Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн Өргөөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Эрэл” ХХК/РД: 2027194/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

№3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХК-иас 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч “Эрэл” ХХК-иас дээрх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөренгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу дараах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 тоот мэдэгдэх хуудаст, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол, 11 дүгээр байрны 12 тоот 35 м.кв/одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 64 м.кв/ талбайтай 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот 24 м.кв /одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 50 м.кв/ талбайтай 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудыг, үнэлгээ тогтоолгоход 3 өрөө орон сууцыг 108 800 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг мэдэгдэж байна гэв.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5, 35.6-т /Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна/ зааснаар шийдвэр гүйцэтгэгч Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулахад, хөндлөнгийн гэрч оролцуулахаас гадна, төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулж, уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах ёстой юм.

Гэвч дээрх ажиллагаатай холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч байгууллагаас нэг ч хүн байлцуулахгүйгээр/итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч/ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Мөн шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон, шинжээчийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцуулсан гэрч, ШГА-ны тэмдэглэл зэргийг төлбөр төлөгч байгууллагад огт танилцуулаагүй болно.

  1. Төлбөр төлөгчөөс төлөх өр төлбөр нь “Макс констракшн” ХХК-д 55 141 350 төгрөг, “Очирням” ХХК-д 25 411 992 төгрөг нийт 80 553 340 төгрөг болно.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчөөс хураасан Баянгол дүүргийн 12-р хороо 6-р бичил хороолол, 11-р байр 12 тоот 64 м.кв талбайтай 3 өрөө байр нь 108 800 000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд дээрх өр төлбөрийг барагдуулахад хангалттай хүрэлцээтэй байх тул нэмж, төлбөр төлөгчийн уг байрны 11 тоот 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгийн үнэлгээтэй/ хураасан нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгчээс, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, ШГА-гаа явуулж, төлбөр төлөгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, өр төлбөрт нь хууль бус илүү эд хөрөнгө хураасан, үйлдлийг таслан зогсоож, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт болох, төлбөр төлөгчийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6-р бичил хороолол 11 дүгээр байрны 12 тоот /одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 64 м.кв талбайтай/ 3 өрөө /108 000 000 сая төгрөгийн/ эрхийн улсын бүртгэлийн 2205030866 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг байрны 11 тоот /одоо үнэлгээний компанийн хэмжилтээр 50 м.кв талбайтай/ 2 өрөө / 95.000.000 сая төгрөгийн/ эрхийн улсын бүртгэлийн 2205030856 дугаартай бүртгэлтэй орон сууцуудын албадан дуудлага худалдаанд оруулах, ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Ц.Бямбасүрэнгийн №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль журмын дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр “Эрэл” ХХКомпаниас 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХКомпанид, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжаар 25 411 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХКомпанид тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эрэл” ХХКомпанид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул компанийн өмчлөлийн 137/02 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 36-р зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 137/02, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 137/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.

Төлбөр төлөгч “Эрэл” ХХКомпанид 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3/13933 дугаартай, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/15458 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөх мэдэгдлийг гүйцэтгэх захирлын туслах Должинсүрэн болон ерөнхий нягтлан бодогч Эрдэнэцэцэг нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Дурдсан хугацаанд үнийн саналаа өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаниар үнэлүүлэхэд 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 3 өрөө орон сууцыг 108 800 00 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7204 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч “Эрэл” ХХК-нд баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 2 өрөөг 66 500 000 төгрөг, 3 өрөөг 76 160 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/8093 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

            Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

            Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу тус бүр үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 2 өрөөг 47 500 000 төгрөг, 3 өрөөг 54 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр оруулахыг нийтэд мэдээлэхэд шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/14375 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул албадан дуудлага худалдаа явагдаагүй.

            Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/12490 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Эрэл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК-иас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр нийт 55 141 350 төгрөгийг гаргуулж “Макс констракшн” ХХК-д, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нийт 25 411 992 төгрөгийг гаргуулж “Очирням” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэсэн болох нь 518 дугаар шийдвэр/25-29/ болон 5787 дугаар захирамжийн/32-33/ хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 518 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 618 дугаар гүйцэтгэх хуудас/хх-24/ олгогдож, 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 135 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор/хх-30/, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5787 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 3405 дугаар гүйцэтгэх хуудас/хх-31/ олгогдож, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15291106 шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор/хх-34/ нэхэмжлэгчээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн гомдол гаргаж байна.” гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч “Эрэл” ХХК нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот 2 өрөө, 12 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний/хх-58, 59/ болон Нийслэлийн Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн № 3697 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байрны 11 тоот 2 өрөө орон сууцыг 95 000 000 төгрөгөөр, 12 тоот 3 өрөө орон сууцыг 108 800 00 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн № 3/7204 мэдэгдлээр/хх-81/ мэдэгдсэн болох нь № 3/7204 мэдэгдлийн болон баталгаат шуудангийн мөнгө хүлээн авсан баримтын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар/хх-83/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн бичиг хэргийн ажилтан, хуулийн зөвлөх нарт 11 тоот 2 өрөө, 12 тоот 3 өрөө орон сууцны үнэлгээний талаар болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн болох нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар/хх-88/, № 3/8093 мэдэгдлийг нэхэмжлэгчийн бичиг хэргийн ажилтан хүлээн авсан хуулбараар/хх-87/ тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл/хх-1-2/ гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэолийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны №3/90 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эрэл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ