Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01662

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01662

 

 

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/01759 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.М-т холбогдох үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 300 тоот хаягт байрлах, 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б Марал-Од финанс ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн үүргийн гүйцэтгэлгийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж 85-17 УН улсын дугаартай, шар өнгөтэй, Хьюндай R480LC-9S маркийн Экскаваторыг барьцаалсан. С.Б нь зээлийн хүүгийн төлбөрөөс хоёр сарын төлбөр 12,000,000 төгрөгийг төлсөн боловч зээлийн төлбөр төлөлтөд хүндрэл учирсан. Марал-Од финанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлжаргалын нөхөр Ч.М- нь барьцаа хөрөнгийг сольж өгөхийг шаардсан тул С.Б нь Г.Ганзоригтой 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж барьцааны зүйл Экскаваторыг 368,000,000 төгрөгт тооцон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/ Их Монгол улс гудамж, 129 дугаар байрны 300 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж уг орон сууцыг арилжсан байна. Г.Ганзоригтой худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа Ч.М- нь тухайн 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж зээлийг хаахыг хүчээр тулгах болсон. Орон сууцны зах зээлийн үнэ 368,000,000 төгрөг байхад зээлийн үлдэгдэл төлбөр 170,925,000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ч.М-д 170,925,000 төгрөгийг төлсөн нөхцөлд буцааж өөрийн нэр дээр шилжүүлэн авч болох талаар тохирсон. С.Б нь Марал-Од финанс ХХК-д барьцаалсан Экскаваторыг орон сууц болгон сольсон болохоос биш Ч.М-д худалдах санаа байгаагүй. Ч.М-ийн шахалтаар Экскаваторыг 3 өрөө орон сууцаар худалдаж, барьцаагаа солих гэсэн боловч өөртэй нь худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол Марал-Од финанс ХХК-ийн зээлийн хаахгүй, Экскаваторыг Г.Ганзоригийн нэр дээр шилжүүлэхгүй гэсэн учир орон сууцыг буцааж авна гэж Ч.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дараа нь орон сууцыг барьцаанд тавиад мөнгийг чинь төлье гэхэд зөвшөөрөөгүй. Иймд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэни хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 300 тоот хаягт байрлах, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Бг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Марал-Од финанс ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 120,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 3 сар хэтэрсэн. Марал-Од финанс ХХК С.Бд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардаж байсан. С.Б нь 2020 оны 3 дугаар сарын 09, 2020 оны 4 дүгээр сарын 18, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүсэлт ирүүлж дагуу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 300 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбайтай орон сууцыг Ч.М-т шилжүүлж, зээлийн үлдэгдэл 170,925,000 төгрөгийг төлж барагдуулсан. С.Бгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн барьцаанд тавьсан 85-17 УН улсын дугаартай Хьюндай R480LC-9S маркын Экскаваторыг О.Базаржаргалд шилжүүлж өгсөн. С.Бтэй 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээг хоёр тал хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцэл учраас хүчин төгөлдөр юм. Иймд С.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Б, Ч.М- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 300 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Бг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,082,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-өөс улсын тэмдэгтийн хураамжид 1,082,775 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Шүүх Уг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. Учир нь С.Б Марал-Од финанс ХХК-д гаргасан хүсэлтэд үл хөдлөх хөрөнгийг худалдах талаар заагаагүй, харин зээлийн төлбөрт шилжүүлье гэсэн агуулгатай байна. Гэтэл хэлцэл хийж байгаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зүйлийн бодит үнэ тодорхой бус байхад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, зээлийн гэрээний үлдэгдэл 170,925,000 төгрөгт түүний арилжааны гэрээгээр сольж авсан орон сууцыг төлбөрт тооцон авсан нь хуульд болон талуудын тохиролцоонд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, С.Б зээлийн үлдэгдэл төлбөр 170,925,000 төгрөгөөр орон сууц худалдах талаар хүсэлтээ илэрхийлээгүй, харин орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэл зоригтой байжээ гэж тайлбарласан.

Гэтэл Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэж хуульчлан бөгөөд С.Б нь анх өөрийн хүсэл зоригоо зээлийн үлдэгдэл төлбөр 172,135,000 төгрөгт маргааны зүйл болсон орон сууцыг өгч, зээлийг хаах хүсэлт гаргасан байхад шүүх түүний хүсэл зоригийн агуулгыг буруу тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, С.Б хүсэлтдээ Дээрх зээлээ төлж чадахгүй байгаа учир миний өмчлөлийн орон сууцыг авч, миний зээлийг хааж өгч тусална уу гэж бичсэн. Ч.М- түүний дээрх хүсэлтийг хүлээн авч, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан зөвшөөрсөн учраас худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед С.Б нь зөрүү төлбөр, мөн орон сууцны үнийн талаар санал гаргаагүй. Уг худалдах, худалдан авах гэрээнд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн талаар тусгаж гарын үсэг зурсан.

С.Бгийн Дээрх зээлээ төлж чадахгүй байгаа учир ХУД-ийн 11 дүгээр хороо Стадион оргил, Их Монгол гудамж 129 дүгээр байр 300 тоот хаягт байрлах, орон сууцыг авч, зээлийг хааж өгч тусална уу. гэж орон сууцыг зээлийн төлбөрт төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн талаар баримт хэрэгт авагдсан.

Шүүх С.Бгийн арилжааны гэрээний үндсэн дээр сольж авсан орон сууцыг зээлдүүлэгч Марал-Од финанс ХХК-аас 2019 оны 11 дүгээ сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалж, барьцааны гэрээ байгуулаагүй атлаа уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, улмаар уг орон сууцыг зээлийн үлдэгдэл төлбөрт 170,925,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Марал-Од финанс ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.М-ийн өмчлөлд шилжүүлэн авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

Гэвч зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан ба С.Бгийн зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг удаа дараалан зөрчсөн төдийгүй, энэ талаар хариуцагч талд олон удаагийн хүсэлтүүд гаргаж байсан нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, зээлээ төлж чадахгүй болсон учраас зээлийн барьцаанд байсан Экскаваторыг маргааны зүйл болсон орон сууцаар сольж, уг орон сууцыг зээлийн үлдэгдэл төлбөрт өгч, зээлээ хаасан. Ч.М- нь С.Бгийн өмнөөс түүний төлөх ёстой зээлийн төлбөрийг төлж орон сууцыг шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй. Марал-Од финанс ХХК-аас С.Бг зээлийн төлбөрийг төлөхийг шаардсанаар бус орон сууцаар зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар шаардаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцаанд байсан Экскаваторыг худалдан борлуулах эрхтэй байсан боловч С.Б хүсэлт гаргаж, орон сууцаар сольж зээлээ хаахыг хүссэн.

Шүүх Барьцааны эрх үүсээгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангах, төлбөрт тооцож, өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэлцлийн талаар нэхэмжлэгч төөрөгдсөн гэж үзэхээр байна гэжээ.

С.Б нь зээлийн барьцаанд байсан Экскаваторыг маргааны зүйл болсон орон сууцаар солихоор үл хөдлөх арилжааны гэрээг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ба түүний нэр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гарсан ба уг өдөр Марал-Од финанс ХХК-д зээлийн үлдэгдэл төлбөрт орон сууцыг өгч, зээлээ хаах хүсэлтээ өгсөн ба үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 170,925,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 3.5-д Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж заасан. Шүүгчийн тайлбарлаж байгаа шиг ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй юм. С.Б нь эрх зүйн харилцаанд бие даан оролцох бүрэн чадвар, чаламжтай этгээд юм. Худалдах, худалдан авах гэрээг талууд үед хэлцлийн агуулга, түүний үр дагавар, эрх үүргийн талаар хангалттай тайлбарлаж өгсөн ба энэ үед нэхэмжлэгч нь бүрэн дүүрэн ойлгосон талаар илэрхийлж гарын үсэг зурсан.

Хэрэв С.Б нь өөрийн орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг хааж, ийнхүү худалдан борлуулсны дараах ямар нэгэн үлдэгдэл төлбөрийг өөрт авах агуулга бүхий байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн бол хариуцагч нь түүний хүсэлтийг хүлээн авах ёсгүй байсан. Бодит байдалд ийм агуулга талуудын хооронд илэрхийлэгдээгүй учир хариуцагч түүний хүсэл зоригийг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. С.Б хүсэл зоригоо илэрхийлэхдээ ноцтой төөрөгдсөн бол өөрийн хийхийг хүссэн гол хүсэл зоригийн илэрхийлэл нь юу байсан нь тогтоогдох ёстой. С.Бгийн хүсэл зориг гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймд анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.М-т холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж 129 дүгээр байр, 300 тоот хаягт байрлах 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

С.Б болон Марал-Од финанс ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-8-9/

Талууд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж 85-17 УН улсын дугаартай, Хьюндай R480 LC-9S маркын Экскаваторыг барьцаалсан боловч С.Б болон Г.Ганзориг нарын хооронд арилжааны гэрээ байгуулагдаж барьцааны зүйл болох Экскаваторыг маргааны зүйл болох орон сууцаар сольжээ. /хх-13-14/

Нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүйн улмаас уг орон сууцаар зээлийн төлбөрөө хаахаар Марал-Од финанс ХХК-тай тохиролцсны дагуу Ч.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа орон сууцны үнийн болон хүсэл зоригийн талаар төөрөгдсөн, байраа барьцаанд тавиад зээлээ төлөх гэтэл зөвшөөрөөгүй, уг нь орон сууцыг буцаан худалдан авах нөхцөлийг гэрээнд тусгах байсан, орон сууцаа зарах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ-нд орон сууцны үнийг 368,000,000 төгрөгөөр, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд орон сууцны үнийг 170,925,000 төгрөгөөр тус тус зөрүүтэй тодорхойлсонтой харьцуулан дүгнэхэд С.Б нь уг орон сууцыг буцаан худалдаж авах хүсэл зоригийн үндсэн дээр Ч.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна. /хх-7, 13-14/

Түүнчлэн, зээлийн үлдэгдэл төлбөрийг С.Б, Ч.М- нарын байгуулсан гэрээний дүнгээр тооцсон эсэх, уг төлбөр хэрхэн төлөгдсөн, энэ ажиллагаанд зээлдүүлэгч Марал-Од финанс ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв. /хх-21,37, 49/

Дээрх нөхцөл байдлыг тодруулж талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/01759 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,082,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА