Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221

 

Х.Дашбалданд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 201405000412 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Дашбалдан, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2006 оны 06 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2007 оны 02 дугаар сарын 15-нд эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Моглом овогт Халзангийн Дашбалдан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Дашбалданг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Х.Дашбалданг 10 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Х.Дашбалдан, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Дашбалдан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Би Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өөрийн төрлийн ойр, дотнын хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсний дагуу өөрийн төрсөн эгч Хүүхнээгийн хүүхэд болох Ганзоригийг уг хэргийн буруутай этгээд болохыг нуун дарсан билээ. Ганзориг нь өөрийн хийсэн үйлдлээ нуун далдлахын тулд Дашбалдан талийгаачийг зодсон гэж худал мэдүүлэг өгч, ийм яриаг хүмүүст тараасан байсан. Миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэсэг ах дүүсийн хамт Баянговь суманд дүүгээ айл болгочихоод буцаад Шинэжинст сум руу явж байгаад Ар гүний эх гэдэг газар зогсоод тамхилж байх үед Ганзориг бидэнд мэдэгдэлгүйгээр согтуугаараа гэнэт машин асааж хөдөлгөөд тойрох үйлдэл хийхдээ талийгаач ахыг мөргөж унагаасан. Үүнийг Гантулга, Эрдэнээ эгч бид 3 харсан. Тэгэхээр нь би яав юу болов, зүгээр үү гэсэн чинь "гайгүй ээ хуучин гэмтэлтэй байсан хоёр хавирга сэдэрчих шиг боллоо" гэсэн. Намайг 2 хоногийн дараа ээжийндээ байж байхад Ганзориг ирсэн, тэгээд би “ах яасан, бие нь яаж байна” гэж асуухад 2 хавирга нь хугарсан байна гэсэн. Тэгэхээр нь би машин унаж чадахгүй байж яах гэж согтуу машин унаж тойрсон юм гэж загнасан  чинь “Жаранхүү ах эндээс явж байгаад мотоциклтойгоо ойчсон” гэж хэлсэн. Мөн талийгаачийг нас барах үед согтуу жолоочтой машинтай хүмүүс ухарч байгаад гэрийг нь дайрсан үйлдэл гарсан байдаг. Энэ хэрэг талийгчийн нас барах цаг мөчтэй яг тохирч байхад мөрдөн байцаагч уг хэргийг нарийн шалгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын мэдүүлгээр Дашбалдан согтуу байсан гэсэн мэдүүлэг нэг ч байхгүй байхад улсын яллагч намайг согтуу байсан гэж гүтгэн яллаж байгаад гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд байцаагч нар айлган сүрдүүлж шөнө, оройн цагаар мэдүүлэг авсан нь нотлогдоод байгаа. Прокурорт явуулсан хүсэлтүүдийн хариу ирээгүй. Талийгаачийг өшиглөсөн, дэвссэн гэдэг нь худал үндэслэлгүй болох гээд ирэхээр улсын яллагч эсэргүүцээд мөрдөн байцаалтад буцаахгүй байна. Дээрх байдлыг харгалзан үзэж хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасан нотлох чадвараа алдсан, хэргийг шалгахдаа хуульд заасан журмыг зөрчсөн. Гэрч Х.Эрдэнэ, Ө.Гантулга нарыг шөнийн цагаар машин дотор чамайг хорино гэх мэтээр айлган сүрдүүлж, байцаалт дууссаны дараа уншуулахгүйгээр гарын үсэг зуруулсан. Гэрч Х.Ганзориг нь бичиг үсэг мэдэхгүй байхад мөн шөнийн цагаар байцааж, байцаалтад юу бичигдсэн талаар уншиж өгөөгүй болох нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Мөрдөн байцаагчийн дээрх ажиллагаанууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлэг болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад тогтоолд нэгийг нь авч, бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Гэрчүүд мөрдөн байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол гаргасан байтал хууль зөрчсөн ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүйгээс гадна тухайн эх сурвалжаар яллаж хэт нэг талыг барьсан. Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач нь үйл явдал болсон гэх хугацаанаас хойш ямар нэгэн зовиургүйгээр айлд орж цай уусан, орой ээжийнхээсээ мотоциклоо унаад явсан, гэртээ очихдоо хохирогч Энхбаярт мотоциклтойгоо унаад гэмтчихлээ гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Мөрдөн байцаалтын ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж хийгдсэн гэж байна. Энэ нь хойшлуулшгүй ажиллагаагаар ажлын бус цагаар мэдүүлэг авсан болох нь тогтоогдсон. Гэхдээ мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг хэргийн үйл баримттай зөрсөн зүйл байхгүй. Хэргийг шалгахад Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэх асуудал харагдахгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Х.Дашбалдан нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эрдэнэшанд III багийн нутаг “Баянтолгойн тал” гэх газар өөрийн төрсөн ах Х.Жаранхүүг зодож “цээжний далд гэмтэл буюу баруун талын 5-10 дугаар хавирга яснуудын далд хугарлууд, баруун уушгины дунд дэлбэнгийн урагдал, цоорол, баруун уушгины дунд дэлбэнгийн чалчийлт” бүхий гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Х.Дашбалданд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хувийн байдал, гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэргийн гэрчүүд, шүүгдэгч болон амь хохирогчтой ах дүү, төрөл садангийн холбоотой хүмүүс бөгөөд эдгээр хүмүүсийг гэрчээр байцаахдаа хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх баримт байхгүй байх бөгөөд Х.Дашбалдан болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзвэл энэ талаар прокурорт хүсэлт гарган шалгуулах эрх нээлттэй байгааг тэмдэглэвэл зохино.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Дашбалдан, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дашбалдан, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

                    ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ