Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2021/00470

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... сумын ..-р баг .... тоотод түр оршин суух, .... регистрийн дугаартай, С овогт М-н У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... сумын ...-р баг, .... тоотод түр оршин суух, ... регистрийн дугаартай, И овогт Д-н А-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:    Нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга,

                                    Нэхэмжлэгч М.У /онлайнаар/,

                                    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /онлайнаар/,

                                    Хариуцагч Д.А /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.А-тай 2004 оны 07 сараас амьдарч, 2008.08.25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, өнөөг хүртэл амьдарч байна. Би Д.А-тай гэр бүл болохоос өмнө том хүү А.Н-г 2004.03.30-нд төрүүлсэн. Том хүүгээ 3 сартай байхад А-тай нийлж, бид хоёр ярилцаад А-р овоглох болсон. Дунд хүү А.Б 2005 оны 10 сарын 24-нд, бага охин А.А 2012 оны 03 сарын 24-нд төрсөн. ...2017 оноос ... сумын ..-р баг, ... тоотод амьдарсан. Энэ орон сууцыг нөхөр өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Санхүүжилтийг түүний ээж М.Б санхүүжүүлж, бид 5-ыг амьдар гэж барьж өгсөн. Өмчлөлийн газар нь хүү А.Б, А.Н нарын нэр дээр байдаг. Уг байрыг барихад би өөрөөсөө тодорхой хэмжээний зардлыг гаргаж байсан. Ашиглалтад орсноос хойшхи урсгал зардлыг өөрийн цалингаас төлж байсан. А нь 2004-2008 онд С гэх гэр бүлтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 2008 оноос байнгын архины хамааралтай, агсам согтуу тавьж, зодох хөөх асуудал гардаг байсан. Үүний улмаас ...хэсгийн төлөөлөгч дээр очиж гэр бүлийн хүчирхийллийн зэргээ хүртэл тогтоолгож байсан. ...Гэтэл гэр бүлийн маргаан болж, хамт амьдрах нөхцөл байдалгүй болсны дараа ээж нь “надад хэлэлгүй байрны гэрчилгээ бичүүллээ...” гэж миний ажил дээр ирж дарамт үзүүлсэн. ...Энэ бүх хүчирхийлэл доромжлолыг үнэхээр тэвчихгүй байгаа тул 2020 оны 12 сарын 27-оос өнөөг хүртэл өөрийн эгч, дүү нарынд 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Бүхэл бүтэн 16 жилийн амьдралаа үрэн таран хийж байгаадаа харамсалтай байгаа ч үр хүүхдүүд минь эдгээр хүмүүстэй удаан байвал зан харилцаа нь ч хэцүү байдалд орох эрсдэлтэй байна. ...Гэр бүлийн дундын өмчлөлийн 120м2 хувийн орон сууцыг ойролцоогоор 80 сая төгрөгөөр үнэлнэ. ...Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Н, А.Б, охин А.А нарыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон, бидний дундын өмчлөлийн 120м2 хувийн орон сууц, байшингаас ногдох хувь болох 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.А-тай 2004 оны 7 сараас эхэлж ... суманд хамт амьдарсан. А-тай ярилцаж тохиролцоод том хүү Н-г түүний нэрээр овоглож байсан. Бид 2008.8.25-ны өдөр гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ бүртүүлж байсан. 2005.10.24-ний өдөр дунд хүү Б, 2012.3.24-ний өдөр охин А нарыг төрүүлсэн. Миний бие 2004-2008 оны хооронд ... сумын ЗДТГ-т .. ажиллаж байсан. 2008.10.24-ний өдрөөс эхэлж ... мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Дорнод аймагт шилжиж ирээд ажиллах, амьдрах хугацаанд ..-р багийн ... тоот 2 өрөө байранд 2008-2017 он хүртэл амьдарсан. 2017 оноос хойш .. сумын ...-р багийн нутаг дэвсгэрт 2 айлын газар буюу хүү Н болон Б нарын газар дээр 2 давхар амины орон сууц барьж тэндээ 2018 оноос 2021 оны 1 сар хүртэл гэр бүлээрээ хамт амьдарсан. Тэндээс явах болсон шалтгаан нь бол гэр бүлийн хүчирхийлэл буюу А-н удаа дараагийн хэл амны дарамт, мөн хадмуудын дарамт шахалтаас болж хүүхдүүдээ авч яваад өөрийн дүү О.Э-д одоог хүртэл амьдарч байна. Би 2004-2021 он хүртэл ажиллаж, амьдарч байсан хугацааны бүхий л олсон орлого цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байсан. Зөвхөн 2008 оноос хойших хугацааныхаа цалинг дундажлаад нэг сарын 500 000 төгрөгөөр бодох юм бол нийт 78 сая төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан байна. Ингэж амьдарч ирсэн байхад юу ч авч ирээгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Одоо цаашдаа би энэ хүнтэй амьдрах боломжгүй. Яагаад гэвэл А гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа давтагдаж, хүүхдүүддээ ямар ч хайр халамж үзүүлдэггүй байсан. Эд хөрөнгөөрөө далайлгаж, байнгын минийх, чинийх гэсэн дарамттай байдал үүсч, мөн насанд хүрч байгаа хүүхдүүдийнхээ төлөвшилд анхаарах ёстой гэж бодож салахаар шийдсэн. А-г ямархуу зан чанартай хүн гэдгийг шүүгч та ч гэсэн харсан байх. Ингээд шүүхээс хүсэхэд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдүүдээ насанд хүртэл ааваас нь тэтгэлэг гаргуулж, мөн гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Дундын өмчлөл нь 120 метр квадрат хувийн орон сууцыг ойролцоогоор 80 000 000 төгрөгөөр үнэлж байгаа, энэ орон сууцнаас ногдох хэсгийг авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.У нь шүүхэд гаргасан өргөдөлдөө намайг гэр бүлийн гадуурх харилцаатай байсан, архины хамааралтай болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хадам аавдаа дургүй, унтаж байхад нь дээр нь шээсэн мэтээр хэтэрхий худал бичжээ. М.У бол хурц зан ааштай, гэр орны ажилд муу, архи дарсанд дуртай, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадаагүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодоггүй, зөвхөн өөрөө гоёж гоодох, зугаа цэнгэл хөөхийг боддог хүн юм. Би бол хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг жолооч. ...Дорнод аймгийн ... сумын ...-р баг, ... тоот хувийн орон сууц бол бидний өмчлөлийн орон сууц биш юм. Уг орон сууцыг миний ээж Б өмч хөрөнгөөр хувьдаа барьсан. Биднээс нэг ч төгрөг гараагүй. Намайг 2020 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж байхад надаас болон манай ээжээс асуулгүй уг байшингийн өмчлөгчөөр М.У, Д.А, А.Б нарыг бүртгүүлсэн байсан. Түүнчлэн М.У өөрийн мөнгөөр авсан гэх цахилгаан бараа, бусад эд хогшлоо бүгдийг нь авч явсан бөгөөд 120м2 хувийн орон сууц байшинд түүний оруулсан хөрөнгө мөнгө байхгүй, өөрт ногдох хувь болох 60 000 000 төгрөг гаргуулж авна гэсэн нь үндэслэлгүй юм. Д.А би гэрлэлт цуцлуулах, хүү А.Н, А.Б, охин А.А нарыг ээжийнх нь асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 120м2 хувийн орон сууц байшингаас өөрт ногдох хувь болох 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин хүүхдүүддээ ...р байрны 2 өрөө байрыг өгөх болно гэжээ.

Хариуцагч Д.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд 3 хүүхэддээ ... дугаар байшингийн ... тоот 2 өрөө байрыг өгье гэж хэлсэн шүү дээ. Харин М.У надаас 60 сая төгрөг нэхэх үндэслэл байхгүй. М.У-н хувьд энэ байшинг барихад 1 ширхэг хадаас ч өгөөгүй гэдгийг хэлье. Хүний эцэг, эхийн хөрөнгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэж, дур мэдэн үнэлж болохгүй шүү дээ. Харин гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээх, мөн хүүхдүүддээ эцэг хүний хувьд тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг нь би хүлээн зөвшөөрнө. Хүний өөрийн гэж ялгахгүйгээр 3 хүүхэддээ гурвууланд нь тэтгэлэг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Өөрөө надтай амьдарч байх хугацаандаа тэр байшингийн тал хөрөнгийг гаргасан бол би өгөхөд бэлэн байна. Би ... тоотод байрлах байрыг 2 том хүүгийнхээ нэр дээр өгч болно. Мөн 2 хүүгийнхээ аль нэгийг нь эхнэр хүүхэдтэй болох юм бол өөрийнхөө нэрийг татаад авна. Бага охиндоо би тусд нь байр авч өгнө. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.У нь тус шүүхэд хариуцагч Д.А-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60 000 000 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-5 тал)

Нэг. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Д.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн энэхүү шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргадаг. (хх 37 тал)

Гэрлэгчид нь 2004 оны 7 дугаар сараас эхэлж хамт амьдарч эхэлсэн байх бөгөөд гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд ийнхүү бүртгүүлэхдээ 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон гэж бүртгүүлэн гэрчилгээ авсан болох нь ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдож байна. (хх 1-6, 8 тал)

Нэхэмжлэгч М.У нь 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүү Н-г төрүүлсэн байх бөгөөд хүүг 3 сартай байхад хариуцагч Д.А-тай хамт амьдарч эхлэн, тэд хүү Н-г Д.А-р овоглон гэрчилгээг авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Мөн гэрлэгчдийн дундаас 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Б, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин А.А нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү А.Н-н иргэний үнэмлэх, хүүхдийн .. дугаартай төрсний гэрчилгээ, ... дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудын хуулбар, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1-5, 9-14 тал)

Гэрлэгчид нь бие биенээ хүндэтгэхгүй, хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс хамт амьдрах хүсэл сонирхолгүй болж 2021 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, хариуцагч Д.А нь 2020 оны 12 сарын 23-ны өдөр эхнэр М.У-тай хэрүүл маргаан үүсгэж, гэрээсээ хөөж, түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд холбогдон хуулийн дагуу 7 хоногийн хугаацаагаар баривчлах шийтгэл хүлээж байсан байдал, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчидтэй шүүгчийн туслах болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг байлцуулан уулзахад хариуцагч Д.А-н хувьд шүүгч, шүүгчийн туслах, өмгөөлөгч нарыг үл хүндэтгэн М.У-тай бүдүүлгээр харьцаж, зохисгүй байдал гаргаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 16-21 тал)

Нэхэмжлэгч М.У нь 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Н, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Б, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.А нарыг өөрийн асрамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч Д.А хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар “Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Эцэг эх нь насанд хүрээгүй ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” болно. 

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Д.А-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.У-д тус тус даалгах нь зүйтэй.

Хоёр. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.У, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагын үндэслэлээ “...Дорнод аймгийн ....сумын ...-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууц нь гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн. Ийм учраас тус үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60 000 000 төгрөгийг шаардах эрхтэй...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Д.А нь энэ хэсгийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...тус 121 м2 2 давхар хувийн орон сууц нь манай гэр бүлийн дундын хөрөнгө биш, миний ээж өөрийн хөрөнгөөрөө барьсан, түүний хөрөнгө. М.У үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг намайг байхгүйд өөрийнхөө нэрийг оруулан гаргаж авсан байсан...” гэж маргадаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч М.У нь “...Д.А нь ... сумын ..-р баг ... тоот 2 өрөө орон сууцыг шилжүүлж өгөх юм бол би ... сумын ...-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж болно...” гэж, харин хариуцагч Д.А нь “...сумын ...-р баг ...тоот 2 өрөө орон сууцыг 3 хүүхэддээ өгнө, гэхдээ байрны гэрчилгээнд 3 хүүхдийн нэрээс гадна өөрийнхөө нэрийг оруулна, М.У-н нэрийг оруулахгүй...” гэж тус тус тайлбарладаг боловч хэн алиныхаа гаргасан саналыг харилцан зөвшөөрөхгүй, маргасан болно. Түүнээс гадна талуудын тайлбарлаж буй ...сумын ..-р баг ... тоот 2 өрөө орон сууц нь гэрлэгчдийн хэн алины өмчид бүртгэлтэй бус өөр хүний /хариуцагч Д.А-н төрсөн эгч/ өмчид бүртгэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдлуудаас талуудыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар эвлэрэх боломжгүй гэж үзсэн болно.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Д.А-н ээж М.Б нь 2017 онд ... сумын ...-р баг, ... 413 тоот хаягт байрлах, ач хүү А.Б-н өмчлөлийн 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар дээр 121 м2 2 давхар хувийн орон сууцыг барих хөрөнгө мөнгийг гарган бариулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэвч иргэн М.Б нь тус хувийн орон сууцыг бариулах болсон зорилго нь хүү Д.А-н гэр бүлд барьж өгч, тэднийг амьдруулах зорилготой байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болох: 1. Д.А, М.У, А.Б нар тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэн ... дугаар гэрчилгээг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 30 тал),

2. Иргэн М.Б-н гаргасан гомдлын дагуу гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаад “...М.У нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 4/174 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар,

3. Дээрх гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчээр мэдүүлэг өгсөн М.Б-н “...Уг байшин бариулах бүх зардлыг би гаргасан ба нийт 70 орчим сая төгрөг зарцуулсан. Ингээд уг байшиндаа хүү А-г гэр бүлийн хамт амьдрахыг зөвшөөрсөн. ...уг нь би байшингаа хүү А-д зориулж барьсан гэхдээ энэ хүмүүсийн нэр дээр байлгамааргүй байна. Учир нь А, У хоёр хоорондоо маргалдаад нэг гэр бүл шиг амьдарч чадахгүй байна...” гэх, мөн Д.А-н “...Манай ээж Б 2017 онд өөрийн хөрөнгөөр манай хүү Б-н эзэмшлийн ...газар дээр 121 м2 хувийн байшин барьж аавын голомтыг босгоно гээд бариулсан. Би ганц хүү нь учир тухайн байшинд 2018 оноос гэр бүлийн хамт амьдарч байсан юм...” гэх мэдүүлгүүд (хх 62-64 тал),

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан “...Энэ орон сууцыг хадам ээж М.Б санхүүжүүлж бид 5-ыг амьдар гэж барьж өгсөн. ...Би 2004-2021 он хүртэл ажиллаж, амьдарч байсан хугацааны бүхий л олсон орлого цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байсан. Ингэж амьдарч ирсэн байхад юу ч авч ирээгүй гэж хэлж болохгүй...” гэх тайлбар,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:

- гэрч Б.С-н “...Ойролцоогоор 3 жилийн өмнө бил үү дээ, байрны найр хийнэ гэж найзууд болон хамт олноо урьж байсан. Тухайн үед У эгч тусдаа гарсан, байрны найр хийнэ гээд байгууллага, хамт олноо урьж байсан...” гэх,

- гэрч С.У-н “...Энэ байрандаа ороод 3 жил гаран болж байгаа гэж санаж байна. Хувийн орон сууцны байрандаа орлоо гээд найз нөхөд, ажлын хамт олноо уриад найр хийж байсан. А, У нарын өөрсдийнх нь амьдрах орон байр гэж ойлгосон...” гэх,

- гэрч Д.Б-н “...2018 оны өвөл гэж санаж байна, манай ангийн 6, 7 хүүхэд нийлээд А, У нарын байрны найранд очсон. А, У хоёр олон жилийн өмнөөс хувийн байшин барьж байгаа гэж ярьж байгаад, түүнийгээ бариад дууссан гэж биднийг урьсан. Тиймээс А, У нарын байр гэж ойлгосон...” гэх мэдүүлгүүд (хх 82-87 тал)-ээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байх талаар, мөн зүйлийн 126.1.4-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах талаар тус тус заасан.

Эдгээрээс үзэхэд уг 121м2 2 давхар хувийн орон сууц нь гэрлэгчдийг 2003 онд гэр бүл болсноос хойш бий болсон /Д.А-н ээжийн санхүүжилтээр/ хөрөнгө байх бөгөөд гэрлэгчид нь гэр бүл байх хугацаандаа уг хувийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж, амьдарч байсан, уг орон сууц нь гэрлэгчдийн гэр бүлийн хөрөнгөд хамаарч байсан болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.У, хариуцагч Д.А болон хүү А.Б нарын өмчлөлд бүртгэгдсэн ... сумын ...-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.  

Өөрөөр хэлбэл тухайн хувийн орон сууцыг гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, иргэн М.Б-н хөрөнгө байна гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагчийн энэ талаарх татгалзлын үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Мөн хариуцагч Д.А нь “...М.У-н хувьд энэ байшинг барихад 1 ширхэг хадаас ч өгөөгүй. Хүний эцэг, эхийн хөрөнгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэж болохгүй...” гэж маргадаг.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-д гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэхээр зааснаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орлого олоогүй тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн хөрөнгийг хамтран өмчлөх эрх эдлэхгүй гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч М.У-н хувьд хариуцагч Д.А-тай гэр бүл болж хамт амьдарсан цагаас эхлэн ажил хөдөлмөр эрхэлж байсан, одоо ... мэргэжилтнээр, сарын 1 068 178 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар болон ... ирүүлсэн “Цалингийн тодорхойлолт” зэргээр тогтоогдож байх тул түүнийг гэр бүлийн хөрөнгөөс хамтран өмчлөх эрхтэй, энэ хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ шаардах эрхтэй гэж үзнэ (хх 36 тал).

Хариуцагч Д.А нь М.У-н ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч гэр бүлдээ зарцуулж байсныг үгүйсгэн маргаагүй болно.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-д “Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Дорнод аймгийн ... сумын ...-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран өмчлөгч Д.А-д 50 хувь, М.У-д 50 хувь /үүнд 3 хүүхдэд ногдох хэсгийг оруулан тооцсон болно/ тэнцүүлэн олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчдийн хүүхэд эцэг, эхийнхээ хөрөнгөөс тэдгээрийн адил тэнцүү хувааж авах эрхгүй гэж үзсэн болно. 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаан гарсан тохиолдолд дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж, аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгоно.

Нэхэмжлэгч М.У нь тус хувийн орон сууцыг 80 сая төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан бөгөөд ийнхүү үнэлсэнийг хариуцагч Д.А нь “...тус хөрөнгө бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, энэ хувийн сууцын үнийг М.У тодорхойлдог хэн юм бэ, нэхэмжлэгч тодорхойлох эрхгүй...” гэж маргадаг.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад хөрөнгийн үнэлгээний талаар маргаантай байгаа учраас “мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгох” эрхтэй талаар тайлбарласан боловч хэн алин нь хүсэлт гаргаагүй, хариуцагч нь “...нэхэмжлэгчийн 80 сая төгрөгөөр тодорхойлж нэхэмжлэлээ гаргасан...”-ыг хүлээн зөвшөөрөхгүй бол үнэлгээг хийлгүүлэх талаар хүсэлт гаргах, няцаах эрхтэй боловч энэ эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэрэгжүүлээгүй болно. Шүүх өөрийн санаачилгаар эд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр шинжээч томилох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд .... сумын ...-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцыг 80 000 000 төгрөгөөр үнэлж, тус 2 давхар орон сууцыг хариуцагч Д.А-д биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгийн үнээс нэхэмжлэгч М.У /3 хүүхдэд ногдох хэсэг багтсан/-д ногдох 40 000 000 төгрөгийг хариуцагч Д.А-с гаргуулж нэхэмжлэгч М.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Нэхэмжлэгч М.У нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 138/ШЗ2021/00673 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлөх 743 839 төгрөгийг төлөх хугацааг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар:

- нэхэмжлэгч М.У-с хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 100 000 төгрөг /60 сая төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 457 950 төгрөг бөгөөд үүнээс хариуцагчийн төлөх 357 950 төгрөгийг хасч тооцов/-ийг,

- хариуцагч Д.А-с гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 145 489 /55328+55328+34833/ төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага буюу 40 сая төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 357 950 төгрөг, нийт 643 839 төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар И овогт Д-н А /РД: /, С овогт М-н У /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Н, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Б, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.А нарыг эх М.У-н асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Б, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.А нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/, 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Н-г суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.А-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх М.У-д даалгасугай.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорнод аймгийн ... сумын ..-р баг, ... тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцыг хариуцагч Д.А-д биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгийн үнээс 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч Д.А-с гаргуулан нэхэмжлэгч М.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.У-с 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Д.А-с 643 839 /зургаан зуун дөчин гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгосугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             ГАРГАЛТУЯА