Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01657

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01657

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01968 дугаар шийдвэртэй

Г.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Зд холбогдох

20 910 980 төгрөг гаргуулах, түрээсийн дэлгүүрт үлдээсэн тавилга, эд хогшил болох сэнс, кассны ширээ, хөргөгч, гоёлын гэрэл, богино долгионы цахилгаан зуух /пэйж/, ус цэвэршүүлэгч, тарагны сав, асрыг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

машинаа барьцаанд тавьсны улмаас учирсан хохирол, түрээсийн төлөгдөөгүй үлдэгдэл, цахилгааны төлөгдөөгүй төлбөр, дэлгүүрийн хөргөгчийг засуулсан зардал нийт 18 807 067 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Зд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь Ж.Зд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нийт 4 удаагийн гүйлгээгээр 575 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 480 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 156 800 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 52 700 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 600 000 төгрөгийг зээлдүүлснээр нийт 2 864 500 төгрөг болсон.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Ж.Зд Тоёота приус-20 маркийн автомашиныг худалдан борлуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл хийж, Э.О гэх хүнд 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Автомашиныг худалдан борлуулах явцад запас дугуй болон автомашины ард байсан ажлын багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл бүхий нийт 688 000 төгрөг болон тухайн автомашиныг зарах үедээ үнийн дүнгээс надад 1 500 000 төгрөг шилжүүлж, нийт 9 188 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ж.Згийн эзэмшлийн Жигжидийн уулзварт байрлах мах сүүний төрөлжсөн худалдаа дэлгүүрийг аман тохиролцоогоор тохиролцож, ажиллуулж байсан бөгөөд уг дэлгүүрийн засварт зориулж 3 291 800 төгрөгийг материалд зарцуулсан. Ажилчдын цалин хөлсөнд 1 950 000 төгрөгийг зарцуулсан бөгөөд уг хөрөнгийг хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн. Уг засварын мөнгийг Ж.З мэдэж байгаа бөгөөд тухайн засварын мөнгийг төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. Нийт засварын мөнгө болон ажилчдын цалин хөлс 5 241 800 төгрөг болсон.

Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж.Згийн эзэмшлийн дэлгүүрт үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн дэлгүүрийн 6,7,8 саруудын барааг Ж.Зд зээлж өгсөн. Тухайн барааны мөнгийг өдөр өдрийн орлогоос миний орлогын дэвтэр болон дансны дэвтэр дээр зарлага гэж бичүүлж Ж.З надаас өөрөө зээлж хэрэглэдэг байсан. Тухайн 3 дугаар сард надаас зээлж хэрэглэсэн мөнгө нь 1 212 880 төгрөг. Тухайн дэлгүүрийг би 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсэлсэн. Түрээс дуусаад 8 дугаар сарын 31-ний өдөр гарахад Ж.Зд зарагдаагүй зарах ёстой байсан 2 403 800 төгрөгийн үнэ бүхий барааг тооллогоор хүлээлгэж өгсөн. Эдгээр мөнгө нь нийтдээ 3 616 680 төгрөг болсон. Нэхэмжлэлийн тав дахь шаардлага нь Ж.Згийн эзэмшлийн зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа би дараах эд зүйлийг шаардлагатай гэж үзэн худалдаж авсан. Худалдаж авсан эд зүйлсээ би дэлгүүрээс нь аваагүй орхисон. Эдгээр зүйлсэд шинжээч томилуулан үзлэгт хамруулсан. Худалдаж авсан зүйлсэд сэнс 150 000 төгрөг, кассын ширээ 250 000 төгрөг, хөргөгч 1 950 000 төгрөг,засвар хийсний дараа дээврийн гоёлын гэрэл нэг ширхгийг 30 000 төгрөгөөр буюу 5 ширхэг гэрэл 150 000 төгрөг, цагаан пеж 150 000 төгрөг, ус цэвэршүүлэгч 100 000 төгрөг, тарагны сав 4 ширхэг 25 000 төгрөг, гадна асар 350 000 төгрөгөөр тус тус худалдаж авснаар нийт 3 150 000 төгрөг болсон. Нийт нэхэмжлэлийн тав нь шаардлагын хүрээнд 24 060 980 төгрөг байгаа гэжээ.

Хариуцагч Ж.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт 2 864 500 төгрөгийн тухайд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г.А нь Э ХХК-д Ж.Згийн эзэмшлийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12 000 000 төгрөг авсан бөгөөд энэхүү зээлээ тухайн үед барагдуулаагүй. Энэ хугацаанд ямар нэг байдлаар мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Шаардаж байсан зүйл нь барьцаанд тавьсан автомашинаа чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан. Тийм учраас Г.Агаас Ж.З нь 2 864 500 төгрөгийг зээлж авсан нөхцөл байдал байхгүй. Энэ асуудлаараа Цагдаагийн байгууллагад хандаж гэрчээр өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г.А Э ББСБ ХХК-д миний эзэмшлийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж 12 000 000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү зээлээсээ тал төлбөрийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг би төлж барагдуулсан. Г.А 12 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тухай зээлийн гэрээ үйлдсэн. Тухайн зээлийг бүрэн төлөхөө илэрхийлэн зээлийн гэрээг байгуулсан. Э ББСБ ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийг Г.А төлж байсан бөгөөд эхний хэдэн сарын төлбөрийг төлж байгаад огт төлөхөө больсон. Би өөрийн эзэмшлийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанаас гаргуулан авсан 10 000 000 төгрөг, үүнээс 9 500 000 төгрөг нь зээлийн төлөлтөд, 500 000 төгрөг нь тухайн грашийн төлбөрт төлөгдсөн. Э ББСБ ХХК-д төлсөн мөнгөний баримтыг сөрөг нэхэмжлэл гаргахдаа баримтаар шүүхэд өгсөн. Мөн Г.А нь 12 000 000 төгрөг төлөхөө илэрхийлж зээлийн гэрээг бичгээр байгуулсныг нотлох баримтаар өгсөн.

Хоёр дахь шаардлага, Г.А нь 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 жил 4 сарын хугацаанд ажилчдын анги байрыг ашиглаж байсан бөгөөд энэхүү хугацааны сарын төлбөрөөс 500 000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд нийт 12 сарын хугацаанд бодохоор 6 000 000 төгрөг болдог. Энэхүү мөнгийг нэхэмжлэх шаардлагын үндэслэл нь тухайн аж ахуйн зориулалтаар ашиглалтад газартай нь түрээсэлсэн бөгөөд Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3 дахь хэсэгт тус тусад нь үнэлж, түрээсийн төлбөрийг авахаар зохицуулсан үндэслэлээр Г.Агаас 6 000 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд дэлгүүр нь тус тусдаа төлбөр төлдөг гурав нь цахилгааны кодтой, ажилчдын байрны код, дэлгүүрийн махны код, дэлгүүрийн сүүний код гэж байдаг. Энэхүү дэлгүүрийг түрээсэлж буй Г.А нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш төлж байгаад 2019 оны цахилгааны төлбөрийн үлдэгдэл 400 500 төгрөг, 400 000 төгрөг 505 000 төгрөгийг тус тус төлөлгүй дэлгүүрийг хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд Г.А нь дэлгүүрийн 3 кодыг өөрийн нөхөр Ж.Тын нэр дээр шилжүүлэн цахилгааны төлбөрөө төлж байсан. Энэхүү төлөөгүй үлдэгдэл цахилгааны төлбөр болох нийт 1 307 067 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Төлсөн баримтаа сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан. Иймд өөрийн төлсөн 1 307 067 төгрөгийг нэхэмжилж байна. Дөрөв дэх шаардлагын тухайд Г.А зуслангийн дэлгүүрийг ажиллуулж байх 3 жилийн хугацаанд мах, сүүний хөргөгч нь ашиглалтын буруугаас болж гэмтсэн асуудал байдаг. Засварын төлбөр болох 1 500 000 төгрөгийг Чиглэл ХХК-д төлсөн байдаг. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Нийт нэхэмжлэлийн үнийн дүн 18 807 067 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.А сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ж.Згийн нэхэмжилж байгаа Э ББСБ ХХК-д барьцаалж 12 000 000 төгрөгийг намайг авсан гэж байна. Би үүнийг надад огт хамааралгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Ж.З Э ББСБ ХХК-иас өөрийн гарын үсгээр зээл авсан байдаг. Мөн 12 000 000 төгрөгийн зээл авсан гэсэн миний гарын үсэгтэй эх бичгийг миний хүслээс гадуур ашиглаж байна гэж үзэж байна. Үүнийг Ж.З нь надад хэлэхдээ эгч нь нөхөртөө үзүүлэх гэсэн юм, миний дүү бичээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өөрийнх нь гар бичмэл хуулбарыг би дуурайлган хуулбарлан бичиж өгсөн.

Хоёр дахь шаардлагын тухайд 2017-2019 оны бүх саруудад мах, сүүний ажилчдын байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн үед бэлнээр болон дансаар төлж байсан. 2021 оны 5 дугаар сард 12 сарын ажилчдын байрны түрээс гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл 6,7,8 дугаар сар буюу гуравхан сар түрээсэлдэг. 3 жилийн хугацаанд 9 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд би ямар ч өр төлбөргүйгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно.

Гурав дахь шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулах үед тогны мөнгөний төлбөр гаргасан гэсэн. Энэ тогны төлбөрийг тухайн сар болгон төлөхгүй бол Зуслан хэрэглэгчдийн төвөөс надад өдөр болгон тог тасална гэсэн мессеж ирдэг. Мөн манай дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоож болно. Дэлгүүрт байгаа мах, сүү нь амархан муудах хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр нэг ч өдрийн тогны төлбөрийг би төлөхгүй байна гэж байхгүй учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилж байна.

Дөрөв дэх шаардлагын тухайд 2017-2019 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхад хөргөгч бүрэн эвдрэлгүй байсан. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэвийн үйл ажиллагаатай хөргөгчийг хөлдүү мах, сүү болон хүнсний бүтээгдэхүүний хамт хүлээлгэж өгсөн. Тийм учраас 2020 оны 05 дугаар сар хүртэл өөрөө ажиллуулж байх явцдаа эвдрэлд гарсан зардлаа надаас нэхэмжилж байна. Тэгэхээр би эдгээр сөрөг нэхэмжлэлд хамааралгүй, тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу хариуцагч Ж.Згаас 3 357 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 553 180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Агаас 184 100 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Зд олгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 229 967 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 5 дахь хэсэг буюу дээр дурдсан 8 төрлийн хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 251 986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 6 173 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаа нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ж.З Э ХХК-ийн хоорондох 12 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэрээний талуудыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин дээрх гэрээний зээлдэгч Ж.З, зээлдүүлэгч нь Э ХХК-ийн хоорондын эрх зүйн асуудалд нэхэмжлэгч Г.Аг хамааралтай мэтээр дүгнэсэн нь зээлийн гэрээний хуулийн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Г.А нь 3 000 000 төгрөгийг зээлсэн түүнийгээ төлсөн харин хүнсний дэлгүүрийн засвар үйлчилгээнд хоёр талаасаа нийт гарвал зохих 9 741 800 төгрөгөөс Ж.З 4 500 000 төгрөгийг харин нэхэмжлэгч нь 5 241 800 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосныг,

Шүүгч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хоорондын харилцааг нэрлэгдээгүй гэрээ хэмээн дүгнэсэн нь хуулийн ойлголт нь буруу байх бөгөөд 2 864 800 төгрөгийг хангаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Тус хэрэгт миний нөхөр Ж.Тын машиныг Ж.З нь худалдан борлуулаад төлбөрийг төлөх байтал шүүгч бидний зээлд хамааралтай мэтээр дүгнэсэн байгааг зөвшөөрөхгүй. Хэргийн 108 талд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ж.З нь 10 000 000 төгрөгөөр 00-00 УБЯ улсын дугаартай хар өнгөтэй автомашиныг иргэн Э.От худалдан борлуулсан үлдэх төлбөрийг 8 500 000 төгрөгийг гаргаагүй байгаа нь шүүгч нь нэг асуудлыг гурав, дөрвөн байдлаар тайлбарласан байгаа хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайн үед эгч нь та хоёрт зараад мөнгийг чинь өгчихнө гээд нөхрийг СЭМҮТөв эмнэлэгт хэвтэж байхад нь итгэмжлэл хийлгэсэн юм. Эндээс харахад Ж.Згийн бусдын зээлийг миний нөхөр бидний харилцаанд хамааралгүй байхад бас л Ж.Згийн зээлийн төлөх тооцоонд оруулж байгаа нь бодит байдалтай огт нийцээгүй байх тул машины үлдэгдэл төлбөр 9 188 000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосныг,

Дэлгүүрт үлдээсэн барааны төлбөр 3 616 680 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 17 553 180 төгрөгийг Ж.Згаас гаргуулж өгнө үү. Мөн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасаар байтал хууль зөрчин шүүх хурлыг хийсэн, хуулийг буруу тайлбарласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ж.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөр, автомашин худалдан борлуулсан болон автомашины дагалдах хэрэгслийн үнэ, засварын зардал болон ажилчдын цалин, барааны үнэ, худалдаж авсан эд зүйлс нийт 20 910 980 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Ж.З эс зөвшөөрч Э ББСБ ХХК-аас авсан зээл болон гараашийн төлбөр, ажилчдын байр ашигласны төлбөр, төлөгдөөгүй түрээсийн болон цахилгааны үлдэгдэл төлбөр, хөргөгч засуулсны зардалд нийт 18 807 067 төгрөг гаргуулна гэж сөрөг шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг нэрлэгдээгүй гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Нэрлэгдээгүй гэрээ нь талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд чөлөөтэй байгуулсан, гэрээний гол нь Иргэний хуульд нэрлэн заагаагүй байдгаараа онцлогтой. Харин зохигчдын хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой харилцааг нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх боломжгүй.

Хэрэгт Ж.З, Э.О нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Э ББСБ ХХК болон Ж.З нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Зээлийн гэрээ нотлох баримтаар авагджээ. /1хх.108-109, 184-185/

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн нэг болон хоёр дахь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Ж.Згийн Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрт түүний өмнөөс төлсөн 2 864 500 төгрөг, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн автомашиныг хариуцагч Ж.З, Э.От худалдсантай холбоотой автомашины үнэ болон дагалдах хэрэгслийн мөнгийг тус тус гаргуулах-аар заасан байхад шүүх тухайн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

Хэргийн 109 дүгээр талын ард Ж.Тоос хариуцагч Ж.Зд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл авагдсан, уг итгэмжлэлийг үндэслэн Ж.З иргэн Э.Отай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Toyoto prius маркийн 00-00 УБЯ улсын дугаартай автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон байна. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, даалгаврын гэрээний даавгавар гүйцэтгэгч буюу хариуцагч Ж.З даалгавар гүйцэтгэхээр авсан зүйлээ ямар хэмжээнд буцаан шилжүүлсэн, мөн даалгаврын зүйлээс даалгавар өгөгч Г.Агийн зөвшөөрлөөр хэдэн төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж авсан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч Г.А нэхэмжлэлийн шаардлагадаа ...хариуцагч Ж.Згийн гэр бүлийн дундаа өмчлөх дундын эд хөрөнгө болох автомашиныг худалдан борлуулсан мөнгөнөөс 1 500 000 төгрөгийг аваад үлдэх мөнгийг аваагүй гэсэн үндэслэл зааж байхад шүүх уг асуудлыг тодруулаагүйгээс дээрх мөнгө нь ямар гэрээний үүрэгт өгсөн нь тодорхой бус байна.

Өөрөөр хэлбэл, шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний болон автомашин худалдсан талаарх эрх зүйн харилцаа болон тооцооны асуудлын талаар шаардлага гаргасныг нарийвчлан тодруулаагүй атлаа ...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөгөөр гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн машин зарагдсан дүн болох 10 000 000 төгрөгөөс 8 500 000 төгрөгийг Ж.З авсан байх ба нэхэмжлэгч Г.А Ж.Згаас машин зарж олсон төлбөрийг өнөөдрийг хүртэл шаардаагүй учир холбогдол ойлгомжгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын хооронд гэрээний бус үүргийн хүрээнд шаардах эрх үүссэн, шаардах эрхийг үгүйсгэх болон нотлох ямар нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байгаа болон хуулийн ямар зохицуулалтыг хэрэглэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн түрээсэлж байсан дэлгүүрт үлдээсэн гэх 8 төрлийн эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо эд хөрөнгийг нэг бүрийн шинжээр тодорхойлон заагаагүй нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болсон гэж үзэхээргүй болжээ.

Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулж, хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосны дараа шаардлага тус бүрийн эрх зүйн үндэслэлд хамаарах харилцааг зөв тодорхойлох нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 245 716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО