Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

 

Б.Мөнхдалайд холбогдох

захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Б.Мөнхдалайгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мөнхдалайд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Батбаярын Мөнхдалай, 1991 оны 3 дугаар сарын 16-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 дугаар баг, 4-11 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, /регистрийн дугаар ВК91031631/

Б.Мөнхдалай нь 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 531 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхдалайг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буюу 1.344.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхдалайд ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурааж авсан сиди-г захиргааны зөрчлийн материалд хадгалж, шийтгэвэрт гомдол гаргах эрхийг нь дурдаж шийдвэрлэжээ.

Б.Мөнхдалай гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Галуут сумын МАН /Монгол ардын нам/-ын сонгуулийн штаб-д ухуулагчаар ажилласан. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр штабын шадар туслагч Далайжаргал нэг CD бичлэг авч ирж өгсөн ба түүнийг надад үзүүлээгүй харин айлуудаар үзүүл гэсэн. Би хоёр айлд үзүүлээд явж байтал Галуут сумын Засаг даргын орлогч Дүүрэнбилэг гэх залуу олон нийтийн байцаагчтай ирээд хурааж авсан. Гэтэл энэ асуудлыг Цагдаагийн хэлтэст шалгаад шүүхэд шилжүүлсэн. Намайг шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь заалт буюу сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараасан гэж 1.344.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Х.Баттулга гэдэг хүнийг гүтгэсэн, доромжилсон, хуурамч мэдээ тараасан асуудал огт байхгүй, уг бичлэгт байгаа мэдээлэл өмнө нь мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан тодорхой эх сурвалжтай мэдээлэл байсан. Миний зүгээс Х.Баттулга гэдэг хүнийг гутаан доромжлохын тулд өөрөө дээрх мэдээнүүдийг эмхэтгэсэн бичлэг болгоогүй, надад ямар нэгэн буруу байхгүй.

Иймд намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй тул шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь Б.Мөнхдалайд холбогдох зөрчлийн материалд хавсаргагдсан Х.Баттулгын талаарх 22 минут 30 секундын нэвтрүүлгийг хэзээ, хаанаас эрхлэн бэлтгэн Баянхонгор аймгийн Монгол Ардын намын төв штабад ирүүлсэн эх сурвалж нь тодорхойгүй, уг нэвтрүүлэгт оролцсон нэр бүхий хүмүүсийн ярилцлага, бичлэгт дурдагдсан асуудлууд нь түүний нэр хүндийг гутаан доромжлох, гүтгэсэн мэдээлэл байсан эсэх баримт зөрчлийн материалд хавсаргагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцогдсон эсхүл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээсэн зэргээр тайлбарлагдах бөгөөд энэ талаар шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байхад Б.Мөнхдалайг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Иймд Б.Мөнхдалайгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 95 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг  удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 95 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Б.Мөнхдалайд холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

         ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ