Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/0339/з |
Дугаар | 219 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 219
“З т н” ОНӨААТҮГ-ын
ажилтны ҮЭХ-ны дарга Н.Т-ын нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “З т н” ОНӨААТҮГ-ын “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0215 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтын ҮЭХ-ны дарга Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “З т н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А нарыг оролцуулж,
Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын З т н ОНӨААТҮГ-ын Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох тухай “З т н” олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0215 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2019/0121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж тодруулаагүй гэж дүгнэсэн нэхэмжлэгч “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороог хууль бус болон Ц.А-ыг төлөөлөх эрхгүй этгээд гэдэг дээр маргадаггүй бөгөөд дээрх 2 үйлдвэрчний эвлэлийн хороодыг байгуулсантай холбоотой маргааныг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх үйл баримтыг анхан шатны шүүхээс хөтөлбөргүй тогтоогоогүй, холбогдох баримтыг хангалттай цуглуулаагүй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу байгуулсан хамтын гэрээг хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг шалган тогтоох ажиллагаа Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн дүгнэлт хийсэн.
5. Мөн хариуцагч тал “Э н” үйлдвэрчний эвлэлийн хороог гэрээ байгуулах хууль ёсны этгээд мөн эсэхийг тогтоосон эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс энэ талаар шалгаж тодруулаагүй, анхан шатны шүүхээр үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан болон хууль ёсны талаар талууд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Засаг даргын Тамгын газар талуудын байгуулсан Хамтын гэрээ, хэлэлцээр ажилтны эрхийн байдлыг хууль, тогтоомжид зааснаас дордуулсан зохицуулалт байгаа эсэхийг хянан бүртгэхээр зохицуулсан. Гэтэл гэрээний талуудыг тодорхойлох баримтыг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасантай зөрчилдөж байна.
6. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч “З т н” ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-ны дарга Н.Т нь Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “З т н” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “бусад үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдээгүй, оролцоог хангахгүйгээр зөвхөн нэг үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан, ажилчдын хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангагдах эрх зөрчигдсөн” гэж тодорхойлж маргажээ.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, хариуцагч Засаг даргын Тамгын газар нь хамтын гэрээг бүртгэхдээ түүний хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
10. Гэтэл анхан шатны шүүхээс “хамтын гэрээг хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, захиргааны байгууллага нь бүртгэл хийхдээ хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох үүрэгтэй байна.
11. Түүнчлэн, анхан шатны шүүхээс “хамтын гэрээг бүртгэхдээ өөр этгээдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй” гэж захиргааны байгууллагын “хууль зүйн үндэслэлийг хянаж, бүртгэх эсэхийг шийдвэрлэх” үүргийг буруу тайлбарласан байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж, хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно” гэж заасныг дээрх хуулийн заалттай уялдуулан тайлбарлахад тус “З т н” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хэд хэдэн үйлдвэрчний эвлэлтэй болох нь тогтоогдсон, иймээс Хамтын гэрээг байгуулахдаа бусад үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангасан эсэхийг захиргааны байгууллага шалгах үүрэгтэй гэж үзнэ.
12. Хариуцагч нь “З т н” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөлөл бүрэн оролцсон эсэх үйл баримт маргаантай байгааг мэдэж байсан болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/680 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон, ямар үндэслэлээр 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зөвхөн нэг үйлдвэрчний хороотой буюу “Э н” үйлдвэрчний эвлэлийн хорооны байгуулсан гэрээг бүртгэсэн үндэслэл тодорхойгүй, холбогдох баримтыг цуглуулах тухай давж заалдах шатны шүүхийн магадлал зөв болжээ.
13. Хариуцагчийн “хамтын гэрээ хуульд нийцсэн эсэхийг шалгах ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн маргаан биш” гэх гомдол үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хамтын гэрээг бүртгэх үүргээ захиргааны байгууллага хэрхэн хэрэгжүүлсэн, түүний хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаан мөн юм. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хамтын гэрээг бүртгэхдээ хамтын гэрээ хуульд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох бүрэн эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлсэн эсэх, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэхийг хянах нь захиргааны шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарна.
14. Гуравдагч этгээд “Э с н” үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд С.Э байх бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Ц.А оролцсон зэргийг тодруулах шаардлагатай байна.
15. Эдгээр үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2019/0215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ