Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00065

 

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2021/00552 дугаар шийдвэртэй, “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.М т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Н.Нямдорж /цахим сүлжээгээр/, хариуцагч М.М , хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: М.М аас барааны захиалга болгон өгсөн 205.051.360 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Анх М.М тай хамт маск авах ажлаа эхлүүлэхээр 2020 оны эхээр аман байдлаар тохиролцсон. Хамгийн анх 100000 ширхэг маскийн үнэ болох 58 сая төгрөгийг М.М  болон түүний хэлсний дагуу түүний ах гэх Турк улсад оршин суух Еын дансанд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Ингэхдээ Еын дансанд 26.000.000 төгрөг, өөрийнхөө “А ” ХХК-ийн дансаар 25.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Энэ талаар аман байдлаар тохиролцсон байсан. Үүнийг М.М тай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд WhatsApp дээр харилцан ярилцаж байсан харилцан яриа, зурвасууд нотолж байна. Энэ харилцан ярианаас М.М  надаас компанийн тухай болон захиалгатай холбоотой мэдээллүүдийг асууж, бид хоёр маскийн үнэ, төлбөрийн талаар ярилцаж байсныг харж болно.

Дараагийн захиалгын мөнгийг өөрийнхөө “А ” ХХК-ийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М.М ын дансанд 30.000.000 төгрөг, М.М ын хэлсний дагуу үйлдвэрлэл хариуцаж байсан Турк улсад оршин суух Еын дансанд 265000000 төгрөг, нийтдээ 353000000 төгрөг шилжүүлсэн. Би Еыг огт таньдаггүй байсан. Учир нь энэ ажлын талаар анх зөвхөн М.М тай ярилцаж, тохиролцож байсан. Дараа нь М.М ын хэлсний дагуу түүний ах гэх Ет мөнгө шилжүүлсэн юм. Үүний дараа М.М  2020 оны 02 дугаар сарын 26-нд М.М , Е бид гурвыг оруулан WhatsApp дээр групп чат нээсэн.

Анх WhatsApp зөвхөн М.М тай масктай холбоотой асуудлуудаар ярилцаж байсан. Дараа нь масктай холбоотой сертификатуудын талаар асуухад М.М  групп чатыг нээсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр групп чатыг нээснээр Етой шууд харилцах боломжтой болсон. Үйлдвэрийн асуудлыг А.Е хариуцаж байсны хувьд үйлдвэртэй холбоотой бичиг баримтуудыг групп чатаар А.Еоос асууж байсан. Маскийг биет байдлаар авхуулахын тулд бүрдүүлэх бичиг баримтуудыг Еоос асууж авах шаардлага бий болсон тул анх групп чатыг нээсэн.

Энэ групп чатад бичигдсэн бичилтүүдээс бүх юм тодорхой харагдана. М.М  бол Ц.Б  нь захиалгыг Ет өгсөн, би энэ асуудалд хамааралгүй гэж маргаж байна. Анх масктай холбоотой асуудлаар М.М  нь ярилцахын тулд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр чатыг өөрөө үүсгэсэн. Дараа нь Етой ярилцахын тулд групп чат нээж харилцан яриагаа өргөжүүлсэн. Анх би өөрийнхөө “А ” ХХК-ийн нэр дээр маскийн захиалгаа М.М т өгсөн, шууд Ет захиалгаа өгөөгүй. Учир нь би урьд өмнө Еыг огт таньдаггүй байсан. М.М ын Еын дансанд мөнгөө шилжүүлээрэй гээд Фейсбүүк мессенжерээр түүний дансны дугаарыг дэлгэцийн зураг аваад явуулсан байсан. Үүнийг шүүхэд баталгаажуулж өгсөн. Би анх маскийн захиалгаа М.М т өгч барааг өөрөө хүлээн авсан. Е зөвхөн Турк улсад оршин суудаг үйлдвэрийг хариуцдаг хүн байсан юм. М.М тай энэ ажлыг 7 хоногийн дотор хийж дуусгахаар тохиролцсон.

Учир нь уг маскийг М.М аас аваад Монос Улаанбаатар ХХК-нд нийлүүлэх ёстой байсан. Энэхүү ажлыг эхлэхдээ мөнгө төгрөгийг миний “А ”ХХК нь Монос Улаанбаатар ХХК-тай гэрээтэй байсан тул уг гэрээг үндэслэж тус компаниас захиалга маскийн үнийг 100 хувь авч, тус компаниас “А ” ХХК-д 325.000.000 төгрөг шилжиж ирэхдээ уг мөнгөнөөс ашиг гэж М.М -т 30.000.000 төгрөг, өөрийн данс руу 30.000.000 төгрөгийг шилжүүлж авч үлдсэн мөнгийг “А ”ХХК-ний нэр дээр М.М ын хэлсэн Еын данс руу 265.000.000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Ер нь би захиалгыг М.М т өгөхдөө М.М  нь дамжуулаад Ет захиалга өгсөн юм байна. Миний бодлоор Е нь энэ харилцаанд үйлдвэрлэлийг хариуцаж байсан хүн болж таараад байна. Эхэндээ 7 хоногийн дотор нийлүүлэхээр тохирсон боловч захиалгын хугацаа хэтэрч эхэлсэн. Нөгөө талаас би Монос Улаанбаатар ХХК-тай гэрээтэй байсан учраас тус компани нь надаас бараагаа хугацаандаа нийлүүлэхийг шаардаж байсан юм. Ингээд явсаар байгаад бид гурав групп чат дээр дараах тохиролцоонд хүрсэн. Үүнд үлдэгдэл мөнгийг Е үйлдвэрүүдээс буцааж аваад надад шилжүүлэхээр болж тохиролцсон. Би 2020 оны 3 дугаар сарын байдлаар 142948640 төгрөгийн барааг хүлээж авсан. Дараа нь М.М  надад өөрөө 5000000 /таван сая/ төгрөг, Еоос 1000000 төгрөг авч өгч буцаагаад өгсөн.

Ингээд үлдэгдэл 205.051.360 төгрөг авагдаагүй үлдсэн байгаа. Энэ мөнгөө авахын тулд WhatsApp групп чатад гуйсан, шаардсан, уурласан агуулгатай төрөл бүрийн зурвас бичиж байсан. Дараа нь 2020 оны 05-06 дугаар сарын үед эхээр М.М  надад утсаар холбогдоод Е нас барсан тухай хэлсэн. Ингэхдээ би үүнд эхэндээ итгээгүй байсан. Е үүнээс хойш групп чат дээр ямар нэгэн мессеж бичээгүй юм. М.М тай үлдэгдэл мөнгөний асуудлаар ярьж, уулзах гэсэн боловч энд хүн нас барсан, эцэг эх нь хүнд байдалтай байна, 40 хоногийн буяны ажил болох гэж байна гээд уурлаж, зайлсхийж байсан. Дараа нь бүр утсаа ч авахаа больж, хариу өгөхгүй таг чиг алга болсон. Групп чат дээр Ет хандаад чамаас болоод М.М  асуудалд орохоор боллоо, хуулийн дагуу арга авагдана шүү гээд удаа дараа сануулаад хэлсэн. Тэгэхэд М.М  нь надад буруу байхгүй, та захилгаа шууд өгөөд бараагаа авч байсан гэж байсан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх 2 дугаар сард 29950 ширхэг маскийг нэг бүрийн үнийг 530 төгрөгөөр тооцоод 15.873.500 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь Чингис хаан нисэх онгоцны буудлын каргоноос хүлээж авсан 112198 ширхэг маскийн 100000 ширхгийг нэг бүрийн үнийг 510 төгрөгөөр 51.000.000 төгрөг үлдсэн 12198 ширхэг маскийг нэг бүрийн үнийг 530 төгрөгөөр 6.464.940 төгрөгөөр тус тус тооцоод нийтдээ 57464940 төгрөгөөр худалдаж авсан.

Үүний дараа дахин Чингис хаан нисэх онгоцны буудлын каргоноос 131340 ширхэг маскийг нэг бүрийг нь 530 төгрөгөөр үнэлээд 69.610.200 төгрөгийн маскийг хүлээж авсан. Ингээд нийлбэр дүнгээр 142.948.640 (57.464.940+69.610.200) төгрөгийн маскийг Чингис хаан олон улсын нисэх буудлын каргоноос хүлээж авсан. Эхний маскийн захиалгаас дутуу ирснийг дараагийн маскийн захиалгаас тооцож, дараагийн захиалгаас дутсантай нийлээд нийт 326512 ширхэг маск буюу нэг бүрийг нь 530 төгрөгөөр тооцвол 173.051.360 сая гаруй төгрөгийн маск авагдаагүй үлдсэн болно. 2 дахь захиалгаараа 127075140 төгрөгийн үнэтэй 243538 ширхэг маск авсан. Хүлээж авсан маскууд тоо ёсоороо дутуу байсан. Эхний захиалсан 30000 маскаас 29950 маск ирсэн бөгөөд 50 ширхэг маск дутуу байсан. 2 дахь захиалгаар 250000 ширхэг маск ирэх ёстой байтал 243538 ширхэг маск ирсэн.

Эхний захиалгаас Мираст захиалгын маскийн үнээс гадна урьдчилгаа цалин болгоод 7000000 төгрөг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр 2 дахь захиалгыг хийсний цалин гээд 30000000 төгрөг шилжүүлж, нийтдээ 2 удаагийн үйлдлээр 37000000 төгрөг өгсөн. Маскийн үнэ болон цалин болгоод өгсөн 37000000 төгрөгөөс Мирасын өгсөн 5000000 төгрөгийг хасаад 32000000 төгрөгийг нэмж бүгд 205.051360 (32.000.000+173.051.360) төгрөгийг нэхэмжилж байна.

Бодит байдал дээр анхны захиалгаа хийхдээ М.М  бид хоёр хамт банк ороод Еын данс руу нь мөнгөө шилжүүлсэн юм. Энэхүү эхний захиалгын 15000000 төгрөгийн үнэтэй 29950 ширхэг маск ирэхэд М.М  бид хоёр хамт очоод нисэх буудлын каргоноос бараагаа хүлээж авсан. М.М  барааг хүлээж авахдаа хамт байгаагүй гэж байгаа боловч тухайн үед өөрийнхөө дүү нартайгаа, өөрийн машинтайгаа очсон юм. 2 дахь захиалгыг хийх үер М.М  нь ядраад байна, та өөрөө захиалж байгаарай гээд Еын дансны дугаарын зургийг аваад мессенжерээр явуулж байсан. Энэ захиалгын бараа ирэх үед М.М  эхнэр маань өвдөөд Улаанбаатар ирсэн, та өөрөө очоод авч байгаарай гэхэд нь ганцаараа очоод авч байсан. Учир нь би М.М ыг өөрийнхөө хуурай дүү гэж үзээд түүнд итгэдэг байсан. WhatsApp групп чат дээр би зөвхөн Ет л дайрдаг байсан. М.М аас Е гэдэг хүн ямар учиртай хүн юм вэ, итгэж болох хүн үү гэж асуухдаа та харин ямар бодолтой байгаа юм вэ гээд асууж байсныг дээрх чатаас харж болно. Еыг урьд өмнө нь таньдаггүй хүн байсан учраас намайг залилан мэхэлж байна гэж хардаад түүнийг Турк улсад оршин суудаг эсэхийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Харин М.М  нь миний хажууд Улаанбаатарт байсан тул түүнийг хардаагүй. Хажуудаа байгаа хүнийг би хардахгүй. Хол газар байгаа хүнийг хардаад цагдаагийн байгууллагаас асууж байсан. WhatsApp групп чат дээр ч би зөвхөн Ет хандаад асуух зүйлээ асууж байсан. Утасдаж залгаад аль эсвэл WhatsApp-аар, Мессенжерээр захиалгын бараа юу болж байна гэж асуухдаа М.М  нь би мэдэхгүй, Еын өөрөөс нь асуугаарай гэж хариулж байсан. Би М.М ыг хуурай дүүгээ гэж хайрлаад түүнд итгэж байсан. М.М  ч гэсэн миний оронд байсан бол итгэдэг ахыгаа гээд миний талаар муу юм бодохгүй байх гэж бодож байсан. WhatsApp групп чат дээр би дандаа Е руу дайрсан агуулгатай мессеж бичдэг байсан. Учир нь би Е болохгүй байна, тэр л асуудалтай байж магадгүй гэж бодож байсан. WhatsApp групп чат дээр Е хүртэл та надтай яриарай, надтай гэрээгээ хийгээрэй гэх мэтийн М.М аас холдуулсан зүйл бичиж байсан. Энэ асуудлыг гол хүн нь М.М  өөрөө юм. Итгэдэг дүү минь болох М.М  асуудлыг өөрөөс нь холдуулж, өөрт нь хамааралгүй болгож байгаад би маш их харамсаж байна. Энэ асуудлын улмаас би Монос Улаанбаатар ХХК нь өр төлбөртэй болж өөрийнхөө “А ” ХХК-ийг 2020 оны 11 дүгээр сарын эхээр зарж одоо итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болоод явж байна. Мөн Прадо маркийн машинаа, эмийн сангуудаа, бүх өмч хөрөнгөө бусдад зарсан юм. 2020 оны 5 дугаар сараас хойш би М.М т энэ асуудлын шийдлийг олохын тулд уулзах саналыг олон удаа тавьж байсан боловч М.М ын зүгээс уулзахаас зайлсхийж, зугтаж байсан. Хэрэв М.М  өөрөө гэм буруугүй байсан бол эр хүний хувьд надтай уулзах ёстой байсан. Заавал ингээд хууль шүүхээр явах ямар ч шаардлага байхгүй байх байсан” гэжээ

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Мухамеджаны Мирас нь “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “А ” ХХК нэхэмжлэлдээ би нэг удаагийн амны хаалтыг Турк улсаас их хэмжээгээр авхуулж өгөхөөр болж харилцан тохиролцсон мэтээр огт үндэслэлгүй зүйл бичсэн байна. Миний бие оюутан байхдаа сургуулийн мэдээллийн самбараас оройн цагаар ажиллах оюутан ажилд авна гэсэн зарын дагуу хариуцагч компанийн эзэн Ц.Б  гэдэг хүнтэй анх танилцаж түүний эмийн санг ажиллуулж цалин хөлс авдаг байсан. Сургуулиа төгссөний дараа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг миний ээжийн үүсгэнэ байгуулсан Дармек ХХК-ийн эм зүйч, эрхлэгчээр 2014 оноос эхлэн ажилласан. Зарим хэрэгцээтэй эмийг Ц.Б ээс худалдаж авдаг байсан. Тэр үед Ц.Б  нь МОНОС ХХК-ийн орон нутаг хариуцсан менежер байсан.

Тэр утгаараа Ц.Б ийг таньдаг болсон. Дэлхий даяр Коронавируст халдварт өвчин дэгдсэнтэй холбогдуулан манай улсад амны хаалтын эрэлт хэрэгцээ ихсэж, хангалт муу байсан. 2020 оны 02 дугаар сарын үед Ц.Б  надтай холбогдож нэг хятадууд их хэмжээний маск авах захиалга ирүүлээд байна. Чамд их хэмжээний маск тухайлбал 50 сая ширхэг маск олоод өгөх боломж байна уу? гэхээр нь би судалж үзэж байгаад хэлье гэж хэлээд наймаа хийдэг танил А.Етай ярьж их хэмжээний маск зарах газар эсхүл хүн мэдэх уу? миний нэг танил маань хятадуудад маск нийлүүлнэ гэж байна гэхэд А.Е надад боломжтой гэсэн. Тэгэхээр нь би Ц.Б тэй эргэж холбогдоод боломжтой байна гэхэд Ц.Б  нь нөгөө хятадуудтай ярьж байгаад эргээд холбогдъё гэсэн. 2-3 хоногийн дараа Ц.Б  надтай холбогдож нөгөө хятадууд худлаа боллоо.

Гэхдээ Моносын 100.000 ширхэг маскийн захиалга байна. Хэрвээ 100.000 ширхэг маскийг асуудалгүй нийлүүлж чадвал дахиад 500.000 ширхэг захиална гэж байна гэж хэлсэн. Би Ц.Б ий уг саналыг А.Ет хэлэхэд ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд буцаад Ц.Б тэй холбогдож А.Еын саналыг хэлтэл яг ийм хэмжээний маск нийлүүлж чадвал, чамайг хоосон үлдээхгүй гэсэн. Тэгээд А.Е болон Ц.Б  нарыг холбож зуучилж өгснөөр тэд нар хоорондоо маск худалдах-худалдан авах болсон. Маскийн наймааг ил тод болгохын тулд WhatsApp мессенжерээс маск групп чат нээж, гурвуулаа харилцдаг байсан. Тэд уг чатыг ашиглаж хоорондоо наймаагаа тохиролцож, мөнгө төгрөгөө шилжүүлснээ, мөн бараа хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Тодруулбал, А.Е нь Турк улс талаас маск нийлүүлж, Монгол улс талаас Ц.Б  өөрөө хил гаалиас маскаа хүлээж авдаг байсан. Миний санаж байгаагаар А.Е болон Ц.Б  нар 2-3 удаа ийм байдлаар худалдаа хийсэн. Би ч гэсэн А.Ет 10.000 ширхэг маск захиалж 5.500.000 төгрөг шилжүүлсэн ба энэ маскийг У.Билгүүний масктайгаа хамт авахаар болсон. Хамгийн сүүлд Ц.Б ээс А.Ет шилжүүлсэн их хэмжээний мөнгөнд А.Е маск бэлдээд Монгол улс руу ачуулах гэж байхад Турк улс талаас карантин тогтоож каргог ачиж явуулахад бэрхшээл үүссэн байсан. Энэ тухай Ц.Б , А.Е нар уг чатыг ашиглаж энэхүү асуудлыг хэрхэн шийдэх талаар байнга санал солилцдог байсан. Миний бие Ц.Б д А.Еыг анх зуучлан танилцуулж өгсөн тул наймаанд санаа тавьж хааяа өөрийн санал бодлоо бас хэлдэг байсан. Мөн миний ч гэсэн 10.000 ширхэг маск байсан юм. Сүүлдээ Турк улсын эрх бүхий этгээдээс уг худалдаж авсан маскийг экспортлохын тулд зөвшөөрөл авсан байх шаардлага тавьсан. А.Е уг зөвшөөрлийг авч чадахгүй байсан тул Ц.Б  бид хоёр тэдгээр маскийг тэнд зарж борлуулаад мөнгөө нэн даруй буцаан шилжүүлэхийг хэлж байсан. Маск нь худалдахгүй байна гэж удаан хугацаагаар хүлээлгэсэн, дараагаар нь худалдан авсан компаниуд төлбөрөө өгөхгүй байна гэх зэргээр 7 дугаар сар хүрсэн. А.Е нь Ц.Б  бид хоёрын хэлж шаардсаны дагуу маскуудыг зарж борлуулаад мөнгийг нь бүрэн авсан тул Монгол улс руу шилжүүлэх арга олох гэж мөн удсан. Бага шимтгэлгүй арга хэрэглэн мөнгөө бидэнд буцааж өгөх гэж тал талын аргыг хэрэглэсэн. Тэр бидэнд мөнгөө банкаар дамжуулах гэсэн боловч Монгол улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад орсон гэсэн шалтгааны улмаас мөнгө нь буцаагдсан байсан. Ц.Б  нь А.Еоос мөнгө авч чадаагүйд надад их гомдож байсан боловч би ч гэсэн хохирогч учраас түүнд байдлыг ойлгуулахыг хичээсээр байсан.

Ц.Б  нь надад холбогдож байр, машинаа барьцаанд тавьж зээл авсан, МОНОС-ыг өнөө маргаашдаа аргалах мөнгө олоод өгөөч, А.Еоос мөнгөө авсны дараа буцааж өгнө гэхээр нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр түүнд 5 сая төгрөг түүнд шилжүүлж байсан. Тэр мөнгийг Туркэд шилжүүлсэн мөнгөө авсны дараа авна гэж өгсөн тул түүнээс буцааж шаардаж чадахгүй байна. Тэгж байтал А.Е нас барсан тухай мэдээлэл ирсэн. Энэхүү болсон бүх үйл явц бүгд маск гэсэн групп чаатнаас харагдана. Гэтэл “А ” ХХК-ийн эзэн болох Ц.Б  нь бодит байдлаас шал өөр юм сэтгэж би уг компанийн мөнгийг авчихсан мэтээр нэхэмжлэл гаргасныг хараад харамсаж байна. Өөрөөр хэлбэл миний бие “А ” ХХК-ийн эзэн болох Ц.Б д ямар ч өр төлбөргүй юм. Харин Ц.Б ээс миний дансанд орсон мөнгөний хувьд А.Етой огт хамааралгүй. Ц.Б  нь надтай холбогдож Туркээс маск ирэх хүртэл зарах маск байвал авъя гэж надаас маск авч байсан. Энэ талаар баримт надад бий. Бид хоёрын хооронд өөр ямар нэгэн тооцоо байхгүй. Үүнийг Ц.Б  өөрөө сайн мэдэж байгаа юм. Иймд “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2021/00552 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.М аас 82.683.787 /наян хоёр сая зургаан зуун наян гурван мянга долоон зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 122.367.573 /нэг зуун хорин хоёр сая гурван зуун жаран долоо мянган таван зуун далан гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “ “А ” ХХК-ийн нэхэмжлэхтэй Мираст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын зүгээс тус шүүхэд 2021.06.07-ны өдрийн 130/ШШ2021/00552 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах байдлаар гомдол гаргаж байна.

Үүнд, Ц.Б  би 2020 оны 2-р сарын эхээр нэг удаагийн амны хаалтыг М.М аас авахаар аман байдлаар тохирсон. Ингээд 2020 оны 2-р сарын 12-с эхлэн WhatsАрр дээр М.М тай харилцаж М.М  надад бүтээгдэхүүний сертификат, зураг зэргийг явуулж, маскийн төлбөрийг 100 хувь бэлнээр авч итгэлцэл дээр тохирч маск надад худалдана гэдгээ хэлсэн. Би мөн чатан дээр тухайн үед өөрийн компани байсан “А ” ХХК-ийн мэдээллийг өгч, маскийг хэдээр зарах, мөн эхний худалдаж авсан маскийг хэзээ ирэх талаар асууж лавлаж, гаалийн бичиг баримтуудыг асууж байсан (Энэ талаарх баримтуудыг WhatsАрр Мiras гэсэн нэртэй 2020 оны 2-р сарын 12-с 2020 оны 2-р сарын 27-ны өдрийг  хүртэл чат яриаг баримтжуулж тус шүүхэд өгсөн болно). Ингэж М.М тай маскийн  ажлыг эхлүүлсэн ба энэ үед А.Еыг би огт таньдаггүй байсан. Тиймээс М.М  нь энэхүү маскийн ажлыг хариуцах эзэн нь юм.

Ц.Б  би М.М тай маск худалдан авах ажлыг ярилцаж тохиролцож, 2020 оны 2-р сарын 14-д хамт банк орж анхны захиалга болох 100,000ш маскийн төлбөр 51,000,000 төгрөгийг өөрийн болон “А ” ХХК-ийн данснаас М.М ын хэлсний дагуу А.Еын данс руу шилжүүлсэн. Мөн энэ өдөр М.М т маскийн ашиг болгон 7,000,000 төгрөгийг өөрийн данснаас М.М ын данс руу шилжүүлсэн. Ингэж анхны захиалга болох 58,000,000 төгрөгийн маскийн захиалгыг М.М  зөвшөөрч хийгдсэн. Үүний дараа 2 дахь захиалга болох 500,000ш маскийн захиалгыг 2020 оны 2-р сарын 21-д М.М ын хэлсний дагуу тус өдөр М.М  нь надад Fасеbоок чатаар А.Еын дансны дугаарыг явуулсан,  А.Еын данс руу 265,000,000 төгрөгийг шилжүүлж, маскийн ашиг болгож 30,000,000 төгрөгийг М.М  дансаар авсан. Эдгээр мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримтуудыг шүүхэд өгсөн болно. Ингэж М.М т маскийн хоёр дахь захиалгыг өгсөн бөгөөд энэ үед А.Еыг би огт таньдаггүй байсан. Тиймээс М.М  нь энэхүү маскийн ажлыг хариуцах эзэн нь юм.

2020 оны 2-р сарын 26-д буюу маскийн 2-дахь захиалга хийгдсэний дараа М.М  нь WhatsАрр дээр Маsк групп чатыг үүсгэж Турк улсад суух А.Е гэх хүнтэй анх танилцуулсан. Туркээс Улаанбаатар луу маск тээвэрлэх ажлыг зохицуулах ажилтай байсан. Энэ талаар Маск групп чатан дээрээс тодорхой харагдаж байна. Гэвч “А ” ХХК-аас захиалсан маскийг анх тохирсон хугацаа болох 14 хоногт багтаж нийлүүлэхгүй, үлдэгдэл маск ирэхгүй хэдэн сараар хойшлогдож байсан тул мөнгийг буцаан авахаар М.М тай ярилцаж А.Еоос шаардсан боловч авч чадаагүй. Ингээд анх энэхүү маскийн ажлыг ярилцаж тохиролцсон М.М аас маскийн үлдэгдэл төлбөр болон ашиг болгон өгсөн нийт 205,051,360 төгрөгийг буцаан өгөхийг шаардсан боловч буцааж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. WhatsАрр групп чатанд А.Еоос үлдэгдэл маскийн мөнгийг асууж, гол буруутан нь А. Е гэж харагдаж байгаа боловч гол хариуцагч, энэхүү маскийн ажлыг зохион байгуулсан, надтай анх ярилцаж тохиролцсон М.М  нь үлдэгдэл маскийн тооцоог хийж дуусгах хариуцагч мөн юм.

Ц.Б  би “А ” ХХК-ийг эзэмшиж байхдаа Монос Улаанбаатар ХХК-тай жил бүр гэрээ хийж хамтран ажилладаг байсан бөгөөд 2020 оны 2-р сарын 14-д 100,000ш маскийн захиалга болох 65,000,000 төгрөгийг “А ” ХХК-ийн данс дээр авсан. Ингээд М.М ыг “А ” ХХК-д маск олж нийлүүлж байгааг үнэлэн 7,000,000-ийг ашиг болгож өгсөн. Үүний дараа 2020 оны 2-р сарын 21-д Монос Улаанбаатар ХХК-аас 500,000ш маскийн төлбөр болох 390,000,000 төгрөгийг “А ” ХХК-ийн данс дээр авч М.М ыг “А ” ХХК-д маск олж нийлүүлж байгааг ахин үнэлэн 30,000,000-ийг ашиг болгож өгсөн. Монос Улаанбаатар ХХК- аас “А ” ХХК дээр хүлээн авсан дээрх төлбөрийн баталгааг шүүхэд гаргаж өгсөн болно. Гэтэл М.М  А.Е нар нь Монос Улаанбаатар ХХК-тай тохиролцож энэхүү маскийн ажлыг хийсэн мэт болгож байгаа нь үндэслэлгүй. Харин М.М  нь “А ” ХХК-д тогтсон хугацаандаа бараагаа нийлүүлээгүй, үлдэгдэл маскийн төлбөр болон маскийн ашиг болгон авсан мөнгийг буцааж өгөхгүй байгааг буруутай гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаар “А ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Б ээс 2 удаагийн гүйлгээгээр А.Ет 265,000,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнөх үйл явцад М.М  нь А.Етой холбон өгч, М.М  Ц.Б тэй харилцан тохиролцож захиалга хийснийхээ ашгийг авахаар тохиролцсон нь А.Ет мөнгө шилжүүлэхээс өмнө М.М тай аман хэлцэл хийж энэхүү хэлцлийг М.М  зөвшөөрсний дагуу түүний зөвшөөрлөөр мөнгийг 2 хувааж шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасны дагуу Ц.Б  болон М.М  нарын хооронд амаар хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-д “хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан” – аар хэлцэл хийсэн гэж үзэхээр хуульчилсан байх тул Ц.Б ээс гаргасан саналыг анх М.М  хүлээн авч хариуг өгснөөр Ц.Б  болон М.М  нарын хооронд хэлцэл хийгдсэн. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасны дагуу “хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг А.Е, 50 хувийг М.М  хариуцаж төлөх нь зүйтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юмаа. Учир нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээ, хэлцлийг анх зөвхөн М.М тай амаар тохиролцсон, мөнгийг М.М ын зөвшөөрлөөр А.Ет шилжүүлсэн байдаг.

Иймд Баян-Өлгий аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.07-ны өдрийн №130/ШШ2021/00552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн 2021 оны 6 сарын 07 өдрийн 130/ШШ2021/00552 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн нотлох баримт цуглуулах эрхийг зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг талыг баримтлан үнэлж Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.М аас 82.683.787 /наян хоёр сая зургаан зуун наян гурван мянга долоон зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК- д олгож шийдвэрлэсэн юм. Шүүхээс Ц.Б  нь "Монос Улаанбаатар" ХХК-тай худалдааны хамтран ажиллах гэрээтэй байсан байх бөгөөд уг гэрээгээр тус компаниас маск нийлүүлэх захиалга авч, уг захиалгын мөнгөөр ашиг олох зорилгоор хариуцагч М.М тай хамтарч, М.М  нь Турк улсаас маск нийлүүлэх үйлчилгээ хариуцан ажилласан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан байна. Бодит нөхцөл байдал дээр М.М аас Ц.Б  нь хямд үнэтэй маск олдох уу гэдэг байдлаар үйл баримт эхэлдэг юм. Тэгээд М.М  нь Ц.Б ийг Турк улсад оршин суудаг А.Етой холбож өгдөг ба маск захиалан авхуулахад амар хялбар болгох үүднээс чат үүсгэсэн байна. М.М ын холбож өгснөөр Ц.Б  нь А.Етой худалдах, худалдан авах гэрээ байгуулан эхний захиалгыг хийж, эд зүйлээ хүлээж авсны дараа 2 дахь удаагаа их хэмжээний захиалгыг хийж, мөнгө шилжүүлсэн байна. М.М  ч гэсэн өөрийнхөө хэрэгцээндээ тааруулж 10,000 ш маск захиалдаг юм. Худалдагч А.Е нь худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө төгрөгөө шилжүүлэн авсан атлаа  хүлээсэн үүргээ зөрчдөг юм. Ц.Б  нь А.Еоос шилжүүлсэн мөнгөө буцаан төлөхийг А.Еоос удаа дараа шаарддаг ба А.Е нь түүний шаардсан мөнгийг нь буцаан төлөхөө илэрхийлж, мөнгийг нь шилжүүлэхээр хэд хэдэн удаа оролдлого хийдэг боловч амжилтгүй болдог. Улмаар Ц.Б  нь БНТурк улсын консул ажилтай гэх Золбаяр гэдэг хүнээр дамжуулан А.Еоос мөнгөө авхуулахаар болдог ба ватсап чатаар Золбаяр нь А.Ет удаа дараа шахалт үзүүлж байгаа зүйл бичигддэг юм. Дараа нь А.Е нь нас барсан учраас Ц.Б  нь Цагдаагийн газарт А.Еыг холбогдуулан гомдол гаргасан ба энэхүү маргаан нь иргэний хэргийн маргаан учраас шүүхэд хандахыг зөвлөн гомдлыг нь буцаасан байна. Нэгэнт хариуцагч А.Е нь нас барсан учраас М.М т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Ц.Б  болон М.М  нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн үндэслэлгүй байна Ц.Б  болон М.М  нар нь хамтран ажиллах талаар ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй бөгөөд талуудын эрх, үүрэг, ашиг, алдагдал, дундын хөрөнгийн хуваарилах талаар огт тохиролцоогүй байдаг юм.

Зөвхөн А.Е гэдэг хүнээс тус тусдаа маск худалдан авах харилцаа үүссэн байдаг. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна", 478.12-т "гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэснийг үндэслэн М.М аас мөнгө гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ц.Б ий А.Ет маскийн  төлбөр хэмээн шилжүүлсэн мөнгийг хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал гэж үзэх боломжгүй. А.Е нь энэхүү мөнгийг зөвхөн өөртөө авсан талаар, мөн Ц.Б д буцааж шилжүүлэх талаар удаа дараа илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог Энэхүү мөнгийг БНТурк улсын консул ажилтай Золбаяраар дамжуулан авсан ч байж болзошгүй гэж үзэж байна. Ц.Б ий шилжүүлчхээд буцааж авч чадахгүй байгаа явдалд М.М ыг буруутгах үндэслэл байхгүй. Ц.Б  нь маск авахаар бол  А.Ет шилжүүлсэн мөнгийг "алдагдал" гэж үзэх боломжгүй. Алдагдал гэдэг нь эдийн засгийн ухааны ойлголт болохын хувьд бусдад шилжүүлсэн мөнгө төгрөгийг олгохгүй. Иргэний хуулийн 478.12-т "гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна" гэснийг баримталсан боловч талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй байна. М.М  нь 10,000 ш маск буюу 5,500,000 төгрөгийг л А.Ет шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. Тэгвэл энэхүү хэмжээндээ хариуцлагын асуудал ярих ёстой.

“А ” ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй. Шүүхээс Ц.Б  болон М.М  нарыг хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтран ажилласан ба алдагдлыг хамт үүрэх ёстой хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Шүүх нь өөрийнхөө дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Ц.Б  нь М.М тай хамтран ажилласан хэмээн дүгнэсэн атлаа “А ” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ц.Б  нь шүүхэд хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй, “А ” ХХК-гийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж. нэхэмжлэлийн үндэслэлээ М.М  нь А.Етой хамтран залилан мэхэлсэн хэмээн тайлбарлан тодруулж байсан. Анхан шатны шүүгч нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадна дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч М.М  нь хилийн чанадаас тухайн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой, бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг авхуулахаар гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзаж, нотлох баримт цуглуулах эрхэд нь халдсан. Мөн тухайн мөнгө нь А.Еын нас барсан шалтгаантай холбоотой байх гэсэн үндэслэлээр БНТурк улсад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нотлох баримтыг цуглуулах талаар гаргасан хүсэлтийг мөн үндэслэлгүйгээр татгалзаж хариуцагчийн татгалзлыг нотлох эрхийг нь хаасанд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж, хариуцагч талаас судлуулсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй, хариуцагч талын судлуулсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй хэмээн үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар шийдвэртээ дурдаагүй байна. /Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч талаас судлуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан асуулт, хариултуудыг үзэх/ Шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, нэг талыг барьсан, илт үндэслэл муутай болжээ.

Иймд хэргийг бүхэлдээ хянаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүлийн 2021 оны 6 сарын 07 өдрийн 130/ШШ2021/00552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, “А ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, одоо тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Ц.Б  нь коронавируст халдварын цар тахлын улмаас амны хаалтын эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан БНТурк Улсаас их хэмжээний нэг удаагийн амны хаалт нийлүүлж, Монгол Улсад борлуулж ашиг олох талаар М.М т санал гарган, улмаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.Б ий данснаас М.М ын данс руу 7.000.000 төгрөг, мөн М.М ын хэлсний дагуу Ц.Б ий данснаас БНТурк Улсад түр оршин суудаг А.Еын данс руу 26.000.000 төгрөг, “А ” ХХК-ийн данснаас А.Еын данс руу 25.000.000 төгрөг, нийт 58.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “А ” ХХК-ийн данснаас М.М ын данс руу 30.000.000 төгрөг, мөн М.М ын хэлснээр тус компанийн данснаас А.Еын данс руу хоёр удаагийн шилжүүлгээр 265.000.000 төгрөг, нийт 295.000.000 төгрөг, бүгд 353.000.000 төгрөгийг нэг удаагийн амны хаалтын үнэ, төлбөр болгож шилжүүлсэн боловч 2020 оны 3 дугаар сард БНТурк Улсаас А.Еын илгээсэн 142.948.640 төгрөгийн үнэтэй нэг удаагийн амны хаалтыг хүлээж авсан, М.М  нь 5.000.000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл 205.051.360 төгрөгийг хариуцагч М.М аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

 

Харин хариуцагч М.М  нь БНТурк Улсаас нэг удаагийн амны хаалт нийлүүлэх ажилд гэрээний нэг тал болж, үүрэг хүлээж оролцоогүй, “А ” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Б  болон БНТурк Улсад түр оршин суудаг А.Е нар шууд харилцаж, БНТурк Улсаас нэг удаагийн амны хаалт худалдаж авч, нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлж байсан гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд шүүхэд тайлбар, нотлох баримт гаргах замаар мэтгэлцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.М аас 82.683.787 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122.367.573 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3, 168.1.7 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

1. Хэрэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд, Б.Билгүүн, М.М , А.Е нарын цахим сүлжээ дэх харилцан яриа, бичвэрт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээс дүгнэхэд, БНТурк Улсад түр оршин суудаг А.Еын данс руу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ц.Б ий данснаас 26.000.000 төгрөг, “А ” ХХК-ийн данснаас 25.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн данснаас хоёр удаагийн шилжүүлгээр 265.000.000 төгрөг, нийт 316.000.000 төгрөгийг шилжүүлснийг  А.Е нь хүлээн авч, БНТурк Улсаас 142.948.640 төгрөгийн үнэтэй нэг удаагийн амны хаалтыг нийлүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч талаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, нэг удаагийн амны хаалт нөөцлөх, буцаан худалдан борлуулах, нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан нь баримтаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын иргэн, БЮ86072511 регистрийн дугаартай Санырау овогт Атайн Е нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр БНТурк Улсад нас барсан нь хэргийн 2 дугаар хавтасны 108 дугаар талд хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан 1410/000340 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

 

“А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.М т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Еын хууль ёсны өвлөгчийг хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй, зохигчийн эрхийг зөрчсөн байна.

 

Шүүх А.Еын хууль ёсны өвлөгчийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаас өмнө А.Е нас барсантай холбогдуулан түүний эд хөрөнгийг хуульд зааснаар, эсхүл гэрээслэлээр өвлөх харилцаа үүссэн эсэхийг тодруулах шаардлагатайгаас гадна Иргэний хуулийн Тавин наймдугаар бүлэгт зохицуулсан өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах хууль зүйн зохицуулалтыг анхаарвал зохино.

 

2. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөр улсад байгаа учраас хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хилийн чанадаас бүрдүүлэх, цуглуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хамаарах хүсэлт /2хх-53/ гаргасныг мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 588 дугаар шүүгчийн захирамжаар “БНТурк Улсын ямар байгууллагаас, ямар нотлох баримт гаргуулах гэж байгаа нь тодорхой бус” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хуулийн мөн зүйл, хэсэгт нийцээгүй буюу шүүх хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлын талаар Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээнд тодорхойлсон эрх бүхий байгууллагуудаар дамжуулан тодруулах, хууль болон Засгийн газар хоорондын хоёр талт гэрээнд заасан журмаар нотлох баримтыг хилийн чанадаас цуглуулах, бүрдүүлэх боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос “хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” тухай хүсэлтийг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос 3 дахь үндэслэлийг нь тус тус хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 769.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Ц.Б д, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 571.369 төгрөгийг мөн шүүгчийн захирамжаар хариуцагч М.М т тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2021/00552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769.800 /долоон зуун жаран есөн мянга найман зуун/ төгрөгийг Ц.Б д, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571.369 /таван зуун далан нэгэн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг М.М т шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулан буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК