Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/02161

 

 

2023 оны 06 сарын 28 өдөр                   Дугаар 183/ШШ2023/02161               Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  оршин суух, Б овогт С.Б /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  дүүрэг, оршин суух, Х овогт Ч.М /РД:*********/,

Гуравдагч этгээд: Б дүүрэг, байрлах, М финанс ХХК /РД:********/ нарт холбогдох,

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.М-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М финанс ХХК-тай *** дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 120.000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М финанс ХХК -тай ***дугаартай үүргийн гүйцэтгэлгийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, ***** УН улсын дугаартай, H******************7 арлын дугаартай, шар өнгөтэй, Hyundai R480LC-9S маркийн эксковаторыг барьцаалсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрөөс хоёр сарын төлбөр болох 12.000.000 төгрөгийг төлж байсан боловч зээлийн төлбөр төлөлтөнд тодорхой хэмжээний саад учирсан байна. М финанс ХХК -ийн гүйцэтгэх захирал Б.Г-ын нөхөр Ч.М нь барьцааны хөрөнгийг сольж өгөхийг шаардсан бөгөөд түүний шаардлагын дагуу нэхэмжлэгч С.Б нь иргэн Г.Г-той 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, М финанс ХХК -ийн барьцаалсан эксковаторыг 368.000.000 төгрөгөөр тооцон, Х дүүргийн байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2**********1 дугаарт бүртгэлтэй, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр арилжсан байна. Иргэн Г.Г-той арилжааны гэрээ байгуулсны дараа хариуцагч Ч.М нь тухайн 3 өрөө орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэх, ингэснээр М финанс ХХК -ийн зээлийг хаахыг хүчээр тулгаж дарамтлах болсон. Орон сууцыг зах зээлийн бодит үнээс бага буюу орон сууцны зах зээлийн үнэлгээ 368.000.000 төгрөг байхад нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл үнийн дүн болох 170.925.000 төгрөгт тааруулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 170.925.000 төгрөгийг Ч.М-д төлсөн нөхцөлд буцааж өөрийн нэр дээр шилжүүлэн авч болох тухай амаар ярьж тохирсон. Нэхэмжлэгч нь мөнгөний хэрэг болсон учир өөрийн өмчлөлийн эксковатороо М финанс ХХК -д барьцаалсан болохоос орон сууц болгон хэлбэрийг нь өөрчлөөд Ч.М-д худалдах санаа анхнаасаа байгаагүй. Тэрээр Ч.М-ийн шахалтаар аргагүйн эрхэнд эксковатороо 3 өрөө орон сууцаар арилжиж, барьцаагаа солих гэсэн боловч өөрийнх нь нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол М финанс ХХК -ийн зээлийг хаахгүй, иргэн Г.Г-ийн нэр дээр эксковаторыг шилжүүлэхгүй гэсэн учир орон сууцаа буцааж авна гэсэн аман тохироогоор хариуцагч Ч.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Дараа нь байраа барьцаанд тавиад мөнгийг чинь төлье гэтэл би худалдаад авчихсан гээд зөвшөөрөөгүй. Уг нь орон сууцыг буцаан худалдан авах гэсэн нөхцлийг гэрээнд тусгах байсан юм билээ. Нэхэмжлэгчид 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр арилжиж авсан 3 өрөө орон сууцаа Ч.М-д зарах гэсэн санаа зорилго агуулаагүй, М финанс ХХК -ийн зээлийн барьцаагаа солих зорилготой хийгдсэн учир энэхүү гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2*************1 дугаарт бүртгэлтэй, Х дүүргийн  байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Б-г тогтоож өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч С.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М финанс ББСБ ХХК-тай ***дугаартай зээлийн гэрээ байгуулан 120 000 000 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан. Тухайн үед төлбөр хийх боломжгүй байсан учраас зээлийн төлбөрийг хугацаанд төлж чадаагүй байдаг. Дараа нь энэ асуудалд хариуцагч М оролцож ирсэн байдаг. Ч.М нь М финанс ББСБ ХХК -ийн гүйцэтгэх захирал Г-ны нөхөр, нөгөө талаас М финанс ББСБ ХХК -ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч хүн байгаа. М барьцаагаа соль гэсэн асуудал тавьсан байдаг. Тэр нь түргэн борлогдох боломжгүй байна гэсэн. Нэхэмжлэгч Б иргэн Г гэх хүнтэй уулзаад Г-ийн өмчлөлийн 115 мкв орон сууцаар М финанс ББСБ ХХК -д фидуцийн гэрээний дагуу барьцаалсан байсан экскаватороо арилжааны гэрээгээр сольсон. Арилжааны гэрээний үнийн дүн 368 000 000 төгрөг байсан. 368 000 000 төгрөгний үнэ бүхий орон сууцаар солингуут хариуцагч М энэ 3 өрөө орон сууцаа миний нэр дээр шилжүүл. Шилжүүлсний үндсэн дээр экскаваторийн нэр шилжүүлэх асуудлыг ярина гэсэн. Нэхэмжлэгчийн хувьд экскаватороо байраар сольсон. Цаашаа шилжүүлж чадахгүй байсан. Тиймээс М-ийн хүсэлтийг хүлээж авсан. М-тэй 170 925 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийгээд нэр шилжүүлсэн. Үүний үндсэн дээр өөртэй нь арилжааны гэрээ хийсэнГийн нэр дээр экскаватор шилжсэн. Зохигчдын хооронд ямар тохиролцоо болсон бэ гэхээр байраа миний дээр шилжүүл, мөнгөө төлөхөөр нь байрыг буцаан шилжүүлнэ. Би чиний өмнөөс М финанс ББСБ ХХК -д мөнгийг чинь төлнө гэсэн. Гуравдагч этгээдээс 170 925 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэсэн тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ байраа зээлийн үлдэгдэл үнийн дүнд тохируулаад худалдах худалдан авах гэрээ хийдэг. Буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ хийх байтал нэхэмжлэгч тийм гэрээ байдгийг мэдэхгүй, Мд итгээд буцаагаад авах юм байна гэж ойлгоод гэрээ хийсэн. Удалгүй нэхэмжлэгч байраа зараад М-ийн мөнгийг гаргаад ирэх боломжтой болоод М-тэй уулзсан. Байрыг худалдан авах хүн олчихлоо зараад өөрийн чинь мөнгийг өгье гэхэд одоо тийм зүйл байхгүй, худалдах худалдан авах гэрээ хийсэн учраас миний өмч болсон гэж хэлсэн байдаг. Яг энэ үед надад итгэмжлэл өгсөн. Итгэмжлэл нь ямар утгатай итгэмжлэл байсан бэ гэхээр М финанс ББСБ ХХК -ийн зээлийн асуудлыг ярилцах, орон сууцтай холбоотой асуудал ярилцах итгэмжлэл өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн итгэмжлэл байгаа. Маргаан бүхий орон сууцыг 5 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Би итгэмжлэлийн дагуу хариуцагч Мтэй уулзсан. Гэтэл ийм агуулгатай итгэмжлэлээр өөртэй чинь уулзахгүй М финанс ББСБ ХХ-ийн зээлийн асуудал дууссан. Одоо энэ байрыг буцаан өгөх эсэх асуудал яригдана. Тийм болохоор итгэмжлэлээ солиод ир гэсэн. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин итгэмжлэлээ утгыг нь солиулаад очдог. Итгэмжлэлийн утга нь маргаан бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, эүл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар материал хүлээлгэн өгөх, Б-гийн нэр дээр шинээр гарч ирсэн эд хөрөнгийг хүлээн авах эрхийг олгосон байсан. Тэр өдөр уулзсан боловч асуудлыг шийдээгүй, би бодъё гэсэн. Сүүлд утсаар ярихад энэ манай байр гэсэн учраас 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Б гэх хүн эрх зүйн мэдлэг ойлголтгүй. М нэр дээрээ байрыг шилжүүлэхийг шаардсан байдаг. М-д байраа зарах биш хаалгуулаад зөрүү мөнгөө авах эсвэл байраа зараад өөрөө зөрүү авна гэсэн зорилгоор М-тэй гэрээ хийсэн. Бид нарын хүсэлтээр н.Б, н.А гэх 2 гэрчийг асуусан. М-д орон сууцыг шилжүүлсний дараа Б өөрийн эгч Бийг дагуулаад А гэх дүүгээрээ машин бариулаад Мийн ажил дээр очсон. Очоод байраа авъя гэхэд Б-г үлдээгээд Бийг чи гарч бай чамтай ярих юм байхгүй гээд гаргасан. Хэрвээ байраа бүрмөсөн Мд зарсан байсан бол сар гаран хугацааны дараа байраа авъя гээд явж байхгүй. Энэ бүхнээс харахаар анхнаасаа энэ байрыг Мд эргэлт буцалтгүйгээр худалдсан биш, түр хугацаагаар өгөөд буцаан авах, М финанс ББСБ ХХК -д зээлийг нь хааж өгөх гэрээ хийх байсан. Тиймээс гэрээг хийхдээ агуулгын хувьд төөрөлдсөн асуудал байдаг. Тиймээс Б маргаан бүхий орон сууцныхаа өмчлөгч болох ёстой. Нөгөө талдаа 170 925 000 төгрөгөөр хохирно.М финанс ББСБ ХХК манайх хохирсон гэж тайлбарлаад байгаа гэтэл М, Б гэх хүний байрыг өөр дээрээ авахдаа 170 925 000 төгрөгийн мөнгийг өөрөөсөө гаргаад өгсөн.М финанс ББСБ ХХК хохироогүй. Байрны шилжилт хөдөлгөөнийг хориглосон боловч тодорхой хэмжээнд түрээслээд орлого олж байгаа байх. М хохирсон зүйл байхгүй. Тэр хүний эзэмшилд байр байгаа.М финанс ББСБ ХХК 170 925 000 төгрөгөө авсан. Хохирсон байгаа хүн нь Б л байгаа. Б зээлээ хаасан юм шиг мөртлөө нөгөө талд байр, экскаватор байхгүй болчихсон. Тиймээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалаад агуулгын хувьд төөрөлдсөн худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, М өнөөдрийн байдлаар Бгийн 170 925 000 төгрөгийн зээлийг өөрөөсөө гаргаж төлчихөөд байрыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр авчихаад захиран зарцуулж чадахгүй өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. Энэ байр худалдах худалдан авах гэрээгээ 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нотариат орж байгуулсан.М финанс ББСБ ХХК -иас зээл аваад зээлээ  төлж чадахгүй хүнд байдалд орсон учраас экскаватороо борлуулах гэсэн. Экскаватороо байраар солиод Б гараараа хүсэлт бичээдМ финанс ББСБ ХХК -д өгсөн. Хүсэлтдээ энэ байрыг авч зээлийг хааж өгнө үү гэсэн байсан. Хүмүүс тухайн эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр ч үнэлэх боломжтой байдаг. Тэгтэл нэхэмжлэгч 368 000 000 төгрөгийг туйлын үнэн мэтээр ярьж байна. Энэ нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч өөрөө экскаватороо 200 000 000 төгрөгөөр түргэн борлогдоно гэсэн.М финанс ББСБ ХХК -иас 3 сарын хугацаатай зээл авсан. Зээл нь 3 сарын хугацаа хэтэрсэн алданги тооцож эхэлсэн. Өдөр ирэх тусам алданги нэмэгдэх учраас зээлээ хаах хүсэлтээМ финанс ББСБ ХХК -д илэрхийлсэн.М финанс ББСБ ХХК -иас манайх байр авахгүй гээд Мд санал болгоод М өмнөөс нь 170 925 000 төгрөгийн төлөөд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг нэхэмжлэгч хуулийн мэдлэггүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Анх зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулж байсан. Буцаан худалдан авах үүрэгтэй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Анх Бтэй ямар тохироо хийсэн талаар 2 гэрч мэдэхгүй. Сүүлд орон сууц хүлээлгэн өгснийхөө дараа 2 гэрчээ дагуулан очсон. Гэрчийн мэдүүлэг үндэслэл муутай байна. Орон сууц хүлээлгэн өгснийх нь дараа үнэтэй байраа бага үнээр өгсөн байх гэсэн үндэслэлээр дагуулан очсон байх. Өмнөх шүүх хурал дээр М дарамталсан гэх зүйл ярьсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг барьцаагаа соль гэсэн зүйл байхгүй. Нотлох баримтгүй үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч С.Б нь М финанс ХХК -тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ***дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Манай талаас шаардах хуудаснууд өгч байсан. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоног тутамд 10 000 000 төгрөгийг төлнө. Чадахгүй бол барьцаа хөрөнгөөр хохирлыг барагдуулна гэх мэт хүсэлтүүдийг өгч байсан. 5 дугаар сарын 04-ний өдөр зээлээ төлж чадахгүй байгаа учраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 129 дүгээр байрны 300 тоот хаягт байрлалтай миний өмчлөлийн орон сууцыг авч миний зээлийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн. Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр барьцааг чөлөөлөөд С.Б Ч.М-тэй арилжааны гэрээ хийсэн байсан тул Ч.М зээлийн төлбөрийг төлснөөр зээлийг хаасан гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, С.Бгээс Н.Ад олгосон итгэмжлэл, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №***тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Ү-2*************1 дугаартай С.Б-гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ, хүснэгтэн баримтууд, Ү-2*************1 дугаартай Г.Г-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М финанс ХХК -ийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 677 тоот албан бичиг, Хан  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ******/***** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С.Б-гээс Н.А-д олгосон итгэмжлэл, Автомашин хүлээлцэх тухай акт, /1хх-ийн 4-23, 60, 66, 200-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, М финанс ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, С.Б-гийн гараар бичсэн хүсэлт, өргөдөл, М финанс ХХК -ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шаардах хуудсууд, С.Б-гийн гараар бичсэн өргөдлийн хуулбарууд, Ч.М-өөс С.Б-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ЗТ****/****** дугаар Хэргийг хуваарилах тухай зөвлөгөөний тогтоол, Б.Б, Л.Н нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М финанс ХХК -ийн төлбөр төлж дуусгасан талаарх албан бичиг /1хх-ийн 37-51, 98, 141-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээд М финанс ХХК -иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, О.А-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримт, санхүүгийн баримтууд /1хх-ийн 208-210, 217, 221-223-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2*************1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, хавсралтууд, нэхэмжлэгчийн хүсэлтээр В ХХК-иас шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр П.С-ийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 77, 93, 103-135, 209-250, 2хх-ийн 1-10,  31-34-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.М-тэй 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах хүсэл зорилготой байсан боловч агуулгыг нь эндүүрч, эрх зүйн мэдлэггүйн улмаас ноцтой төөрөгдсөн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Х дүүргийн байрлах 115 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Б-тэй харилцан тохиролцоод 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээг хариуцагчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу байгуулж, түүний зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон, агуулгыг нь эндүүрч ноцтой төөрөгдсөн гэдэг нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

4.Гуравдагч этгээд М финанс ХХК нь нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, ашигласан зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт 170 925 000 төгрөгийг хариуцагч Ч.М төлсөн тул нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.М нар нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Х дүүргийн  байршилтай 115 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 170 925 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

6.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн талаар маргаж байна, уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн талаар маргаагүй байна.

7.Нэхэмжлэгч С.Б нь гуравдагч этгээд М финанс ХХК -тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 120 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ***** УН улсын дугаартай, Н*************7 арлын дугаартай, шар өнгөтэй Нuyndai R480LC-9S маркийн экскаваторыг барьцаалуулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

7.1.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлагыг хангаж, бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд уг гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй болно.

7.2.Нэхэмжлэгч С.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан үүргээ зөрчиж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, шаардах хуудас, нэхэмжлэгчийн гуравдагч этгээд М финанс ХХК -нд гаргасан хүсэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            7.3.Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Г.Г-той үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, М финанс ХХК -ийн зээлийн барьцаанд тавьсан *******УН улсын дугаартай, Нuyndai R480LC-9S маркийн экскаваторыг 368 000 000 төгрөгийн үнэ бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2*************1 дугаарт бүртгэлтэй, Х дүүргийн  байршилтай 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж, хэн аль нь өмчлөлдөө хөрөнгийг шилжүүлжээ.  

            7.4.Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул зээлийн үлдэгдэл 172 135 000 төгрөгөнд дээрх орон сууцыг өгч зээлийг хаах хүсэлтийг М финанс ХХК -нд гаргасан байх бөгөөд хариуцагч Ч.М-тэй 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. 

            7.5.Дээрх нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.М нарын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Х дүүргийн  байршилтай 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Ч.М бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

            8.Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д зааснаар хүсэлт зоригийн хувьд төөрөгдөж Иргэний хуулийн 265 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг буцаан худалдах худалдан авах гэрээ байгуулах байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж агуулгын хувьд төөрөгдсөн, төөрөгдсөн талаараа хариуцагчид мэдэгдсэн болох нь гэрч Г.А, С.Б нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр нотлогдоно гэсэн.

8.1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” бол ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд  58.6-д зааснаар төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байдаг.

8.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нь хоёр талын хэлцэл бөгөөд гэрээний 3.5-д “гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” гэж дурьдсан, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, мөн 2.1-д гэрээний үнийг 170 925 000 төгрөгөөр тохиролцож, 4.1-д төлбөрөө төлж дууссан гэж заажээ.

8.2.Хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээнд орон сууцны үнийг 368 000 000 төгрөгөөр, В ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд орон сууцыг 306 150 000 төгрөгөөр үнэлсэн байхад 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 170 925 000 төгрөгөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгч орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүйг нотлоно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарласан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтад 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнийг 30 000 000 төгрөг гэж харилцан тохиролцсон байх тул үнийн зөрүүтэй байдлыг гэрээ хийх хүсэл зориг байгаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

8.3.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн хэргийн 49-р хуудсанд авагдсан хүсэлтээр тогтоогдоно гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй, хариуцагч Ч.М нь бичүүлсэн гэсэн боловч нэхэмжлэгч хэргийн 49-р хуудсанд авагдсан хүсэлтийг өөрөө бичиж, гарын үсгээ зурсан, уг хүсэлтийг М финанс ХХК -нд хандаж бичсэн, уг өргөдөлд “...дээрх зээлээ төлж чадахгүй байгаа учир ХУД-ийн 11 хороо, стадион оргил Их монгол гудамж 129 байр 300 тоот хаягт байршилтай миний өмчлөлийн орон сууцыг авч, миний зээлийг хааж өгч туслана уу” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн тайлбар, гэрч Л.С-ийн мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримтаар 170 925 000 төгрөгний зээлийг хариуцагч Ч.М төлсөн нь тогтоогдож байна.

8.4.Дээрх үйл баримтаас нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь орон сууцны үнийг төлж, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний агуулгыг эндүүрсэн буюу хүсэл зоригоо илэрхийлэхдээ утга санааг бүрэн ойлголгүйгээр үр дагаврын талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах талаар хүсэл зорилготой байсан гэдгийг баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

8.5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа даруй мэдэгдсэн гэх боловч хэрэгт авагдсан гэрч Г.А, С.Б нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлээр төөрөгдсөн гэж дүгнэх үндэслэл байхгүй байна гэж үзэв.  

8.6.Иймд гарын үсэг зурсан хэлцэл хүсэл зоригийн илэрхийллийн агуулгын талаар төөрөгдөх гэдэг нь тухайн хэлцлийн агуулгын талаар буруу ойлголт төсөөлөлтэй байсан тохиолдолд ойлгох ба гарын үсэг зурахдаа хэлцлийн агуулгыг эргэцүүлж бодоогүй бол түүнийг төөрөлдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 082 775 төгрөг /1 012 575+70 200/, шинжээчийн зардалд төлсөн 673 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.6-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ч.М-д холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 082 775 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 673 530 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.        

                                                                          

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                     

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН