Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 224/МА2021/00014

 

 

 

 

 

 

 

 

“С.Э.М.Г” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар шийдвэртэй,

“С.Э.М.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ц.З” ХХК-д холбогдох, “Ц.З” ХХК-аас гэрээний үүрэгт 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Батдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн /цахимаар/, хариуцагч М.Батдорж /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С.Э.М.Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДВ Ойл Трейдинг ГМБХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд уг үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох Ц.З ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 180919 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ДВ Ойл Трейдинг ГМБХ нь Ц.З ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Богат Ойл ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцөлийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний Нэмэлт зөвшилцөл №1 болон хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ДВ Ойл Трейдинг компани нь БНД 100/130 маркийн замын битумыг нэг тонн тутам нь 667,00 ам.доллараар Инкотермс 2010-ын дагуу СРТ Улаангом нөхцөлөөр нийлүүлэх, Худалдан авагч болох Ц.З ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн.

Худалдагч ДВ Ойл Трейдинг компанийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээ, гэрээний Нэмэлт зөвшилцөөн №1 болон хавсралтад заасан чанар, үзүүлэлтэд нийцсэн 65.699,50 ам.долларын үнийн дүн бүхий БНД/130 маркийн авто замын битумыг Ц.З ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн болно. Харин худалдан авагч Ц.З ХХК нь хүлээн авсан барааны төлбөр 65.699,50 ам.долларыг гэрээний нэмэлт зөвшилцөөн №1-н 6-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлт хийгдээгүй ба худалдан авагч компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэлт хугацаа тогтоож өгч байсан ч тодорхой үр дүн гарсангүй. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1 Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба худалдан авагч компани үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн зөрчиж буй нь манай компанийн санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна.

Ийнхүү Ц.З ХХК нь бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 180919 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Худалдан авагч тал хүлээн авсан барааныхаа төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2% алданги төлөх гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Ийнхүү Ц.З ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон боловч төлбөр төлөгдөлгүй 325 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний 10.1-т зааснаар худалдагчид 42.704,8 ам.доллар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 32.849,75 ам.долларын алданги төлөх үүрэгтэй байна. С.Э.М.Г ХХК нь Герман Улсын DW Oil trading GMBH -тай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж DW Oil trading GMBH болон Ц.З ХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №180919 тоот гэрээ болон уг гэрээний нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийн төлбөрийг Ц.З ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан болно.

Иймд Ц.З ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний үүрэгт: /Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт шилжүүлэн тооцоход/ үндсэн төлбөр 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДВ Ойл Трейдинг ГМБХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд уг үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсын хуулийн этгээд болох Ц.З ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 180919 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ДВ Ойл Трейдинг ГМБХ нь Ц.З ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Ц.З ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний Нэмэлт зөвшилцөл №1 болон хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч болох ДВ Ойл Трейдинг компани нь БНД 100/130 маркийн замын битумыг нэг тонн тутам нь 667,00 ам.доллараар Инкотермс 2010-ын дагуу СРТ Улаангом нөхцөлөөр нийлүүлэх, Худалдан авагч болох Ц.З ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа 100% төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Худалдагч ДВ Ойл Трейдинг компанийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээ, гэрээний Нэмэлт зөвшилцөөн №1 болон хавсралтад заасан чанар, үзүүлэлтэд нийцсэн 65.699,50 ам.долларын үнийн дүн бүхий БНД/130 маркийн авто замын битумыг Ц.З ХХК-д нийлүүлж гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлсэн болно. Харин худалдан авагч Ц.З ХХК нь хүлээн авсан барааны төлбөр 65.699,50 ам.долларыг гэрээний нэмэлт зөвшилцөөн №1-н 6-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөлт хийгдээгүй ба худалдан авагч компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэлт хугацаа тогтоож өгч байсан ч тодорхой үр дүн гарсангүй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1.1 Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан ба худалдан авагч компани үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн зөрчиж буй нь манай компанийн санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Ийнхүү Ц.З ХХК нь бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, мөн ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 180919 тоот гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-т Худалдан авагч тал хүлээн авсан барааныхаа төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагчид хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2% алданги төлөх гэж заасны дагуу алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан.

Ийнхүү Ц.З ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн барагдуулах боломжийг олгосон боловч төлбөр төлөгдөлгүй 325 хоног хугацаа хэтрүүлсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний 10.1-т зааснаар худалдагчид 42.704,8 ам.доллар буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 32.849,75 ам.долларын алданги төлөх үүрэгтэй байна. С.Э.М.Г ХХК нь Герман Улсын DW Oil trading GMBH -тай 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж DW Oil trading GMBH болон Ц.З ХХК-ний хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №180919 тоот гэрээ болон уг гэрээний нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алдангийн төлбөрийг Ц.З ХХК-ас шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Ц.З ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд Ц.З ХХК-ас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 тоот гэрээний үүрэгт: /Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар гадаад мөнгөн тэмдэгтийг төгрөгт шилжүүлэн тооцоход/ үндсэн төлбөр 65.699,50 ам.доллар буюу 187.194.957 төгрөг, алдангийн төлбөрт 32.849,75 ам.доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.З ХХК-ийн захирал М.Батдорж анхан шатны шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.З ХХК нь танай шүүхээс гардуулсан С.Э.М.Г ХХК-ийн 98.549,25 ам доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Инкотермс-2010-ын СРТ нөхцөлөөр худалдагч нь барааг гэрээнд заасан хугацаанд нэрлэсэн газарт хүртэл хүргэх бараатай холбоотой бүх зардал, экспортын татвар хураамж, гаалийн үзлэг шалгалт, экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүх зардлыг хариуцан төлөх үүрэгтэй. ДВ Ойл Трейдинг компанийн нийлүүлсэн 98,5 тонн битумын гаалийн татвар 27.172.528 төгрөгийг Ц.З ХХК хариуцан Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт төлсөн.

Мөн түүнчлэн нийлүүлэгч компанийн менежер н.Гансүхийг Улаанбаатараас Баян- Өлгий, Увс аймагт ажиллах замын зардал 1.300.000 төгрөгийг Ц.З ХХК төлсөн. Дээрх зардлыг ДВ Ойл Трейдинг компани хариуцан төлөх үүргээ биелүүлтэл Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу Ц.З ХХК нь барааны үнийг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан. Ц.З ХХК-ийн барааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй нь ДВ Ойл Трейдинг компанийн гаалийн татвар, ажилтны томилолтын зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаатай холбогдох тул С.Э.М.Г ХХК-ийн алдангид 32.849,75 ам доллар нэхэмжилсэн шаардлагыг Ц.З ХХК хариуцах эрх зүйн үндэслэлгүй.

ДВ Ойл Трейдинг компани нь барааны үнийг шаардах эрхээ С.Э.М.Г ХХК-д шилжүүлэхдээ Ц.З ХХК-д мэдэгдээгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу Ц.З ХХК нь барааны үнэ төлөх үүргээ С.Э.М.Г ХХК-д бус ДВ Ойл Трейдинг компанид биелүүлнэ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ц.З ХХК нь барааны үнэ 65.699,50 ам долларыг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.701,11 төгрөгөөр Д.О.Т ХХК-д тооцон төлнө.

Харин С.Э.М.Г ХХК-ийн нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.849,26 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.З ХХК (65.699,50x2.701,11)(27.172.528+1.300.000)=148.989.048,445 төгрөгийг Д.О.Т ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. С.Э.М.Г ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 131.803.387,555 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн Б.Гансүх нь надад өөр тайлбар хэлээд шүүхэд мэдүүлэг өгөхдөө өөр мэдүлэг өгсөн байна. Үүнийг гайхаж байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ц.З ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 280.792.436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.561.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.З ХХК-иас 1.561.912 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э.М.Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Батдорж давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

“Ц.З ХХК-ийн ДВойл Трейдинг ХХК-ийн БНД 100/130 маркийн замын битумыг худалдаж авсан бөгөөд хүлээлгэж өгөх газар нь Увс аймгийн Улаангом суманд хүргэх байсан бөгөөд энэ нөхцөлд гаалийн татвар болох 28,72,528 төгрөгийг хариуцахгүй байсан. Энэ талаар шүүхэд тайлбарлан нийлүүлэгч компанийн худалдааны төлөөлөгчийн чатаар чаталсан баримтыг өгсөн боловч шүүх үнэлээгүй энэ нь дээрх төлбөрийг төлөхөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайн баримт шүүхийн хавтаст хэрэгт байгаа тул Ц.З ХХК-ийн захирал М.Б миний утсанд үзлэг хийж дээрх нотлох баримтыг үнэлж өгнө үү.

Энэ гэрээг заавал хийх талаар шаардаад байсан тул сүүлд нөхөж хийсэн гэрээ нь гадаад хэл дээр байсан тул сайн ойлгоогүй, гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Гэтэл Монгол улсад хийгдсэн бараа ажил үйлчилгээний гэрээ үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэх ёстой. Тэгэхээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, сүүлд нөхөж зуруулсан тул 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 180919 дугаартай гэрээ нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй зарчимд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Хариуцагч гэрээ байгуулсан өдрийн ам долларын ханш болох 2.669 төгрөгөөр тооцож 65,699.5 ам доллар буюу 175,351,966 төгрөг үүнээс гаальд нийлүүлэгчийн өмнөөс төлсөн 28,472,528 төгрөгийг хасаж 146,879,438 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 133,912,988 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгэнт гэрээ хууль зөрчиж байгуулсан тул алданги төлөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсвэл хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд 3 үндсэн шаардлага тавьж байгаа юм байна. Гансүх гэх худалдааны зөвлөхтэй холбогдсон, чатыг шүүх үнэлээгүй гэж байна. Шүүх хуралдаан дээр хариуцагч Гансүхтэй фейсбүүкээр харьцсан хэсгээ хэвлээд өгсөн, гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч өөрөө нотлох баримтаа, бүрдүүлэх үүрэгтэй.

Чат нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, үзлэг хийсэн, үзлэгтэй холбоотой тэмдэглэл байхгүй. Иймд шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэх боломжгүй. Хариуцагч тал Гансүх гэх худалдааны зөвлөхтэй чатаар харьцсан гэдэг нь үзлэг хийлгэх хүсэлтээ өгөөд, хэзээ яаж, харьцсан нь гэдгээ тогтоолгох ёстой. Гэтэл үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, Гансүхтэй фейсбүүкээр харьцсан хэсгээ хэвлээд авч ирсэн, энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

Хариуцагч тал одоо миний гар утсанд үзлэг хийж өгнө үү гэж ярьж байна. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхгүй. Анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар одоо нотлох баримт гаргаж өгвөл давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх боломжгүй.

Хариуцагч тал “би гаалийн татвар төлөх ёсгүй” гэж яриад байгаа. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ. Худалдах, худалдан авах гэрээний маань гол нөхцөл нь Имкотермс нөхцөл буюу бараа бүтээгдэхүүнийг Улаангомд нийлүүлэх үүрэгтэй, бараа бүтээгдэхүүнээ аваад хариуцагч нь төлбөрөө бүрэн төлөх ийм нөхцөлийг тохирсон, худалдах, худалдан авах гэрээ байдаг. Энэ дээр бол худалдан авагч буюу хариуцагч бараагаа хүлээн авсантай холбоотой хариуцагчийн өөрийнх нь төлөх ёстой татвар. Өөрөөр хэлбэл гааль нь нийтийн орлогын албан татвараа төлөөд, нийтийн орлогын албан татвараа буцаан аваад энэ бүтээгдэхүүний өмч болоод шилжсэн асуудал байгаа. Иймд гаалийн татварт төлсөн 27.000.000 төгрөгийг төлөхгүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн асуудал байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй, давж заалдах шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн талаар яригдахгүй. Мөн би 28.000.000 төгрөгийг төлөхгүй, миний төлөх мөнгөн дүн 100.879.438 төгрөг төлнө гэж яриад байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээрх үндсэн төлбөрөөс 100.879.438 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Хариуцагч тал нь ингээд хүчин төгөлдөр бус гэж яриад байгаа. Хариуцагч тал өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байсан. Хариуцагч нь өөрөө хууль мэдэхгүй байдлаасаа болж давж заалдах гомдлоо үндэслэлгүй гаргаж байгаа гэж үзэж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг хариуцагч хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргаангүй. Зөвхөн 28.472.528 төгрөгийн гаалийн татварын асуудал яригддаг. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөд мэтгэлцэх байдлаар оролцоогүй, үгүйсгэсэн баримтаа гаргаж өгөөгүй өнөөдөр алдангийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөх үндэслэлгүй. Байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 1-т худалдан авагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногийн 0.2 хувийн алданги төлнө гэдгээ харилцсан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл алдангийн хэлцэл хийгдсэн, ийм учраас алданги төлөх үндэслэл үүсээд байгаа. Алдангийн хоног нь 335 хоног хэтэрсэн байсан. Иргэний хуулийн 234 дүгээр зүйл 4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиас хэтрэхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нь 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжилсэн. Ийм учраас Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий шийдвэр гарсан. “Д.О.Т” компани Герман улсад бүртгэлтэй компани учраас Монгол улсын хуулийн этгээд “Сиби Энержи” ХХК-нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх шилжүүлж аваад, шаардах эрхийнхээ дагуу шаардсан байдаг. Хариуцагчийн гаргаад байгаа үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүхэд шийдвэрлэх боломжгүй. Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд яригдаагүй асуудлын талаар ярьж байна. Давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Иймд Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С.Э.М.Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “С.Э.М.Г” ХХК нь хариуцагч “Ц.З” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 65.699,50 ам доллар буюу 187.194.957 төгрөг, алданги 32.849,75 ам доллар буюу 93.597.479 төгрөг, нийт 98.549,25 ам.доллар буюу 280.792.436 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч алданги болон нэхэмжлэлийн үнийн дүнг үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш буюу 2.701,11 төгрөгөөр тооцох байтал нэхэмжлэл  гаргах өдрийн буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам долларын албан ёсны ханш 2.849.26 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн битумын гаалийн татвар 27.172.528 төгрөг, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн замын зардалд 1.300.000 төгрөг төлсөн, эдгээрийг төлбөрөөс хасаж тооцуулна гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбараар  Герман улсын “ DW OiI Trading GmbH” компани нь  Монгол улсын “Ц.З” ХХК-д БНД 100/130 маркийн  газрын тосны бүтээгдэхүүн болох битумыг нэг тонн тутам нь 667,00 ам доллараар “Инкотермс 2010”-ын дагуу СТР Улаангом нөхцлөөр нийлүүлэх, “Ц.З” ХХК нь  төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа  100% төлөхөөр харилцан тохиролцсон нь нотлогдсон байх тул тэдгээрийн  хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэргийн 7-8 дугаар талд авагдсан, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх хэлцэлд “DW OiI Trading GmbH” компани нь  “Ц.З” ХХК-тай  2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 180919 тоот гэрээ болон уг гэрээний Нэмэлт хэлэлцээр №1-т заасны дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болон алданги шаардах эрхийг “С.Э.М.Г” ХХК-д шилжүүлсэн  байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу “DW OiI Trading GmbH” ХХК-ийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрх бүхэлдээ “С.Э.М.Г” ХХК-д шилжсэн байна.

Хариуцагч “Ц.З” ХХК нь “DW OiI Trading GmbH” ХХК-ийн өмнө хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй  байх тул шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч “С.Э.М.Г” ХХК нь хариуцагч “Ц.З” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.          

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “...анзын гэрээг бичгээр хийнэ..” гэж, 232.1 дэх хэсэгт “..хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ..” гэж, 232.6 дахь хэсэгт “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан,  “ DW OiI Trading GmbH” ХХК болон  “Ц.З” ХХК -ийн хооронд байгуулагдсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “худалдан авагч худалдан авсан барааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд үндсэн төлбөрөөс гадна барагдуулаагүй мөнгөн дүнгийн 0,2%-ийн хэмжээтэй алданги төлөх”-өөр талууд тохиролцсон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байх тул мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагч “Ц.З “ ХХК нь “DW OiI Trading GmbH” ХХК-аас 65.699,50 ам долларын үнэ бүхий замын битумыг хүлээн авч, үнийг төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “ ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй “ гэж заасан хуулийн шаардлагад нийцүүлэн алдангид 32.849,75 ам доллар буюу 93.597.479 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Түүнчилэн нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний төлбөр 65.699,50 ам доллар, алданги 32.849,75 ам доллар, нийт 98.549,25 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2.849,26 төгрөгөөр тооцож 280.792.436 төгрөг  гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай  нийцсэн байна.

Хариуцагч нь “худалдах, худалдан авах гэрээг нөхөж хийсэн, гаалийн татвар болон нийлүүлэгч компанийн худалдааны төлөөлөгчийн замын зардлыг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон гаалийн татвар,  худалдагч компанийн төлөөлөгчийн замын зардал зэргийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцуулна” гэж тайлбарлаж буй татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч тал давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нийлүүлэгч компанийн худалдааны зөвлөх Гансүхтэй фасевоок чатаар харилцсан талаархи баримтыг шүүхэд гаргаж өгсөн атал шүүх үнэлээгүйд гомдолтой байна” гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт Baljinnyam Gansykh гэх facebook хаягнаас бичсэн бичвэр бүхий хуулбар баримт авагдсан, уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827.515 /найман зуун хорин долоон мянга таван зуун арван тав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Ц.З” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц.З” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827.515 /найман зуун хорин долоон мянга таван зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                             Л.АЛТАН

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ