүй байна.

 

Хэрэгт Ким Ки Ман, Ш.Ганбат нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ /4-р хх-ийн 93/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /4-р хх-ийн 188/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2015/07722 дугаар шийдвэр зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Үүнээс гадна Ким Ки Ман, Ш.Ганбат нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Тохиролцооны гэрээ”-нээс /7-р хх-12-13/ үзэхэд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Ким Ки Ман Ш.Ганбатыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүдийн хохирлын талаар харилцан тохиролцож, өр авлагыг нэгтгэн, буцаан төлөх хэмжээ, хугацааг нэг бүрчлэн тогтоож, техник тоног төхөөрөмжийн /тэсэлгээ, худгийн өрөм гэх гэмт/ өмчлөлийн асуудлыг ч бас талууд шийдвэрлэсэн мэтээр тусгагдсан байна.     

 

Дээрх шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ, мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд “STD14 Е” маркийн тэсэлгээний өрмийн машины төлбөрийн нөхцлийг ямар байдлаар тохирсон, төлбөрийн урьдчилгаа 100.000 ам.долларыг хохирогч Ш.Ганбат болон Ким Ки Маны хүү Ким Жин Үнийн аль нь төлсөн болох нь тодорхойгүй, түүнчлэн хохирогч Ш.Ганбатад холбогдох үйлдлийн хувьд хуурч мэхэлсэн эсхүл итгэл эвдсэн ямар аргаар түүнийг залилан мэхэлсэн, эсхүл иргэний эрх зүйн үүрэг аль нь болохыг тодруулах.

 

Хэрэв хохирогч Ш.Ганбатын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан, Ким Ки Маны үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн тохиолдолд нийт хэдий хэмжээний хохирол учруулснаас хэдийг нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн, эвлэрлийн гэрээнд тохиролцсон үнийн дүнд эрүүгийн хэргийн хохирол орсон эсэхийг тогтоох.

 

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5 дахь хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ” гэсэн хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна” гэж заажээ. Солонгос хэл дээр бичигдсэн /4 дүгээр хавтаст хэргийн 150-160 дахь хуудас/ нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн, хэзээ ямар зорилгоор өгсөн нь тодорхойгүй бичиг баримтуудыг хуульд нийцүүлэн баримтжуулах шаардлагатай.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Ким Ки Маны гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Ким Ки Маны өмгөөлөгч Н.Мандахын гаргасан “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: