Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1642

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 119 458 246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч ХХХХийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:          ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:            Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХ нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

3ээлдэгч ХХХХ ХХХ-тай 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1500009554 дугаартай зээлийн гэрээ, 1500009554-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1500009554-02 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 100 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн ХХХХХХХХХ дугаартай, ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХ дугаар байрны ХХ тоот, 38 м.кв талбайтай. 3 өрөө орон сууц, Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаартай, ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, Баталгаат ипотекийн 1500009554-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаартай, ХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХ тоот, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар, ХХХХХХХХХ дугаартай зээлийн гэрээнд нөхөр ХХХХ нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлдэгч ХХХХ 1500009554 дугаартай зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 16 550 700 төгрөг төлсөн ба уг өдрөөс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна. Хас банк зээлдэгч ХХХХ, ХХХХ нарын үйл ажиллагааг дэмжин хүссэн зээлийг цаг хугацаанд нь шийдвэрлэж байсан боловч зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг 394 хоног хугацаа хэтрүүлэн, уг гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1500009554 дүгээр зээлийн гэрээний 5.1, 5.1.1, 5.1.4-д заасныг үндэслэн банк 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд 1500009554 дүгээр гэрээний үндсэн төлбөр 90 591 935 төгрөг, хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 064 0200 төгрөг, нийт 119 458 246 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дугаар төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХ, ХХХХ нар шүүхэд гаргасан тайлбартаа болон тэдний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:                

Би эхнэр ХХХХийн хамтран буюу нөхөн хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон юм. Манай эхнэр ХХХХ 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ХХХХ-аас 100 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 16 550 700 төгрөгийг ХХХ-д баримтаар төлсөн. ХХХХ арав орчим жил бизнес хийж байгаа бөгөөд ХХХ-ны найдвартай үйлчлүүлэгч байж удаа дараа зээл авч найдвартай төлж байсан. 2015 оноос манай улсад эдийн засгийн хямралд орсон, мөн бусдаас авах авлагатай зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийн хугацаа болон хүүг төлөх үүргээ биелүүлж цаашдаа найдвартай үйлчлүүлэгч байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. ХХХХ байнгын эмнэлэгээр явж, өвчтэй хүн сахиж, ажлаа бүрэн хэмжээгээр хөөцөлдөж, өр авлагаа барагдуулж чадаагүй байгаа. Мөн бусдаас 40 000 000 төгрөгийн авлагатай байгаа бөгөөд эдийн засгийн хямралтай холбоотойгоор одоогоор ямар нэгэн төлбөр мөнгөнүүд орж ирээгүй байна. Иймд нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээний хугацааг хэвээр үлдээх буюу сунгаж өгч, хүүг бууруулж өгнө үү. Мөн ХХХ-тай удаа дараа зээлийн гэрээ байгуулж 10 000 000, 20 000 000, 50 000 000 төгрөгийн зээл авч, хугацаа алдалгүй, зээл, зээлийн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулж байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ, ХХХХ нараас 119 458 246 төгрөгийг гаргуулан ХХХ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 755 241 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 755 241 төгрөгийг гаргуулан ХХХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шүүгч ХХХХХХ даргалж шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн бүх нэхэмжлэлд заасан хүсэлтийг хангаж нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.Гэрээнд заасан 36 сарын хугацаа   дуусаагүй   нөхцөлийг огт авч үзээгүй. ХХХХ миний тайлбарт гаргасан үндэслэлүүд /анх зээл авахдаа “ХХХХХ” ХХК-ийн захирлаар ажиллаж суудлын автомашин түрээслүүлэн жолооч нарыг 50 ажлын байраар ханган бизнес эрхэлдэг байсан /улс эдийн засгийн гүн хямралд орж машины ханш унаагүй бол би хүүг болон үндсэн зээлээ төлөөд явж байх байсан. Шүүх энэ болон миний хувийн амьдралын хүнд байдлыг харгалзан мөн Хас банкнаас удаа дараа зээл авсан, хугацаа алдалгүй бүрэн төлж барагдуулж байсан гэдгийг тооцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэмэгдүүлсэн хүү гэх 1 064 020 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний гомдлыг хүлээн авна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг орхигдуулсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 119 458 246 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар гэрээнд заасан 36 сарын хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 100 000 000 төгрөгийг, жилийн 26.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж хувийн сууц, орон сууц, газар зэргийг барьцаалсан байна. /хх 9-22 дугаар тал/ Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 165, 451, 452 дугаар зүйлийн холбогдох заалтуудын шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ХХХХийн дансанд 100 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Хариуцагч ХХХХ нь 16 550 700 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. /хх 23 дугаар тал/

 

Харин хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн төлөх үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан болох нь зээлдэгч нарт хүргүүлж байсан шаардах хуудас болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 24-26 дугаар тал/

 

            Нөгөө талаар, хариуцагч нарын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байдал, төлсөн төлбөрийн тооцоо зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, эдгээр нөхцөл байдал нь зээлийн гэрээний 3.2.1, 5.1, 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэрээг хугацаанаас өмнө цуцласан нь үндэслэлтэй байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагч ХХХХ, ХХХХ нараас үндсэн зээл 90 591 935 төгрөг, хүү 27 802 291 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 064 200 төгрөг, нийт 119 458 246 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Учир нь гэрээг цуцалсан үеэс гэрээний үүрэг дуусгавар болох тул “ХХХХ” ХХК нэхэмжлэл гаргах хүртэлх буюу гэрээ цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг баримтлаагүй орхигдуулсныг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн барьцаа хөрөнгийг нэрлэн заагаагүй орхигдуулсныг заах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгийг нэрлэн зааж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч ХХХХийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04454 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг “ гэж нэмж,

мөн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаартай, ХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХ тоот, 38 м.кв талбайтай. 3 өрөө орон сууц, ХХХХХХХ дугаартай, ХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХ тоот, 48 м.кв талбайтай хувийн сууц, ХХХХХХХ дугаартай, ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХ тоот, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ХХХХийн давж заалдах гомдлыг хангахгүй орхигсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХХээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

               ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      Ц.ИЧИНХОРЛОО