Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарт

холбогдох захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагч нарын өмгөөлөгч Д.Уранчимэг

Гомдол гаргагч М.Батбаяр

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаагийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 98 дугаар шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарын давж заалдах гомдлуудаар М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Зурхайч овогт Мижийдалбарын Дарьбат, 1975 оны 7 дугаар сарын 13-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Заг сум, 2 дугаар багт оршин суух, /регистрийн дугаар ВО75071313/

Монгол улсын иргэн, Тэмээчин овогт Баттулгын Лхагвасүрэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баянхонгор аймаг, Заг сум, 2 дугаар багт оршин суудаг, /регистрийн дугаар ВО95113011/

Монгол улсын иргэн, Тэмээчин овогт Хатанбаатарын Бямбадорж, 1994 оны 7 дугаар сарын 2-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Баянхонгор аймаг, Заг сум, 2 дугаар багт оршин суудаг, /регистрийн дугаар ВО94070211/

Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нар нь МАН /Монгол Ардын Нам/-ын даалгавараар 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын төвийн айлуудаар орж Улсын их хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэн, доромжлох, гутаах мэдээ мэдээлэл агуулсан бичлэгийг авч яван дүрс бичлэг уншигч төхөөрөмжөөр дамжуулан айлын зурагтаар үзүүлэн сөрөг агуулга бүхий хууль бус сурталчилгаа хийсэн,

Мөн тус сумын Залаа-Овоо 4 дүгээр багийн Засаг дарга МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн штаб-д ажиллаж байгаа  Б.Мөнх-Эрдэнэ нь мөн өдөр Хүрэн бэлчир хүртэл Загийн гол дагуу зусаж байгаа айлуудаар МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын сонгуулийн сурталчилгааны материал гэж “Фокус” нэртэй сонин нэр дэвшигч Л.Элдэв-Очироос сонгогчидод хандаж бичсэн “Нутгийн түмэндээ өргөх ил захидал” гэсэн зүйлс тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.13, 70.12 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.2 дахь хэсэгт зааснаар М.Дарьбатыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.15.1 дэх хэсэгт зааснаар Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарт тус бүр нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус ногдуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нар нь торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг мэдэгдэж, зөрчлийн материалд түр хураагдсан бичлэг бүхий 7 сиди, Фокус мэдээ сонин 1 ширхэг, нэр дэвшигч Л.Элдэв-Очирын сонгуулийн штабаас гаргасан “Нутгийн түмэндээ өргөх ил захидал” 1 ширхэг зэргийг зөрчлийн материалд үлдээж, шийтгэвэрт гомдол гаргах эрхийг нь дурдаж шийдвэрлэжээ.

М.Дарьбат гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Заг сумын МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн штаб-д шадар туслагчаар ажилласан. 2016 оны 6 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Намын дарга дуудаад аймгаас бичлэг ирсэн байна айлуудаар үзүүл гэсэн. Би өөрөө уг бичлэгийг үзүүлээгүй бөгөөд намын байраар орж ирсэн Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нараар ганц нэг айлаар ороод үзүүлчих гээд Мөнхбат гэдэг айлын гадаа хүргэж өгөөд буцаж гэртээ ирсэн. Би уг бичлэгийг нэг ч айлд үзүүлээгүй байтал намайг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж арга хэмжээ авсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг бичлэгийг өөрөө эмхэтгээд айлаар орж үзүүлээгүй тул тэр бичлэгт юу байгаа ямар зорилготой ч мэдэхгүй тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд уг бичлэгийг ямар зорилгоор хэн тараасан гэдгийг нарийвчлан шалгаж жинхэнэ хүнд нь хариуцлага тооцуулах нь зөв гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 98 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Заг сумын МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн байраар ортол намын дарга нэг бичлэг өгөөд үүнийг 2 айлд үзүүлээдэх гэхээр нь өөрийн найз Б.Лхагвасүрэнтэй хамт нэг айлд үзүүлээд дараагийн айлд үзүүлэх гэж байтал Ардчилсан намын хүмүүс ирээд аваад явсан. Гэтэл энэ асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэнээр бид хоёрыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь заалтыг зөрчсөн гэж захиргааны арга хэмжээ авч тус бүр 192.000 төгрөгийн торгууль ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр уг бичлэгийг өөрсдөө зориуд эмхэтгээгүй бөгөөд тэр бичлэгт юу байгаа, ямар зорилготойг ч мэдэхгүй. Уг бичлэгийг ямар зорилгоор хэн тараасан зэргийг нарийвчлан шалган тогтоож хариуцах хүнд нь шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Бид хоёр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн орлоггүй тул торгууль төлөх чадваргүй. Иймд шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Баянхонгор аймгийн Заг сумын Ардчилсан намын дарга М.Батбаяр, М.Оюунтогтох нараас Баянхонгор аймгийн Заг сумын Цагдаагийн хэсэгт иргэн Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нар нь МАН /Монгол Ардын Нам/-ын даалгавараар 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын төвийн айлуудаар орж Улсын их хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Баттулгыг гүтгэн, доромжлох, гутаах мэдээ мэдээлэл агуулсан бичлэгийг авч яван дүрс бичлэг уншигч төхөөрөмжөөр дамжуулан айлын зурагтаар үзүүлэн сөрөг агуулга бүхий хууль бус сурталчилгаа хийсэн,

Залаа-Овоо 4 дүгээр багийн Засаг дарга, МАН /Монгол Ардын нам/-ын сонгуулийн штабад ажиллаж байгаа  Б.Мөнх-Эрдэнэ нь мөн өдөр Хүрэн бэлчир хүртэл Загийн гол дагуу зусаж байгаа айлуудаар МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын сонгуулийн сурталчилгааны материал гэж “Фокус” нэртэй сонин нэр дэвшигч Л.Элдэв-Очироос сонгогчдод хандаж бичсэн “Нутгийн түмэндээ өргөх ил захидал” гэсэн зүйлс тараасан буюу Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6, 70.5.13, 70.12 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар гомдол гаргажээ.

Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарын айлуудаар явж үзүүлсэн гэх Ардчилсан намаас Улсын Их хурлын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Баттулгад холбогдох нэвтрүүлгийг хэзээ, хаанаас бэлтгэн Баянхонгор аймгийн Монгол Ардын намын төв штабад ирүүлсэн эх сурвалж нь тодорхойгүй, уг нэвтрүүлэгт оролцсон нэр бүхий хүмүүсийн ярилцлага, бичлэгт дурдагдсан асуудлууд болон Монгол Ардын намаас Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигч Л.Элдэв-Очирын сонгуулийн сурталчилгааны материал гэж “Фокус” нэртэй сонин, сонгогчдод хандан бичсэн “Нутгийн түмэндээ өргөх ил захидал” нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүндийг гутаан доромжлох, гүтгэсэн мэдээлэл байсан эсэхийг нотолсон баримт зөрчлийн материалд хавсаргагдаагүй байна.

Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан буюу Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцогдсон эсхүл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээсэн зэргээр тайлбарлагдах бөгөөд энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, шийдвэр гарсан эсэх нь тодорхой бус байхад М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Иймд М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 98 дугаар шийтгэвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нар нь сонгуулийн штабын ухуулагчийн үнэмлэхтэй этгээд мөн эсэх талаар аймгийн сонгуулийн хорооноос лавлагаа аваагүй, түүнчлэн цагдаагийн байгууллагад захиргааны зөрчил гаргасан талаар аливаа нэгэн этгээд гомдол гаргаагүй тэрээр сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн талаар зөрчлийн материалд ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад М.Дарьбатыг уг зөрчлийн материалд холбогдуулан шалгаж анхан шатны шүүх түүнийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн захиргааны шийтгэл ногдуулсан, Б.Мөнх-Эрдэнэ гэгч нь МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын сонгуулийн сурталчилгааны материал гэж “Фокус” нэртэй сонин нэр дэвшигч Л.Элдэв-Очироос сонгогчдод хандаж бичсэн “Нутгийн түмэндээ өргөх ил захидал” гэсэн зүйлс тараасан гэх зөрчлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа зэргийг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг  удирдлага  болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 98 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, М.Дарьбат, Б.Лхагвасүрэн, Х.Бямбадорж нарт холбогдох захиргааны зөрчлийн материалыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

              ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ