Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01382

 

Н.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1573 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд М.Саруулхангай, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр Н.Баярмаагаас 129 300 450 төгрөг гаргуулж М.Саруулхангайд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009243 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 18 дугаар байрны 03 тоотод байрлах 132.8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулсан.Төлбөр төлөгч Н.Баярмаа надаас болон төлбөр авагч М.Саруулхангай нараас үнийн санал авахад бид харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг томилон үнэлгээ хийлгэсэн. Шинжээч 273 900 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Н.Баярмаад мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудсаар орон сууцыг 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч би зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилж үнэлүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Маш багаар үнэлсэн үнийнхээ 70 хувь болох 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 4603 дугаар шийдвэрээр Н.Баярмаагаас 129 300 450 төгрөг гаргуулж, М.Саруулхангайд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15302657 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Н.Баярмаагийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны 121/01 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Н.Баярмаагаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үнийн санал авахад 464 800 000 төгрөгийн үнийн санал өгсөн.Төлбөр авагч М.Саруулхангай энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Итгэлт Эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилсон.Шинжээч уг орон сууцыг 273 900 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/6528 дугаартай мэдэгдлээр Н.Баярмаад мэдэгдсэн. Орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон 191 700 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаа явуулахад хэн ч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 273 900 000 төгрөгийн 50 хувиар тооцон 136 950 000 төгрөгөөр 2016.4.15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Саруулхангай шүүхэд гаргасан тайлбартаа:Энэ байрны гэрчилгээ нь миний нэр дээр гарчихсан юм. Н.Баярмаа түүний нөхөр н.Мөнхбат нар нь надад өгөх ёстой мөнгөө өгөх хэрэгтэй. Н.Баярмаа нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдолтой гэж нэхэмжлэл гаргасан. Тэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хөлслөн шүүх хуралд оруулан өөрсдийн санасан шийдвэрийг гаргуулахын тулд шүүхийн ажиллагааг удаашруулж, хүндрүүлж янз бүрийн зальт аргыг хэрэглэж байна. Би шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчтэй яг ижил саналтай байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай Н.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 714 дүгээр захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1573 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг. Мөн хэргийн оролцогч гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй. Анхан шатны шүүх нь илт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайлбал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг гаргуулах, хэргийн талаар шаардлагатай мэдээллийг мэдэж байгаа гэрчийг асуулгах тухай хүсэлтийг гаргасан боловч хангалгүй орхиж нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. Үүний улмаас шүүгчээс татгалзаж байсан.Анхан шатны шүүх хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд холбогдох нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан байхад хангаагүй нь нэхэмжлэгчид өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох боломжийг олгоогүй. Давж заалдах шатны хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэрээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байгааг харгалзан үзсэнгүй.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Н.Баярмаа нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор М.Саруулхангайд 128 500 000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4340 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байгааг шүүх анхааралгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 53.6.-д зааснаар төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах бөгөөд дээрх эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулдаг байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага мөн зүйлийн 53.2., 53.3., 53.4.-т заасан ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай төлбөр төлөгчийн хүсэлт байгаа эсэх, хүсэлтийг харгалзан үзэх эсэхийг тогтоогоогүйгээс гадна гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ажиллагаа явуулаагүй байна. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулдаг байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дүгээр тогтоолд Н.Баярмаа, М.Саруулхангай нарын хоорондох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байхад хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй атлаа төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг барьцааны эд хөрөнгө гэж, төлбөрийг тэргүүн ээлжинд барагдуулах журмаар битүүмжлэн, хурааж, дуудлага худалдаанд оруулахаар ажиллагаа явуулсан нь хууль бус болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй, Н.Баярмаагийн өмчлөлийн орон сууцыг барьцааны зүйл гэж шийдвэр, магадлалдаа зааж, шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөрөөр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 40.4.-т заасан шаардлагыг зөрчжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гарсан боловч шаардлага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь мөн албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай байхад шүүх зөвхөн үнэлгээний талаар гомдол гаргах хуулийн хугацааны зохицуулалтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлээс хойш 6 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлагатай тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэхэмжлэгч Н.Баярмаа төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй, хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсаны эцэст төлбөр төлөгдөөгүй тохиолдолд гэр бүлийн дундын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах боломжтойг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1573 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 53 дугаар зүйлийн 53.3.-т зааснаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дүгээр тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3\59 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН