Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 788

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Д  

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн *** дугаар бүхий шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч Г.В нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэврийн хуудсаар Ц.Дг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Алтай үйлчилгээ орон сууцны 32 дугаар барилгыг 2014 оноос “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн зөрчлийн тухай тэмдэглэлд “2014 оноос Алтай үйлчилгээ орон сууцны 32 дугаар байрны барилга угсралтын ажлыг холбогдох бичиг баримт дутуу зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн.

Дээрх захиргааны зөрчлийн нөхцөл байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д  “2015 оны 7 дугаар сарын 02 өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж зааснаас үзвэл иргэн Ц.Дгийн гаргасан захиргааны зөрчил нь 2014 оны цаг хугацаанд хамаарч байгаа тул улсын байцаагчийн *** дугаар бүхий шийтгэврээр ногдуулсан захиргааны шийтгэл болох 4.800.000 төгрөгний торгуулийг Өршөөлийн хуульд хамруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.В нь “Аптай” үйлчилгээний орон сууцны барилга угсралтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх /барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх/ заалтыг зөрчсөн байх тул 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй *** дугаартай шийтгэврийн хуудсаар Барилгын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь заалтыг үндэслэн 4,800,0 мянган төгрөгөөр торгосон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь /Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ/, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь /Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан Өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна/ гэж заасан. Улсын байцаагчийн захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гарсан хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байна. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй байх тул иргэн Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000002 индекстэй *** дугаартай шийтгэврийн хуудсыг эс зөвшөөрч маргаж байна. Мэргэжлийн хяналтын зөрчлийн тэмдэглэлд 2014 оных гэдгийг тодотгон тэмдэглэсэн байгаа нь тус Өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу хамрагдах үндэслэлтэй байгаа юм. Хариуцагчийн зүгээс Өршөөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг барьж маргадаг. Хэдийгээр 2016 онд шийтгэврийн хуудсыг тавьсан боловч гаргасан зөрчил нь 2014 он гэсэн байгаа тул өршөөлийн хуульд заасан хугацаанаас өмнө буюу 2015 оны 07  дугаар сарын 02-ны 24 цагаас өмнө гэдэгт хамрагдаж байгаа юм. Ийм учраас тус шийтгэврийн хуудсыг Өршөөлийн хуульд хамруулах явдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зөрчлөө хүлээн зөвшөөрч, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэж албан бичиг гаргасан. Манайх өршөөлийн хуульд хамруулах боломжгүй гэсэн тайлбараа өгсөн байгаа. 2014 онд зөрчил илэрч акт тавьсан бөгөөд 2016 онд удирдамжтай шалгалт хийхэд зөрчил илэрсэн тул торгууль тавьсан байгаа. Ийм учраас Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн *** дугаар бүхий шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн гаргасан Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан зөрчил буюу барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчил нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанаас өмнө буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан байх боловч уг зөрчил нь 2016 онд үргэлжилж байсан байна.

Нэхэмжлэгч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчлийг 2014 онд гаргаж, уг зөрчил нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016 онд хяналт шалгалт хийж, торгох захиргааны шийтгэл ногдуулах үед үргэлжилж байжээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчил нь үргэлжилсэн үйлдэлтэй захиргааны зөрчил байх бөгөөд уг зөрчил 2016 онд үргэлжилсэн байна. 

Тодруулбал Мэргэжлийн хяналт улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ****тоот актаар барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг бүрэн арилгах хүртэл хугацаагаар барилга угсралтын ажлыг зогсоосон байтал уг зөрчлөө нэхэмжлэгч арилгаагүй 2016 онд үргэлжлүүлж байсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчлийг зөвхөн 2014 онд гаргасан зөрчил гэж үзэхгүй ба уг зөрчил 2014-2016 онуудыг дамнан үргэлжилсэн байна. 

Өөрөөр хэлбэл өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хугацаанаас хойш буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш уг зөрчил үргэлжилж байсан байна. 

Дээрх зөрчил нь 2016 онд үргэлжилж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж тус тус заасан байна. 

Шүүх шийтгэврийн хуудас үйлдэгдсэн цаг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанаас хойш байх тул гэсэн үндэслэлээр биш харин нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь 2016 онд үргэлжилж байсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. 

Нэхэмжлэгч нь баримт бичгийг шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчлийг гаргаагүй гэж маргаагүй , торгууль ногдуулсан нь үндэслэлгүй тул шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба харин өршөөлийн хуульд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.     

Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн ...өршөөлийн хуульд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй захиргааны шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх болон зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх зэрэг асуудалд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн *** дугаар бүхий шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ