Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01354

 

“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-иас 55 141 350 төгрөгийг гаргуулж, “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж, “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч “Эрэл” ХХК-иас дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу дараах гомдол гаргаж байна. ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 тоот мэдэгдэх хуудаст, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот 35 м.кв талбайтай 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот 24 м.кв талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудыг, үнэлгээ тогтоолгоход 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг мэдэгдэж байна гэв.Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 35.6-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулахад, хөндлөнгийн гэрч оролцуулахаас гадна, төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулж, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой юм. Гэвч дээрх ажиллагаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч байгууллагаас нэг ч хүн байлцуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Мөн шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон, шинжээчийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцуулсан гэрч, шийдвэр гүйцэтгэх албаны тэмдэглэл зэргийг төлбөр төлөгч байгууллагад огт танилцуулаагүй болно. Төлбөр төлөгчөөс төлөх өр төлбөр нь “Макс констракшн” ХХК-д 55 141 350 төгрөг, “Очирням” ХХК-д 25 411 992 төгрөг нийт 80 553 340 төгрөг болно. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс хураасан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 12 тоот 64 м.кв талбайтай 3 өрөө байр нь 108 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд дээрх өр төлбөрийг барагдуулахад хангалттай хүрэлцээтэй байх тул нэмж, төлбөр төлөгчийн уг байрны 11 тоот 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгийн үнэлгээтэй хураасан нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.Иймд шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өр төлбөрт нь хууль бус илүү эд хөрөнгө хураасан, үйлдлийг таслан зогсоож, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт болох, төлбөр төлөгчийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 11 дүгээр байрны 12 тоот, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудын албадан дуудлага худалдаанд оруулах, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-иас 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж, “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлийн 137/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 137/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.Төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д 2015.04.27-ны өдрийн 3/13933 дугаартай, 2015 оны 05 дугаар  сарын 04-ний өдрийн 3/15458 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөх мэдэгдлийг гүйцэтгэх захирлын туслах Должинсүрэн болон ерөнхий нягтлан бодогч Эрдэнэцэцэг нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. Дурдсан хугацаанд үнийн саналаа өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108 800 00 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч “Эрэл” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 2 өрөөг 66 500 000 төгрөг, 3 өрөөг 76 160 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 2 өрөөг 47 500 000 төгрөг, 3 өрөөг 54 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016.04.15-ны өдөр оруулахыг нийтэд мэдээлэхэд шүүгчийн 2016.04.07-ны өдрийн 101/ШЗ2016/14375 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул албадан дуудлага худалдаа явагдаагүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3/12490 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтад зөв үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчиж, хууль ёсны бус шийдвэр гарсан болно. ...Анхан шатны шүүхийн дүгнэлт нь ...нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд түүнээс хэргийн үйл баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн үйлдэл, үйл ажиллагааны талаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг үгүйсгэж, шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж дүгнэсэн мөртлөө, Шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан “шийдвэр үндэслэл бүхий хууль ёсны байна” гэж заасанд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь хуульд зөрчсөн тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан билээ. Тухайлбал төлбөр төлөгчийн төлөх өр төлбөр нь нийлээд 80 553 340 төгрөг юм. Гэвч шийдвэр гүйцэтгэлээс дээрх төлбөр барагдуулах ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчөөс нийт 204 300 000 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэн, үүнийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн өмч, эд хөрөнгөд хууль бусаар халдаж байгаа тул төлбөр төлөгчөөс эд хөрөнгийг өмчлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь илт хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага зөв ойлгоогүй, хэрэгт авагдсан баримтуудад зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүйгээс хууль ёсны бус шийдвэр гарч, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхолд шүүх хамгаалалт тогтоож чадаагүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 3\90 тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг хариуцагчид даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Макс констракшн” ХХК-д 55 141 350 төгрөг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар “Очирням” ХХК-д 25 411 992 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явуулсан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааны талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байгаагаас гадна Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нийцжээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд мэдэгдсэн арга, хэлбэр, үнэлгээний талаар гаргасан төлбөр төлөгчийн гомдол, хугацааны талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дахин хойшлуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журам, хугацаанд явуулах үүрэгтэй ба хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхээ дан ганц өөрийн боломж, нөхцөлд тохируулан эдлэх үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2016/00196 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1585 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН