Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 56

 

Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0011 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 788 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0087929 дугаар бүхий шийтгэврийн хуудсаар ногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0011 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үргэлжилсэн үйлдэлтэй бөгөөд 2014-2016 оныг хүртэл үргэлжилсэн гэж үзсэн байна. Үргэлжилсэн үйлдэлтэй зөрчил /гэмт хэрэг/ гэдэг бол хэд хэдэн үйлдлээр нэг зөрчил гаргасан байхыг ойлгодог. Нэхэмжлэгчийн гаргасан Барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлээгүй гэх зөрчил бол нэг эс үйлдлээр 2014 онд болоод төгссөн үйлдэлтэй зөрчил юм, Өөрөөр хэлбэл БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил нь 2014 онд эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаас харагдах бөгөөд тухайлбал 2014 онд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн баримт бичиг бүрдээгүй байсан. Энэхүү баримт бичгийг бүрдүүлээгүй нь нэг удаагийн үйлдэл юм. Барилгын ажил эхлүүлэхээс өмнө л барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ёстой ба ажил эхлүүлсний дараа зөвшөөрөл авах нь ач холбогдолгүй юм. Мөн нэг зөвшөөрлийг хэд хэдэн удаа авах үүрэггүй, боломжгүй тул уг зөрчил хэд хэдэн үйлдлээр үргэлжилсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчийн шийтгэврийн хуудас болон зөрчлийн тэмдэглэлд 2014 оны зөрчил гэж бичигдсээр байхад шүүхээс 2016 онд үргэлжилсэн болгож өршөөлд хамаарах хугацаанаас гаргасан нь үндэслэлгүй байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуулийн 3.1-д заасан "гэмт хэрэг үйлдсэн хүн" гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна" гэж заасны дагуу 2015 оны 7 сараас өмнө буюу 2014 онд гарсан захиргааны зөрчил байх тул өршөөлд хамрах үндэслэлтэй.

Шүүхээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №02-07-86/438 дугаартай актаар дээрх зөрчлийг тогтоож захиргааны хариуцлага хүлээлгэснийг тогтоосон. Өөрөөр хэлбэл 2014 онд зөрчил үйлдэгдээд мөн ондоо тус зөрчил эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдож, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэсэн буюу зөрчил гарсан буюу тогтоосон үйлдэл нь 2014 онд дууссан байхад 2016 онд үргэлжилсэн гэж үзсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Даваасүрэн нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 0087929 дүгээр шийтгэврийн хуудсаар оногдуулсан захиргааны шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий шийтгэврийн хуудсаар “барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлээгүй” гэх үндэслэлээр 4800000 төгрөгөөр торгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс “зөрчил 2014 онд үйлдэгдээд дууссан, хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө зөрчил гаргасан этгээдэд уг хууль үйлчлэх байна.

Гэвч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь үргэлжилж байсан буюу 2016 онд хяналт шалгалт хийхэд барилга байгууламжийг холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлэлгүй барьсан зөрчил арилаагүй байсан байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үргэлжилсэн тохиолдолд сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлага тооцох тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Иймээс хуулийн дээрх үйлчлэлд хамаарахгүй буюу 2015 оны 7 дугаар сарын 2-н гэхэд уг зөрчил арилаагүй, үргэлжилж байсан, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “баримт бичгийг бүрдүүлээгүй нь нэг удаагийн үйлдэл юм, барилгын ажил эхлүүлсний дараа зөвшөөрөл авах нь ач холбогдолгүй, нэг зөвшөөрлийг хэд хэдэн удаа авах үүрэггүй” гэх гомдлын тухайд: Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр гүйцэтгэх, барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагыг хангасны эцэст барилга барих эрх үүсэх тул заавал эрх бүхий байгууллагад холбогдох баримт бичгийг гаргаж өгч, батлуулах нь нэхэмжлэгчийн үүрэг байна. Нэхэмжлэгчээс энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай, барилгын эскиз зураг, зураг төслийн магадлал зэргийг захиргааны байгууллагаар нөхөн батлуулах үүрэгтэй тул үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “2014 оны үйлдэлд 2016 оны Барилгын тухай хуулиар хариуцлагын арга хэмжээ авсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлын хувьд: Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг 2014 онд үйлдэгдээд дууссан гэж үзэхгүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны зөрчил нь үргэлжилж болох хууль зүйн ойлголтыг зохицуулсан, 2016 онд нэхэмжлэгч нь барилгын ажлын зураг төслийг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй, магадлал хийлгээгүй барилга барьсан зөрчил гаргасан хэвээр байсан тул тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2016 оны Барилгын хуулийг хэрэглэж хариуцлага тооцсон нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-86/438 дугаар актаар зөрчлийг бүрэн арилгах хугацаагаар барилга угсралтын ажлыг зогсоосон байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийтгэл оногдуулаагүй, зөвхөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг зогсоосон байх тул нэхэмжлэгчийн “2014 оны актаар захиргааны хариуцлага хүлээлгэсэн атлаа хариуцлагыг давхардуулан оногдуулсан” тухай гомдол үндэслэлгүй. 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 788 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0011 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                 М.БАТСУУРЬ    

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ