Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 40

 

С.Ганболдын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс: 150/2015/00272/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                С.Ганболд /цахимаар/

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Б.Эрдэнэбат /цахимаар/

                             Хариуцагч                                   Б.Буджав

                             Хариуцагчийн өмгөөлөгч        П.Батжаргал

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 52 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор С.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Буджавт холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй, Б.Буджавын “Нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ганболд анхан шатны шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: С.Ганболд миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 10-10 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2007 онд би өөрийн найз Ч.Гантулгыг Сайхан сумын үр тарианы фондын газрын даргаар хотоос томилогдоод ирэхэд нь байр сул байсан тул түлхүүрээ өгсөн юм. Гэтэл Ч.Гантулга 2 жил уг байранд амьдарч байгаад миний байрыг Орхон гэдэг хүнд худалдчихсан гэсэн яриа гардаг. Ч.Гантулга миний байрыг зараагүй байж болно. тийм бол одоо миний байранд амьдруулаад байгаа хүмүүсээ гаргах, байрыг чөлөөлүүлэх шаардлага тавьж байна. Одоо миний байранд хариуцагч Б.Буджав гэр бүлийн хамт амьдарч байгаа болно. Тиймд нэхэмжлэгч би бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх, тэнд амьдарч байгаа хүнийг албадан нүүлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Буджав анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: 2006 онд манай охин сургуульд орсон. Би тэр үед энэ орон сууцыг  манай эхнэрийн ах Бат-Орхон гэдэг хүнээр зуучлуулж Гантулга гэдэг хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үеийн байрны ханш 2.500.000 төгрөг байсан. ...2008 оны 06 дугаар сард Ганболд гэдэг хүн Орхон сумын Илчин гэдэг газар айлын гадаа морь уяж байсан. Манай аавынх тэр газарт байдаг. Би ирсэн гэж дуулаад Ганболдтой очиж уулзсан. Ганболдтой уулзахдаа би тэр байрыг Бат-Орхон ахаар дамжуулж худалдаж авсан гэж хэлсэн. Манай эхнэр, хүүхэд надтай хамт явж байсан. Тухайн үед Ганболд ногоон өнгийн УБД гэсэн дугаартай машинтай  явж байсан. Машины ноймрыг нь сайн санахгүй байна. Ганболд өөрөө надад энэ  байрны гэрчилгээ асуудалтай байгаа. Манай дүү эхнэрээсээ салсан. Эхнэр нь уурандаа хорлоод хамаг бичиг баримтыг нь  шатаагаад явчихсан гэсэн. Энэ талаар Ганболдын дүү Ганхуяг гэдэг хүн өмнөх шүүх хуралдаанд гэрчээр орж мэдүүлсэн байгаа. Дараа нь 2013 онд би Бат-Орхон ахтай хөдөө гэрийнхээ ард байдаг төмөр замын гарам дээр явж байтал Ганболд, Ганхуяг хоёртой таарсан. ...Гантулга Ганболдыг чи яагаад бичиг баримтыг нь шийдэж өгөхгүй байгаа юм бэ? Бат-Орхон та  хоёрыг би олон удаа уулзуулж байна гэхэд Ганболд одоо морь уяж байгаа. Энэ  үед хэрүүл маргаан хийгээд яахав. Наадам өнгөрөөгөөд албан ёсоор бичиг баримтыг шийдэж өгнө гэж хэлээд салсан. Намайг 2006-2018 оныг хүртэл энэ 10-р байрны 10 тоот орон сууцанд оршин сууж байсан гэдгийг байрны оршин суугчид нотолж мэдүүлэг өгсөн байгаа. 2006-2018 оны хооронд байрны ашиглалтын зардлыг бүгдийг би төлсөн байгаа. Ганболд, Гантулга хоёр багын найзууд гэдгийг би мэднэ. Би орон сууцны бичиг баримтыг Гантулгаас шаардахаар Ганболд мэдэж байгаа. Иймд 12 /арван хоёр/ жил амьдарсан миний байрыг өөрийн нэр дээр болгож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. С.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  байна гэжээ.

 

Б.Буджав анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага урьд нь мөнгө гаргуулах тухай байсан.  Сүүлд 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал Б.Буджавыг өмчлөгчөөр тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 10-р байрны 10 тоот 1 /нэг/ өрөө байрыг С.Ганболдоос Б.Буджавд шилжүүлэх. бүртгэл хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага гаргасан байгаа гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч С.Ганболд анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед би орон сууцаа зарсан бол гурилын үйлдвэрийн бичиг баримттай хамт байрны ордерыг өгөх байсан. Байрны ордер надад бэлэн байсан. Би Гантулгад байрыг өгөөгүй. Байрыг худалдах  худалдан авах яриа огт гараагүй. Надаас байрны түлхүүрийг Гантулга гуйж  авсан. Энэ маргааны гол эзэн бол Гантулга юм зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Гантулга нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байсан. Ирэхдээ Цог, Оюунцэцэг гэдэг хүмүүстэй хамтраад гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэг өрөө байрыг худалдаж авсан байдаг. Гантулга, Ганболд хоёр багын найзууд. 2002 онд нэг өрөө байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн байдаг. Байрны гэрчилгээ шатсан. Дараа байрны гэрчилгээний нэрийг солиулж өгнө гэж тохирсон. Байрны үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр шилжүүлж худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гантулга нь “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байгаад буцах болсон. Байрыг Бат-Орхон гэдэг хүнд авч өгөх саналыг тавьж байсан. Бат-Орхоноос 2.500.000 төгрөгийг авсан. Байрны түлхүүрийг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчээс байрны ордерыг шилжүүлж өгөхийг байнга шаардаж ирсэн. 2007 онд Гантулгын ажлын өрөөнд уулзаж байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардаж байсан. Нэхэмжлэгч Ганболд шилжүүлж өгнө гэж байсан. Гэтэл одоог хүртэл орон сууцыг шилжүүлж өгөөгүй. Тухайн үед энэ байрыг 1.000.000 /нэг/ сая төгрөгөөр авсан гэдгийг гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч энэ байрны хууль ёсны өмчлөгч нь мөн учир албадан гаргах боломжгүй. Байрнаас албадан гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2002 онд байрны түлхүүрийг шилжүүлсэн. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10-н /арван/ жил, үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 6-н /зургаан/ жил байдаг. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр  хянан хэлэлцээд 52 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Ганболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Буджавд холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан үндэслэлгүй тул Б.Буджавын нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрийн “С.Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. ...С.Ганболдын хувьд бичиг баримтыг шилжүүлж өгнө гэж Д.Бат-Орхон, Ч.Гантулга, Б.Буджав нарт удаа дараа амлаж байсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн” бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иймд С.Ганболд нь Ч.Гантулгаас орон сууцны үнийг хүлээн авч, орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн даруйдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгч, гэрээ хэлцлийг хуульд заасан журмаар хийх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас энэ байрын өмчлөх эрхийг олж авсан Б.Буджав өмчлөх эрхээ баталгаажуулж, улсын бүртгэл хийлгэж чадахгүй, өнөөдрийг хүрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн маргааны үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Ганболд нь Б.Буджавын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Буджав нь маргаан бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг С.Ганболдын өмчлөлөөс Б.Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчидын хэн аль үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийг судлан үзвэл:   Маргаан бүхий нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Ганболд нь 2001 оны 02-р сарын 20-ны өдөр  иргэн Б.Ууганбаяраас  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч тухайн байрны өмчлөгч болж, орон сууцны 0003778 дугаартай бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн шалтгаанаар  2015 оны 10-р сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авчээ.

Зохигчид нь дээрх орон сууцны өмчлөлийн талаар маргасан байна. Маргаан бүхий нэг өрөө орон сууц нь нэхэмжлэгч С.Ганболдын өмчлөлд байгаа  боловч 2006  оноос хойш өнөөдрийн хүртэл  хариуцагч Б.Буджавын  эзэмшилд байгаа бөгөөд тухайн орон сууцыг худалдсан эсэх талаар маргасан байна.  

 Хэргийн үйл баримтын талаар:  2001 онд нэхэмжлэгч С.Ганболд нь хэлцлийн дагуу маргаан бүхий нэг өрөө орон сууцыг  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.Гантулгын эзэмшилд шилжүүлсэн, Ч.Гантулга нь  тухайн орон сууцыг иргэн Бат-Орхонд  худалдаж, Бат-Орхон нь  өнөөдрийн эзэмшигч болох Б.Буджавд  тус тус  шилжүүлжээ.

Нэхэмжлэгч С.Ганболд нь гуравдагч этгээд Ч.Гантулгын эзэмшилд орон сууцыг үнэ төлбөргүй  түр ашиглуулахаар  шилжүүлсэн гэдэг боловч гуравдагч этгээд Ч.Гантулга нь орон сууцыг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17.000.000 төгрөгөөр худалдан авч эзэмшлийг шилжүүлэн авч эрхийн гэрчилгээг  шатсан тул дараа  шилжүүлэхээр тохиролцсон талаар марган тухайн үйл явдал болсон эсэх талаар зохигчдын хүсэлтээр холбогдох иргэдийг  гэрчээр асуулгасан  байна.

 

Дээрх үйл  баримтыг  дүгнэхэд маргаан бүхий нэг өрөө байрыг худалдах худалдан авахаар С.Ганболд Ч.Гантулга нар нь  амаар хэлцэл хийгдсний  үр дүнд нь орон сууцны эзэмшил Ч.Гантулгад шилжсэн,  тухайн байрны гэрчилгээ шатсан байсан учраас өмчлөх эрх нь  С.Ганболдод хадгалагдсан байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д  Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад  баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж заасны дагуу  С.Ганболд Ч.Гантулга нар нь хэлцлийг бичгээр байгуулан нотариатаар батлуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг  зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж  үзнэ.

Нэгэнт С.Ганболд Ч.Гантулга нарын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр  хийгдсэн Ч.Гантулга Бат-Орхон нарын хооронд хийсэн, Бат-Орхон Б.Буджав нарын хооронд хийсэн орон сууц худалдах худалдан авах хэлцэлүүд нь мөн  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д  зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч С.Ганболд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.Гантулга нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр  бус хэлцэл тул  хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1–д зааснаар  хариуцагч  Б.Буджавын эзэмшилээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Б.Буджав нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож С.Ганболдын өмчлөлөөс Б.Буджавын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч  Б.Буджав нь орон сууцыг нэхэмжлэгч С.Ганболд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.Гантулга нарын хооронд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжсэн эсэх талаар мэдээгүй,  маргаан бүхий орон  сууцыг 2006 онд Бат-Орхоноос хэлцлийн дагуу шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар түүнийг орон  сууцны шударга эзэмшигч гэж үзнэ.

Хэдийгээр Б.Буджав нь уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа боловч орон сууц нь хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд шилжээгүй тул түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд түүний С.Ганболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин хариуцагч Б.Буджав нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн  буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б.Буджавын давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2018 оны  04 сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дүгээр заалтыг:  

“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Буджавын хууль бус эзэмшилээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг  чөлөөлж нэхэмжлэгч С.Ганболдод олгож, хариуцагч Б.Буджавын С.Ганболдод холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дугаар заалтыг: 

“Хариуцагч Б.Буджав нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн  буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нөхөн гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурьдсугай.” гэж,

3 дугаар заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Буджавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ганболдод олгосугай.” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Ганболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож,  хариуцагч Б.Буджаваас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                       Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН