Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/01341

 

“Орхонтконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04724 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1555 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарт холбогдох,

Эд хөрөнгөд учирсан хохиролд 12 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гомбын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Гомбо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Ард аюушийн өргөн чөлөө, 12/5 тоот орших “Орхонтконстранкшн” ХХК-ийн барилгын хажууд байрлах иргэн Н.Оюунбилэгийн 9 давхар үйлчилгээний барилгын ажил явагдах явцад ажилчдын бие засах газар байгаагүйгээс манай компанийн газрыг бохирдуулж, дулааны шугам бариулахдаа манай хашааг нурааж, компанийн эд хөрөнгө байсан амбаарыг нурааж эд хөрөнгө алга болгосон.Нураасан хашааг сэргээж барих, бохирдсон хөрсийг хуулж зайлуулах талаар манай компаниас олон дахин гомдол гаргасан боловч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа өөрийгөө энэ барилгад хөрөнгө оруулагч Т.Өлзийхутаг түүнийг төлөөлөн н.Батжав гэж хүн хохиролгүй болгож өгнө гээд бараг 2 жил боллоо. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах үүргийн дагуу тухай барилгын эзэн болох Н.Оюунбилэг болон Т.Өлзийхутаг нараас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хашааны үнэ 4 500 000 төгрөг, талбай бохирдуулсныг цэвэрлэх зардал 4 000 000 төгрөг, алга болсон эд хөрөнгө болох бундантай 4 сумтай орос троссын үнэ 450 000 төгрөг, гүний вибираторын үнэ 170 000 төгрөг, модон шат 2 ширхэг үнэ 200 000 төгрөг, ажлын ширээ 1 000 000 төгрөг буюу нийт 1 820 000 төгрөг, барилгын дээвэр гэмтээснээс үүссэн хохирол 2 200 000 төгрөг буюу нийт 12 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Өлзийхутаг шүүхэд гаргасан тайлбартаа: Дулааны шугамын ажил нь “Орхонт” ХХК-ийн хашааны гадуур гүйцэтгэх зураг төсөл, зөвшөөрөл нь гарсан тул иргэн Т.Өлзийхутаг нь хойд барилгыг захиалагч “Өү Энд Би Эн” ХХК-тай хамтрагч “Баянтөлөв” ХХК-тай гэрээ байгуулсан.Ингэж гэрээ байгуулахдаа “Орхонт” ХХК-ийн хашаа нурж болзошгүй гэж үзэж, нурвал сэргээн засах, улмаар захиалагч болон гуравдагч этгээдэд хохирол учруулбал төлнө гэсэн заалт оруулсан. Хашаа, түүнийг эргүүлэн барих үнийг тухайн үед манайд инженерээр ажиллаж байсан залуу материалын зардал, ажлын хөлсийн хамт ойролцоогоор 4 000 000 төгрөг хангалттай гэж тооцсон. Энэ талаар хамтрагч “Өү Энд Би Эн” ХХК-д хэлсэн, уг компанийн захирал н.Оюунбилэг нь өгнө гэдэг боловч өгөөгүй.Миний хувьд хөршийн эд хөрөнгийг сэргээн засварлах талаар санаа зовж, гүйцэтгэгч “Баянтөлөв” ХХК-тай удаа дараа холбогдож шаардахад “...манайд гагнадаг хүн байхаас шавар, мужааны хүн байхгүй. Танайхаас барилгыг гүйцэтгэгч нараас хүн гаргаад ажлын хөлсийг нь миний хөлснөөс суутгачих.” гэсэн болно. Ингэхээр нь миний бие ажлын хөлсийг 1 500 000 төгрөгөөр тохирч, 1 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, 950 000 төгрөгийн материалаар суурь цутгаж, төмөр шон суулгасан. Надаас 1 950 000 төгрөг буюу нийт хашааны 50 хувь гарсан боловч “Өү Энд Би Эн” ХХК мөнгөө өгөөгүйгээс битонон суурин дээрх модон хашаа барих ажил зогссон. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн тул миний бие хашаа барих, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх гэрээний үүрэгтэй “Баянтөлөв” ХХК-ийг шүүхэд өгч дараах ажил гүйцэтгэх гэрээнд заасан бүр үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.“Баянтөлөв” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан улмаар эвлэрлийг баталсан шүүхийн шийдвэр гаргасан.Иймд манай талаас хашааны үнийг “Баянтөлөв” ХХК-д ажил гүйцэтгэн төлсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг “Өү Энд Би Эн” ХХК төлөх ёстой. “Орхонт” ХХК-ийн хашааг бариагүй удсанаас үүссэн талбай бохирдсон, эд зүйл алга болсон, дээвэр эвдэрсэн гэх тул “Баянтөлөв” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, түүнийг нь шүүхээс баталгаажуулсан тул манайд хамаарахгүй, “Баянтөлөв” ХХК-д хамаарах болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид хохирол учирсанд Н.Оюунбилэгийн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04724 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Өлзийхутагаас 2 338 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 181 300 төгрөг, хариуцагч Н.Оюунбилэгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өлзийхутагаас 52 369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1555 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04724 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эд хөрөнгөд учирсан хохиролд 12 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК-ийн хариуцагч Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Т.Өлзийхутаг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 369 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч би шүүхэд газар шорооны ажил нь өмчийн эзэн Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нарын захиалгаар явагдсан учир тэдэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Надад учруулсан гэм хорыг Т.Өлзийхутаг нь “Баянтөлөв” ХХК-тай гэрээ байгуулан шорооны ажил гүйцэтгэхдээ миний өмчлөлийн зүйлд гэм хор учруулсан. Хавтаст авагдсан баримтаар Т.Өлзийхутаг, “Баянтөлөв” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар хашааг хуучин хэвэнд нь оруулж өгөхөөр тохиролцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад Т.Өлзийхутагийн гэм бурууг нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль ёсны байж чадсангүй.Шүүх бусдын эд хөрөнгөнд учирсан хохирлыг уг гэм хорыг өөрийн санаатай эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр учруулсан этгээд хариуцах ёстой гэж хууль ёсны зарчмыг үндэслэсэн байна.Т.Өлзийхутаг, Н.Оюунбилэг нар нь “Баянтөлөв” ХХК-тай манай компанийн хашааг нурааж дулааны шугамыг бариулахаар тохиролцсон. Ажлын байрныхаа ахуй нөхцлийг хангаагүйгээс манай талбайг ил бие засах газар болгож халдвар тархах аюултай хэмжээнд бохирдуулсан нь МХГ-ын байцаагчийн баримтаар тогтоогдсон. Өмчийн эзэн болон манай компанид хашааг нураах гэж байгаа талаар хэлэлгүй зориуд намайг эзгүй байх хооронд хүмүүсээр нураалгаж бүтэн 2 жил хашааг сэргээн бариагүйгээс хохирол учруулж байгаа нь тэд нарын гэм буруу биш байна гэсэнд гомдолтой байна.Анхан шатны шүүхээр манай хангалттай нотлох баримттай нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байсан боловч улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн шат дараалсан хүндрэлтэй байдлаас шалтгаалан давж заалдах шатны гомдол гаргаагүй. Гэтэл доод шатныхаа шийдвэрийг хянаж хууль хэрэгжүүлдэг шүүх нь нотлох баримтаар бид таны хашааг хэвийн байдалд оруулж егнө, учирсан гэм хорыг бүрэн хариуцна гэж бичиг өгсөн, гэрээ байгуулсан, шүүхээр шийдвэрлүүлсэн зэргээр гэм буруугаа хүлээсэн баримт байсаар байтал түүнийг үнэлэхгүй хоорондоо тэс өөр шийдвэрүүд гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймээс давж заалдах шатны шүүхийн 1555 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Орхонтконстракшн” ХХК нь хариуцагч Н.Оюунбилэг болон Т.Өлзийхутаг нараас барилгын газар шорооны ажил гүйцэтгэх явцад нураасан хашааны үнэ, талбай бохирдуулсныг цэвэрлэх зардал, алга болсон эд хөрөнгийн үнэ, барилгын дээвэр гэмтээснээс үүссэн хохирол зэргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар гэм хор учрахад гэм буруугүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар  бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна. Хариуцагч Н.Оюунбилэг, Т.Өлзийхутаг нар нь нэхэмжлэгчийн хөрш зэргэлдээ газарт барилга бариулахаар “Баянтөлөв” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлын захиалагч болсон явдал нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас учирсан гэм хорыг гэм буруугүйгээр хариуцах үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан гэм хорыг арилгах үүрэг нь зөвхөн гэм хор учруулагчид хамааралтай тул хариуцагч нарт хуулийн эдгээр зохицуулалтаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Гэм хор учруулсан этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ хэргийн шийдвэр, мөн “Баянтөлөв” ХХК-д холбогдуулан Л.Гомбо, Цэдэвдорж нарын бетон суурьтай модон хашааг сэргээн засварлуулах талаар Т.Өлзийхутагийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрснээр хэрэгсэхгүй болгосон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102\ШШ2016\00050 дугаар захирамж саад болохгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1555 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг  хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН