Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/01380

 

Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 119 458 246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн даргаар Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Энхцэцэг Хас Банктай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1500009554 дугаартай зээлийн гэрээ, 1500009554-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1500009554-02 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2205007266 дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай. 3 өрөө орон сууц, Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204040585 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Г-2204003749 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 дугаар гудамжны 65Б тоот, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар, 1500009554 дугаартай зээлийн гэрээнд нөхөр С.Мандах нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч Ц.Энхцэцэг 1500009554 дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10.21-ний өдөр хүртэл 16 550 700 төгрөг төлсөн ба уг өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна. Хас банк зээлдэгч Ц.Энхцэцэг, С.Мандах нарын үйл ажиллагааг дэмжин хүссэн зээлийг цаг хугацаанд нь шийдвэрлэж байсан боловч зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг 394 хоног хугацаа хэтрүүлэн, уг гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1500009554 дүгээр зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4-д заасныг үндэслэн банк 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд 1500009554 дүгээр гэрээний үндсэн төлбөр 90 591 935 төгрөг, хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 0200 төгрөг, нийт 119 458 246 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дугаар төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Би эхнэр Ц.Энхцэцэгийн хамтран буюу нөхөн хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон юм. Манай эхнэр Ц.Энхцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хас банкнаас 100 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 16 550 700 төгрөгийг Хас банкинд баримтаар төлсөн. Ц.Энхцэцэг арав орчим жил бизнес хийж байгаа бөгөөд Хас банкны найдвартай үйлчлүүлэгч байж удаа дараа зээл авч найдвартай төлж байсан. 2015 оноос манай улсад эдийн засгийн хямралд орсон, мөн бусдаас авах авлагатай зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийн хугацаа болон хүүг төлөх үүргээ биелүүлж цаашдаа найдвартай үйлчлүүлэгч байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Ц.Энхцэцэг байнгын эмнэлгээр явж, өвчтэй хүн сахиж, ажлаа бүрэн хэмжээгээр хөөцөлдөж, өр авлагаа барагдуулж чадаагүй байгаа. Мөн бусдаас 40 000 000 төгрөгийн авлагатай байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай холбоотойгоор одоогоор ямар нэгэн төлбөр мөнгөнүүд орж ирээгүй байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээх буюу сунгаж өгч, хүүг бууруулж өгнө үү. Мөн Хас банктай удаа дараа зээлийн гэрээ байгуулж 10 000 000, 20 000 000, 50 000 000 төгрөгийн зээл авч, хугацаа алдалгүй, зээл, зээлийн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулж байсан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Энхцэцэг, С.Мандах нараас 119 458 246 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755 241 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 755 241 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг” гэж нэмж, мөн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205007266 дугаартай, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 8 дугаар байрны 6 тоот, 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-2204040585 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан-5 дугаар гудамжны 65Б тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204003749 дугаартай, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Ээж хайрхан 5 дугаар гудамжны 65Б тоот, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Ц.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч Ц.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Энхцэцэг би Хас банкнаас 1500009554 дугаартай зээлийн гэрээ, 1500009554-02 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан болно. Ингээд бизнесийн үйл ажиллагаа явуулж эхний хугацаанд зээлээ төлж нийт 16 550 700 төгрөгийг Хас банкны дансанд тушааж байсан, Гэтэл бизнесийн ажиллагаа явагдахаа болиод мөн манай улс эдийн засгийн хямралд орон байгууллага хүн бүр хүнд байдалтай байгаа бөгөөд ихээхэн хэмжээний авлага үүсч, автомашины ханш унасан. Гэрээнд заасан 36 сарын хугацаа дуусаагүй нөхцлийг огт авч үзээгүй. Ц.Энхцэцэг миний тайлбарт гаргасан үндэслэлүүд улс эдийн засгийн гүн хямралд орж машины ханш унаагүй бол би хүүгээ болон үндсэн зээлээ төлөөд явж байх байсан. Шүүх энэ болон миний хувийн амьдрал, миний 2 хүүхдийн цаашдын ирээдүй зэргийг мөн Хас банкнаас удаа дараа зээл авсан, хугацаа алдалгүй урьд урьдын зээлүүдийг бүрэн төлж барагдуулж байсан гэдгийг тооцоогүй, огт тоогоогүй.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн бүх нэхэмжлэлд заасан хүсэлтийг ханган нэг талыг барьж мөн Иргэний хуулийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй талаар зохицуулсан тус хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлаагүй ноцтой зөрчил гаргасан нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2.1-д заасан амьд явах, 5.2.3-т заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө рүү халдахдаа нөхөж магадлалаар шийдвэрлэж байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэмэгдүүлсэн хүү гэх 1 064 020 төгрөгийг зөвшөөрөхгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэж миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, банкнаас олгох зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтад нийцүүлэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын засвар оруулсан нь зөв болжээ.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ц.Энхцэцэг, С.Мандах нартай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан, 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, төлбөрийн тооцоо зэргийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцласныг үндэслэлтэй гэж үзнэ.

Гэрээний үндэслэл болж буй зээлийн гэрээнд зээлдэгч хэсэгчилсэн хугацаанд буюу гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцох талаар заасан учир нэмэгдүүлсэн хүү тооцсон нэхэмжлэгчийн шаардлагыг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1642 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН