Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 224/МА2021/00016

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банк ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаар шийдвэртэй,

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-тхолбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минсэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Г анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :  “ Зээлдэгч Г.Г нь Капитал банктай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №639 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 3.000.000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээл авсан. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны №639 дугаар гэрээгээр Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, арал №HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр тус тус барьцаалуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 55,04 төгрөг, үндсэн зээлийн хүүд 521,679.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 276,231.28 төгрөг, бүгд 797.966,00 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч нь тус банктай байгуулсан №639 дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд заасны дагуу  дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлийн №639 дугаар гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөгийг хариуцагч Г.Гээс гаргуулж, барьцааны №639 дугаартай гэрээг үндэслэн барьцааны хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, арал №HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Н, Л.С нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Хариуцагч Г.Г нь Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул  2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 639 дугаар зээлийн гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөгийг хариуцагч Г.Г-ээс гаргуулж, барьцааны №639 дугаартай гэрээг үндэслэн барьцааны хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байрлалтай 54-59 УВХ улсын дугаартай, арал №HU14026986 дугаартай, Nissan bluebird маркийн автомашин, Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 13-25 тоот хаягт байршилтай найман ханатай гэр зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Г.Г миний биед холбогдуулан зээлийн төлбөрт 9.575.115,24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ төлбөр болох 9.575.115,24 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд биеийн байдал болон хувийн асуудлаас шалтгаалан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Миний салсан нөхөр тэр мөнгийг аваад алга болсон. Тухайн үед энэ тухайгаа Капитал банкинд тайлбарлаж, шүүхэд хандаад хүүг нь зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг олон удаа тавьсан боловч шийдвэрлэж өгөхгүй байсаар зээлийн хүүг маш их болгосон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-тхолбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаар шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

1.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Капитал банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжиж, банкны өр төлбөрийг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлж хадгаламж эзэмшигч иргэд, хуулийн этгээд болон төрд учирсан хохирлыг түргэн хугацаанд барагдуулахаар ажиллаж байна.

“Капитал банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж өөрийн байр 43 тоотод үйл ажиллагаа явуулдаг.  Коронавируст халдварын цар тахлын үед хөдөө орон нутгаар ажиллах боломжгүй болж цахим хэлбэрээр төлбөр барагдуулах үйл ажиллагаа явуулж ирсэн.

Зээлдэгч Г.Г нь Капитал банкнаас 3.000.000,00 төгрөгийн зээлийг сарын 30 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан авсан.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Фермерүүдийн 101 дүгээр байрны 77 тоотод түр оршин суудаг нь нотлогдсон учраас нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хэргийг хариуцагчийн оршин суугаа хаягийн харъяаллын шүүхэд шилжүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хурлын явцад хариуцагчийн хаяг хэлэх үед дагуулж асуун оршин суугаа хаяг чинь Увс аймаг Улаангом сум биз дээ” гээд шахсан байдлаар тодруулан асуусан нь нэхэмжлэгч талд их эргэлзээ төрүүлсэн бөгөөд хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, заалт, мөн 20 дугаар зүйл заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Оршин сууж буй гэдэг ойлголтод тухайн этгээдийн байнга оршин суудаг, засаг захиргааны бүртгэлтэй байхыг ойлгохоос гадна бүртгэлгүй боловч уг орон нутагт тодорхой хаягаар амьдарч байгаа тохиолдолд ч мөн хамаарна.   Шүүх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэх, захирамж гарах эрхтэй гэж үзэж байгаа. 2017 оны хамгийн сүүлийн гүйлгээ хийгдсэн боловч хариуцагч Г.Г нь  2019 оноос хойш банктай холбоотой байсан.

Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч нар зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдож, зээл төлөхийг шаардаж байсан ба хариуцагч одоогоор төлбөрийн боломжгүй, хүү зогсоож өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан талаар хариуцагч нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хариу тайлбар дээр тодорхой бичиж тайлбарласан байхад хамгийн сүүлд гүйлгээ хийсэн 2017-02-09-ний өдрөөс хойш гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тоолсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нотлох баримтыг эргэлзээгүй талаас үнэлэн хэргийг үнэн зөв дүгнэхэд эргэлзээтэй нотлох баримтыг шүүгч асуун тодруулах, мөн шаардлагатай тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримтыг шинээр гаргах шаардлагатай бол хурлыг нэг удаа хойшлуулах хууль зүйн үндэслэл байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Иргэний хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 937 дугаартай шүүгчийн захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Шүүх татгалзаж шийдвэрлэсний дараагаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан болсон. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн материалтай танилцсан байдаг. Захирамж гарсан эсэхийг мэдэхгүй байна гэдэг тайлбар нь  үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдсан гомдол дээр бичсэнээс үзэхэд нэхэмжлэгч талын хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдэж байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хариуцагчийн оршин суух газрын буюу Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Хариуцагчийг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт тогтвортойгоор оршин сууж байгаа гэж үзэх үндэслэлгүй.  Хариуцагч нь барилгын ажил хийдэг, барилгын ажил хаана байна, тэр газраа ажиллаад оршин суугаад явдаг байгаа. Үндсэн хаяг нь Увс аймаг Улаангом суманд бүртгэлтэй, хаягаасаа шилжүүлгээ хийлгээгүй, энэ хаяг дээрээ оршин сууж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т хэсэгт заасны дагуу хариуцагчийн оршин байгаа газар тодорхой бус байгаа тохиолдолд түүний эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заасан ба энэ харьяаллаар шийдвэрлэхээр хуульчлагдсан. Нэхэмжлэгч бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдэлсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан харьяаллын дагуу нэхэмжлэлийнхээ хувийг гардаж аваад, хариу тайлбараа гаргасан байгаа. Хэрэг шилжүүлэх хүсэлтдээ ямар үндэслэлээр хэргийг шилжүүлэх хүсэлттэй байгаа нь тодорхой бус байсан. Хариуцагчийн зүгээс шаардлагатай бүх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хариуцагч  хамгийн сүүлд гүйлгээ хийсэн өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан гэсэн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна. Гэрээнд зааснаар хариуцагч нь тухайн зээлийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн. 2013 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сарын 20 хүртэл 2 жилийн хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахаар, зээлийн гэрээний хугацаа сунгасан байгаа, харин төлбөрийн нөхцөл өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэнээр бий болно гээд хуульд заасан байдаг. Капитал банкны шаардах эрх хэзээ үүссэнийг харахад, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг зөрчигдсөн үеэс эхэлж шаардах эрх үүснэ. Үндсэн зээлээс 54,00 төгрөг төлөгдсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78, 79 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар шүүхээр шийдвэрлүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр ямар үр дагавар үүсдэг вэ? гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч татгалзах эрхтэй гэсэн үр дагавар үүсдэг. Иймд Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Г.Г-тхолбогдох, банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2.999.944,96 төгрөг, зээлийн хүү 5.615.471,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 951.198,93 төгрөг, нотариатын хөлс 8.500 төгрөг, нийт 9.575.115,24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж дүгнэв.

Хариуцагч Г.Г нь Капитал банк ХХК-аас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 639 дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу  3.000.000 төгрөгийг сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлээр авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлдэгч Г.Г гэрээнд заасан хуваарийн  дагуу үндсэн зээл, зээлийн хүү төлөх, мөн хэтрүүлсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх үүргээ тус  тус биелүүлээгүйгээс зээлдүүлэгч тал зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 тушаалаар  банкны эрх хүлээн авагчийг томилсны дагуу Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь  Капитал банк ХХК, Г.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 639 дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу  зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж, шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.  

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 Капитал банк ХХК болон Г.Г нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 639 дугаар зээлийн гэрээний 3.4-т зааснаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар, мөн зээлийн эргэн төлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр тус тус тохиролцсон байх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 20-ны эргэн төлөлт хийх өдрөөс хойш нийтдээ 3 удаа буюу 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 198,222.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,777.04 төгрөг,

2016 оны 9 сарын 13-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 30,821.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 269,554.24 төгрөг,

2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,900.00 төгрөг тус тус төлөгдсөн нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол баримтаар,

  2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөгдсөнөөс хойш 2016 оны 9 сарын 12-ны өдөр хүртэл 2 жил 2 сар гаруй хугацаанд төлбөр огт төлөгдөөгүй, харин 2016 оны 9 сарын 13-ны өдөр төлөгдсөн  үндсэн хүүгийн төлбөр 30,821.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 269,554.24 төгрөгийг зээлдүүлэгч гэрээний 5.1.2-т заасны дагуу үл маргах журмаар зээлдэгчийн банк дахь данснаас суутган авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н болон хариуцагч Г.Г нарын анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тус тус нотлогдсон байна.

Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн энэ үеэс эхлэн зээлдүүлэгчийн эрх зөрчигдсөн ба зээлийн гэрээний 5 дугаар зүйл,  8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10-т заасны дагуу зээлдүүлэгч зээлдэгчээс зээлийн төлбөрөө төлөхийг шаардах, гэрээнээс татгалзах, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрх тус тус үүссэн байхад банк энэ эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардаж 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх зээлдэгчийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,900.00 төгрөг төлснөөс хойш төлбөр төлөөгүй тул шаардах эрх энэ үеэс буюу 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариа зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь зээлдүүлэгчийн санаачлагаар гэрээг цуцлах /гэрээнд зээл, хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй, энэ нь 60 хоног үргэлжилсэн бол, мөн зээлийн гэрээний заалтыг удаа дараа буюу 2 ба түүнээс удаа  зөрчсөн нь гэрээг дуусгавар болгох үндэслэл гэж заасан/ хууль болон гэрээнд заасан нөхцөл хангагдсан байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн талаар анхан шатны шүүх  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нэхэмжлэх эрхээ алдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-т заасантай тус тус нийцсэн байна.  

           Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс эрх нь зөрчигдсөн, шаардах эрх үүссэнийг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал мэдэж байсан атлаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэх, мөн  хүндэтгэн үзэх шалтгааны  улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэх баримт, нотолгоо хэрэгт авагдаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал шүүхэд нотлоогүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд тус тус заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн “ нэхэмжлэгч талаас хариуцагчийн оршин суугаа хаягийн дагуу харъяаллын шүүхэд нь хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13, 14 , 20 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа. Шүүх хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэх, зохигчид захирамжид гомдол гаргах эрхтэй гэж үзэж байгаа.  Мөн  2017 оны 2 сарын 8-нд хамгийн сүүлийн гүйлгээ хийгдсэн боловч хариуцагч Г.Г нь 2019 оноос хойш банктай холбоотой байсан, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “хариуцагч Г.Г нь УБ хот Хан-уул дүүргийн 4-р хороо фермерүүд 101 тоот байрны 77 тоотод оршин сууж байгаа нь нэхэмжлэл гардуулсан баримтаар нотлогдож байгаа тул хэргийг харьяаллын дагуу Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэх  хүсэлт гаргасныг Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 937дугаар шүүгчийн захирамжаар “ хэргийг шилжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй “ гэх үндэслэл зааж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжийг нэхэмжлэгч талд [email protected] гэсэн хаягаар танилцуулсан тухай баримт / хх-ийн 79-81-р тал/ -ууд хэрэгт авагдсан байх тул хэрэг шилжүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.  

          Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.Гийн оршин суух хаягийг Увс аймаг Улаангом сум 6-р баг 13-р гудамж 26 тоот гэж заасан, мөн нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбарт тусгагдсан уг хаягийн дагуу шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн утасны дугаараар холбогдоход  тэрээр “ би УБ хотод ажил хийдэг, энд түр хугацаагаар оршин сууж байгаа, яг одоо хөдөө ажиллаж байгаа бөгөөд ирэх 7 долоо хоногоос УБ хот уруу ороод өөрийн түр оршин сууж байгаа газрын хаягаа тодорхой явуулъя, би өөрийн түр оршин сууж буй газрын шүүхээр дамжуулан нэхэмжлэлтэй танилцана” гэх хариу өгсөн талаархи баримт хэргийн 22, 23-р талд авагдсан байна.

          Шүүх хариуцагчийн зөвшөөрснөөр түүний түр оршин сууж буй газрын хаягийн харьяалах шүүхээр дамжуулан түүнд нэхэмжлэлийн хувь гардуулах болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх  хуралдаанаас дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                    ШҮҮГЧИД                                                         Н.МӨНХЖАРГАЛ  

 

                                                                                              Л.АЛТАН