Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 202/МА2021/00024

 

 

 

 

 

 

Р-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2021/00208 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Р-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү овогт Ч-ийн Г-д холбогдох,

 

225,248,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 159,478,068 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Ч.Г нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М цахимаар, хариуцагч Ч.Г цахимаар, түүний өмгөөлөгч Ц.Ж цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2014 онд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаан гэх газарт Ж.Р-ийн эзэмшлийн жоншны бичил уурхайд Ч.Г-тай хамтран 50, 50 хувийн хөрөнгө оруулалт хийж 1 тн жоншийг 70,000 төгрөгөөр Ж.Р-т олборлож өгөхөөр тохиролцож тэр газар жоншны олборлолт хийж ажилласан юм. Ч.Г тус бичил уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилласан. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд миний зүгээс 2014 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаа Хаан банкин дахь өөрийн дугаар бүхий данснуудаас Ч.Г-ын Хаан банкны данс руу нийт 19 удаагийн шилжүүлгээр 219,128,000 төгрөг, 2015 онд 27 удаагийн шилжүүлгээр 342,000,000 төгрөг, мөн экскаватор худалдан авахад зориулж 26,000,000 төгрөг, нийт 587,128,000 төгрөг шилжүүлсэн юм.

 Ийнхүү удаа дараагийн хөрөнгө оруулалт хийсний дараа уурхайн үйл ажиллагааны зардлын тооцоог нийлэх, үйл ажиллагаанаас гарсан ашгийг хуваарилах талаар Ч.Г-аас шаардахад Ч.Г тэр зарцуулалтын тайлан дээрх зарлагыг зориудаар өсгөөд өөрийнхөө орлого болгон ашиглаж, намайг хуурч мэхлэн миний хөрөнгийг хувьдаа завшсан байсан.

Ийнхүү Ч.Г-ын үйлдлийг 2016 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад Дундговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Дундговь аймгийн Цагдаагийн газраас БНХАУ-ын иргэн Р-ий өргөдлийг шалгаж байх явцад тус цагдаагийн газраас томилогдсон нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар дүгнэлтэд Ч.Г-ыг 247,135,423 төгрөгийг огт анхан шатны баримтгүй зардал гаргасан мөн 61,802,699 төгрөгийг хаашаа орсон нь тодорхой бус байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ч.Г-ын дээрх үйлдлээс болж миний бие эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд Ч.Г-аас 587,128,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, БНХАУ-ын тайлан дээр зарлагыг зориудаар өсгөөд өөрийнхөө орлого болгон ашиглаж намайг хуурч мэхлэн миний хөрөнгийг хувьдаа завшсан гэж байсан гэжээ. Энэ нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн шинжтэй. Яг энэ асуудлаар намайг өөрийг нь залилсан, мэхэлсэн, итгэл эвдсэн, баримтаа хуурамчаар өсгөж үйлдсэн, гэмт хэрэг хийсэн гэж үзэж Дундговь аймгийн цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тэндээс шалгаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаар байтал шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Энэ бол 1 жил 1 сарын хугацааны хөрөнгө оруулалтын зарцуулалтын асуудал юм. Үүнтэй холбогдуулан тухай бүр Wechat буюу интернэт сүлжээгээр гарч байгаа зардал, ажлын нөхцөл байдал, эвдрэл гэмтэл зэрэг бүхий л асуудлыг Р-ий өөрийнх нь хэлсэнээр “хямартал” мэдээлж, өгч ирсэн. Тэр үед энэ асуудлаа яриагүй байж, сүүлд нь ийм асуудал гаргаж байгааг би зөвшөөрөхгүй байна.

Хоёрдугаарт, ашгийн хувьд: Ажиллах нийт хугацаанд 2,258 тн жонш олборлосныг бүхэлд нь Р Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь өөрийн “Ричнай” ХХК-ийн хашаанд буулгаж, борлуулалт хийсэн. Энэ бол хайлуур жоншны хувьд их тоо. 37 вагон 90 хувиас дээш Кальци Фторын агууламжтай жоншийг тухайн үед экспортод гаргахад DAP-Эрээн нөхцөлөөр багадаа 900,000,000 төгрөгийн ханштай. Р-д ашигтай байсан.

Гуравдугаарт, Р-ий нэхэмжилж байгаа мөнгөний хувьд: Би Р-тэй 2011 онд танилцсан. Р худалдаж авсан жоншоо экспортод гаргахын тулд Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шаардлагатай байсан. 2011-2016 оны хооронд жоншоо “Дэрбума” компанийн нэр дээр тонн тутамд 31 ам.доллар төлж экспортолдог байсан. Мөнгөө миний данс руу хийдэг байсан.

Дөрөвдүгээрт, Аудитын дүгнэлтийн хувьд: энэ дүгнэлт бол зөвхөн шинжээчийн дүгнэлт биш. Р хөлсийг нь төлж гаргасан дүгнэлт. Шинжээчийн дүгнэлт нь хоёр талын хоёулангийнх нь гаргаж өгсөн баримтыг нэгдсэн байдлаар шалгасан, хоёр талд танилцуулсан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх шаардлага тавигддаг байх. Гэтэл хаанахын хэн нь мэдэгдэхгүй, зөвхөн нэг талыг барьсан, ашиг сонирхол орсон, нэг дүгнэлтийг Ч.Г миний бие огт хүлээн зөвшөөрдөггүй. Аудитын энэ дүгнэлт нь прокурорын тогтоолд байгаа үнийн дүнгээс эрс зөрүүтэй, мэргэжлийн түвшин хангаагүй дүгнэлт юм.

Тавдугаарт, Ашиг алдагдал, тооцооны хувьд: Хулдын уурхай ажиллах явцад миний эзэмшлийн 2 экскаватор, 1 ачигч, 1 ланд круйзер, 1 түлшний бонго машин, 1 мотоцикл, уурхай кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг дунд гарын “трибүт” жийп, нийт 7 техник ажиладаг байсан, мөн хөлсний 2-3 ачааны машин, байнгын 7-12 ажиллагсад, жонш ялгалтын 20 гаруй хүн, засвар үйлчилгээнийхэн зэрэг хүмүүс 24 цагаар ажилладаг байсан. Миний техникүүдийн түрээсийн төлбөрт сард 25,000,000 төгрөг цэвэр өгнө гэж Р бид хоёр тохиролцож байсан. Мөн намайг “Алтай” хотхонд 4 өрөө байраа /2 зогсоолтой/ зарах сургаар, Р: Би барилга руу удахгүй орох гэж байгаа. Чамд нэг байр өгчихье гэж ятган экскаватор авхуулж байсан. Мөн “Мандах говь” ХХК-ын ШТС-аас өөрөө тохиролцож, зээлээр түлш авсныгаа удаахгүй өгнө, хүүтэй нь өгнө гэж амлаж байсныгаа надад өгсөн мэтээр гуйвуулж, хүмүүсийг хохироосоор байгаа. Иргэн Ч.Г би БНХАУ-ын иргэн Р-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч Ч.Г анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний бие Ч.Г нь Р-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу дээрх хугацаанд тус уурхайд ажиллах хүн хүчийг удирдаж ажиллуулах, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах, өөрийн өмчлөлийн долоон төрлийн техник, машин тоног төхөөрөмжийг уурхайн үйл ажиллагаанд ашиглуулах зэрэг үүрэг хүлээн, Р нь сар бүр 25,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцон ажилласан. Ажил гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр үлдэгдэл төлбөр 71,366,000 төгрөг гаргуулах тухайд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу Р нь тус уурхайн үйл ажиллагаатай холбоотой гарах ажиллах хүчний, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын болон урсгал зардлуудыг бүгдийг нь хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Тус ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014-2015 онд уурхайн үйл ажиллагааг явуулахад Ч.Г миний бие 8-12 хүн тогтмол, 10-15 нутгийн хүмүүсийг хөлсөөр ажиллуулан, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, өөрийн өмчлөлийн 2 ширхэг экскаватор, 1 ширхэг 30 ковш буюу ачигч, 1 ширхэг Ланд круйзер, 1 ширхэг түлшний бонго машин, 1 ширхэг мотоцикл, уурхай кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг түрээсийн дунд гарын мазда трибүт жийп зэрэг нийт 7 ширхэг машин техник, тоног төхөөрөмжүүдийг уурхайд ажиллуулан гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэж ирсэн. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу уурхайн өдөр тутмын олборлолтын үйл ажиллагаа явуулахад зориулж 2014.04.14-2014.07.15-ны өдөр хүртэлх 3 сар, 2014.11.16-2015.06.30-ны өдөр хүртэл 7 сар 14 хоног, нийт 314 хоног дээрх нэр төрлийн машин техник тоног төхөөрөмжийг ажиллуулсан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу Р нь сар бүр 25,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд төлөх үүрэг хүлээсэн байдаг. Р нь 2015 оны 06 дугаар сард уурхайн ажил дуусаж, нийт 2258 тн, 37 вагон жоншийг экспортолж, нэг тн тутмыг ойролцоогоор 240 ам.доллароор борлуулж, 600,000,000 төгрөгийн их хэмжээний ашиг олсон хэр нь өнөөдрийг хүртэл ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71,366,000 төгрөгийг төлөөгүй, цаашлаад Ч.Г надаас уурхайн үйл ажиллагаанд өөрийн зарцуулсан мөнгөө нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Р нь энэ хугацаанд сар бүр төлөх 25,000,000 төгрөгөөс нийт ажлын хөлсний 71 хувийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрт анх 55,000,000 төгрөг өгч, дараа нь Ж.Р-ээр дамжуулан 121,000,000 төгрөг өгч, нийт 176,000,000 төгрөгийг шилжүүлснээс хойш үлдэгдэл 71,366,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хулд сумын Түймэрт цагаан жоншны уурхайн үйл ажиллагаатай холбоотой Р-ийн өмнөөс гаргасан зардал 88,112,000 төгрөг гаргуулах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ай Жий Эй Эйч-Аудит ХХК-аас Р болон Ч.Г нь Түймэрт цагаан хайлуур жоншны уурхайд ажиллаж байх хугацаанд уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгө мөнгөний тооцоо, Ч.Г-ын банкны дансаар орж ирсэн мөнгөний тооцоо зэргийг 2014-2015 оны 393 хуудас санхүүгийн баримт, 2014-2017 онуудын Хаан банкны 5 дансны 120 хуудас бүрэн дэлгэрэнгүй хуулга, Р-ээс Ч.Г-ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээний жагсаалт, Дэрбумба ХХК-тай тооцоо нийлсэн акт зэрэг баримттай тулган аудитын дүгнэлт гаргасан байна. ...Ийнхүү Хулд сумын Түймэрт цагаан жоншны уурхайн үйл ажиллагаатай холбоотой Р-ий өмнөөс гаргасан зардал 88,112,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс 71,366,000 төгрөг, нийт 159,478,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Р-тэй сард ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй. Өмнө нь 25,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан гэж ярьж байсан, одоо ажил гүйцэтгэсэн гэж ярьж байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэтэл нийт ажлын хөлсөнд нийт 88,112,000 төгрөг, мөн 176,000,000 төгрөгийг надад төлөөгүй гэж яриад байна. Ажил гүйцэтгэх гэрээний урд талыг харахад та хохирсон гэж байгаа боловч үнийн дүнг бодож үзэхэд та хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэх нь тодорхойгүй, хэзээ дууссан байсан юм, талуудаас нэмэлт хугацаа тогтоосон юм уу?, мөн 176,000,000 төгрөг надад төлсөн гэж байна. Үлдэгдэл 71,366,000 төгрөгийг төлөөгүй гэж ярьсан. Хулдын уурхайн ажил 88,112,000 төгрөг нийт 159,478,000 төгрөгийг нэхэмжилж байна. Танд төлөх ёстой мөнгө нь нийтдээ 355,478,000 төгрөг болж байна. Нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс таны ярьж байгаа мөнгөн дүнг хасаж бодож, түрээсээр бодсон ч ажил гүйцэтгэх гэрээгээр бодсон ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан “Уваа-Уул Аудит” ХХК-ийн дүгнэлтээр нийт 247,135,423 төгрөг нь ямар ч анхан шатны баримтгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй. Ийм учраас таны нэхэмжилж байгаа 159,478,000 төгрөг нь үндэслэлгүй байна. Тайлбартаа 2015 оны 06 дугаар сард уурхайн ажил дуусаж Р 600,000,000 төгрөгийн ашиг олсон гэсэн. Үүнийг бодоод үзэхээр 600,000,000 төгрөгөөс 586,128,000 төгрөгийг хасаж үзэхээр 12,872,000 төгрөг болж байна. Үүнийг ашиг гэж үзэж үү, алдагдал гэж үзэх үү. Хариуцагч талаас хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудад хүснэгт болон бичгийн баримтууд бүгдээрээ зөрүүтэй. Таны гаргаж өгч байгаа баримтуудыг тулгаж үзэхээр хүснэгтэд зарим баримтын үнийг бичээгүй байна. Та яаж үнийн дүнгээ бодож гаргасан нь тодорхойгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р-ий зүгээс 2014 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаа, өөрийн дугаар бүхий данснаас  Ч.Г-ын данс руу 2017 онд 19 удаа 129,128,000 төгрөг, 2015 онд 27 удаа 342,000,000 төгрөг, мөн экскаватор худалдаж авахаар 26,000 ам доллар, нийт 587,128,000 төгрөгийг шилжүүлсэн. Уурхайн үйл ажиллагаанд хэдэн төгрөг хэрхэн зарцуулсан бэ, орлого зарлагын тооцоогоо нэгтгэж нийлэхээр Ч.Г руу ярьсан боловч барилгын зөрүүтэй үнийн дүнг өөрийн орлого болгон ашиглаж намайг хуурч мэхлэн миний мөнгийг хувьдаа завшсан. Ч.Г-ын үйлдлийг 2016 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Цагдаагийн газарт өгөхөд Дундговь аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Дундговь аймгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэний үнэмлэхийг шалгаж байх явцад цагдаагийн газраас томилогдсон нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэд Ч.Г-ыг 247,135,423 төгрөгийг анхан шатны баримтгүй, 61,802,699 төгрөгийг хаашаа орсон нь тодорхой бус гэсэн дүгнэлтийг гаргасан. Ч.Г-ын дээрх үйлдэл нь намайг хохироож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 225,248,600 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаагаа ямар ч тайлбар үндэслэл хэлсэнгүй.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримттай холбогдолтой заалт байна. Гүйлгээний утга бичигдээгүй маш олон баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. ...Иймээс Хулдын уурхайтай холбогдож байгаа Ч.Г-ын зардал нь тодорхой байна. Эдгээр зардлыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан. Ажлын хөлсний тухайд өмнө нь тайлбарласан хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд заасан үндэслэлтэй. Хоёрдугаарт, Хулдын уурхайд Р-ийн өмнөөс Ч.Г-ын гаргасан зардал буюу 88,000,000 төгрөгийн үйл баримт нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Хулдын уурхайд гаргасан зардлыг аудитын дүгнэлтээр Ч.Г хичнээн хэмжээний зардлыг гаргасан гэдгийг маш тодорхой заасан байх тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй. Тавдугаарт талуудын хооронд ямар харилцаа үүссэн юм. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа хамтран ажиллах гэрээний үүрэг гэж байгаад шүүх хуралдааны эцсийн тайлбарт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь өөр агуулгатай. Талуудын хооронд мөнгө шилжүүлж хамтарч ажиллах хооронд үүссэн энэ нөхцөл байдлаас хамаарч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж болох уу. Иймд хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болохгүй байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 225,248,600 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага 225,248,600 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ганцацралаас 587.128.000 төгрөг гаргуулах тухай Р-ий нэхэмжлэл, Р-ээс 159,478,000 төгрөг гаргуулах тухай Ч.Г-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,173,590 төгрөгөөс 3,093,590 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 80,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,025,772 төгрөгөөс 955,340 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 70,432 төгрөгийг хариуцагчид буцаан олгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 48-р бүлэг буюу хамтран ажиллах гэрээний зохицуулалт гэж дүгнэж байгаа бол, мөн хуулийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. Энэ гэрээ нь өөрөө хамтран ажиллах гэж байгаа этгээдүүд хамтран ажиллах тухай хүсэлтээ илэрхийлснээр шууд хамтран ажиллах гэрээ байгуулсанд тооцно гэсэн хуулийн тайлбартай. Өөрөөр хэлбэл талууд ашиг хуваарилахдаа оруулсан хөрөнгийнхөө хувиар ашиг хүртэнэ. Манай тохиолдол дээр Р гэж хүн хөрөнгөө оруулаад байсан харин Г гэж хүний хөрөнгө оруулалт нь тодорхой харагддаггүй. Мөн дээр дурдсан техник хэрэгслүүдийн 2 экскаваторыг талууд дундаа авсан дундын хөрөнгө байх бөгөөд үүнийг мөн шүүх нарийвчлан тогтоож чадсангүй. Өөрөөр хэлбэл 1хх-ийн 100-106-р тал Р бие даасан шаардлага гаргасан байдаг. Шүүх хурлын тэмдэглэл дээр нийт 33 640 ам долларын 68.3 хувь буюу 23000 ам долларыг нь Р гаргасан байна гээд энэ нь өөрөө 1хх-ийн 5-р талд авагдсан буюу 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ч.Г-ын 5007133379 тоот дансруу шилжин орсон баримт мөн манай энэ хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ мэтчилэн шүүх нь хэрэв талуудыг хамтран ажилласан гэж үзэж байгаа бол тэдгээрийн оруулсан хөрөнгө оруулалт болон ашиг зэргийг хэн нь хэдэн төгрөг оруулсан болохыг нарийвчлан тогтоох байсан. Өөрөөр хэлбэл ИХШХШтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тэгш байх зарчим огт үйлчилсэнгүй. Шүүхээс талуудын хооронд үүссэн харилцааг хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагчийн тайлбар мэдүүлэгт үндэслэж тогтоосон гэж үзэж байна. Уг нь бичгийн нотлох баримт талуудын хооронд үүссэн харилцааг тогтоох учиртай. Гэтэл хариуцагч нь үйл баримтыг гуйвуулан шүүхийг төөрөгдүүлсэн гэж үзэж байна. “Мөн шүүх нь талуудын гаргаж өгсөн шинжээчийн дүгнэлтийг үнэлэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл “Уваа уул” ХХК 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай аудитын дүгнэлтийг өмнө эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэг шалгах явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил авч үзэхгүй тул уг тайланг үнэлэхээс татгалзав...”

Тэгвэл манай талаас гаргаж өгсөн дүгнэлт Ч.Г-ын өгсөн баримт дээр үндэслээд мөн Р-ий өгсөн дансны баримт дээр үндэслээд буюу Эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд Дундговь аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн хошууч Х.Г-ын баталсан шинжилгээ хийлгүүлэх шинжээч томилох тогтоолыг үндэслэн аудитын Уваа Уул ХХК компаниар аудитын дүгнэлт хийлгүүлсэн. Энэхүү дүгнэлтээр Ч.Г-ын 482 ширхэг харилцах дансны гүйлгээ болон тайлангийн гүйлгээг шалгасан. Дээрхи мөнгөн гүйлгээгээр бусад данс руу 311 379 031 төгрөг, өөрөө гар дээрээ бэлэн мөнгөөр 162 987 500 төгрөг, өөрийн данс руу 62 261 108 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнээс өөрийн гар дээрээ гүйлгээ хийсэн болон гар дээрээ бэлэн мөнгө авч зарцуулсан 225 248 600 төгрөг нь анхан шатны ямар ч баримтгүй, мөн гар дээрээ бэлэн мөнгө буюу өөрийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс яаж зарцуулсан нь тодорхой бус байдаг. Ийм үнэн зөв нь мэдэгдэхгүй баримтууд байдаг учраас өөрийнх нь хөрөнгө оруулсан мөнгөнөөс хувьдаа авсан гэж үзэж байгаа юм. Дээрээс нь Ч.Г нь өөрийн хувийн 8 данстай түүний 4 дансаар нь гүйлгээ хийсэн байдаг бөгөөд хувь хувьсгалын бүхий л зарлагын мөнгийг энэ уурхайн зарцуулалт гэж ярьдаг. Тэр нь ч албан ёсны санхүүгийн байгууллагын хийсэн дүгнэлтээр нотлогдож байна. Мөн энэхүү дүгнэлт үгүйсгэгдэж байгаа бол бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжилгээ хийлгэе гэж хоёр удаа хүсэлт тавьж байсан. Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2019-12-20-ны өдрийн 136/ШЗ2019/01819 дугаар бүхий захирамж, мөн 2020-12-22-ны өдрийн 136/ШЗ2020/02215 тоот захирамжууд огт биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл хоёр зөрүүтэй аудитын дүгнэлтийн зөрүүг арилгахын тулд нэгдсэн нэг газар буюу шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт энэхүү маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан /3хх-ийн 230-р тал, 4хх-ийн 173-р тал/.

Шүүх нэгэнт хамтран ажиллах гэрээ гэж дүгнэж байгаа бол талууд хөрөнгө оруулалт болон ашигаа тэнцүү буюу 50 50 хувийн харьцлаар хүртэх учиртай. Шүүх зөвхөн Р-ий шилжүүлсэн 587 128 000 төгрөгийн зарцуулалтыг ярихаас биш Ч.Г хэдэн хувийн хөрөнгө яаж оруулсаныг огт тогтоож чадсангүй. Тухайн үед хулдын уурхайн үйл ажиллагаа явж байхад бүхий л зардлыг Р шилжүүлсэн бөгөөд тэдгээр нь 1хх-ийн 2-21 хуудас мөнгө шилжүүлсэн баримт болон 4хх-ийн 1-22-р хуудас Р дансны хуулгаар нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ зөвхөн зарцуулалтыг л голчлон харлаа. Ингэхдээ тухайн гарган өгч буй баримт материал худал үнэн байхыг огт бодож үзсэнгүй буюу шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие удаа дараа хэлсэн “ИХ АСОБ” ХХК 2014-08-07-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан байна тухайн компанийн нэр дээр тамга нь мэдэгдэхгүй баримтууд маш олон гарсан байна гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл 2хх-ийн 53, 54, 57, 64, 65, 71, 90 зэрэг баримтууд нь тухайн аж ахуй нэгж байгуулагдахаас өмнө гарсан тухайн компанийн тамгатай баримт мөн 64-65 хуудасны баримт нь ижил баримтууд байдаг. Хариуцагч талын гаргаж буй анхан шатны баримтууд нь өөрөө хуулийн шаардлагыг хүснэгт дотор бичигдсэн баримт маш олон. Санхүүгийн бичиг баримт нь нэгтгэсэн тайлантайгаа баримтууд нь зөрөхгүй таарах учиртай. Энэхүү гаргаж өгч байгаа бичгийн нотлох баримт нь нэгтгэлийн хувьд маш замбараагүй.

Иймд шүүх нэгэнт Ч.Г-ын хөрөнгө оруулалтыг тогтоож чадаагүй учир мөн нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 587 128 000 төгрөгөөс өөртөө зарцуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 225 248 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үүгэжээ.

 

            Хариуцагч Ч.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу “хамтран ажиллах гэрээ”-г амаар байгуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн “...хариуцагчийн Хулдын уурхайд ажиллах явцад миний эзэмшлийн 2 экскаватор, 1 ачигч, 1 ланд круйзер, 1 түлшний Бонго машин, 1 мотоцикл, уурхайн кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг дунд гарын “трибүт” жийп, нийт 7 техник ажилладаг байсан, мөн хөлсний 2-3 ачааны машин, байнгын 7-12 ажиллагсад өөрийн эд хөрөнгийг гарган хамтран ажиллаж байсан” гэх байдлаар дурдаж хариуцагчийн “ажилладаг байсан” гэх тайлбарыг “хамтран ажиллаж байсан” гэж гуйвуулан үндэслэлгүйгээр хамтран ажиллах гэрээ болгож дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Уурхайн үйл ажиллагаа явуулах хугацаанд Р нь нийт 2258 тн, 37 вагон жоншийг экспортолж, нэг тн тутмыг ойролцоогоор 240 ам.доллароор борлуулсан болох нь 2017.01.04-ний өдрийн Дундговь аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Л-ын авсан нэхэмжлэгч Р-ийн “...Хулд сумын түймэрт цагаан гэх газраас 2,200 гаран тонн жонш олборлосон юм” гэх мэдүүлэг, тайлбар /хх4: 40-42 тал/, “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /хх4: 131-167-р тал/ зэргээр нотлогддог.

            Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бол Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж тус тус заасны дагуу ойролцоогоор 541,920 ам.долларын орлого олсноос талууд өөрсдийн оруулсан хураамжид хувь тэнцүүлэн Ч.Г надад ойролцоогоор 106 сая төгрөгийн ашиг хуваарилахаар байх боловч жоншны экспортын орлогыг нэхэмжлэгч Р бүхэлд нь авсан.

            Мөн анхан шатны шүүх Ч.Г-ыг “412,760,638 төгрөг зарцуулсан болох нь баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ 2, 3 болон 4-р хавтаст хэрэгт авагдсан анхан шатны баримтуудыг үндэслэлгүй орхигдуулж, үнийн дүнг алдаатай бичиж, 101,259,400 төгрөгийн зардлыг хасч дүгнэсэн байна. Хариуцагчийн зүгээс зөвхөн уурхайн үйл ажиллагаанд зориулан нийт 512,530,000 төгрөг зарцуулсан ба үүнээс иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.6-д заасны дагуу Р-гийн өмнөөс 88,112,000 төгрөг түүний уурхайн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд /Р-ий гуйснаар/ өөрөөсөө гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан анхан шатны баримт болон “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтээр тогтоогддог.

            Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч уг дүгнэлтийн хүчин төгөлдөр эсэхтэй маргаагүй болно.

            Гэтэл анхан шатны шүүх 136/ШШ2021/00208 дугаар шийдвэрийн үндэслэлдээ “...хариуцагчаас “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 15 дугаартай тайлан нотлох баримтаар авахуулсан боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу гараагүй гэх үндэслэлээр мөн адил үнэлэхээс татгалзах үндэслэлтэй байна” гэж дурдсанаа, мөн шийдвэрээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хариуцагч Ч.Г нь 159,478,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс аудитын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад “Аудитын дүгнэлтийг та өөрийн хүсэлтээ зохих байгууллагад хандаад гаргуулах эрх нээлттэй байдаг” гэх тайлбарыг өгч, хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосны дагуу Ч.Г миний бие холбогдох бүх баримтуудад үндэслэн “Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-аар аудитын дүгнэлт гаргуулсан.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны явцад “хамтран ажиллах гэрээний явцад Ч.Г-д нийт 587,128,000 төгрөг шилжүүлсэн боловч баримтаар нотлогдож буй нэхэмжлэлдээ хавсаргасан баримтын хүрээнд 225,248,600 төгрөг болгож багасгасан тухай” тайлбар гаргасан ба уг тайлбараас “Р нь нийт 225,248,600 төгрөг Ч.Г руу шилжүүлсэн тул тус шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна” гэж ойлгохоор байна.

            Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх 136/ШШ2021/00208 дугаар шийдвэртээ хариуцагчаас 412,760,638 төгрөгийн зарцуулалт хийсэн байх тул нэхэмжлэгч Р-ий нэхэмжилж буй 225,248,600 төгрөгийг гэрээний дагуу зарцуулагдсан байна” гэж дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэлд “...хариуцагч нь 412,760,638 төгрөгийн зарцуулалт хийсэн тухай баримтаа хэрэгт авахуулсан боловч 159,478,000 төгрөг Ч.Г-аас гарсан болох нь тогтоогдохгүй байна” гэх байдлаар дурдаж, хариуцагч Ч.Г-ын “нэхэмжлэгчийн өмнөөс уурхайд зарцуулсан зардал болон ажил гүйцэтгэсэнтэй холбоотой төлбөрөө гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Дээр дурдсанчлан хариуцагч Ч.Г нь Р-йн шилжүүлсэн бүх мөнгийг түүний уурхайн үйл ажиллагаанд зарцуулж, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохион байгуулж, уурхайн ажлыг нэхэмжлэгчийн гуйснаар тасалдуулахгүйн тулд түүний өмнөөс мөнгө гарган, буцаан авч чадалгүй хохирсон бөгөөд уурхайн үйл ажиллагаанаас олсон орлогоос ашиг хүртээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.      

            Р нь уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан эхэн хугацаанд сар бүр төлөх 25,000,000 төгрөгөөс анх 55,000,000 төгрөгийг “эксковаторийн мөнгө”, “эсгий төлбөр” гэсэн гүйлгээний утгаар Ч.Г миний харилцах данс руу шилжүүлсэн ба хэрэв талууд хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллах байсан бол Р нь “ажил гүйцэтгэсний төлбөр” эсхүл “түрээсийн төлбөр” мэт ойлгогдохоор гүйлгээний утга бүхий мөнгө шилжүүлэхгүй байсан.

            Ийнхүү Ч.Г нь Хулд сумын “Түймэрт цагаан” жоншны уурхайн үйл ажиллагаатай холбоотой Р-ийн өмнөөс гаргасан зардал 88,112,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс 71,366,000 төгрөг, нийт 159,478,000 /нэг зуун тавин есөн сая дөрвөн зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

            Иймд Р-ээс 159,478,000 төгрөг гаргуулах тухай Ч.Г миний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт сүүлд гаргасан. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлттэй холбоотой асуудлууд яригдаад яваад байсан учир шат шатны шүүх хурлуудад гомдол гаргаад явсан учир сүүлд гаргуулж өгсөн. Бүх баримтууд нь тухайн дүгнэлтэд туссан. Энэ дүгнэлтийг зөвшөөрсөн байна уу эсхүл зөвшөөрөхгүй байна уу гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байсан. Аудитын дүгнэлтийг дахин шалгуулъя гэдэг хүсэлтийг Ц.М-ын зүгээс гаргаж байгаагүй. Тэгсэн байж маргаж байсан гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, түүний дагуу үйл ажиллагаа явуулсан” гэв.

                                                            

ХЯНАВАЛ:

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний 136/ШШ2021/00208 тоот шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хянан хэлэлцвэл нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Р, хариуцагч МУ-ын иргэн Ч.Г нар нь хамтран 2014 оны 04-р сараас 2015 оны 06-р сарын 30-ныг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Түймэрт цагаан” гэх газарт жонш олборлож ашиг олохын тулд харилцан тохиролцсоны дагуу Р-ээс үйл ажиллагааны зардалд зарцуулахаар нийт 587.128.000 төгрөгийг Ч.Г руу шилжүүлсэн,  хариуцагч Ч.Г нь уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулах, ингэхдээ өөрийн эзэмшлийн 2 экскаватор, 1 ачигч, 1 ланд круйзер, 1 түлшний бонго машин, 1 мотоцикль, уурхай кемп хоёрын хооронд ажилчдыг зөөдөг түрээсийн дунд гарын трибут жийп буюу 7 техникийг уурхайн үйл ажиллагаанд ашиглахаар тус тус амаар тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Р шүүхэд “... үйл ажиллагааны зардлын тооцоог нийлэх, үйл ажиллагаанаас гарсан ашгийг хуваарилах талаар Ч.Г-аас шаардахад тэрээр зарцуулалтын тайлан дээр зарлагыг зориудаар өсгөж, өөртөө ашиг олсон тул шилжүүлсэн 587.128.000 төгрөгөөрөө хохирсон тул түүнийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба анхан шатны шүүх хуралдааны шатанд “Уваа уул” аудитын дүгнэлтэд зааснаар шилжүүлсэн 587.128.000 төгрөгөөс 225.248.600 төгрөгийг баримтгүйгээр зарцуулагдсан гэсэн тул уг 225.248.600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, нэхэмжлэлийн шаардлагаа  “Уваа уул” аудитын ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 01-ны ¹2 тоот дүгнэлт /1-р хх-ийн 25-39/, Ч.Г руу мөнгө шилжүүлсэн тухай өөрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 1-22/ зэрэгт тус тус үндэслэн нэхэмжилсэн.

 

            Хариуцагч Ч.Г-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба уурхай ажиллуулсан 2014 оны 04 дүгээр сарын 14-нөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 539.878.281 төгрөгийн зарцуулалтын зардал гарсан, үүний 479.417.400 төгрөгийг Р төлсөн, уурхайг зогсоож болохгүй шүү гэж Р гуйсан тул би өөрөөсөө 69.043.481 төгрөгийн зардал гаргаж үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллуулсан.

 

            Миний хувьд Р-тэй уурхайг хариуцан ажиллуулахад тоног төхөөрөмжөө түрээслүүлсний хөлсөнд сард 25.000.000 төгрөг нийт 261.500.000 төгрөг авах байснаас 175.979.092 төгрөгийг авсан, үлдэгдэл хөлс болох 85.520.908 төгрөгийг аваагүй. Иймд өөрөөсөө гаргаж үйл ажиллагааны зардалд зарцуулсан 69.043.481 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 85.520.908 төгрөг, бүгд 154.564.389 төгрөгийг Р-ээс гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үйл ажиллагааны зардалд өөрөөсөө 88.112.000 төгрөг, техникээ түрээслүүлсний хөлсний үлдэгдэл 71.366.000 төгрөг нийт 159.478.000 төгрөг болгосон ба хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа уурхайн үйл ажиллагааны зардлын баримтууд /2-р хх-ийн 25-250/, /3-р хх-ийн 1-153/, Ч.Г-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /4-р хх-ийн 25-125/, “IJAH- Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт /4-р хх-ийн 131-167/ зэрэгт тус тус үндэслэсэн.

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “Хамтран ажиллах” гэрээ амаар байгуулагдсан гэж үзсэн ба нэхэмжлэгчээс нэхэмжлэгдэж байгаа 225.248.600 төгрөг нь уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хариуцагч Ч.Г-аас нэхэмжилж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Хариуцагч Ч.Г, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлууд гаргасанд үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Учир нь: Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид Дундговь аймгийн Хулд сумын нутаг “Түймэрт цагаан” гэх газарт жонш олборлохын тулд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Р нь үйл ажиллагааны зарцуулагдах зардлуудад 561.128.000 төгрөгийг зарцуулсан, хариуцагч Ч.Г уурхайн үйл ажиллагааг хариуцан ажиллуулсан ба ингэхдээ өөрийн нийт 7 төрлийн техникийг уурхайн үйл ажиллагаанд хэрэглэсэн, харилцан ашигтай ажиллахаар талууд урьдчилан амаар харилцан тохиролцсон тул энэ тал дээр маргадаггүй, хариуцагч Ч.Г-ын зүгээс нэхэмжлэгчийг 1.073.629.267 төгрөгийн борлуулалт хийж 649.211.267 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж /4-р хх-ийн 126-127/ гэж тооцоог гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс үүн дээр маргадаггүй, хариуцагч Ч.Г-ын зүгээс “...Р-тэй ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан буюу уурхайн үйл ажиллагаанд миний техникүүдийг хэрэглэсний зардалд надад сард 25.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсны дагуу 261.500.000 төгрөгийн хөлс авахаас 175.979.092 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба үүнийг нь мөн нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргадаггүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогддог.

 

Иймд Иргэний хуулийн ерөнхий ангийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар “Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ,  ...хамтран ажиллах гэрээг  ...амаар байгуулж болно” гэсэн хуулийн шаардлагад талуудын хамтран жонш олборлох, үүнээсээ харилцан ашигтай ажиллах гэсэн хүсэл зоригт нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх мөн үзлээ.

           

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Г-аас жонш олборлох үйл ажиллагаанд зарцуулагдсан зарлагын баримтуудыг 2, 3-р хавтаст  гаргаж өгснийг тооцож 412.760.638 төгрөгийг уурхайн үйл ажиллагааны зардалд зарцуулсан гэж тооцсоныг хариуцагч Ч.Г-аас “ …шүүх 3-р хавтаст хэргийн 57-152-р хуудасны баримтуудыг тооцоогүй орхигдуулсан байна” гэсний дагуу тооцоход ажилчдын цалинд нийт 12 удаа буюу нийт 31.105.200 төгрөгийн, автомашины сэлбэг, засварын үнэнд нийт 11 удаагийн буюу 75.197.700 төгрөгийн,  2 удаагийн зээл төлөлтөд 253.200  төгрөгийн,  түрээсийн төлбөрт нийт 51.000.000 төгрөгийн, бүгд 157.556100 төгрөгийн зардлуудыг анхан шатны шүүх тооцолгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж тооцсон ба ингэхдээ цалин хүлээлгэн өгсөн гарын үсэгтэй жагсаалт, банкны төлбөрийн баримт /3-р хх-ийн 43-152/-тай нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх үнэлж тооцсон болно.

 

Иймд анхан шатны шүүхээс тооцсон 412.760.638 төгрөг дээр давж заалдах шатны шүүхээс тооцсон 157.556100 төгрөгийн тооцоог нэмэхэд уурхайн үйл ажиллагаанд  нийт 570.316.738 төгрөг зарлага гарч зарцуулагдсан байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Р-ний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Ч.Г-д шилжүүлсэн мөнгөний зарлагын гүйлгээний баримтаа нийт 42 удаагийн гүйлгээгээр 561.128.000 төгрөгийг шилжүүлсэн гэж Р ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх-ийн 1-22/-р нь гаргаж өгсөн ба  нийт зарцуулагдсан 570.316.738 төгрөгийн зарцуулалтад нэхэмжлэгч Р-ээс шилжүүлсэн 561.128.000 төгрөг нь бүрэн зарцуулагдсан байна гэж давж заалдах шатны шүүхээс мөн үзлээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “Уваа уул” ХХК аудитын дүгнэлтэд “...өөрийн дансруу гүйлгээ хийсэн болон гар дээрээ бэлэн мөнгө авч зарцуулсан 225.248.600 төгрөг нь анхан шатны баримт байхгүй, бэлэн мөнгөөр гаргасан гүйлгээ болгон баримтгүй” гэсэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилж байгаа, хариуцагч Ч.Г-ын зүгээс “IJAH- Аудит” ХХК-ийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үйл ажиллагааны зардалд өөрөөсөө гаргаж зарцуулсан 88.112.000 төгрөг, техникээ түрээслүүлсний хөлсний үлдэгдэл 71.366.000 төгрөг нийт 159.478.000 төгрөг болгосон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх зохигчдоос тус тус гаргаж өгсөн аудитын дүгнэлтүүдийг үнэлэхээс татгалзсан нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Учир нь: Зохигчдоос гаргаж өгсөн 2 аудитын дүгнэлтүүд нь “...шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”  гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан нотлох баримтыг шүүхээс үнэлэх журамд нийцсэн буюу зохигчдоос өөрсдийн үндэслэл болгож байгаа аудитын дүгнэлтүүдээ бодит, үнэн баримт гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болсон ба нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлүүд нь бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч Ч.Г нэхэмжлэгч Р-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тэдний хооронд Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-д заасан  “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн гол нөхцөлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Зохигчид нь нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлүүд болгож байгаа 2 аудитын дүгнэлтүүдийг харилцан хүлээн зөвшөөрдөггүй, аудитын дүгнэлтүүдийн тооцооллууд харилцан зөрүүтэй, нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж байгаа тооцооны баримтуудын дүн хоорондоо зөрүүтэй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр зарлагын баримтад дахин шинжилгээ хийлгэхээр “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-г томилсон боловч  “...уг хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийхэд БНХАУ-ын иргэн Р болон иргэн Ч.Г нарын хооронд байгуулсан ажлын гэрээ хэлцэл, хоорондын тооцоо нийлсэн акт, ажлын гүйцэтгэлийн тайлан, орлого, зарлага, өглөг, авлагыг нотлох нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн анхан шатны баримтууд шинжилгээнд ирээгүй тул шинжилгээний объектын шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр шинжээч шинжилгээ хийхээс татгалзсан /4-р хх-ийн 180/.

 

Зохигчид нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-д заасан “... талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам” зэрэг хамтран ажиллах гэрээнд зайлшгүй тусгагдах ёстой байсан гол нөхцөлүүдийн талаар одоо маргаж байгаа боловч гэрээ бичгээр хийгдээгүй, үйл ажиллагааны зардлын зарцуулалтад харилцан тооцоо нийлсэн баримт байхгүй, хариуцагчаас гаргаж өгч байгаа санхүүгийн баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн стандарт шаардлагыг хангаагүй, талууд олсон ашгаа хэрхэн хуваарилсан талаарх баримтуудаа гаргаж өгдөггүй зэрэг нөхцөл байдлууд нь шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах боломжгүй болсон  байна. 

 

            Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэж хариуцагч Ч.Г-аас гаргасан  “…шүүх хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,  …сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, …анхан шатны шүүх үйл ажиллагааны зардлын тооцоог хийхдээ баримтуудыг орхигдуулж хийсэн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Р-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-аас гаргасан “ …анхан шатны шүүх талуудын дунд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэснээ үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлууд нь тус тус үндэслэлгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2021/00208 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Ч.Г нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.284.193 төгрөгийг, хариуцагч Ч.Г-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 955.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                            А.САЙНТӨГС