Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 419

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 13-14 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Боржигон овогт Дуламын Баатар /РД:ЙЮ62022414/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баатар, хариуцагч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Г.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оноос өдийг хүртэл 31 жил 1 дүгээр сургуульд ажиллаж байна. Энэ хугацаанд зургаан захиралтай хамтарч ажиллаж байсан. Г.Пүрэвдорж захиралтай нэг жил гаран хамтарч ажилласан. Г.Пүрэвдорж захирал урьд нь нийгмийн ажилтан болон хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад захирал болсон. Г.Пүрэвдорж захирлыг ямар учраас тушаал гаргасан болохыг ойлгохгүй байна. 2014 оны 3 дугаар сард Г.Оюун-Эрдэнэ багш нөтбүүкээ багш нарын конторт ил нээлттэй хаяж явсан байсан. Түүнийг нь авч хямгадаж байгаад эргүүлж өгсөн. Гэтэл Г.Пүрэвдорж захирал үүнийг хулгай гэж байгаа. Г.Оюун-Эрдэнэ багш гэрчийн мэдүүлэг өгөхдөө үүнийг би хулгай гэж үзэхгүй. Надад баярлаж явдаг гэсэн байсан. Мөн уртасгагчийн талаар ярихад түрүүнд нь С.Шийлэгцэрэн багш нарын контороос эд зүйл алга болоод байгаа гэж ярьж байсан. Тэгсэн тэр уртасгагчийг конторт ил хаясан байсан. Би түүнийг нь хямгадаж байгаад буцаагаад өгсөн. Би хулгай хийсэн бол гэр лүүгээ авч явах байсан. Миний буцаагаад өгсөн зүйлийг хулгай гээд байгааг нь би ойлгохгүй байна. Үүнтэй холбогдуулж сургуулийн нярав, нягтлан, бүсийн арга зүйч С.Шийлэгцэрэн гээд бүгдийг нь шүүх болон цагдаагийн ажилтан байцаасан. Гитарын утас гэж байгаа. Нэг эвдэрсэн гитар багш нарын конторт хэвтэж л байдаг байсан. Би тэр гитарын утсыг нь авсан. Хавар цагдаа намайг та тэр утсыг нь авч өг гэхээр нь би авчирч өгсөн.

Г.Пүрэвдорж захирал нь талбай дээр явж байгаа мөртлөө би Улаанбаатар хотод явж байна гэж хэлээд шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдааныг би өмгөөлөгч авна гээд хойшлуулсан. Тэгээд тэр шүүх хуралдаанд ороогүй.

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би гудамжинд явж байсан чинь сургуулийн бичиг хэргийн хүүхэн намайг дуудаад таныг 1 дэх өдөр захирал хүрээд ир гэсэн. Тэгэхэд Г.Пүрэвдорж захирал хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байсан. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралтай гэж зарласан байхад Г.Пүрэвдорж захирал намайг дуудсан. Би 12 дугаар сарын 05-ны өдөр өрөөнд нь орсон чинь Г.Пүрэвдорж захирал өргөтгөсөн хурлаар чамайг оруулна гэсэн. Тэгээд намайг энэ хүн хулгай хийсэн гэсэн. Тэр үед би анхан болон давж заалдах шатны шүүхээр нотлогдоогүй зүйлийг та хулгай гэж байна гэж хэлсэн. Хэнд ч мөнгөний хэрэг болдог байх би таныг ажилд чинь авъя гэхдээ таныг жижүүрийн ажил авахгүй хашаанд хог цэвэрлүүлнэ гэсэн. Тэгэхээр би хуульд гэм буруутай нь тогтоогдоогүй бол ажилд нь эргүүлэн томилж түүний оронд ажиллаж байсан хүнийг ажлаас нь чөлөөлнө гэж заасан байна гэхэд Г.Пүрэвдорж захирал тийм зүйл байхгүй. Та хог түүвэл түү гэсэн. Би тэр хогийг нь түүхгүй гэсэн. Хяналтын шатны шүүх хурал болох гэж байхад ингэж дүр эсгэж байсан. Урьд нь хурал дээр хэлсэн гэсэн. Сургуулийн нягтлан болон ажилчид хэлсэн. Таныг 11 сард ажилд чинь эргүүлж авна гэсэн гэхээр нь би үнэн юм байна гэж бодоод ажилдаа орох гэж байгаа юм чинь гээд захын бараа зардаг хүмүүсээс зээл авч хувцас авч байсан.

Г.Пүрэвдорж захирал намайг эргүү толгой тайлбараа өөр өөр өгсөн гэж байгаа. Харин би Г.Пүрэвдорж захирлыг гомдолтой холбогдуулж хариу тайлбар гаргасан.

Нэг бол Д.Баатар гэдэг хүнийг мал юм бол алаад идчихмээр, адгуус юм бол буудчихмаар, хүн болохоор ингээд дүүжигнээд явж байгаа байх. Яагаад надтай эвлэрэхгүй гээд байгааг нь би ойлгохгүй байна. Би буруу зүйл хийгээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэр нь гарсаар байтал ахиад цагдаад өргөдөл гаргаж байгааг би ойлгохгүй байна. Албан байгууллага хариуцаж байгаагийн хувьд хуулийн байгууллагаар тоглож чадна гэж байгаа бол арай тэгж болохгүй юм. Анхан шатны шүүгч, давж заалдах шатны шүүгч, улсын дээд шүүхийн шүүгч нарыг Г.Пүрэвдорж захирал басаад байгаа юм уу? яагаад байгааг нь би гайхаж байна. Энэ шүүгч нар буруу шийдвэр гаргасан юм бол хуулийн байгууллага нь энэ хүмүүст арга хэмжээ авахгүй яасан юм. Г.Пүрэвдорж захирал заавал Д.Баатар гэдэг хүнийг ялтан болгох гэж янз янзын юм нэмж байна. Би бүх зүйлийг тэвчиж явж байна. Г.Пүрэвдорж захирал ноднин цагдаад гомдол өгч цагдаагийн ажилтан Ц.Ганжаргал гэдэг хүн намайг 5000 төгрөгөөр торгосон. Гэрчүүдийг бүгдийг нь дуудаж ир гэхээр нь би бүгдийг нь авчирч байцаалт өгүүлсэн. Үүнд эрүү үүсгэх шаардлагагүй гэж прокурорт шилжүүлсэн байгаа. Яг нарийн яривал Д.Ганцэцэг гэдэг прокурорыг Г.Пүрэвдорж захирал энэ хүн дээр эрүү үүсгээд өг гэж шахсан байгаа. Яагаад гэхээр Д.Ганцэцэг прокурор Г.Пүрэвдорж захирлын эхнэртэй нэг анги байсан. Би худлаа яриагүй Д.Ганцэцэг прокурор өөрөө тэгж хэлсэн. Энэ тушаал гарсны дараа өдрөөс намайг гадуур хулгай хийсэн гэж Г.Пүрэвдорж захирлын удирдлагад ажилладаг хүмүүс болон өөрөө ярьсан. Миний хүүхдийг сургуулийн эмч хөөсөн. Нийгмийн ажилтан нь надаас уучлалт гуйж хүүхдээ хичээлд нь явуул гэхээр нь би хүүхдээ хичээлд нь явуулсан. Би худлаа ярихгүй. Миний охин энэ сургуульд Газар зүйн багш одоо 12 дугаар анги авна. Тэгсэн ангийг нь авч өөр хүнд өгнө гэсэн яриа гарсан байна лээ. Би өөрийн чихээр сонсоогүй бол үнэмшихгүй. Ингэж гэр бүлээр нь доромжилж болохгүй. Г.Пүрэвдорж захирал олон жил энэ албан тушаалыг хаших байх. Хамгийн гол нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Баатар бид хоёрын маргаан бол 2016 оны 7 дугаар сараас эхлэн үргэлжилж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Яагаад гэхээр хэргийн материалд гэмт хэргийн шинжтэй байна гэж байна гэдэг зүйл нь нотлогдоогүй учраас иргэн Д.Баатарын талд гарч байсан. Харин хяналтын шатны шүүхээс энэ хэргийг буцаасан. Анхан шатны шүүх процессын алдаа гаргасан гээд буцаасан. Прокурорын байгууллага болон цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгчийг хулгай хийсэн гэсэн баримт нь байгаа. Бас давхар CD бичлэг хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч нь гитарын утас хулгайлсан уу? гэхэд нь уг CD бичлэгт тодорхой байгаа. Мөн гэрчийн мэдүүлгүүд байгаа. Уг гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгчийг өөрийнх нь эд зүйлийг авсан гэсэн мэдүүлгүүд, камер шүүсэн гэж ярихад нь нэхэмжлэгч хажууд байсан учраас дараа нь авсан зүйлээ буцааж өгсөн гэхдээ өөрөө өгөөгүй хүүхдээр өгүүлсэн гэж байгаа. Гитарын утсыг авсан. Нэхэмжлэгч өгсөн гэж байгаа боловч одоо болтол өгөөгүй байгаа. Тэр хүнийг эд материалаар нь хохироосон. Уг гитарыг дахин ашиглах боломжгүй болгосон. Энэ үйлдлүүд нь гэмт хэрэг юм. Энэ бүгд камерын бичлэгт байгаа. Би энэ хүнийг ажилгүй болгох гээд гүжирдэж зовоогоод байгаа зүйл надад байхгүй. Хяналтын шатны шүүхээс хариу ирээгүй байхад бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хүлээж авсан. Нэхэмжлэгчийн ар гэрийн байдал цалингийн зээлтэй гэсэн байсныг нь харж үзээд захирлын дэргэдэх зөвлөлийн гишүүд 10 гаран хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр гишүүдийг цуглуулж, нэхэмжлэгчийг өөрийг нь байлцуулж байгаад хурлыг хийсэн. Зөвлөлийн гишүүдийн өөрсдийн саналыг хэлсэн протокол нь байна. Эдгээр гишүүд нь юу гэж хэлсэн бэ? гэхээр нэхэмжлэгчийг таны хулгай хийсэн гэдэг чинь цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас тогтоосон байна. Боловсролын салбар бол хүүхдүүд байдаг учраас онцгой объект. Тиймээс танд жижүүрээр ажлуулах итгэл алга. Та гадаа талбайг хариуцаж үйлчлэгч хий. Давхар бага сургууль хариуц гэсэн. Харин хог цэвэрлэ гэж хэлээгүй юм. Та өмнөх ажил шигээ сайн хийгээд алдаа дутагдлаа ойлгох юм бол таныг өмнөх ажилд чинь авах боломж бий. Энэ бол танаас шалтгаалах зүйл гэсэн. Нэхэмжлэгч өөрөө л эсэргүүцэж би энэ ажлыг чинь хийхгүй гээд хаалга саваад явсан. Тэр үед дээд шатны шүүхийн шийдвэр гаргаагүй байсан.

Д.Ганцэцэг прокурорыг дарамталсан гэж ямар ч үндэслэлгүй худлаа зүйл. Хуулийн байгууллагадхөндлөнгөөс нөлөөлөхгүй гэж хуульд заасан байгаа. Би энэ асуудлыг шүүхэд өгнө. Нэхэмжлэгч өөрөө хагалгаанд ороогүй. Эхнэр нь хагалгаанд орсон. Гэтэл би хагалгаанд орсон. Би өнөө маргаашгүй үхлээ гэж худлаа ярьж байна. Эхлээд би хулгай хийгээгүй байхад ажлаас халсан гэж байсан бол өнөөдөр нотлох баримтаар нотлогдохоор ахиад өөр тайлбар өгч байгаа. Уг тайлбартаа сургуулийн ой болсон. Би 90 жилийн комиссод орсон байсан. Намайг 90 жилийн комиссод орсон учраас ажлаас халсан гэсэн байгаа. Ингээд тайлбар болгон нь өөр байгаа. Нэхэмжлэгч өнөөдөр миний буруу би хулгай хийсэн гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Үүнд миний бие болон сургуулийн захиргаа гомдолтой байгаа. Нэхэмжлэгч би хулгай хийсэн уучлаарай гээд ороод ирсэн бол магадгүй өнөөдөр өөр байдалтай байх байсан. Энэ хэрэг одоо болтол ингэж үргэлжилж байгаа нь нэхэмжлэгчтэй холбоотой. Нөтбүүкны асуудал байгаа. Тав дахь өдөр ажил тарсны дараа багш нарын контор цоожтой байхад нь онгойлгоод нөтбүүкийг нь аваад явсан. Хүний эд хөрөнгийг яагаад байсан газар нь байлгаж болдоггүй юм. Яагаад хямгадах нэрээр хүний эд хөрөнгийг аваад байдаг юм. Сүүлийн хулгай нь бас л тав дахь өдөр байсан. Хулгай хийсэн үйлдэл нь CD дээр бичигдсэн байгаа. Өнөөдөр 100 төгрөг хэлэхгүй авсан ч хулгай их бага гэхгүйгээр хулгай л бол хулгай. Нэхэмжлэгч тайлбар болгондоо миний ажлын байранд 3 дугаар багийн Засаг дарга Оюунчимэгийн нөхөр Гомбыг ажилд авах гээд намайг намын шугамаар ажлаас халсан гэж ярьж байгаа. Энэ Гомбо нь 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон. Бас нэг тайлбартаа Доржжанцан гэдэг хүнийг ажилд авах гэж байна гэсэн. Энэ Доржжанцан гэдэг хүн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өндөр настны тэтгэвэрт гарч ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Ингээд намайг намын шугамаар ажлаас халсан гэж үндэслэлгүйгээр худал ярьж байгаа.

Нэхэмжлэгч ярихдаа би 31 жил ажил хийхдээ сахилгын шийтгэл авч үзээгүй гэдэг. Гэтэл өмнө нь ажлаасаа халагдаад буцаж ажилдаа орж байсан. Намайг захирлын ажлыг авч байх үед сахилгын шийтгэл авч байсан. Энэ бүхэн өөртэй нь холбоотой. Хувь хүний ёс зүй, харилцаа хандлага зэрэг ёс зүй нэхэмжлэгчид байхгүй. Миний хувьд нэхэмжлэгчийг намын шугам болон 90 жилийн комиссод орсон, ядарсан гэдэг утгаар ажлаас халаагүй. Би тайлбартаа ч бичиж байсан. Нэхэмжлэгчийг алдаагаа ухамсарлаад ирэх байх гэж тушаалаа нэг хувь гаргаж байсан. Нэхэмжлэгчид зориулж тэр тушаалыг нэг хувь гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь би эхнэртэйгээ захирал дээр ороход намайг учир зүггүй хөөгөөд гаргасан гэсэн байсан. Би уг хэргийн талаар тайлбарласан боловч намайг сайн явахыг чинь харна гээд өөрсдөө намайг загнаад хаалга саваад гарсан. Дараа нь нийгмийн ажилтантай юм яриад сууж байхад нэхэмжлэгч орж ирээд захирлаа маргааш хоёулаа эр хүн шиг юм яръя гэхээр нь би нэхэмжлэгчийг ухамсарлаад ороод ирэх юм болов уу? гэж бодож байсан чинь орж ирээгүй. Дараа нь нэхэмжлэгч нь би нийгмийн даатгалын дэвтэртээ бичилтээ хийлгэе гэж орж ирсэн. Тэхээр нь би нэхэмжлэгчийг хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгосон.

Би нэхэмжлэгчийг ажлаас нь халъя гэж халаагүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь ёс зүйтэй холбоотой асуудлууд байгаа. Баатар гэдэг хүний талаар хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн нь байгууллагын эд зүйлийг үнэлж зардаг байсан. Жишээ нь ширээ сандлыг 3500 төгрөгөөр үнэлж зардаг байсан гэж байгаа. Энэ тухай гэрч нарын мэдүүлэг зэрэг байгаа. Би үүнийгээ л боль гээд байгаа юм. Үүнийг би удаа дараа гэж яриад байгаа юм. Манай сургуулийн сургалтын менежер багш байхдаа нэхэмжлэгчээс ширээ сандлыг 3500 төгрөгөөр авч байсан гэж байгаа. Төрийн албанд ажиллаж байгаа хүн бол хувь хүний ёс зүйтэй байх ёстой. Нэгдүгээрт байгууллагын ёс зүй гэж байх ёстой. Өнөөдөр их бага зүйл хулгайлсан гэдэг нь хамаагүй. Хулгай л бол хулгай. Намайг энэ захирлын ажлыг авсны дараа нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажлаасаа гарах тухай өргөдөл барьж орж ирсэн. Бусадтай хамтарч ажиллаж чадахгүй. Хамт олны дунд байж чаддагүй. Нэхэмжлэгчийн нэг давуу тал нь ажилдаа хариуцлагатай. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг. Миний итгэж явсан хүний нэг. Гэм нь энэ хүний алдаанаас болж одоо нэг нэгнийгээ харж чадахгүй болчхоод байна.

Нэхэмжлэгчийн ярьж байгаа бүх зүйл худлаа. Прокурор Д.Ганцэцэгийг дарамталсан гэдэг нь худлаа. Нэхэмжлэгч нь прокурор Д.Ганцэцэгийг мөрөөрөө ажлаа хийж явах ингэж гүтгэж байгаа. Дандаа худлаа ярьж, хүнийг гүтгэдэг. Нэхэмжлэгчийн хүүхэд манай сургуульд багшийн ажилтай. Энэ багшид асар их гомдол ирдэг. Би энэ хүүхдийг нь өрөөндөө дуудаж чамд хариуцлага тооцохгүй, хэрвээ чамд хариуцлага тооцох юм бол танай аав болон бусад хүмүүс намайг аавд чинь дургүй учраас чамд хариуцлага тооцлоо гэж ярина. Чи ажлаа сайн хий хариуцлагатай бай гэж хэлээд гаргаж байсан. Хүүхэд нь манай өрөөнөөс уйлаад гарч байсан удаа байгаа. Тэр анги авах талаар дандаа эцэг эхчүүдийн гомдол байгаа. Би өнөөдрийн шүүх хуралд хэрэггүй зүйл ярьмааргүй байна. Хамгийн гол нь шүүхээс зөв шийдвэр гараасай гэж бодож байна.

Нэхэмжлэгч байгууллагын эд зүйлийг хэлэхгүйгээр авч байна нь зөв зүйл мөн үү. Нэхэмжлэгч ярих болгондоо хулгай хийсэн эд зүйлээ би хямгадсан, аваачиж өгсөн, хадгалсан гэж байгаа. Цоожтой өрөөнд байгаа эд зүйлийг байгаа газар нь хадгалж харж байх ёстой. Тэгвэл цоожтой өрөөнд ороод байгаа зүйлийг нь авч явчхаад хямгадаж байна гэдэг. Энэ бүгд бид хоёрын дунд эргэлзээ төрүүлж хардалт бий болгоод байгаа зүйл. Тийм учраас би цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад хандсан. Эдгээр байгууллагуудаас эрүү үүсгэх боломжгүй гээд захиргааны арга хэмжээ авагдсан байгаа. Нэхэмжлэгч нь удаа дараа байгууллагын эд зүйлийг авч байгаа учраас хуулийн байгууллага зөв шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас нь гаргаад Гомбыг ч юм уу хэн нэгнийг авчихсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн ажил одоо ч бэлэн байгаа. Хамгийн гол нь нэхэмжлэгч нь жижүүр хийх боломжгүй хүн юм. Байгууллагаас хулгай хийж байгаа бичлэг болон Г.Оюун-Эрдэнэ, Д.Даваажаргал, С.Алтанхуяг гээд багш нарын мэдүүлэг байгаа. Эдгээр нотлох баримтыг үзээч гэж хэлмээр байна. Нэхэмжлэгч нь үнэхээр бусдын эд зүйлийг хямгадсан бол магадгүй нэг дэх өдөр авчраад өгөх боломжтой боловч авчирч өгдөггүй. Таныг камераар харсан гэж араасаа нэхүүлсний дараа би хямгадсан гэж авчирч өгч байгаад нь эргэлзээ үүсээд байгаа юм. Улсын дээд шүүхээс хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч тал ажлаас халах үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гарсан байгаа. Уг хөдөлмөрийн гэрээнд талууд гэрээг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээг цуцална гэсэн байгаа. Дотоод журамд ч байгаа. Тийм учраас хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 131.3 заасан нь агуулгын хувьд адилхан юм байна гээд энэ шийдвэрийг гаргасан. Би зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг ажлаас халаагүй юм. Байгууллагын эд зүйлийг хулгайлна гэдэг нь хариуцлага алдаж байгаа асуудал гэв.

Шүүх зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыгшинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Баатар нь хариуцагч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь жижүүр Д.Баатар бусдын эд зүйлийг санаатайгаар удаа дараа хулгайлан хохирол учруулсан нь камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 266 дугаар тогтоол, торгуулийн хуудас, Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 380 дугаартай мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь захирлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/36 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн дотоод журмын 6.2.3/г/ дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Баатарыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлийг санаатайгаар удаа дараа хулгайлан хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн жижүүрийн ажлаас халжээ. /1 дүгээр хавтас, 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь дээрх тушаалын дагуу ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдол /1 дүгээр хавтас, 1, 2 дугаар тал/-оо 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацаатай нийцжээ.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасанажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй албан тушаалтан мөн байна.

Г.Пүрэвдорж нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн б/09 тоот захирамжаар Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон байна. /2 дугаар хавтас, 90 дүгээр тал/

Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримтлан Д.Баатарыг ажлаас халах сахилгын шийтгэлийг тушаал гаргаж ногдуулсан байгаа боловч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тушаалдаа баримтлаагүй бөгөөд хариуцагч нь тушаалын үндэслэлээ шүүхэд дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

1. Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаалд дурдсан Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлийг санаатайгаар удаа дараа хулгайлан хохирол учруулсан гэх үндэслэлийг хариуцагч тайлбарлахдаа Д.Баатар нь Г.Оюун-Эрдэнэ багшийн зөөврийн компьютерыг багш нарын өрөөнөөс хулгайлан аваад буцааж өгсөн, мөн багш нарын өрөөнөөс уртасгагч залгуур, гитарын утас хулгайлан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 01 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч Д.Баатарыг Г.Оюун-Эрдэнэ багшийн зөөврийн компьютерыг багш нарын өрөөнөөс хулгайлан авсан гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн гэрч Г.Оюун-Эрдэнийн 2014 оны 02 дугаар сард багш нарын өрөөнд зөөврийн компьютерыг орхиод явсан байсан. . . Баатар ахаас асуусан чинь надад байгаа эд зүйлээ хамаагүй битгий хаяж явж бай гэж хэлээд бага ангийн Цэцэгмаа багшийн өрөөнөөс авч өгсөн . . . Баатар ах миний компьютерыг хулгайлсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 77 дугаар тал/, Таны алдсан зөөврийн компьютерыг хэн хулгайлж аваад буцааж өгсөн бэ гэхэд Он, сарыг нь сайн санахгүй байна багш нарын өрөөнд 5 дахь өдөр орхиод явсан байсан. . . Д.Баатар ахаас асуухад мэдэхгүй гэсэн тэгээд 1 дэх өдрийн орой нь миний зөөврийн компьютерыг Д.Баатар ах гаргаж өгсөн. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 229 дүгээр тал/ нь агуулгын хувьд өөр байх тул шүүх үнэлээгүй болно. Мөн гэрч Д.Даваажаргалын . . . одоогоос 8-н жилийн өмнө байхаа хавар анги засварын үеэр сургуулийн хуучин 3 ширхэг сандлыг 1 ширхгийг нь 3500 төгрөгөөр надад зарж байсан. Тухайн үед манай ангийн 3 сандал эвдрээд би Д.Баатар ахаас авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 223 дугаар тал/, гэрч Д.Ичинхорлоогийн 2011 онд үхрийн махны өрөөл алга болж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 227-р тал/ дэх хугацаа нь 6 сараас хэтэрч байх тул давтан зөрчилд тооцох боломжгүй.

Харин нэхэмжлэгч Д.Баатарын багш нарын өрөөнөөс уртасгагч залгуур, гитарын утас хулгайлан авсан нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 266 дугаар тогтоол /1 дүгээр хавтас, 214 дүгээр тал/ болон камерын бичлэг, гэрч С.Шийлэгцэрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 221 дүгээр тал/, гэрч С.Алтанхуягийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, 232 дугаар тал/ зэргээр тогтоогдож байгаа боловч Г.Оюун-Эрдэнэ багшийн зөөврийн компьютерыг багш нарын өрөөнөөс хулгайлан авсан гэх зөрчил тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Баатарыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлийг санаатайгаар удаа дараа хулгайлсан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн давтан гаргасан гэх зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой гэдгийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй.

2. Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/36 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн дотоод журмын 6.2.3/г/-д заасан ноцтой зөрчлийг Д.Баатар гаргасан гэх тушаалын үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа сургуулийн эд хөрөнгийг хулгайлсан бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар сургуулийн дотоод журамд тусгайлан заасан байгаа гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ямар зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаардана.

Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн а/-д сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээг цуцлах гэж заасан боловч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна. /хх-ийн 1 дүгээр хавтас, 193 дугаар тал/

Харин Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн а/36 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн дотоод журам /хх-ийн 1 дүгээр хавтас, 30, 31 дүгээр тал/-ын 6.2.3-д дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцална гээд 6.2.3/г/-д сургуулийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хувийн зорилгоор худалдсан, хулгайлсан, зөвшөөрөлгүйгээр удаан хугацаанд ашигласан гэж хулгайн үйлдлийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа боловч энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Учир нь сургуулийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Д.Баатарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Гэтэл Д.Баатарын багш нарын өрөөнөөс уртасгагч залгуур, гитарын утас хулгайлан авсан сахилгын зөрчлийг хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр камерын бичлэг үзсэнээр илрүүлсэн боловч сар гарны хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан гэх шалтгаанаар нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь түүний шүүхэд гаргасан . . . жижүүр нь дээрх зөрчлийг 2016 оны 01 дүгээр сарын 31-нд үйлдсэн, тэр үеэс хойш сар гарны хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан боловч дээрх жижүүр шиг алдаа гаргаагүй. . . гэх хариу тайлбар /хх-ийн 1 дүгээр хавтас, 16 дугаар тал/-аар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр илрүүлсэн боловч тухайн зөрчилд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Д.Баатарыг ажлаас халах тухай Б/13 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болох нь тогтоогдож байх тул Д.Баатарыг Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогчийн тушаал үндэслэлгүй гарсан хэдий ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлага байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт . . . ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор . . . олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Баатарын нэг сарын дундаж цалин 559,436төгрөгийг түүний сүүлийн 3 сар авч байсан цалин /1 дүгээр хавтас, 5 дугаар тал/-гаас нь тооцож гаргасан. /574,275+526,790+577,243=1,678,308 төгрөг/, /1,678,308:3=559,436 төгрөг/, Харин нэг өдрийн дундаж цалин 26,020 төгрөгийг сарын дундаж цалинг сарын ажлын өдөрт хувааж гаргасан /559,436:21.5=26,020 төгрөг/ бөгөөд нэхэмжлэгч Д.Баатарын ажилгүй байсан хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 01 жил, 4 сар, 10 хоног гэж тооцон дундаж цалинтай тэнцэх олговорт нийт 9,211,179 төгрөгийг /559,436х12=6,713,232 төгрөг/, /559,436х4=2,237,744 төгрөг/, /26,020х10=260,203 төгрөг/, /6,713,232+2,237,744+260,203=9,211,179 / хариуцагч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Баатарт олгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Д.Баатарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 119-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Баатарыг Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор 9,211,179 /есөн сая хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулж Д.Баатарт олгосугай.        

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баатарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгасугай.

  4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 162,329 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ