| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2020/01737/И |
| Дугаар | 210/МА2021/01565 |
| Огноо | 2021-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2021/01565
Д.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01647 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-гийн хариуцагч Н - ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 6 875 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 5 019 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М- би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н - ХХК-тай гэрээ байгуулан, Киа бонго 3 маркийн, цагаан өнгөтэй автомашиныг 22 500 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 5 175 000 төгрөг төлж, үлдэх 18 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, би автомашинаа авч явсан. Автомашин сар орчим болоод ажиллаагүй, асахаа больсон. Энэ тухай утсаар хэлэхэд өөрсдөө очиж үзнэ задалж болохгүй гэсэн. Гэтэл ирэхгүй байсаар 2020 оны 3 сард ирж зассан. Гэтэл Н - ХХК надад мэдэгдэл өгөлгүйгээр зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн гэж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрийн гаднаас авч явсан байсан. Энэ хугацаанд би нийт 6 875 000 төгрөг төлсөн. Компани дээр очиж уулзахад машиныг өгөөгүй их хэмжээний мөнгө нэхсэн. Н - ХХК гэрээнээс татгалзаж, автомашиныг авч явсан тул гэрээний дагуу төлсөн 6 875 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан гэрээний дагуу Д.М- нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эхний төлөлт болох 2 122 630 төгрөгийг төлөх байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөөгүй тул автомашиныг хураан үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Манай зүгээс нэхэмжлэгчийн төлсөн мөнгөнөөс сөрөг нэхэмжлэлээр шаардсан 5 000 000 төгрөгийг хасаж үлдэх 1 875 000 төгрөгийг төлөхөд бэлэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул манай компани гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаан авсан болно гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Зээлдэгч гэрээнд заасан үүргээ 10 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 2 дахь заалтад дурдагдсан зээлийн барьцаа хөрөнгийг үл маргах журмаар зээлдүүлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани Д.М-гаас удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлийг арилгахгүй хуанлийн 98 хоног болсон тул барьцаа хөрөнгө болох Киа бонго 3 маркийн автомашиныг хураан авах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн зардлаар хураан авсан. Иймд дээрхийг үндэслэн Д.М- гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манайд учирсан хохирол болох 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хүүгийн төлбөр 2 455 019 төгрөг, алданги 614 381 төгрөг, автомашиныг хураан авахад гарсан зардал 1 200 000 төгрөг, автомашинд учирсан элэгдэл 750 000 төгрөг, нийт 5 019 400 төгрөгийг Д.М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Автомашин хурааж авахад гарсан зардалд 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, баримтгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Н - ХХК-иас 6 875 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгч Д.М-гаас 1 050 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3 969 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 260 төгрөгийг тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 29 750 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тогтоосон атлаа худалдагч тал болох Н - ХХК-ийг гэрээнд заасан автомашины үнэ бүрэн төлөгдөөгүй байхад өмчлөлийг нь худалдан авагч болох Д.М-д шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа юм. Тайлбарлавал: зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь ердийн худалдах, худалдан авах гэрээнээс худалдсан зүйлийн үнийг уг зүйлийг хүлээн авсан даруйдаа биш, дараа нь гэрээнд заасны дагуу хэсэгчлэн, эсхүл бүрэн төлдгөерөө ялгаатай. Тийм учраас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт худалдагч нь худалдсан зүйлийн эзэмшлийг худалдан авагчид үнийг нь бүрэн төлөхөөс өмнө шилжүүлэх үүрэгтэйг заасан бөгөөд ердийн тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шууд шилжүүлдэг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээний хувьд өмчлөлийг шууд шилжүүлэх үүргийг хүлээдэггүй болохыг хуульд тусгаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Д.М- нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н - ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгосон. Талуудын хооронд гэрээг цуцалсан харилцаа болсноос биш гэрээнээс татгалзсан явдал байхгүй болно. Гэрээнээс татгалзах тохиолдолд татгалзах тухай мэдэгдэл хүчинтэй болсноор буцах үйлчлэл гарах буюу гэрээний харилцаа нь анх үүссэн үеэсээ хүчин төгөлдөр бус болно. Энэ хүртэлх хугацаанд талуудын харилцан гүйцэтгэсэн үүргийг буцаах ёстой болох буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үүргийн гүйцэтгэлийг бие байдлаар харилцан буцаан өгнө. Харин манай компани нь иргэн Д.М- гэрээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан байхад гэрээнээс татгалзсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Гэрээг цуцалсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэлх хугацаанд харилцан гүйцэтгэсэн үүрэг хүчинтэй хэвээрээ үлдэх бөгөөд харин ирээдүйд гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болох буюу ирээдүйд харилцан үүрэг хүлээхгүй болно. Худалдах, худалдан авах гзрээнд гэрээг цуцлах гэсэн ойлголт нь утгагүй. Учир нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь урт хугацаанд үргэлжлэх үүргийн эрх зүйн харилцаа биш юм. Харин зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь урт хугацаанд үргэлжлэх боломжтой үүргийн эрх зүйн харилцаа байх боломжтой тул үүрэг гүйцэтгэгч аль нэг тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах боломжтой юм. Гэрээний талууд хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлж, агуулгыг өөрсдөө тодорхойлон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлшш 262.3 дахь хэсэгт заасны дагуу хүү болон алдангийг хуульд заасан шаардлагын дагуу харилцан тохиролцож тооцсон байхад ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж алданги тооцсон тохиролцоог алдангийн зохицуулалттай нийцээгүй тул алданги шаардах эрхгүй гэж, хүүгийн хэмжээг хуулийн дагуу тогтоосон байхад хуульд заасан зохицуулалттай нийцээгүй гэж үзсэн нь хүү болон алданги тооцож авах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд манай компани нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хүү, алдангийг Д.М-гаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.М-гаас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хүү 1 590 971.50 төгрөг, алданги 53 382.38 төгрөг, 1 644 353.88 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч Н - ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 6 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 5 019 400 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч Н - ХХК-иас зээлээр худалдан авсан автомашин нь сарын дараа асахаа больсон, засаж өгөх хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй, гэтэл хариуцагч нь автомашиныг хураан авсан тул гэрээний үүрэгт төлсөн 6 875 000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж автомашиныг хураан авсан, иймд зээлийн хүү, алданги, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 5 019 400 төгрөг гаргуулна, үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан байна.
Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн болон Фидуцийн гэрээ байгуулж, хариуцагч Н - ХХК нь 18 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 2,39 хувийн хүүтэй зээлдүүлэх, нэхэмжлэгч Д.М- нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцож, Киа бонго-3 маркийн, 65-87 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 40-42-р тал/
Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.
Талууд гэрээний хавсралтдаа зээл, зээлийн хүү төлөх хуваарийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 122 630 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4 832 389 төгрөг, ... гэх зэргээр тохиролцжээ. /хх-ийн 7-р тал/. Нэхэмжлэгч Д.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 175 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 6 875 000 төгрөгийг хариуцагч Н - ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-10-р тал/.
Хариуцагч Н - ХХК нь нэхэмжлэгч Д.М-г хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр автомашиныг хураан авсан гэж тайлбарлаж байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.М-гийн зээлийн төлбөр төлсөн нөхцөл байдлыг ялимгүй зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Үүргийг ялимгүй зөрчсөн, эсхүл үлэмж хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа талуудын тохиролцоо, тэдгээрийн ашиг сонирхол, үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн хэр хэмжээг харгалзан үзэх учиртай. Нэхэмжлэгч Д.М- нь эхний төлөлт хийх хугацааг 1 сар 15 хоногоор хэтрүүлэн, 422 630 төгрөг дутуу төлсөн байх бөгөөд дараагийн төлөлт хийхээс өмнө хариуцагч Н - ХХК нь фидуцийн зүйл болох автомашиныг өөртөө шилжүүлэн авсан байна.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт энэ төрлийн гэрээнээс талууд татгалзах тохиолдолд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар нарийвчлан зохицуулжээ. Хариуцагч Н - ХХК нь нэхэмжлэгч Д.М-г гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр автомашиныг өөрийн эзэмшилд авснаар хариуцагчийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч Д.М- нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэд төлсөн 6 875 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагч Н - ХХК-иас 6 875 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Зээлийн хүү 2 455 019 төгрөг, алданги 614 381 төгрөгийн хувьд гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх заалтын хүрээнд хүүг нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс зээлийн хүү, алданги гэх 3 069 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Харин автомашиныг хураан авахад гарсан зардал 300 000 төгрөг, элэгдэл 750 000 төгрөг, нийт 1 050 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М-гаас гаргуулж, хариуцагч Н - ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дах хэсэгт нийцжээ.
Түүнчлэн, талуудын байгуулсан гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус үндсэн зээл болон зээлийн хүүгийн нийт үнийн дүнгээс тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар дээрх хуулийн заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул уг тохиролцоонд үндэслэн хариуцагч Н - ХХК нь алданги шаардах эрхгүй юм. Иймд зээлийн хүү, алдангид нийт 1 644 353.88 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 40-р тал/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/01647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 260 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ