Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01381

 

Д.Баатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 145/ШШ2016/00318 дугаар шийдвэр,        

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 204/МА2016/00028 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Ч.Пүрэвдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамьян, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баатар миний бие 1986 оноос өнөөг хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд тасралтгүй 31 дэх жилдээ жижүүрийн ажлыг чанартай, шударга, чин сэтгэлээсээ хийж ирсэн. Гэтэл сургуулийн захирал Г.Пүрэвдорж нь 2016 оны 3 дугаар сарын дундуур өрөөндөө дуудаж надтай хамтарч ажилмааргүй байна гэдгээ хэлсэн. Улмаар намайг хулгайд хардаж, шууд тулган, хардлага сэрдлэгээр 2016 оны 4 дүгээр  сарын 04-ний өдрийн Б/13 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан. Би тушаалд дурдагдсан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй тул намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Жижүүр Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлсийг санаатайгаар хулгай хийж гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан билээ. Манай сургуулийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлс удаа дараа хулгайд алдагдаж байсан учир сургуулийн захиргаа ажиллахгүй байсан камерыг ажиллуулж бичлэг хийтэл тухайн жижүүр нь дээрх зөрчлийг 2016 оны 01 дүгээр сарын 31-нд үйлдсэн.Тэр үеэс хойш cap гарны хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан боловч дээрх жижүүр шиг алдаа гаргаагүй. Иймд миний бие тухайн жижүүрийг дуудаад сургалтын менежерийн хамт бичлэгийг үзүүлсэн. Жижүүр Д.Баатарт сургуулийн захиргаа маш их итгэл хүлээлгэж хамтарч ажиллаж байсан бөгөөд үнэхээр итгэж байсан хүн маань итгэл алдсан учир хамтарч ажиллахгүй ажлаас чинь халлаа гэдгээ хэлсэн. Энэ тухай сайн бодоод эргээд надад хариу хэл гэсэн боловч ирээгүй дахин 03 сарын сүүлээр сургалтын менежерийн хамт дуудан оруулж ирээд өргөдлөө өг түүн дээрээ гаргасан алдаа дутагдлаа ухамсарлан бичээд ир гэхэд дуугараагүй. Жаахан шаардлага тавьсан чинь өөрөө би 04 сарын 01-нээс ажлаа өгье цалингийн зээлтэй гэж хэлээд удалгүй өрөөнөөс гарсан.Хэсэг хугацааны дараа 04 сарын 01-ний өдөр ажилдаа гараад өглөө ажлаасаа буунгуут өрөөндөө оруулж ирэн дахин хэлсэн боловч дуугараагүй. Үүний дараа миний бие өөрт нь хандаж цагаан цаасан дээр алдаагаа ухамсарлаад таван өгүүлбэр бичээд сургуулийн захиргаанаасаа уучлалт гуйж чадахгүй байгаа бол тушаалыг нь гаргалаа гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч орж ирээгүй. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг нь гаргасан. Тушаал нэг ширхэг үйлдээд бичиг хэргийн дэвтэр дээр бичилт хийлгээгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр ажлаас чөлөөлөгдсөн тэмдэглэл хийгээгүй дахин л тухайн хүнийг алдаагаа ойлгоод ороод ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Харин өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ бариад ажлаас чөлөөлөгдөх гарын үсэг зуруулаад авч явсан. Сургуулийн захиргаа итгэл хүлээлгэх удаа дараа алхам хийсэн болно гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 145/ШШ2016/00318 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Баатарыг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 3 сар 13 хоногийн цалин 1 500 066 төгрөгийг хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдоржоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 38 951 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 204/МА2016/00028 дугаар магадлалаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 318 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...захирал Г.Пүрэвдоржоос...” гэснийг “...Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас...” гэж, 2 дахь заалтын “...хариуцагчаас...” гэснийг “...Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас...” гэж тус тус өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 38 951 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, Г.Пүрэвдоржоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Д.Баатар нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үедээ Цагдаагийн байгууллагад бусдын болон байгууллагын эд зүйл хулгайлсан, устгаж сүйтгэсэн үндэслэлээр шалгуулж байсан бөгөөд, энэ хугацаандаа буюу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүх хурал болохыг өмнө шалгуулсан үйлдэл, холбогдох материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газар хянан үзээд, түүний үйлдэл холбогдол нь тогтоогдсон бөгөөд, хохирлын хэмжээ хүрээгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, холбогдох үйлдэл нь тогтоогдсон учир Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтаар захиргааны арга хэмжээ авч шийддвэрлэсэн тухай 980 тоот хариу мэдэгдэх хуудсыг гардан авсан бөгөөд энэ тухай материал анхан шатны шүүхэд бүрдүүлсэн иргэний хэргийн материалд тусгагдаагүй байсан учир иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа дурдаж материалыг хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, уг нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд нь миний хувьд маш их гомдолтой байна.Миний гаргасан шийдвэр бол манай байгууллагын жижүүр Д.Баатар нь Хөдөлмөрийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулинд заасан зөрчлүүдийг удаа дараа гаргаж, тэдгээр нь нотлох баримтаар баталгаажсан учир түүний гаргасан зөрчлүүд нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, сургалт хүмүүжлийн байгууллагын бүх ажилтан албан хаагчид нь суралцагчдын сурч хүмүүжих орчинд нь үлгэр жишээгээр ажлын чадвар, дадлыг хэвшүүлж өндөр соёл, ёс зүйн ухамсрыг үзүүлж байх ёстой гэсэн зарчмыг баримтлан түүний сөрөг үйлдэл, үйл ажиллагаа нь сургуулийн орчинд багш, сурагчдын бүх түвшинд боловсролын байгууллагын нэр хүнд, үнэт зүйл, зорилго чиглэлийг уландаа унагасан гэж үзэж байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн ажлаас халах тушаалыг хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж гаргасан юм.Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байгаа гол үндэслэл маань нэхэмжлэгч Д.Баатарын зөрчилтэй холбоотой нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэсэн баримтанд огт дурдагдаж материалд хавсаргагдаагүй бөгөөд түүний хууль бус үйлдлийг батласан баримт болох CD-нд буулгасан камерийн хяналтын бичлэг, холбогдох иргэд, гэрч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг өмнөх 2 шатны шүүхэд авагдаагүй шинээр илэрсэн нотлох баримт, нөхцөл байдал гэж үзэн, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00318 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00028 дугаартай магадлал зэргийг хүчингүй болгож, гомдлыг хянан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 Нэхэмжлэгч Д.Баатар өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй эрх зүйн маргааныг үүсгэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар тус сургуулийн захирал Г.Пүрэвдоржийг заасан боловч нэхэмжлэлийн өргөдлөөс нэхэмжлэгч 1 дүгээр дунд сургуульд жижүүрийн ажил хийж байсан гэж дурдсан байх тул эрх зүйн харилцааны оролцогч нөгөө тал буюу ажил олгогч нь 1 дүгээр дунд сургууль болох нь тодорхой байхад анхан шатны шүүх сургуулийн захирал Г.Пүрэвдоржид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, иргэн Г.Пүрэвдоржоос хариу тайлбар авч, түүнээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулсан нь хууль бус болжээ. Давж заалдах шатны шүүх нөхөх олговрыг сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч энэхүү өөрчлөлт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн алдааг бүрэн залруулахгүй юм.

Ажил олгогч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь захирлын 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б\13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Баатарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасныг үндэслэн жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг  зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд ажилтан ажил олгогч хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээ авагдаагүй, улмаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг нь дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч бусдын эд зүйлийг удаа дараа хулгайлсан гэж заасан байх боловч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх эсэх нь мөн тодорхой бус үлджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай зохицуулалтыг тухайн харилцаанд хэрхэн хэрэглэх талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүх тухайн харилцааны оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээний талаар дүгнэлт хийгээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил, шийтгэл хоёрын хоорондын уялдаа холбоог тогтоогоогүй, маргааны талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх боломжгүй байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 145/ШШ2016/00318 дугаар шийдвэр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 204/МА2016/00028 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 38 951 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН