Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01567

 

 

 

 

 

 

 

 

 

А .А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А .А-гийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 33 949 276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А .А-, хариуцагч С.Б-, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хороолол, 55-11-р байрны 8 тоот байрыг Номин реалтор ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээний дагуу худалдаж авсан.Уг орон сууцыг худалдан авах гол шалтгаан нь С.Б- би уг орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдаж авъя, Ш- ХХК-ийн захирал н.Мөнхдөлөөс 160 000 000 төгрөг авах авлагатай нэг сарын дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 20-нд авах ёстой уг мөнгөөр төлбөрийг төлнө хэмээн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нүүж орсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг байрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд шүүхдээд гаргаарай хэмээн хүмүүсээр дарамтлуулж миний байрыг хууль бусаар эзэмшиж байна. Манай гэр бүл орон сууц худалдан авахаар хадгалж байсан мөнгөө С.Б-д итгэн нэхэмжлэлийн зүйл болох орон сууцыг худалдан аваад С.Б-г оруулсан. Гэтэл С.Б- тохирсон нэг сарын хугацаа болох 2020 оны 3 дугаар сарын 20-нд мөнгөө төлөөгүйн улмаас би одоог хүртэл 2021 оны 1 сар хүртэл байр худалдаж авч чадалгүй байр түрээслэн амьдарч байна. Иймд С.Б-гийн гэр бүлийг миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хороолол, 55-11 байрны 8 тоот байрнаас албадан гаргаж өгнө үү. Мөн С.Б- миний өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгөөгүйгээс учирсан хохирол болох түрээсийн төлбөр 29 550 000 төгрөг, мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хороолол, 55-11 байрны 8 тоот байрны хүү төлсөн 4 399 276 төгрөг, нийт 33 949 276 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Миний байранд С.Б- хууль бусаар байгаа учраас хуульд заасны дагуу байрнаас гарах ёстой. С.Б- надад 160 000 000 төгрөг өгөх ёстой бөгөөд мөнгөө өгөхгүй байгаа болохоор би байраа С.Б-гээс авах гээд байгаа юм. С.Б- нь н.Ядам гэх хүний Тэнгэр хэнгэрэг ХХК-д ажилладаг. Тус компани нь Ш- ХХК-ийн шатахуун түгээх станцыг барьж өгсөн болохоор Тэнгэр хэнгэрэг ХХК нь Ш- ХХК-аас төлбөрөө авах ёстой юм гэжээ.

 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 6 сараас 2019 оны 11 сарын хооронд Ш- ХХК-ийн Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад гэх газар ШТС-ын угсралтын ажил хийж гүйцэтгэн ажлын хөлсөнд тухайн байр болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хар хорин хотхоны 55/11-ийн 8 тоот байрыг 160 000 000 төгрөгт тооцон авсан. 2020 оны 2 сард А .А- Ш- ХХК-ийн хуулийн зөвлөх хэмээн надтай танилцаж тухайн байрыг надад үзүүлэн хөөцөлдөж авч өгсөн.Тухайн үед Ш- ХХК-ийн захирал Н.Эрдэнэсүрэн, Б.Мөнхдалай нар энэ байр А .А-гийн нэр дээр байгаа Өмнөговь аймагт барьсан ШТС-аа улсын комисст хүлээлгэн өгсний дараа байрыг чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлээд бичиг үйлдэж тохиролцсон, 2020 оны 3 дугаар сард ШТС-ын угсралтын ажлаа улсын комисст хүлээлгэн өгч акт бичиг баримтаа Ш- ХХК-нд авчирч өгөхөд маргааш нөгөөдрөөс байрыг чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч шилжүүлж өгөөгүй. Иймд 2020 оны 9 сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж хэрэг үүсгүүлэн шалгуулж байна. Ш- ХХК-ийн ажлын хөлсөнд уг байрыг авсан гэдгийг А .А- нь мэдэж байгаа.Энэ тухай баримт хавтас хэрэгт ч байгаа. Ш- ХХК, С.Б- нарын хооронд байгуулсан гэрээ болон баталгаа гэх баримт дээр А .А- нь гэрчээр гарын үсэг зурж байсан. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ хийгдэж, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Эрдэнэсүрэн нь эрүүгийн хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа бөгөөд А .А- нь гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа. А .А- уг байрыг өөрийн нэр дээр хуулийн дагуу шилжүүлж авсан уу, үгүй юу гэдэг нь цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар А .А-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хороолол, 55-11 байрны 8 тоот орон сууцыг С.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг А .А-д хүлээлгэн өгөхийг хариуцагч С.Б-д үүрэг болгож, хохирлын 33 949 276 /гучин гурван сая есөн зуун дөчин есөн мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгийг С.Б-гээс гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 896 /гурван зуун ерэн долоон мянга найман зуун ерэн зургаан/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А .А-д олгуулахаар шийдвэрлэсэн.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч А .А-тай хариуцагч С.Б- миний бие ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 160 000 000 төгрөгийг А .А-д өгөх үүргийг миний бие хүлээсэн гэж үзэх боломжгүй. Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хад гэх газар баригдсан шатахуун түгээх станцыг миний бие инженерээр ажиллан барьж захиалагч тал болох Ш- ХХК-д хүлээлгэн өгч ажлын хөлсөнд 2020 оны 9 сарын 07-нд Хархорин хүрээ хотхоны 55/11 байр 8 тоотыг захирал Б.Мөнхдөлөөс хүлээн авч гэрчээр тус компаний хуулийн зөвлөх гэх одоо нэхэмжлэгч А .А- нар баталгаа гарган гарын үсэг зурсан. Уг байрандаа амьдран нэр дээрээ гэрчилгээ гарган өгөхийг хүлээж байтал хуулийн зөвлөх А .А- 2021 оны 02 сарын 15-нд байр миний өмчлөлд шилжсэн гээд чөлөөлж өгөхийг шаардсан. Миний бие Ш- ХХК-ийн захирал н.Эрдэнэсүрэн, н.Мөнхдөл нарт залилуулсан учир 2020 оны 9 сарын 16-нд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа талаар хэлсэн. Ер нь ямар журмаар А .А-гийн нэр дээр шилжсэнийг ч олж тогтоох ёстой юм. Гэтэл А .А- Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс уг иргэний хзргийн маргааны зүйлийг эрүүгийн журмаар шалгаж байх тул хэрэгсэхгүй болгож, түдгэлзүүлж шийдвэрлэж байсан. Миний бие эрүүгийн 201101716 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулан нотлох баримтаар хэрэгт тусгуулсан. Нэхэмжлэгч А .А- надад ажлын хөлсөнд уг маргаантай байрыг авахад Ш- ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан төдийгүй ажлын хөлсөнд авсныг ч мэдэж байсан ба баталгаан дээр гэрчээр гарын үсэг зурсан байдаг. Өөрөө А .А- Ш- ХХК-иас авлагатай тул уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй С.Б- миний бие А .А-гийн байрыг түрээсэлж суугаагүй тул түрээсийн төлбөр болон хүү төлсөн мөнгийг түүнд төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А .А- нь хариуцагч С.Б-д холбогдуулан Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 55/11 байр, 8 тоот, 80.97 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 33 949 276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч С.Б- нь Ш- ХХК-иас 160 000 000 төгрөгийн авлага авч орон сууцны үнийг төлнө гээд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний өмчлөлийн орон сууцанд нүүж орсон, гэвч үнийг төлөөгүй тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч Ш- ХХК-д шатахуун түгээс станцын угсралтын ажил хийж өгч, ажлын хөлсөндөө тус орон сууцыг авсан, тухайн үед нэхэмжлэгч А .А- нь тус компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 55/11 байр, 8 тоот, 80.97 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А .А- 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 31-р тал/

 

Хэргийн 23 дугаар талд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хаданд баригдсан Ш- ХХК-ийн ШТС-ын барилга угсралтын ажлын хөлсөнд авсан Хархорин хүрээ хотхоны 55/11 байр, 3 давхар, 8 тоот, 80.97 м.кв гурван өрөө байрны ордерыг 2020 оны 9 сарын 25-ны дотор Тэнгэр хэнгэрэг ХХК-ийн инженер С.Б-гийн нэр дээр шилжүүлж өгнө, жич байрны ордерыг шилжүүлээгүй тохиолдолд 160 000 000 төгрөг бэлнээр өгөх болно гэсэн агуулгатай Баталгаа гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад Ш- ХХК-ийг төлөөлж Б.Мөнхдөл, Тэнгэр хэнгэрэг ХХК-ийг төлөөлж С.Б-, гэрч А .А- нар гарын үсэг зурсан байна.

 

Хариуцагч С.Б- нь дээрх баримтыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг Ш- ХХК-иас авах ажлын хөлсөндөө авсан гэж тайлбарлаж байх боловч тус баримтад үндэслэн хариуцагч С.Б-г орон сууцны өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан буюу дээрх хуульд заасан журмын дагуу өмчлөх эрх үүсэх юм.

 

Нэхэмжлэгч А .А-гийн өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч А .А- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Иймд Ш- ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу түрээсийн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 33 949 276 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байдлаар байгуулаагүй, харин Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дах хэсэгт заасан гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь зөвшөөрч, цаашид худалдах, худалдан авах гэрээ байгуулах итгэл үнэмшилтэйгээр хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч А .А-гийн өмчлөлийн орон сууцанд нүүж орсон болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

 

Иймд түрээсийн төлбөр болон хүү төлөх үүрэг хариуцагч С.Б-д үүсэхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй. Нөгөө талаар, дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна. Харин хариуцагч С.Б- нь хохирсон гэж үзвэл буруутай этгээдүүдэд холбогдуулан хууль хяналтын байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хаагаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/02237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ