Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 201/МА2021/33

 

М.Уртнасангийн нэхэмжлэлтэй, Д.Амарзаяад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Ж.Долгормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00470 дугаар шийдвэртэй, М.Уртнасангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Амарзаяад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Амарзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 сарын 21ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Уртнасан, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч Д.Амарзаяа, түүний өмгөөлөгч Т.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Амарзаяатай 2004 оны 07 сараас амьдарч, 2008 оны 08 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, өнөөг хүртэл амьдарч байна. Би Д.Амарзаяатай гэр бүл болохоос өмнө том хүү А.Насанбатыг 2004 оны 03 сарын 30-нд төрүүлсэн. Том хүүгээ 3 сартай байхад Амарзаяатай нийлж, бид хоёр ярилцаад Амарзаяагаар овоглох болсон. Дунд хүү А.Батнасан 2005 оны 10 сарын 24-нд, бага охин А.Анар 2012 оны 03 сарын 24-нд төрсөн. ...2017 оноос Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4 гудамж 413 тоотод амьдарсан. Энэ орон сууцыг нөхөр өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Санхүүжилтийг түүний ээж М.Балжмаа санхүүжүүлж, бид 5-ыг амьдар гэж барьж өгсөн. Өмчлөлийн газар нь хүү А.Батнасан, А.Насанбат нарын нэр дээр байдаг. Уг байрыг барихад би өөрөөсөө тодорхой хэмжээний зардлыг гаргаж байсан. Ашиглалтад орсноос хойшхи урсгал зардлыг өөрийн цалингаас төлж байсан. Амарзаяа нь 2004-2008 онд Сэвжид гэх гэр бүлтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан. 2008 оноос байнгын архины хамааралтай, агсам согтуу тавьж, зодох хөөх асуудал гардаг байсан. Үүний улмаас 9 дүгээр багийн хэсгийн төлөөлөгч дээр очиж гэр бүлийн хүчирхийллийн зэргээ хүртэл тогтоолгож байсан. ...Гэтэл гэр бүлийн маргаан болж, хамт амьдрах нөхцөл байдалгүй болсны дараа ээж нь надад хэлэлгүй байрны гэрчилгээ бичүүллээ... гэж миний ажил дээр ирж дарамт үзүүлсэн. ...Энэ бүх хүчирхийлэл доромжлолыг үнэхээр тэвчихгүй байгаа тул 2020 оны 12 сарын 27-оос өнөөг хүртэл өөрийн эгч, дүү нарынд 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Бүхэл бүтэн 16 жилийн амьдралаа үрэн таран хийж байгаадаа харамсалтай байгаа ч үр хүүхдүүд минь эдгээр хүмүүстэй удаан байвал зан харилцаа нь ч хэцүү байдалд орох эрсдэлтэй байна. ...Гэр бүлийн дундын өмчлөлийн 120м2 хувийн орон сууцыг ойролцоогоор 80 сая төгрөгөөр үнэлнэ. ...Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Насанбат, А.Батнасан, охин А.Анар нарыг миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоон, бидний дундын өмчлөлийн 120м2 хувийн орон сууц, байшингаас ногдох хувь болох 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Уртнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Амарзаяатай 2004 оны 7 сараас эхэлж Баян-Уул суманд хамт амьдарсан. Амарзаяатай ярилцаж тохиролцоод том хүү Насанбатыг түүний нэрээр овоглож байсан. Бид 2008.8.25-ны өдөр гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ бүртүүлж байсан. 2005.10.24-ний өдөр дунд хүү Батнасан, 2012.3.24-ний өдөр охин Анар нарыг төрүүлсэн. Миний бие 2004-2008 оны хооронд Баян-Уул сумын ЗДТГ-т газрын даамлаар ажиллаж байсан. 2008.10.24-ний өдрөөс эхэлж Дорнод хамгаалалтын захиргаанд сургалт, сурталчилгаа, аялал жуучлал хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. Дорнод аймагт шилжиж ирээд ажиллах, амьдрах хугацаанд 9-р багийн 3-49 тоот 2 өрөө байранд 2008-2017 он хүртэл амьдарсан. 2017 оноос хойш Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2 айлын газар буюу хүү Насанбат болон Батнасан нарын газар дээр 2 давхар амины орон сууц барьж тэндээ 2018 оноос 2021 оны 1 сар хүртэл гэр бүлээрээ хамт амьдарсан. Тэндээс явах болсон шалтгаан нь бол гэр бүлийн хүчирхийлэл буюу Амарзаяагийн удаа дараагийн хэл амны дарамт, мөн хадмуудын дарамт шахалтаас болж хүүхдүүдээ авч яваад өөрийн дүү О.Энхбатынд одоог хүртэл амьдарч байна. Би 2004-2021 он хүртэл ажиллаж, амьдарч байсан хугацааны бүхий л олсон орлого цалингаа гэр бүлдээ зарцуулдаг байсан. Зөвхөн 2008 оноос хойших хугацааныхаа цалинг дундажлаад нэг сарын 500 000 төгрөгөөр бодох юм бол нийт 78 сая төгрөгийг гэр бүлдээ зарцуулсан байна. Ингэж амьдарч ирсэн байхад юу ч авч ирээгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Одоо цаашдаа би энэ хүнтэй амьдрах боломжгүй. Яагаад гэвэл Амарзаяа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа давтагдаж, хүүхдүүддээ ямар ч хайр халамж үзүүлдэггүй байсан. Эд хөрөнгөөрөө далайлгаж, байнгын минийх, чинийх гэсэн дарамттай байдал үүсч, мөн насанд хүрч байгаа хүүхдүүдийнхээ төлөвшилд анхаарах ёстой гэж бодож салахаар шийдсэн. Амарзаяаг ямархуу зан чанартай хүн гэдгийг шүүгч та ч гэсэн харсан байх. Ингээд шүүхээс хүсэхэд гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдүүдээ насанд хүртэл ааваас нь тэтгэлэг гаргуулж, мөн гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Дундын өмчлөл нь 120 метр квадрат хувийн орон сууцыг ойролцоогоор 80 000 000 төгрөгөөр үнэлж байгаа, энэ орон сууцнаас ногдох хэсгийг авах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Д.Амарзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Уртнасан нь шүүхэд гаргасан өргөдөлдөө намайг гэр бүлээс гадуур харилцаатай байсан, архины хамааралтай болсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, хадам аавдаа дургүй, унтаж байхад нь дээр нь шээсэн мэтээр хэтэрхий худал бичжээ. М.Уртнасан бол хурц зан ааштай, гэр орны ажилд муу, архи дарсанд дуртай, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадаагүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгодоггүй, зөвхөн өөрөө гоёж гоодох, зугаа цэнгэл хөөхийг боддог хүн юм. Би бол хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг жолооч. ...Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоот хувийн орон сууц бол бидний өмчлөлийн орон сууц биш юм. Уг орон сууцыг миний ээж Балжмаа өмч хөрөнгөөр хувьдаа барьсан. Биднээс нэг ч төгрөг гараагүй. Намайг 2020 оны 12 дугаар сард хөдөө ажиллаж байхад надаас болон манай ээжээс асуулгүй уг байшингийн өмчлөгчөөр М.Уртнасан, Д.Амарзаяа, А.Батнасан нарыг бүртгүүлсэн байсан. Түүнчлэн М.Уртнасан өөрийн мөнгөөр авсан гэх цахилгаан бараа, бусад эд хогшлоо бүгдийг нь авч явсан бөгөөд 120м2 хувийн орон сууц байшинд түүний оруулсан хөрөнгө мөнгө байхгүй, өөрт ногдох хувь болох 60 000 000 төгрөг гаргуулж авна гэсэн нь үндэслэлгүй юм. Д.Амарзаяа би гэрлэлт цуцлуулах, хүү А.Насанбат, А.Батнасан, охин А.Анар нарыг ээжийнх нь асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 120м2 хувийн орон сууц байшингаас өөрт ногдох хувь болох 60 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин хүүхдүүддээ 3 дугаар байрны 2 өрөө байрыг өгөх болно.” гэжээ.

Хариуцагч Д.Амарзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний хувьд 3 хүүхэддээ 3 дугаар байшингийн 49 тоотын 2 өрөө байрыг өгье гэж хэлсэн шүү дээ. Харин М.Уртнасан надаас 60,0 сая төгрөг нэхэх үндэслэл байхгүй. М.Уртнасангийн хувьд энэ байшинг барихад 1 ширхэг хадаас ч өгөөгүй гэдгийг хэлье. Хүний эцэг, эхийн хөрөнгийг ямар ч үндэслэлгүйгээр нэхэж, дур мэдэн үнэлж болохгүй шүү дээ. Харин гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээх, мөн хүүхдүүддээ эцэг хүний хувьд тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг нь би хүлээн зөвшөөрнө. Хүний өөрийн гэж ялгахгүйгээр 3 хүүхэддээ гурвууланд нь тэтгэлэг төлнө. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Өөрөө надтай амьдарч байх хугацаандаа тэр байшингийн тал хөрөнгийг гаргасан бол би өгөхөд бэлэн байна. Би 3-49 тоотод байрлах байрыг 2 том хүүгийнхээ нэр дээр өгч болно. Мөн 2 хүүгийнхээ аль нэгийг нь эхнэр хүүхэдтэй болох юм бол өөрийнхөө нэрийг татаад авна. Бага охиндоо би тусд нь байр авч өгнө. Өөр хэлэх зүйлгүй.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00470 дугаар шийдвэрээр: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ихшарнууд овогт Доржийн Амарзаяа /РД: ЖД82082973/, Сартуул овогт Мөнх-Очирын Уртнасан /РД: ЖО79111669/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Насанбат, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Батнасан, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Анар нарыг эх М.Уртнасангийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Анарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Батнасан, 2012 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин А.Анар нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/, 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Насанбатыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Амарзаяагаар сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх М.Уртнасанд даалгаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөр 4 дүгээр гудамж 413 тоот хаягт байрлах 121 м2 2 давхар хувийн орон сууцыг хариуцагч Д.Амарзаяад биет байдлаар үлдээж, дээрх хөрөнгийн үнээс 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагч Д.Амарзаяагаас гаргуулан нэхэмжлэгч М.Уртнасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М.Уртнасангаас 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Д.Амарзаяагаас 643 839 /зургаан зуун дөчин гурван мянга найман зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулан төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Амарзаяа давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх гэр бүлийн хөрөнгийг буюу хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.

2. Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ. гэжээ. Энэ заалтын хүрээнд авч үзвэл М.Уртнасан бидний хуваарьт хөрөнгө байсан бөгөөд уг хөдлөх хуваарьт хөрөнгөө /бусдын бэлэглэсэн гэх мэт/ гэр бүл салах үед өөр өөрсдөө авсан болно.

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:

126.2.1.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;” гэжээ. Энэхүү заалтын хүрээнд авч үзвэл М.Уртнасан бид хоёр гэр бүлийн хэрэгцээг хангах зорилгоор биеийн хүчний болон оюуны хүчний чиглэлийн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа арилжааны чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүй, мөнгөн хуримтлал байхгүй, банкинд хадгаламжгүй. Хөдөлмөр аж, ахуй эрхэлж байгаагүй тул олсон орлого байхгүй. Бид дээрх үйл ажиллагаа эрхлээгүй тул шинээр бий болсон хөрөнгөгүй болно.

М.Уртнасан нэг сарын цалингаа дундажлаад 500 000 төгрөгөө бодож 78,0 сая төгрөгийг гэртээ зарцуулсан гэдэг бол үндэслэлгүй. Тэрээр цалин мөнгөө сургалт семинарт, хот хөдөө томилолтоор явах, суралцахад, өөртөө болон хүүхдүүддээ гутал хувцас авах, гоо сайхны хэрэгсэл авах, бусадтай архидан согтуурч, ууж идэхэд зарцуулдаг байсан. Манай аав, ээж мах гурил, сүү, цагаан идээ, ногоог жилийн 4 улирал дааж хангадаг байсан бөгөөд хүнсэнд бид бараг мөнгө зарцуулдаггүй байсан ба би ч гэсэн өөрийн цалин мөнгөө Уртнасангийн дансанд холбуулж цалингаа өгдөг байсан.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;” энэхүү заалтын хүрээнд авч үзэхэд бид өөрсдийн орлогоор /үл хөдлөх хөдлөх хөрөнгө худалдан авах, барих, бусдаар бариулах хэмжээний орлогогүй тул/ ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бий болоогүй юм. М.Уртнасан ч үүнийг мэднэ.

Гэтэл шүүх манай ээжийн өмч хөрөнгө болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоот хаягт байрлах 121м2 бүхий 2 давхар хувийн орон сууцыг М.Уртнасан бид хоёрыг 2008 онд гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө гэж үзэж уг хувийн орон сууцыг эзэмшиж ашиглаж, амьдарч байсан гээд дундын хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь өөрсдийн орлогоор бариулсан, барьсан үл хөдлөх хөрөнгө болон, өөрсдийн орлогоороо бусад этгээдээс худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцно гэж хуульчилсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө гэж үзэж Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан буруу хэрэглэн уг хуулийг ноцтой зөрчжээ.

Миний ээж М.Балжмаа уг байшинг 2017 онд бариулж биднийг 2018 онд 2 давхар хувийн орон сууцандаа түр оруулсан байхад М.Уртнасан нь ээж болон надад мэдэгдэлгүйгээр өөрийн ашиг сонирхлын хүрээнд өөрийн нэрийг оруулан гаргуулан авсан нь ямар нэгэн зүйлийг хэлээд байгаа бус уу.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3.ногдол хувь, үнэт цаас;” бидэнд ногдол хувь, үнэт цаас байхгүй. “126.2.4.гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;” энэ заалтын хүрээнд авч үзэхэд уг зохицуулалт нь үл хөдлөх хөрөнгөд хамаарахгүй байна. Шүүх иргэний хуулийн 26.1.4 гэж хуульд байхгүй заалт хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийг тодорхой заасан заалтын дагуу М.Уртнасан бид хоёрт хамтран өмчлөх дундын өмч байгаа эсэх талаар дэлгэрэнгүй бичлээ. Шүүх бүрэлдэхүүн та бүхэн биднийг дундаа хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгө байхгүй болохыг хуулийн дагуу тогтоож өгнө гэдэгт итгэлтэй байна.

Улсын Дээд шүүхийн 20 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг бусдад эзэмшүүлж, ашиглуулснаас олсон орлого, мөн дундын эзэмшлийн эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлого, зээлийн ба хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг, хууль буюу гэрээний дагуу авч байгаа хүү, анз, үл хөдлөх хийгээд хөдлөх хөрөнгө, үнэт цаас борлуулсны орлогоор бий болсон эд хөрөнгийг тус тус хамааруулан ойлгоно.” гэжээ.

Шүүх шийдвэр гаргахдаа энэ тогтоолын заалтыг огт хэрэглээгүй бөгөөд энэхүү тогтоолын заалтын хүрээнд авч үзвэл гэрлэснээс хойшхи хугацаанд эхнэр нөхөр хоёрын хамтын хөдөлмөр, үйл ажиллагааны орлогоор бий болсон үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг л гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхээр заажээ. Гэтэл бидэнд орлоогоороо үл хөдлөх хөрөнгө бий болгосон зүйл огт байхгүй шүү дээ.

Нэхэмжлэгч шаардлагадаа үл хөдлөх хөрөнгийн 60,0 сая төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Амарзаяа надад шүүхээс гардуулж өгөөгүй юм. Үүний улмаас шалтгаалан үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч дураараа үнэлсэн үнэлгээнд мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгох болон өмгөөлөгч эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Миний ээж Балжмаа Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоот хаягт байрлах 121 м2 бүхий 2 давхар хувийн орон сууцыг өөрийн өмч хөрөнгө мөн болох түүний өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэл гаргасан талаар шүүх мэдсээр байж уг хувийн орон сууцыг бидний дундын өмч гэж шийдсэнд маш их гомдолтой байна. Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх алдаатай тооцсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Уртнасан давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Амарзаяа бидэнд гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө байхгүй. Манай ээжийн хөрөнгө болох 1-р багийн Өгөөмөрийн 4-413 тоотын 121 м2 талбай бүхий хувийн сууцыг гэр бүлийн хөрөнгө гэж үзээд байна уг байшинг 2017 онд ээж Балжмаа бариулж, биднийг түр оруулсан байхад Уртнасан бидэнд мэдэгдэлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч өөрийгөө оруулсан нь ямар нэг зүйл хэлээд байгаа бус уу. Бид хоёрт хамтран өмчлөх өмч байхгүйг тогтоож өгнө үү.” гэжээ.

Уртнасан нь Амарзаяатай 16 жил амьдрахдаа анх 3-р байшинд амьдарсан. Уг 3-р байшинг манай хадмууд Амарзаяаг насанд хүрээгүй байхад нь хүүдээ авч хадгалсан байр гэж байсан. Харин яагаад эгч Золзаяагийн нэр дээр гэрчилгээ нь бичигдсэнийг мэдэхгүй. Амарзаяа шүүх дээр тэртээ тэргүй миний өмч тэрнийг 3 хүүхэддээ өгнө. Насанд хүрэхэд нь нэрэнд нь шилжүүлнэ. Гэхдээ тэр болтол өөрийнхөө нэрийг оруулна гэдэг юм ярьсан.

Шүүхээс нэгэнт та нарын дундын хөрөнгийг шийдэж байгаа болохоор та хамтран өмчлөгчөөр оролцох боломжгүй. Та нар тохиролцоод 3 дугаар байшингийн 2 өрөөг өгч байгаа бол эгч Золзаяагаас байраа зарцуулах итгэмжлэл аваагүй тохиолдолд 3 дугаар байшинг өгсөн гэсэн шийдвэрийг таны амаар гаргаж болохгүй гэдгийг надад тайлбарласан. Гэвч Амарзаяа зөрүүдлэн зүтгэсээр байгаа.

Өгөөмөрийн хувийн сууцыг ээж минь гагцхүү надад, манайхыг амьдар гэж бариулж өгсөн гэж мэдүүлсэн. Ер нь  ээж нь гол хөрөнгийг гаргасан. Би 16 жил энэ хүнтэй амьдрахдаа дандаа төрийн албанд тасралтгүй ажиллаж, цалин хөлсөөрөө ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж явсан. Нөхөр бол 2 удаа 8-9 сард л цалин авч үзсэн. Сүүлийн 5 сарын цалинг нэг ч төгрөг бидэнд өгч байгаагүй. Ээждээ өөрийнхөө тавьсан өрийг төлсөн хэсэг хугацаанд портероор такси үйлчилгээнд явж хаа нэг хоол, талх авчирч байсныг үгүйсгэхгүй. Архи ууна, тамхи татна, хүүхнүүдтэй зугаацаж зарцуулаад л өнгөрдөг байсан.

Өгөөмөрийн байшинд би чадлынхаа хирээр хөрөнгө орлуусан. Цонхнуудыг сольж, шиллэх, будаг, хадаас гэх мэтээс эхлээд дутлаа гэхэд би аваад өгдөг байсан. Бохирын хоолой хийлгэсэн ажлын хөлснөөс би төлөлцсөн. Гаднах гражийн хаалга, хашааны дайман хаалганы төмрийг бүгдийг би авч өгсөн. Хашаа хороо тохижуулсан, будаг оохор зэргийг би авч байсан. Гэрийн доторх тавилгыг бүхэлд нь би авч тавьсан. Бүгд л орон гэртэй боллоо гэж сэтгэл гаргаж оролцсон. Мөнгө дутлаа гэвэл бага цөөнөөр дансанд шилжүүлнэ.

Ингээд байр саваа 2 жилийн хугацаанд барьж байрны найр хийж хамт олон, ах дүү, төрөл төрөгсдөө оруулсан. Тэгээд чи хөөцөлдөж бичиг баримтыг нь ав гэж нөхөр, эгч Золзаяа, ээж ч хэлж байсан. Холоос сургууль, ажилд явах болно, татвар бүрдүүлэхэд буцаан олголт олгодог түүгээр нь жижиг тэрэг аваад хүүхдүүдээ зөөхөд чинь хүртэл хэрэгтэй биз дээ гэж ээж хэлж байсан.

Би Амарзаяаг яваад хөөцөлдөөч гэхэд чи явчихаач гээд хөдлөөгүй. Ингээд би хэсэг азнаж байснаа оны өмнө татвар бүрдүүлэх болно гээд хөөцөлдөж гэр бүлийн хөрөнгөө бүртгүүлсэн. Хүү А.Батнасангийн газар дээр барьсан учир Батнасанг улсын бүртгэлд оруулах ёстой гээд оруулсан. Гэрчилгээ авснаа хэлж байсан. Тэгэхэд нөхөр байшингаа тавиад зээл авч том машин авчихья л даа гэхэд хүртэл за больж үз орон гэрээрээ тоглох нь уу гээд зөвшөөрөөгүй.

Гэтэл муудалцаад салах болоход уг байшин чамд хамаагүй зүйл гэцгээсэн. Хүч хэрэглэж, тал бүрээс барьж идчих гээд байсан. Салах шалтгаан бол Амарзаяа өөр хүүхэнтэй болсон байсан. Намайг зайл, ав, хоёулаа салья гэдэг болсон. Үүнээс болж л салсан. Уг байшин бол биднийг амьдруулах зорилгоор барьж босгосон байшин учир гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө зайлшгүй мөн билээ.

Үнэлгээний хувьд шүүхэд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох шаардлагатай гэхэд хадам ээжийн хэлдэг 80,0 сая төгрөгөөр нь үнэлсэн. 60,0 сая гэсэн үнэлгээг хэн ч гаргаагүй. Үнэлгээнд маргаагүй учир үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаагүй. Харин гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой маргаан, нэхэмжлэл гарсны дараа шүүхэд өргөдөл ээж нь өгсөн байсан. Үндэслэлгүй нэхэмжлэл байсан. Тэгээд ч энэ талаар хариуцагч ямар нэгэн санал хүсэлт шүүхэд гаргаагүй. Би заавал хүүдээ барьж өгсөн байшинг авья гээгүй. 3 дугаар байшингаа миний хүүхдүүдийн нэр дээр болгоод өгчихвөл шүүхээс шийдсэн 40,0 сая төгрөгийг ч авахгүй гэдгээ хэлсэн. Үүнийг л ойлгохыг хүсэхгүй, зөвшөөрөхгүй байх талаас нь өмгөөлөгч зөвлөөд байгааг сонссон. Ер нь 3 хүүхдээ гудамжинд гаргаад гуйлгачин заяатайгаа эвлэрч амьдар гэдэг эцэг хүн байх уу.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Уртнасан нь хариуцагч Д.Амарзаяад холбогдуулан “Гэрлэлт цуцлууж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсэгт 60,0 сая төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-5 дахь тал/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчид нь том хүү А.Насанбатыг 3 сартай байхад буюу 2004 оны 07 сараас эхэлж хамт амьдарсан ба гэрлэлтээ 2008 оны 08 сарын 25-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, хамт амьдарч байх хугацаандаа 2005 онд хүү А.Батнасан, 2012 онд охин А.Анар нарыг төрүүлсэн, 2017 онд хариуцагчийн ээж М.Балжмаагийн санхүүжилтээр Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоотод 121 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц барьж амьдарсан, улмаар 2020 оны 10 сарын 27-ны өдөр М.Уртнасан, А.Батнасан, Д.Амарзаяа гэсэн гурван хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, зохигчид нь бие биенээ хүндэтгэхгүй, хоорондын таарамжгүй харьцаа, нэг гэрт хамт амьдрах боломжгүйн улмаас 2021 оны 1 сараас хойш тусдаа амьдарч байгаа үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 9-14 дэх тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн /14, 40,38.5, 26 дүгээр зүйл/ холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, 2004 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн хүү А.Насанбат, 2005 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн хүү А.Батнасан, 2012 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн охин А.Анар нарыг эх М.Уртнасангийн асрамжинд үлдээж, хүү А.Насанбат, охин А.Анарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  хүү А.Батнасан, охин А.Анар нарыг 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/,  хүү А.Насанбатыг суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тус тус тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Амарзаяагаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Хариуцагч Д.Амарзаяа нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаар давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т “Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.” гэж заасан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 4/174 дугаар Прокурорын тогтоолд: ... гэрч М.Балжмаагийн “... уг нь би байшингаа хүү Амарзаяад зориулж барьсан...”,...гэрч Д.Амарзаяагийн “... Манай ээж Балжмаа 2017 онд өөрийн хөрөнгөөр манай хүү Батнасангийн эзэмшлийн 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоотод байрлах газар дээр 121 м2 хувийн байшин барьж, аавын голомтыг босгоно гэж бариулсан. Би ганц хүү нь учир тухайн байшинд 2018 оноос гэр бүлийн хамт амьдарч байсан...” гэсэн мэдүүлгүүд, Ү-0614009954 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан гэрч Б.Сансар, С.Урантогос, Д.Борхүү нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар маргааны зүйл болж байгаа Хэрлэн сумын 1 дүгээр баг, Өгөөмөрийн 4-413 тоотод байрлах 121 м.кв талбай бүхий хувийн байшинг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.  /хх-ийн 30, 62-64, 82-87 дахь тал/

Түүнчлэн шүүх зохигчдоос улсын тэмдэгтийн хураамж гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.Уртнасангаас 100 000 төгрөг, хариуцагч Д.Амарзаяагаас 643 839 төгрөгийг тус тус гаргуулж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон байна.

Иймд хариуцагч Д.Амарзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч Д.Амарзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Амарзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 138/ШШ2021/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь  заалтын “... 126 дугаар зүйлийн 126.1,” гэсний дараа “126.3,” ... гэж нэмж оруулан тогтоох хэсгийн бусад заалтыг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Амарзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                                   Ж.ДОЛГОРМАА

                                                                                                  Я.АЛТАННАВЧ