Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2021/30

 

*******ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаар шийдвэртэй, *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* сумын Засаг даргад холбогдох Засаг даргын Б/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 314 737.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 09 сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Д.Урансувд, хариуцагч *******, түүний өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“Би 2014 оны 11 сарын 13-нд ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, энэ өдрөөс хойш тус сургуулийн захирлаар 6 жил ажилласан. Анх намайг ******* сумын сургуульд очиход 60-70 сурагчтай, сургуулийн материаллаг бааз, багш нарынх нь ажиллах чадвар, орчин нөхцөл тун тааруу, хаягдаж гээгдсэн алслагдсан сургууль байсан. ..Ингээд тус сургуулийн захирлаар томилогдож очоод энэ сургуулийн төлөө олон зүйлийг шат дараалан хийж аймгийн түвшинд үнэлэгдэх хэмжээний сургууль болгосон ба санасандаа хүрч, энэ сургуулийг өөрчилж чадсан. ..******* сумын сургууль анх 1975 онд байгуулагдсан хирнээ түүнээс хойш нэг ч удаа капитал засвар хийгдэж байгаагүй, орхигдсон байсан сургууль. Тийм ч учраас би зориг гаргаж сурагчдын эцэг, эх болон сумынхаа ард иргэд гэх мэт хандив гуйх боломжтой бүх газруудаар гуйж явсны эцэст би сургуульдаа өргөн хүрээний засвар хийж чадсан. Мөн түүнчлэн тоног төхөөрөмжүүдийг хүртэл шинэчилсэн. Манай сургуульд төвийн сургуульд байхгүй мужааны тоног төхөөрөмж, багш нарын ажиллах техник хэрэгсэл, ухаалаг самбар зэрэг бүгд байдаг. Би энэ бүгдийг жил болгон яамнаас 4-5 сая төгрөгийн санхүүжилт авч, орчин үеийн сургуулийн шаардлага ямар байх ёстой тэр жишигт сургуулиа хүргэсэн. Мөн манай сургуулийн хамт олны уур амьсгал сайжирч нэгдмэл болсон... Миний ажлаас халагдах болсон шалтгаан зөвхөн санхүүгийн асуудлаас болж байгаа юм биш. Намайг 2019 оноос эхэлж Бодьцэцэг болон Засаг дарга Батдэлгэр нар нь өгч болох бүх газарт өргөдөл, гомдол өгч шалгуулсан. Энэ бол зохион байгуулалттайгаар Батдэлгэр, Бодьцэцэг гэдэг хоёр хүний намайг ажлаас халуулах гэсэн миний араар хор хутгаж байгаа үйлдэл.

Гэтэл ******* сумын Засаг дарга намайг 2020 оны 09 сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаараа захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ..захирамжиндаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2020.08.26-ны өдрийн 25-01-27 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна гээд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4-р зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь хуульд нийцээгүй буюу хууль зөрчсөн гэж үзэж байна.

Манай сургуулийн хувьд анх удаа өндөр өртөгтэй төслийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар тодруулж хэлбэл, дэлхийн банкны санхүүжилттэй боловсролын яамнаас төслийн уралдаан зарласан. Би ямар ч төслийн уралдаанд хамт олноо 3 багт хуваагаад оруулдаг байсан. Тэгээд аль сайн төслийг нь нөгөө 2 багтаа танилцуулаад нэмж авах санааг нь авч иймэрхүү байдлаар шалгаруулж нэгдсэн төсөл бичээд явуулдаг байсан. Тэгээд 2 сарын дараа манай явуулсан 2 төсөл хоёулаа шалгарсан... Эхний Тоглонгоо хөгжье төсөл дээр монгол ахуйг сурталчилсан тал гэр оруулсан байсан. Хоёр дахь төсөл буюу Багш ажлын байрандаа хөгжихүй төсөл дээр ухаалаг самбар оруулсан байсан. Тэгээд хамт олны хурал дээр би манай сургуульд ухаалаг самбар хоёр байгаа, та нарт өөр тоног төхөөрөмж хэрэггүй юм уу гэж багш нараасаа асуухад багш нар принтер хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Манай сургуульд тал гэр байтугай нэг сандал тавих зай байхгүй байхад та нар тэр тал гэрийг хаана байрлуулах гэж байгаа юм бэ харин энэ тал гэрийнхээ оронд Хүүхэд хөгжлийн өрөөгөө тохижуулъя гэдэг санал гаргаж бид хамт олныхоо хурлаар зарим зүйлийг нь өөрчилсөн. Яагаад гэвэл Дэлхийн банкнаас ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хориглосон хатуу шаардлага байгаагүй учраас би хамт олондоо хэрэгтэй зүйлээ орлуулаад хийчих гэж хэлсэн. Тэгээд багш нарын төслийн баг хуралдаад эдгээр зүйлийг авсан. 30 хувийг өөрчилсөн гэдэг нь ийм л зүйл болсон. Хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулж, багш болгон принтертэй болсноор аль аль талдаа хэрэгтэй зүйлд зарцуулагдсан гэж бодож байна. Би ингэж л сургуулийн орчин нөхцөлийг сайжруулсан. Түүнээс биш надад төслийн мөнгөнөөс идсэн удаа байхгүй. Би улсын байцаагчийн актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул хүчингүй болгуулах тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Гэтэл аймгийн Санхүү, аудитын газрын дарга надруу болон манай нягтлан бодогч нарыг утсаар ярьж дарамталсан учраас нягтлан бодогч маань нэхэмжлэлээ татан авмаар байна гэсэн. Тиймээс би тэднийг бодож нэхэмжлэлээсээ татгалзаж буцааж авсан.

...Уг нь хуулиараа бол Батдэлгэр миний ажил олгогч учраас надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Гэтэл надтай хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй, үр дүнгийн гэрээ ч байгуулаагүйгээс гадна намайг ажлаас чөлөөлөхдөө аймгийн БСГазрын санал дүгнэлтийг аваагүй. Иймд би ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цалин хөлс болох 14 314 737 төгрөг 90 мөнгө гаргуулж, ажиллах хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төлбөрийг төлүүлж, захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар хэлэхэд Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус шүүхийн ажилтан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд миний бие төрийн албан хаагч учраас Төрийн албаны зөвлөлд хандаж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд 09 дүгээр сарын 23-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгэгдсэн. Ингээд 2020 оны 10 сарын 06-ны өдөр миний гомдлыг Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх газарт хүргүүлсэн бөгөөд гомдлыг хянаад 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 011892 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, миний бие 2020 оны 10 сарын 30-ны өдөр шуудангаас гардаж авсан. Ингээд уг албан бичгийг хүлээж аваад 2020 оны 11 сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Үүний дагуу 11 сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн шүүх тухайн хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзээд тус хуулийн 55.1-т зааснаар 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг би хүлээн аваад 2020 оны 11 сарын 18-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ асуудал нь дан ганц надаас болоогүй. Би нэгэнт холбогдох байгууллагад гомдлоо гаргасан тул хариугаа авах ёстой. Би Засаг даргын шийдвэрийг хүлээж авсан цагаасаа эхлэн гомдол гаргаж явсан. Төрийн албаны зөвлөлийн хариу, мөн Хөдөлмөрийн хуулин дээр ч шүүхэд гомдлоо гаргана гэж заасан болохоос аль шүүхэд нь гаргахыг заагаагүй. Сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас халсан тухай асуудлыг Захиргааны хэргийн шүүх хүлээн аваад шийдвэрлэдэг практик байдаг учраас би удирдах албан тушаалтны хувьд эдгээр байгууллагуудад хандаж гомдлоо гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга С.Батдэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Батдэлгэр миний бие ******* сумын Засаг даргаар 2017 оноос эхлэн хууль журмын дагуу ажиллаж үүргээ гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаанд 2018 оны 6 сараас эхлэн Оюунчимэгтэй холбоотой гомдлууд гарч эхэлсэн. Энэ талаар Оюунчимэгт удаа дараа сануулж хэлж байсан. Энэ асуудалтай холбогдуулан Аймгийн боловсролын газар болон Төрийн албаны зөвлөлөөс Оюунчимэгийн ёс зүйн зөрчил, дутагдлаас болж цаашид энэ хүнийг ажиллуулах шаардлагатай эсэх асуудлаар миний саналыг асууж байсан. Би тухайн үед Оюунчимэгийг удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа талаар нь хэлж хамгаалж байсан. Ингээд 2020 оны 7 сарын 1-нд Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор аймгийн Засаг даргын 2020 оны 6 сарын 25-ны өдрийн А/370 тоот захирамж гарч тус сумын Цэцэрлэг, Сургуулийн эрхлэгчийг захиргааны удирдлагаар хангаж ажиллахыг сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож даалгасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ярихдаа хариуцагч Батдэлгэр нь Оюунчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халах нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Оюунчимэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Байгуулах үүрэг хүлээгээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн хувьд 2014 оны 11 сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажилд орсон. Тухайн үед үр дүнгийн гэрээ байгуулсан учраас дахин үр дүнгийн гэрээ байгуулах шаардлагагүй. Ингээд 2019 оны Санхүүгийн аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтанд манай сумын соёлын төвөөс бусад бүх төсвийн байгууллагууд орсон. Түүнээс биш миний бие санал гаргаж шалгуулсан зүйл байхгүй. Ингээд удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалтанд орсон. Шалгалтын явцад Оюунчимэг нь Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гарч Санхүүгийн албаны 2020 оны 8 сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлийг надад 9 сарын 2-ны өдөр албан тоотоор албан ёсоор ирүүлсэн. Тэмдэглэлтэй холбоотойгоор Оюунчимэг захирлыг утсаар удаа дараа дуудахад би өвчтэй байна, намайг өвчтэй байхад ажлаас минь халчихаарай гэж утасны цаанаас элдвээр хэлж байсан. Энэ тэмдэглэлээр нэхэмжлэгч Оюунчимэг нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Оюунчимэгийн гаргасан зөрчлөөс жишээ дурдвал: 1 дэх зөрчил нь төслөөр хэрэгжүүлэх 26 100 000 төгрөгийг авахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой гэх заалтыг зөрчсөн. 2 дахь зөрчил мөн тус хуулийн заалтыг зөрчиж нягтлан Болор-Эрдэнийн танил гэх компанийн гэрчилгээг ашиглаж, гэрээг хуурамчаар үйлдсэн нь аудитын тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд нягтлан бодогч нь өөрөө дур мэдэж тухайн компани дээр данс нээж, гүйлгээ хийсэн. 2019 оны 12 сард Талын төгс төгөлдөр ХХК-ийн данс руу 3 удаагийн үйлдлээр 30 000 000 төгрөг орсон. Гэтэл энэ мөнгө орсон өдрөө буцаад нэр бүхий 4 хүний данс руу гарсан байсан. Энэ үйлдэл нь өөрөө хардлага төрүүлж байгаа учир нягталж үзэх нь зүйтэй байна. Энэ компанийн хувьд хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй. Мөн 2 дугаар багт бүртгэлтэй байдаг боловч үйл ажиллагаа эрхлээгүй удсан, захирал нь өөрөө Хэнтий аймагт амьдардаг талаар нягтлан бодогч нь хэлсэн. Энэ компани нь тоног төхөөрөмж худалдан борлуулах эрхгүйгээс гадна бодит байдал дээр тоног төхөөрөмж зарж борлуулдаггүй компани. Тэгэхээр энэ компанийн данс руу орсон мөнгийг нягтлан бодогч нь нэр бүхий 4 хүний данс руу шилжүүлж гаргаад өөрсдөө тоног төхөөрөмж худалдан авсан байж магадгүй гэх эргэлзээ төрүүлж байна. 3 дахь зөрчил нь төслийн зориулалтыг дур мэдэж өөрчилсөн. Улсын төсвийн хөрөнгө биш гэж яриад байгаа боловч энэ нь өөрөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар дамжиж ирсэн төсвийн мөнгө юм. 4 дэх зөрчил нь Талын төгс төгөлдөр ХХК-тай гэрээ байгуулаагүй байж сургалтын арга хэмжээ зохион байгуулна гэж тус компанийн данс руу сургалтын мөнгө гэж шилжүүлж гаргасны дараа бага ангийн багш Алтансувдын данс руу шилжүүлж авсан. Эдгээр орлого, зарлагууд нь тухайн өдрөө хийгдсэн гүйлгээнүүд юм. Оюунчимэг одоо болтол энэ мөнгөө буцааж төлөөгүй байгаа. 5 дахь зөрчил нь хүүхдийн хоолны мөнгөнөөс зарцуулагдаагүй үлдсэн мөнгийг буцааж төсөвт хийгээгүй. Мөн бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийн зардлаас 3 300 000 төгрөгөөр 10 ширхэг компьютер худалдаж авсан. Энэ нь Сангийн сайдын 2014 оны 55 дугаар эдийн засгийн ангилал батлах тухай тушаалд заасан зардлын ангилалд хамаарахгүй худалдан авалт хийгдсэн нь харагдаж байна. Энэ компьютерийг авахдаа Дүнзка ХХК-иас авсан бөгөөд тус компани нь нэхэмжлэгч Оюунчимэгийн төрсөн эгчийнх нь хүүгийнх нь компани гэж тайлбарласан байдаг. Энэ нийт яригдаад байгаа 54 880 000 төгрөг нь улсын төсвөөс гарч байгаа учраас төсвийн хөрөнгө мөн. Тиймээс хуулийн дагуу сумын Засаг дарга төсвийн мөнгийг хэрхэн, яаж зарцуулж байгаад хяналт тавьж, арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий субъект мөн гэж үзэж байна. Тийм учраас Оюунчимэг нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж үзсэн учраас миний бие өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрий н тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Оюунчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Оюунчимэг нь Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, санхүүгийн хяналт аудитын газрын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай тэмдэглэл, мөн өдрийн 25-01-66, 25-01-67, 25-01-68, 25-01-69, 25-01-70 тоот актууд болон 25-01-61 дугаартай албан шаардлагаар тус тус нотлогдож тогтоогдсон байдаг. Мөн уг тэмдэглэлээр их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ба дээд шатны байгууллагаас хариуцлага тооц гэсэн чиглэлийг Засаг дарга надад даалгаж өгсөн байдаг. Ингээд Оюунчимэг нь Санхүүгийн хяналт аудитын шалгалтаар 54 000 000 төгрөгийн зөрчлийн асуудал гаргасан гэдэг нь тогтоогдсон. Мөн Оюунчимэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гомдол гаргасан байх ёстой. Гэтэл уг нэхэмжлэлийг 2020 оны 11 сарын 18-ны өдөр хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан. Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч өөрөө хууль мэдэхгүй буюу хуульчийн зөвлөгөө авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс болоод маргааны харьяалал зөрчиж Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэх мэт байгууллагад гомдол гаргаж, үүнээсээ болж хуулийн хугацаа хэтрүүлж Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3-т заасан үндэслэлээр хугацааг сэргээж болдог. Тодруулбал хүндэтгэх үзэх шалтгаан байвал хугацааг сэргээж болно гэж хуульд заасан. Хүндэтгэх үзэх шалтгаан гэдгийг юу гэж ойлгох вэ гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоол дээр тодорхой заасан байдаг. Тус тогтоолын 28 дугаар зүйлд 129.3-т заасан хүндэтгэх үзэх шалтгаан гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ гэж заасан. Харин хууль мэдэхгүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Шүүх уг тайлбарыг заавал хэрэглэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаар шийдвэрээр:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоожажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 916 858 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* сумын Засаг даргын 2020 оны 9 сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хэсэг болон ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаас үлдэх 2 397 879.90 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******т олгох 11 916 858 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутганнэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 275 820 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт ... гэж тайлбарласан боловч дээрх шалтгаанаас өөр хүндэтгэн үзэх шалтгаан байж болохгүй талаар тайлбарлаагүй байна. Хэдийгээр хуулийн албан ёсны тайлбар нь аливаа хуулийн зүйл заалт буюу эрхийн хэм хэмжээнд туссан эрх зүйн харилцааны зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилготой боловч хуулийн адил эрх зүйн эх сурвалж болдоггүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг шүүх заавал шийдвэрийнхээ үндэслэл болгон хэрэглэх ёстой гэсэн заалт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй. Иймд нэхэмжлэгч *******ийн ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан цагаасаа хойш “ажилтныг ажлаас халсан тухай” гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд буюу Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдлоо гаргасан үйл баримтыг хууль мэдэхгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн тогтоож, хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ...” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь:

1. “Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг тайлбарласан боловч тус тогтоолд тайлбарласнаас өөр хүндэтгэн үзэх шалтгаан байж болохгүй талаар тайлбарлаагүй” гэдэгт: 

Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийн зүйл, заалтыг шүүн таслах ажиллагаанд зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй. Үүний дагуу Улсын дээд шүүхээс 2006 онд “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд тус тогтоол нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тус 33 дугаар тогтоолын 28-д Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж маш тодорхой заасан.

Улсын дээд шүүхээс ийнхүү хуулийн зүйл, заалтыг тайлбарлаж буй гол ач холбогдол, зорилго нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухайн хуулийн зүйл, заалтыг дур зоргоор тайлбарлан хэрэглэхээс сэргийлж, хуулиар тайлбарлаагүй зүйл, заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарласнаар нэг мөр ойлгож, хэрэглэхэд оршино.

2. Анхан шатны шүүх “*******ийг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан цагаасаа хойш “ажилтныг ажлаас халах тухай” гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд буюу Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандаж гомдлоо гаргасан үйл баримтыг хууль мэдэхгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээн тогтоож, хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад сумын Засаг дарга болон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын хоорондох хөдөлмөрийн харилцаа нь нийтийн эрх зүйн маргаан бөгөөд төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх байгууллага гэж үзжээ.  Хэрэв тус маргааныг Төрийн албаны зөвлөл эсхүл Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх эрхтэй гэж дүгнэсэн бол Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх бус *******ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох байсан. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь хууль зөрчсөн байна.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч *******ийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд дээрх Санхүүгийн хяналт аудитын албаны “дотоод аудитын дүнгийн тухай” тэмдэглэл, улсын ахлах байцаагчийн актуудаар төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт төвлөрүүлээгүй, хүүхдийн хоолны зардлыг илүү зарцуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, төслөөр хэрэгжүүлэх хөрөнгийг худалдан авахдаа хуулийн дагуу Тендер зохион байгуулаагүй, төслийн хөрөнгийг зориулалт бусаар өөрчлөн өөр төрлийн хөрөнгө худалдан авсан зэрэг алдаа зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэж дүгнэсэн атлаа “... ямар зөрчлийг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх талаар талууд хэрхэн тохиролцсон болох нь тус тус тодорхойгүй байгаагаас шүүх нэхэмжлэгч *******ийн гаргасан санхүүгийн дээрх зөрчлийг “ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж дүгнэх боломжгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Улсын дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасныг Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүү, хяналт, аудитын алба тогтоосон бөгөөд төсвийн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл хангалттай тогтоогдсон байхад  заавал ямар зөрчлийг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гэж үзэх талаар ажилтантай тохиролцох эсэх нь шаардлагагүй юм.

******* нь төсвийн нийт 54 сая гаруй төгрөгийн алдаа, зөрчил гаргасан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно.

4. *******ийг ажлаас халахдаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэх үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй.

Сумын Засаг дарга ******* би Санхүү, хяналт, аудитын дүгнэлтийг хүлээн аваад Боловсрол соёлын газрын дарга Н.Нансалмаатай утсаар холбогдож *******ийн санхүүгийн алдаа, зөрчлийг танилцуулахад Боловсролын газрын дарга нь алдаа, зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа тул хуулийн дагуу хариуцлага тооц гэж хэлсэн. Үүний дагуу миний бие *******ийг ажлаас халж, хариуцлага тооцсон. Нэгэнт манай сумын сургууль Захиралгүй болсон учир дараачийн захирлаар ажиллуулах хүний талаар Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, Соёл Урлагын Газрын дарга 2020 оны 09 сарын 30-ны өдөр 330 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт захирлаар ажиллаж байсан ******* нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдана. Иймд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн захирлыг томилох хүртлэх хугацаанд тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагчаар сургуулийн нийгмийн ухааны багш Б.Хишигдэлгэрийг томилуулах саналыг танд хүргүүлж байна...” гэсэн байсан. Энэ нь *******ийг ажлаас халах тухай асуудлаар утсаар санал солилцож, хүлээн зөвшөөрсөн болохыг нотлох юм.

Дээрх хэм хэмжээнд аймгийн Боловсролын газрын даргаас заавал бичгээр санал авахыг заагаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас буруу халсан тул тус сумын Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох, тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцон нийт 14 314 737.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч маргажээ. / 1 дэх хх-ийн 1-2 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч *******ийн ажлаас буруу халсан тухай ажил олгогчийн  шийдвэрийг хүлээн авснаас хойш “ажлаас халсан тухай” гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд буюу Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан үйл баримтыг хууль мэдэхгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгчийн тайлбараар ажилтан ******* нь Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2014 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар анх томилогдон ажилласан байна. Хэрэгт захирлаар томилогдсон аймгийн Засаг даргын захирамж нотлох баримтаар авагдаагүй боловч хариуцагч тал үүнийг үгүйсгээгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт хүчингүй болсноор ******* сумын Засаг даргад тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох эрх нь 2020 оны 07 сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргаас шилжиж ирсэн байна. Хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй боловч зохигчид үүнийг үгүйсгэдэггүй.

Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга *******ийн 2020 оны 09 сарын 11-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасныг тус тус үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. / 2 дахь хх-ийн 25 дахь тал/

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай” байна. Мөн хуулийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна.”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч ******* нь төсвийн шууд захирагчийн хувьд аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч үр дүнгийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т “Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, мөн  Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, мөн хуулийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэснийг хэрэгжүүлэхдээ сумын Засаг дарга ******* нь нэхэмжлэгч *******тэй үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 онд Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2018, 2019 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, 2020 оны 08 сарын 26-ны өдөр 25-01-66, 25-01-67, 25-01-68, 25-01-69, 25-01-70 актуудыг гаргасан байна. Хариуцагч тал эдгээр актуудыг дурдаж *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нэг үндэслэлээ болгожээ. /1 дэх хх-ийн 34-57 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.” гэж заасан.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Энэ зүйлд заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгч /ажилтан/ *******ийг захирлын албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагч ******* сумын Засаг даргын захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль бус болжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Иймээс хариуцагч Дорнод аймгийн  ******* сумын Засаг дарга *******, түүний өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзэв.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасны дагуу тооцоход ажилтай байсан хамгийн сүүлийн 3 сарын буюу 2020 оны 7 сард 14 хоногийн цалин 803 702 төгрөг, 8 сард 3 хоногийн цалин 158 298 төгрөг, 9 сард 11 хоногийн цалин 886 938 төгрөг, нийт авсан 1 848 938 төгрөгийн цалин хөлснөөс нэг өдрийн цалинг тооцоход 66033,5 төгрөг, /1 848 938:28 хоног=66033,5/ үүнийг ажилгүй байсан 211 хоногоор /2020 оны 09 сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 07 сарын 26-ны өдрийг дуусталх 211 хоног/ тооцоход 13 933 068 төгрөг болж байх тул 13 933 068 төгрөгийг  хариуцагч Дорнод аймгийн  ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /1 дэх хх-ийн 27 дахь тал/

Хариуцагч Дорнод аймгийн  ******* сумын Засаг даргаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Дорнод аймгийн  ******* сумын Засаг дарга *******, түүний өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 138/ШШ2021/00540 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 11 916 858 төгрөгийг ...” гэснийг “ ...13 933 068 төгрөгийг...” гэж, “... үлдэх 2 397 879,90 төгрөгийг...” гэснийг “... үлдэх 381 670 төгрөгийг...” гэж, 4 дэх заалтын “... 275 820 төгрөгийг...” гэснийг “ ... 227 615 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Дорнод аймгийн  ******* сумын Засаг даргаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  Я.АЛТАННАВЧ