Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01353

 

С.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар шийдвэр,        

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Буджавт холбогдох,

Хууль бус эзэмшлээс сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн С.Ганболдоос 18 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.Гантулга Улаанбаатараас хүмүүс ирж үйлдвэр дээр ажиллах учраас олон хүн зочид буудалд байх хэцүү байна, чи байраа хэрэглэхгүй байгаа юм чинь байрныхаа түлхүүрээ өгч байгаач, найз нь тэр хүмүүсээ суулгаж байгаад түлхүүрийг чинь буцааж өгье гэж анх миний байрны түлхүүрийг надаас авсан. Үйлдвэрийн маань байршил өөрчлөгдөөд явахдаа дүүгийнхээ амьдарч байсан байрыг зарчихаад энэ байраа дүүдээ өгнө гээд хэлчихсэн байсан. Тухайн үед би энэ байрыг хэрэглэж байгаагүй дүү маань Дархан руу шилжээд явчихсан байсан би өөрөө хотод байсан. Үйлдвэр маань Дарханд ажиллаж байсан учраас энэ байр тухайн үед ажиллагаагүй сул байсан учраас би Гантулгад зөвшөөрч түлхүүрээ өгсөн. Сүүлд Гантулгын дүү Говь-Алтай аймгаас шилжиж ирээд миний байранд амьдарч байгаа сонсогдсон, дүү нь амьдарч байсан учраас би байр гэж нээх юм яриагүй. Дараа нь Д.Бат-Орхон гуай энд би байрлаж байгаа, чи тэрийгээ зарчихаач Ч.Гантулга бид хоёр наймаа хийх гэсэн юм гээд ярьсан. Би тухайн үед тийм юм байхгүй тэр чинь манай дүүгийн байр би дүүдээ өгнө гээд хэлчихсэн байгаа манай дүү хөдөөнөөс ороод ирчихсэн байгаа гэж хэлсэн. Байрныхаа ордерыг өгчих би Ч.Гантулгатай наймаа хийх гэсэн юм гэхээр нь би юу яриад байгаа юм бэ?, Ч.Гантулга яагаад миний байрыг зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Үнэхээр тийм зарах шаардлагатай юм бол наадмын дараа уулзаж байгаад зөв зүйтэй шийдэж болно гэсэн. ...Тухайн үед зарна гэж байна гэхэд нь итгээгүй яагаад гэхээр Ч.Гантулга, Д.Бат-Орхон гуай хоёр ах дүү шиг хүмүүс тэгээд би энэ хүмүүсийн хооронд ах дүү садан төрлийн холбоо байдаг гэж өөрийн зүгээс мэднэ. Тэрний дараахан бие жаахан тааруухан болоод хөдөө гараад Сэлэнгэ аймгийн Орхон суманд ирсэн. Тэгээд энэ Буджав гэж хүнийг амьдарч байгаа гэж мэдээд Буджавыг байрыг маань суллаж өгөөч гэж хэлсэн. Ямар ч худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, би энэ хүмүүсээс ямар ч мөнгө төгрөг аваагүй.

Би энэ байрыг 2001 онд авч байсан. Түүнээс хойш би энэ байрыг хэнд ч худалдаагүй, хэнд ч зараагүй. Тийм учраас энэ байрыг минь надад хүлээлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Орхон суманд хөдөө амьдардаг. 2006 онд манай охин сургуульд ороод тэгээд Д.Бат-Орхон ах энэ байрыг 2006 оны 08-р сард авч өгсөн юм. Тэгээд байрны бичиг баримтыг нэхэх үед Ч.Гантулга гэж хүн өөр хүний нэр дээр байгаа би намрын ажил дуусгаад зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Ганболд гуай Д.Бат-Орхон ахынд адуу хайж очоод Д.Бат-Орхон ах С.Ганболд гуайгаас өөрөөс нь дуулсан байдаг. Та энэ байрыг Ч.Гантулгатай наймаа хийж авсан юм уу? гэсэн чинь Д.Бат-Орхон ах тийм гэсэн, танд би бичиг баримтыг нь янзалж өгнө над дээр байдаг юм гэж хэлсэн байдаг. Хавар нь энэ 3 ярилцаад өгнө гэж хэлээд салсан байсан. 2008 онд С.Ганболд гуайг Орхон сумын Элчин гэдэг газар айлын гадаа морь уяж байхад нь би өөрөө эхнэр, хүүхэдтэйгээ очиж асууж байсан. Энэ байрыг Д.Бат-Орхон ах надад авч өгсөн юм аа, таны нэр дээр гэрчилгээ нь байдаг гэж байна гэхэд дүүгийн нэр дээр байж байгаад, дүү авгайгаасаа салахдаа шатаачихаад явсан, гэхдээ ах нь янзалж өгнө гэж надад өөрөө хэлж байсан....Энэ байранд би 2006 оноос 2016 он хүртэл амьдарч байгаа. Одоо манай охин 11-р ангид сурч байгаа би Хөтөлийг арай гайгүй юм болов уу гэж охиноо Хөтөлд ирж сургуульд оруулсан. 10 жил энэ байрыг өөрийнхөө нэр дээр бүх юмыг нь төлж байсан. Манай хөрш болох Эрдэнэчимэг гэдэг айл хүртэл намайг 10 жил амьдарч байгаа гэдгийг маань шүүхэд бичгээр мэдүүлсэн байгаа. Бусад зүйлийг Д.Бат-Орхон гэж хүнээс тодруулж болно. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн байрны бичиг баримтыг 10 жил амьдарсан миний нэр дээр болгож өгөөч ээ гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.Буджав нь 2006 оны 07-р сарын сүүлээр өөрийн одоо амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг ах Д.Бат-Орхоноор зуучлуулан иргэн Ч.Гантулгаас 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин Ч.Гантулга нь энэ орон сууцыг өөрийн найз С.Ганболдоос худалдаж авсан гэж сонсож байсан. Тэгээд байрны ордер буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар шаардлага тавихад Ч.Гантулга, С.Ганболдоос шилжүүлж өгнө гэж ярьдаг байсан.Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд С.Ганболд надад холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэ маргаантай асуудлаар Ч.Гантулга нь С.Ганболдыг шүүхэд хандан бусдад худалдсан хөрөнгөө худалдаагүй мэтээр улаан цайм гүжирдэн гөрдөж буцаан нэхэмжилж өргөдөл гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан гэж үзэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдаагийн тасагт хандаж гомдол гаргасан байдаг. Цагдаагийн тасаг асуудлыг шалгаад Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 5/17 дугаартай тогтоол гаргасан байна. Энэхүү 5/17 дугаартай тогтоолыг талууд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан боловч хэн аль нь гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон байна. Уг тогтоолоор С.Ганболд нь орон сууцаа Ч.Гантулгад худалдсан нь, мөн Ч.Гантулга нь уг орон сууцыг надад худалдсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байгаа юм байна. Иймд нэгэнтээ С.Ганболд намайг тухайн үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь нэр дээр байгаа гэдэг шалтгаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байрны 10 тоотоос нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол миний бие С.Ганболдоос өөрт учирсан хохирол буюу уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 18 000 000 төгрөгийн гэм хорын хохирлыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 5/17 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдсон үйл явдал, үйл баримт болон бусад бичгийн болон, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Нэгэнт би Гантулгатай байраа худалдаагүй учраас юу гэж өөрийнхөө байрны гэрчилгээг хүнд сольж өгнө гэж хэлдэг юм. Гантулга надаас худалдаж авсан бол яагаад надаас өдөр болгон ирээд нэхээд байдаггүй юм. Энэ хүмүүс ах дүүсийн нутаг орноороо олуулаа үгсэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавд холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлд зааснаар нэхэмжилсэн хариуцагч Б.Буджавын нэхэмжлэлтэй, С.Ганболдод холбогдох 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус бүр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 950 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Буджавын хууль бус өмчлөлөөс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай 10 дугаар байрны 10 тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлөн нэхэмжлэгч С.Ганболдод олгож, Б.Буджавын нэхэмжлэгч С.Ганболдод холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганболдын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, Б.Буджавын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Б.Буджаваас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ганболдод олгосугай.” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр боллоо. Энэ маргааны нөхцөл байдал нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг Иргэний хуулийн үзэл баримтлал, зорилт, зарчимд нийцүүлж хэрэглэх, тайлбарлахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа юм. С.Ганболд нь маргаан бүхий байрыг худалдсан гэх гэрч Ч.Гантулга, Б.Буджав нарын мэдүүлгүүд болон Б.Буджавыг 2006 оноос хойш 10 жилийн турш маргаан бүхий байранд оршин сууж байх хугацаанд нэхэмжлэгч С.Ганболд нь байраа чөлөөлөх тухай шаардлага нэг ч удаа гаргаж байгаагүй зэргээс үзэхэд бодит байдал дээр маргаан бүхий байрыг С.Ганболд нь Ч.Гантулгад худалдсан байх бөгөөд гагцхүү тухайн үедээ “байрны гэрчилгээг шатаасан” гэх шалтаг заан орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, өмчлөх эрх шилжсэн тухай улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсний улмаас давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй. Нэхэмжлэгч С.Ганболд нь “Гантулгатай байр худалдах худалдан авахтай холбоотой юм яригдаагүй...” гэх тайлбар өгдөг боловч хууль сануулж гэрчээр асуугдсан Ч.Гантулга, Д.Бат-Орхон нарын гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгддэг ба ийнхүү худалд мэдүүлэг өгч байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал зөрчсөн нь нотлогдож байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэлгүйгээр зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчиж, иргэнийг хохироож байна. Иймд давж заалдах шатны шүүх нь шударга ёсны зарчмыг зөрчиж хууль тайлбарлаж, хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Ганболд нь Сэлэнгэ аймгийн сайхан сумын 1 дүгээр багийн 10 дугаар байрны 10 тоот 1 өрөө байрандаа 2007 онд Ч.Гантулгад эзэмшүүлсэн боловч Ч.Гантулга нь өөр хүнд худалдсан тул одоо уг байранд амьдарч байгаа Б.Буджавыг гэр бүлийн хамт нүүлгэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч Б.Буджав нь тухайн орон сууцыг хадам ах Бат-Орхон Ч.Гантулгаас 2006 онд 2.3 сая төгрөгөөр худалдан авсан ба С.Ганболд энэ талаар мэдсэн атлаа орон сууцны өмчлөх эрхийг удаа дараа шаардсаар байхад шилжүүлж өгөөгүй 10 жил болсон гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна өөрт учирсан хохиролд 18 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан зохицуулалтыг зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Хуулийн уг заалтыг зөв хэрэглэхийн тулд түүнд агуулагдаж буй эрх зүйн уг хэм хэмжээг бүрдүүлж буй нөхцлийг анхаарах нь чухал. Энэхүү шаардах эрхийг зөвхөн эд хөрөнгийн өмчлөгч эдлэхээс гадна уг шаардлагыг эд хөрөнгийн зөвхөн хууль бус эзэмшигчид холбогдуулан гаргах боломжтой байна. 

Нэхэмжлэгч С.Ганболд нь 2001 онд бэлэглэлийн гэрээгээр маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч болж, 2015 онд улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд энэ хугацаанд ямар нэг өөрчлөлт ороогүй боловч орон сууцыг хариуцагч Б.Буджав 2006 оны 08 дугаар сараас эхлэн тасралтгүй эзэмшиж ирсэн болох мөн баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог. Улмаар нэхэмжлэгч С.Ганболдыг маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч гэж үзэхээр байна.

Харин С.Ганболд нь орон сууцны эзэмшлийг Ч.Гантулгад хариу төлбөртэйгөөр шилжүүлсэн, Ч.Гантулга хариуцагч болон түүний хадам ахад орон сууцны эзэмшлийг мөн хариу төлбөртэй шилжүүлсэн, орон сууц эзэмших эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах талаар хариуцагч болон гэрчид мэдэгдэж байсан, орон сууцны гэрчилгээг 9 жилийн дараа шинэчлэн авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ тохиолдолд хариуцагч Б.Буджавын эзэмшлийг хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.Ганболдод хэвээр хадгалагдсан явдал нь тэрээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлээгүйг илэрхийлэх боловч ийнхүү шилжүүлээгүй нь хэлцлийн үндсэн дээр эд хөрөнгийг биет байдлаар шилжүүлж, харин эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс улбаатай, эсхүл нэхэмжлэгчид угаас өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүйтэй холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.  Маргааны гол үйл баримтын талаар талуудын гаргасан болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт хоорондоо зөрүүтэй, шүүх эдгээр нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, ямар баримт шийдвэрийн үндэслэл болсон, ямар нь болоогүйг тодорхой заагаагүй байна. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нотлох баримтыг голчилж, харин хариуцагчийн эзэмшлийн талаар хангалттай дүгнэлт хийгээгүй байна.

Хэрвээ шүүх С.Ганболдын Ч.Гантулгатай, Ч.Гантулгын Бат-Орхонтой хийсэн хэлцлийг өмчлөх эрхийн үр дагавар үүсгээгүй гэж үзсэн бол эдгээр хэлцлүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар, мөн үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийх байжээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг тасалж чадаагүйгээс гадна талуудын маргааны зүйлийн талаарх нотлогооны үүргийг буруу хуваарилсан байна. Тухайлбал, нэхэмжлэгч байрыг худалдаагүй болохоо нотлоогүй гэх дүгнэлт учир дутагдалтай болжээ. Түүнчлэн, тухайн хэрэгт хариуцагчаар оролцож байсан Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрчийн мэдүүлгийг “үнэлэх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүрэг биш гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой сөрөг шаардлагыг дан ганц Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-д заасан “биелүүлэх хугацаа нь болсон”, “хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлага” гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН