Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0459

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0459

Улаанбаатар хот

М.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.О-ыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.О-ын ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 1 сарын 1.091,073 төгрөгөөр тооцож, нийт 7.141,569 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хуульд заасан татвар, хураамж, шимтгэлийг суутгуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 тоот ажлаас үндэслэлгүй халсан актын М.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдал, нотлох баримтыг үнэлээгүй буюу буруу үнэлсэн гэж байна. Улсын дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15-д ... мөн зүйлийн 27.2.4-т заасан ...орон тоо хасагдсан ... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-15.1.2-т 15.1.1.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. 15.1.2.Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус тайлбарласан байна.

Гэтэл шүүхээс нийт төрийн захиргааны албан хаагчдын тоог гарган нийт дүнгээрээ орон тоо хасагдаагүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан нөхцөл байдлыг үнэлж дүгнээгүй байна.

М.О Улсын бүртгэлийн ерөнхий газрын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр ажиллаж байгаад Үндэсний статистикийн хороо, улсын бүртгэлийн ерөнхий газар нэгтгэн зохион байгуулагдаж, түүний орон нутаг дахь нэгж аймгийн Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийг нэгтгэн аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар бий болж газрын даргын орон тоо шинээр бий болоход 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/302 дугаар тушаалаар газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. ОӨУБЕГ-ын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр 3 сар гаран, газрын даргаар 2 сар гаран ажилласан. Мөн бүтэц зохион байгуулалтын үеэр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалт зарлагдсан баримтуудыг шүүхэд хүргүүлсэн ба нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцоогүй тухай анхаарч үзээгүй. Түүнчлэн нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын байр хасагдсан тул хуулийн зохицуулалтуудаас үргэлжлүүлэн өөр ажлын байранд ажиллах саналаа тавиагүй нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байхад үнэлээгүй.

Нэхэмжлэгчийг ажлын байр хасагдсан тухай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар сонсох ажиллагаа хийгдсэн бөгөөд нэхэмжлэгч энэ үеэр тодорхой санал илэрхийлээгүй, мөн үүнээс хойш ажлаас чөлөөлөх хүртэл хариуцагч саналаа хэлэх ямар ч боломж олгоогүй гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нь үндэслэлгүй болох нь анхан шатны шүүх хуралдааны үеэр нотлогдсон гэж үзэж байна.

Шүүхээс орон нутаг дахь нэгж нь газрын зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад зөвхөн нэршил нь хэлтэс болж өөрчлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь аймгийн улсын бүртгэл, статистикийн газар нь зөвхөн улсын бүртгэлийн төдийгүй статистикийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан дотроо 2 хэлтэстэй газар байсан. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах тухай 2016 оны А/16 дугаар тушаалын Үндэсний статистикийн хороог тусгаарлаж, Оюуны өмчийн газрын татан буулгаж Улсын бүртгэлийн байгууллагад нэгтгэснээр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдаж, орон нутагт зөвхөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэйгээр хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Ажилгүй байсан үеийн цалингаа ... хэлтсийн даргын албан тушаалын ТЗ-9-3 гэсэн ангиллаар төсөвт суугдсан шалтгаанаар цалин 779,338 төгрөг, нэмэгдэл 45 хувийн хамт, 1 сарын цалин 1,091,073 төгрөгөөс ажилгүй байсан үеийн цалин олговрыг бодоход татгалзах зүйгүй болно гээд шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь албан тушаалын цалингийн санд албан тушаалын цалинг ангилал, зэрэглэлээр нь бодож тусгадаггүй, цалингийн сандаа багтааж томилох эрх бүхий албан хаагч цалин тогтоодог. Мөн нэхэмжлэгч нь ТЗ-10 ангилал зэрэглэлд өмнө ажилладаг байсан ба энэ албан тушаал ажил үүрэг, цалингийн сантай хасагдсан байхад шүүхээс цалингийн ангилал зэрэглэл тогтоож хэлтсийн даргаар ажиллуулахыг даалгаж шийдвэрлэж байгаа нь агуулгаараа шүүхээс томилгоо хийж байна гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс гэж, 28.13-т Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад цалингийн нэмэгдлийг 45 хувиар тооцсон нь шүүхээс нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянахад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

            Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгуудын улсын бүртгэл, статистикийн газрын албан хаагчдыг чөлөөлсний дотор Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.О хамрагдсан байна.

Улмаар мөн өдрийн Б/37 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байх бөгөөд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг нийт 24 орон тоотой байхаар баталж, хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг өмнөх Улсын бүртгэл, статистикийн газрын даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, газрыг хэлтэс болгон ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Гэтэл хариуцагчаас газрын даргын орон тоо хасагдсан, нэхэмжлэгчээс үргэлжлүүлэн ажиллах талаар санал гаргаж, бидэнд мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг газрын даргын албан тушаалаас чөлөөлж, хэлтсийн даргын албан тушаалд тус газарт ажиллаж байгаагүй Д.М гэдэг хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.О-ыг хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байсан гэж дүгнэлт хийсэн атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг давхар хэрэглэж, албан тушаал хасагдсан тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийг шалгаруулж авах ёстой хэмээн маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь буруу байна.

Хариуцагчаас гомдолдоо ...нэхэмжлэгчийн өмнөх албан тушаалын ангилал зэрэглэл ТЗ-10 байсан энэ албан тушаал ажил үүрэг, цалингийн сантай хасагдсан байхад шүүхээс цалингийн ангилал зэрэглэл тогтоосон... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь өмнөх газрын даргын албан тушаал байхгүй болж, энэ чиг үүрэг нь хэлтсийн дарга гэсэн албан тушаалын чиг үүрэг болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг дээрх Б/37 дугаар тушаалын хавсралтаар баталсан хэлтсийн даргын албан тушаалын цалин буюу ТЗ-9-3 зэрэглэлээр тооцож олгосныг цалингийн ангилал зэрэглэл тогтоосон гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын цалингийн нэмэгдлийг 45 хувиар гэж буруу тооцсон, мөн хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 гэсэн заалтыг хасч, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 1.091.073 гэснийг 1.013.139 гэж, 7.141.569 гэснийг 6.625.929 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ