Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2021/00066

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00525/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 657 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 534 дугаартай шүүгчийн захирамжаар *******ээс 47.660.032 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 80.000 төгрөгийг тус тус гаргуулж, Голомт банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийг барагдуулахаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, Ү2003016618 дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан улмаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж *******-ийн гаргасан үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг маань 69.165.308 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг би Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга *******гийн ирүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1/1026 дугаартай мэдэгдлээр хүлээн авч танилцаад дээрх үнэлгээг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор энэхүү гомдлоо гаргаж байна. Орон сууц 2013 онд шинээр ашиглалтад орж байсан ба би ашиглалтад ормогц 1 мкв нь 1.370.000 төгрөг буюу нийт 89.077.400 төгрөгөөр худалдан авч байсан. Уг орон сууц шинээрээ, сүүлийн үеийн загвар засвартай, хуучирч муудсан зүйлгүй, паркетан шал, вакум цонхтой, засвартай байр ба одоогийн зах зээлийн жишиг үнийн ханш 1 мкв нь 1.200.000 төгрөг байгаа. Гэтэл үнэлгээчин зах зээлийн жишиг үнийн ханшаас хэт доогуур үнэлж 1.063.754 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.

Уг орон сууцыг зах зээлийн жишиг үнээр тооцож бодоход 78.024.000 төгрөгийн орон сууц юм. Гэтэл зах зээлийн ханш бодит үнэтэй уялдуулж үнэлэлгүй, илт зөрүүтэй дүгнэлт гаргаж 8.858.692 төгрөгөөр хасаж үнэлсэнд төлбөр төлөгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд *******-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээний тайлангаар миний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******,Ү2003016618 дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 69.165.308 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******йн дарга, дэд хурандаа *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 534 дугаартай захирамжаар *******ы *******ээс 47.660.032 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг гаргуулж Голомт банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан төлбөрийн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, Ү2003016618 дугаартай, 65,02 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20070697/05 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/29 тоот тогтоолоор *******-ийг шинжээчээр томилсон байна.

******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоон, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үнэлгээний тайлан ирүүлсэн ба эрхийн улсын бүртгэлийн Ү2003016618 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 25 тоотод байрлах 65,02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 69.165.308 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3д заасан мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4401 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдуулан *******-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардаж авч үнэлгээгээр 39.165.308 төгрөгөөр үнэлэгдсэнтэй танилцсан. Хэдийгээр үүнээс өмнө шийдвэр гүйцэтгэгч утсаар хөрөнгийн үнэлгээ гарсан ирж танилцаарай гэж ярьсан ч хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн тухай мэдэгдээгүй. Шүүх шийдвэр гүйцэтгэгчийн утсаар ярьсан тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргасан. Гэвч уг тэмдэглэл нь эргэлзээгүй, бодитой, үндэслэл бүхий баримт гэж үзэхэд учир дутагдалтай. Хэрэв шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч *******т хөрөнгийн үнэлгээг хэрхэн үнэлсэн тухай утсаар дэлгэрэнгүй мэдэгдсэн бол дахин 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр албан бичгээр мэдэгдэх шаардлагагүй юм. Нэхэмжлэгч ******* нь хөрөнгийн үнгэлгээтэй 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр танилцсан ба тус албан бичгээ ч хэрэгт хавсаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Гомдол гаргагч ******* ******* /цаашид ШШГГ/-д холбогдуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн барьцааны хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, *******, Ү2003016618 дугаартай, 65,02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах гомдлын шаардлага гаргасан, хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******т 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд төлбөр төлөгчөөс хөрөнгийн мэдүүлэг авсан байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү2003016618 дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 42 дугаар байрны 25 тоотод байрлах 65,02 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна. /хх-ийн 39-47 дэх тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.2-т дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

Төлбөр авагч Голомт банкны Дархан салбарын гаргасан шинжээч томилж үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр *******-ийг томилсон байх бөгөөд ******* нь дүгнэлтээ гаргаж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн нь хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

*******-ний ҮХХ/820-63 дугаартай үнэлгээний тайлангаар 69.165.308 төгрөгөөр үнэлж ирүүлснийг төлбөр төлөгч *******т 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 28, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн нь дээрх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд заасан ажиллагаа явагдсан хуулийн шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ. / хх-ийн 67-74 дүгээр тал/

Төлбөр төлөгч ******* нь үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй талаар тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                     ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                  Л.АМАРСАНАА