Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 224/МА2021/00013

 

 

 

 

 

 

 

 

 

О.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэртэй,

О.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 3.620.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Маамуу /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.М-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах 26.4 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан юм. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж би дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Би тухайн байрыг 1 сарын түрээсийн төлбөрийг 300.000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаатай Л.Майцэцэг гэх хүнд түрээслэсэн байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч О.Бат-Орших 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр миний өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас болон шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажиллагаа явагдах гэж байгаатай холбоотой ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, энэ талаар надад хэлээгүй юм. Улмаар миний бие иргэний хэргийн анхан шатны шүүхэд “миний өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжлэгдсэн байр болон байрны түлхүүрийг хууль ёсны өмчлөгчид хүлээлгэн өгөх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Увс аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учир би шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарсан. Гэсэн хэдий ч миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа хүлээж аваагүй тухайн орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бусдад түрээслэсэн байдалтай байна.

Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчтэй удаа дараа уулзаж өөрийн орон сууцаа хүлээж авмаар байна, та нар надад хүлээлгэж өгөх ёстой гэдгийг хэлсэн боловч чиний байрыг битүүмжилсэн тогтоол хүчингүй болсон, шүүхийн шийдвэрт чамд байр болон түлхүүр хүлээлгэж өг гэдэг зүйл тусгагдаагүй байна гэсэн хариулт хэлж миний эрхийг зөрчсөөр байна. Түрээслэгчтэй очиж уулзаад та миний байрыг чөлөөлж өгөөч би хууль ёсны өмчлөгч нь юм гэхэд намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Даваажав энэ байранд өөрийн биеэр оруулсан, би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай тохиролцож түрээслэж байгаа, би энэ байрыг чөлөөлөхгүй гэсэн хариулт өгсөн. Ийм учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа болно.

Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний өмчлөлийн байранд битүүмжлэх ажиллагаа явуулсан үеэс эхлэн одоог хүртэл бусад этгээдийг хууль бусаар амьдруулж байна. Би Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах 26.4 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон С.О нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулж хууль ёсны эрхээ сэргээлгэх хүсэлттэй байна. Миний бие төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 5,120,785 төгрөгийг нэхэмжилж байна.

Үүнд: Юуны өмнө эд хөрөнгийн ашиглалт хийгдэж байгаа, мөн миний байранд амьдарч байсан түрээслэгчийг хөөж гарган хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны буюу 6 сарын байрны түрээсийн төлбөр болох 4.800.000 төгрөг, мөн миний байранд амьдарч байгаа иргэд дулааны болон цэвэр, бохир усны төлбөрөө 2019 оны 10 дугаар сараас хойш огт төлөөгүй байх ба энэ төлбөр нь 70.785 төгрөг, байрыг битүүмжлэхээс өмнө байранд байсан 250.000 төгрөгийн үнэ бүхий цонхны хөшиг алга болсон байх тул тухайн хөшигний үнэ 250.000 төгрөг зэрэг болно. Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаар шүүгчийн захирамжаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-01 тоотод оршин суух Сэсээр овогтой Мөнхбатаас 16.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр авагч О.Г нь би төлбөр төлөгч С.М-ын өмчлөлийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоот байрыг төлбөртөө тооцож аваад зөрүү мөнгийг нь гаргаж өгмөөр байна гэсэн хүсэлтийг манайд гаргасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа манай байгууллагын зүгээс дээрх орон сууц нь С.М-ын өмчлөлийнх мөн эсэх талаар шүүхэд маргаан үүссэн эсэхийг лавлахад төлбөр төлөгч С.М болон төлбөр авагч О.Г нар ямар нэгэн маргаан байхгүй гэснийг үндэслэн Увс аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/976 дугаартай албан бичгээр дээрх орон сууцыг төлбөр авагч иргэн О.Г-ын нэр дээр шилжүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн. О.Г нь өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Ингэж шилжүүлэн авахдаа нэхэмжлэгч О.Г өөрийн төлбөрт тооцон авахаас гадна С.М-с авлагатай бусад 3 төлбөр авагчийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон болно. Гэтэл нэхэмжлэгч О.Г тохиролцсон байдлаа зөрчиж уг 6 тоот байрыг бусдаас 5.000.000 төгрөгийн урьдчилгаа авч хүн оруулсан байсныг манай байгууллага сүүлд мэдсэн. Дээрх үйл явдал болж байх хооронд уг байрны бас нэг өмчлөгч гэх С.П нь 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоот байрны жинхэнэ өмчлөгч нь хэн эсэх талаар шүүхэд маргаан үүсгэсэн байгаа, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад яагаад гуравдагч этгээдэд хөрөнгийг шилжүүлсэн талаар манайд хандан гомдол гаргасан. Энэ тухай О.Г-д танилцуулахад С.М-с 5.000.000 төгрөг гаргуулаад өгчихвөл би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцааж өгье гэж ярьж байсан.

Анх О.Гыг гүйцэтгэх баримт бичиг авч ирэхэд С.М-с авах төлбөртөө дээрх 6 тоот байрыг авах талаар гэрээ байгуулсан зүйл байгаа эсэхийг тодруулахад гэрээ байгуулсан юм байхгүй, урьдчилгаа мөнгөө өгчих гэхэд нь өгсөн гэж ярьж байсан. Тухайн үед ахлах шийдвэр гүйцэтгэгч миний зүгээс С.М-ын өмчлөлийн байрнуудын захиран зарцуулах эрхийг манай байгууллагаас түдгэлзүүлсэн байгаа гэдгийг О.Г-д танилцуулж байсан.

Тэгээд удалгүй 95 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч О.Бат-орших очиж хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэгч О.Бат-Оршихын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М миний бие ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Энэ тухайгаа О.Г-д тайлбарлан танилцуулахад "6 тоот байрны түлхүүрийг өг, би байраа авмаар байна" гэхэд би тэр байрны өмчлөл дээр маргаан үүссэн байгаа, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дагуу асуудлыг шийдэж өгье гэж ойлгуулсан. С.П нь тухайн байрыг бусдад түрээсэлж байгаа гэдгийг бид мэдэхгүй байна, хөшигний асуудлыг бол би бас мэдэхгүй байна.

С.М, О.Г нар төрийн байгууллагыг худал мэдээллээр хангаж хуурч, залилан мэхлэх замаар тухайн байрыг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байгаа. О.Г-д учирсан хохирлын асуудлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320.785 /гурван зуун хорин мянга долоон зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.783 /нэг зуун хорин зургаан мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 91.750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тогтоолоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж заасан, эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж зааж өгсөн байдаг.

Гэтэл тус хэрэгт нэхэмжлэгчээр оролцож буй О.Г нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх эргэлзээтэй байна. Тухайн байр нь С.П-ын нэр дээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлийн дугаартай 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож, тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр байхад О.Г-ын хөрөнгө гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Тус газрын шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр 127.149 төгрөгийн төлбөрийг С.П-с гаргуулахаар С.От олгох төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч С.Птай түүний нэр дээрх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлтэй дугаартай 1 тоот дугаарын гэрчилгээтэй объектыг чөлөөлөхийг 2019 оны 08 дугаар сарын 1-ний өдөр байрны оршин суугчид мэдэгдсэн. Манай байгууллага нь О.Г-ын хөрөнгөд биш төлбөр төлөгч С.П-ын нэр дээрх хөрөнгөд халдсан байхад, иргэн О.Г-ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. О.Г-ын хууль ёсны өмчлөгч гэж үзэж С.П-ын нэр дээр гаргасан Ү-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Иймд О.Г-ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэж О.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маамуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар тогтоолоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4.800.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж заасан, эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж зааж өгсөн байдаг.

Гэтэл тус хэрэгт нэхэмжлэгчээр оролцож буй О.Г нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх эргэлзээтэй байна. Тухайн байр нь С.П-ын нэр дээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлийн дугаартай 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож, тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр байхад, О.Г-ын хөрөнгө гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Тус газрын шийдвэр гүйцэтгэгч нь Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 519 дүгээр шийдвэрээр 127.149 төгрөгийн төлбөрийг С.П-с гаргуулахаар С.От олгох төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч С.Птай түүний нэр дээрх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлтэй дугаартай 1 тоот дугаарын гэрчилгээтэй объектыг чөлөөлөхийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байрны оршин суугчид мэдэгдсэн.

Манай байгууллага нь О.Г-ын хөрөнгөд биш төлбөр төлөгч С.П-ын нэр дээрх хөрөнгөнд халдсан байхад, иргэн О.Г-ын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. О.Г-ын хууль ёсны өмчлөгч гэж үзэж С.П-ын нэр дээр гаргасан Ү-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр байхгүй, бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Иймд О.Г-ыг хууль ёсны өмчлөгч гэж үзэж О.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч О.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд Мөнхбатад нэг өрөө байр авна гэж тохироод, урьдчилгаа мөнгөө өгөөд явсан. 2018 оны 10 дугаар сард Бадрахын 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот 24.6 м/кв байрыг авахаар улсын бүртгэлийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд авсан байдаг. Энэ байрыг маргаантай гэдгийг сонсоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаад, энэ байрыг худалдаж авч болох уу, дараа ямар нэг асуудал гарах уу гэхэд, болно, ямар нэг асуудал гарахгүй гээд надад албан бичиг хийж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албан бичгээ улсын бүртгэл рүү явуулаад, би хуульд заасан үндэслэлээр бичиг баримтаа бүрдүүлсэн. Улсын бүртгэл бүртгүүлээд Ү-1520005429 гэсэн дугаартай улсын бүртгэлт бүртгэгдсэн байрны ордероо авсан. 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл байраа ашиглаж байсан. Би энэ байрандаа амьдардаггүй, өөр хүнд түрээслүүлдэг байсан.

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан надад мэдэгдэхгүйгээр манай байрыг түрээсэлж байсан хүнийг хөөж гаргаад байрыг битүүмжилсэн байсан. Танай байрыг хурааж байна, энэ С.П гэх хүний хөрөнгө” гэж хэлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар нэгэн үндэслэх баримтгүйгээр миний байрыг хураасан. Энд шүүхээс гарсан шийдвэр байхгүй,  Мөнхбат, Пүрэвжав гэх 2 хүний маргаанаас болж манай байрыг битүүмжилсэн байдаг.

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 522 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар О.Г-ын байрыг битүүмжилсэн нь хууль бус байна гэж шийдвэр гарсан байдаг. Би шийдвэрээ аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж, байраа авъя гэхэд бид нар танай байранд С.П-с мөнгө авах ёстой хүн С.Оыг  оруулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоолоо хүчингүй болгосон, тул та С.Оаас очиж байраа чөлөөлж аваарай гэж хэлсэн.

Гэтэл С.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Даваажав гэх хүн намайг энэ байранд оруулсан, би байраа чөлөөлж чадахгүй гэсэн. Би шүүхэд дахин С.О гэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. С.О нь шүүхийн шатанд ирээд ийм ийм учиртай гэдгийг мэдээд бид хоёр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хэргээ  шийдүүлсэн байгаа. Шүүгчийн захирамж шийдвэр гарсан байхад С.О гэх хүн миний байрыг чөлөөлж өгөхгүй явсаар би гүйцэтгэх хуудас бичүүлсний дагуу  С.Оаас 2021 оны 06 дугаар сард байрныхаа түлхүүрийг авсан.

Одоо миний нэхэмжилж байгаа мөнгө нь байрны түрээсийн мөнгө, алга  болсон хөшигнийхээ мөнгө л нэхэмжилж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний эзэмшлийн байрыг бусдын байр гэж байгаа. Миний эзэмшлийн 6 тоот байран дээр ямар нэгэн маргаан байхгүй, би хавтаст хэрэгт нотлох баримтаа гаргаж өгсөн байдаг. Иймд Увс аймаг дахь Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Г нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа  буюу хөрөнгө битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийн улмаас 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны буюу 6 сарын байрны түрээсийн төлбөр 4.800.000 төгрөг, дулаан болон цэвэр, бохир усны төлбөр 70.785 төгрөг, хөшигний үнэ 250.000 төгрөг, нийт 5.120.785 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгч С.М эс зөвшөөрч, байрны өмчлөл маргаантай байгаа ба шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа уг асуудлыг шийдвэрлэх ёстой . О.Г-д учирсан хохирлыг манай байгуулага хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргажээ.

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч О.Бат-Оршихын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17210177/01 дугаар Хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор нэхэмжлэгч О.Г-ын өмчлөлийн, Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 22 айлын орон сууцны  1 давхрын 6 тоот, 26.4 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг  битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль бус болохыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр, орон сууцыг С.О гэгчид хөлслүүлсэн байсныг албадан чөлөөлүүлэх, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2.120.785 төгрөг гаргуулахаар О.Г анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2145 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч  С.От холбогдуулан гаргасан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, албадан гаргуулах  тухай шаардлагыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 2.120.785 төгрөг гаргуулах шаардлагаас тусгаарлан шийдвэрлэхээр тогтоосон байна. Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг  үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 665 дугаар шүүгчийн захирамж/ хх-ийн 201, 202х/-аар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байх ба хариуцагч С.О нь байрыг чөлөөлөхгүй байсны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 229 дүгээр гүйцэтгэх хуудас /хх-ийн  204х/ олгож, 2021 оны 6 сарын 07-ны өдөр О.Г-д байрыг хүлээлгэж өгсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Г нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойш буюу 2020 оны 3-12 дугаар сарын байрны түрээсийн төлбөр болох нийт 3.000.000 төгрөгийг нэмж, нийт 5.120.785 гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.  

Анхан шатны шүүх Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч О.Г-ын  өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах буюу эзэмших, ашиглах эрх / түрээслэх, хөлслөх гэх мэтээр орлого олох / зөрчигдсөнөөс учирсан хохирлыг  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасантай нийцсэн байна.

 Нэхэмжлэгч О.Г нь орон сууцаа Л.Майцэцэг гэгчид 1 жилийн хугацаатай, сарын 300.000 төгрөгөөр хөлслүүлэхээр гэрээ байгуулж, байрандаа орж амьдарч байхад шийдвэр гүйцэтгэгч уг байрыг битүүмжилснээр гэрээ биелэгдэх боломжгүй болсон байх ба  энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлснээр олох байсан орлого 4.800.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас цонхны  хөшигний үнэ 250.000 төгрөг, орон сууцны дулаан, бохир, цэвэр усны төлбөр 70.785 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын “Тус хэрэгт нэхэмжлэгчээр оролцож буй О.Г нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй. Тухайн байр нь С.П-ын нэр дээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Ү-1520004456 улсын бүртгэлийн дугаартай 1 тоот гэж бүртгэн гэрчилгээ олгож, тус объект С.П-ын нэр дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр байхад О.Г-ын хөрөнгө гэж үзэх нь үндэслэлгүй.

О.Гыг  хууль ёсны өмчлөгч гэж үзэж, С.П-ын нэр дээр гаргасан, Ү-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр байхгүй. Иймд О.Гыг хууль ёсны өмчлөгч гэж үзэж, О.Г-ын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

             Хэрэгт  О.Г-ын Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгэгдсэн, 000377685 дугаарын гэрчилгээтэй, 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтэс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар захирамж / хх-ийн 53-55/ авагдсан байна.  

            Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М “ О.Г-ын нэхэмжлэлтэй, улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан, С.П-ын нэр дээр бүртгэсэн, Ү-1250004456 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот шүүхийн тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрхи шүүхийн тогтоолыг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар шүүхийн тогтоолоор “захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй маргаан нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхтэй холбоотой, харин тус шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн хувьд төрийн байгууллагын албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай маргаан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй” гэх дүгнэлтийг хийж, хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэсэн байна.  

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91750 /ерэн нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

              ШҮҮГЧ                                                Л.АЛТАН                 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.ЖАМБАЛСҮРЭН