Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 554

 

  Д.Н-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Н- болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Д-, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 767 дугаар магадлалтай, Д.Н-эд холбогдох 1906022380927 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай эрэгтэй, Баянзүрх дүүргийн 44 дүгээр дунд сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Цэргийн Их сургуулийн гудамжны 01-21 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Л овогт Д-н Н.

Д.Н- нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Э-ыг үл ярих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Д.Н-ийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Д- гаргасан гомдолдоо “...анхан болон давж заалдах шатны шүүх Д.Н-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Д.Н- нь гэмт хэрэг үйлдэх үед насан хүрээгүй байсан. Мөн түүний нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмших үйлийг нь дэмжих, одоо Шинжлэх ухаан технологийн их сургуульд элсэн суралцаж, дөнгөж оюутны ширээнд сууж амьдралынхаа бас нэгэн чухал мөч дээрээ байгаа байдал зэргийг харгалзан, эрх зүйн байдлыг дээрдүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Д.Н- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Э-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа тусгайлан зохицуулсан хуулийг хэрэглээгүй нь буруу байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч 18 насанд хүрсэн байна. шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоо их сургуульд суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Н-эд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Н- нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Э-ыг үл ярих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, хэсгийг баримтлалгүй шийдвэрлэсэн байна.  

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой гэсэн хүүхдийн эрхийн талаарх олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуульд тусгасан дээрх зохицуулалт нь өсвөр насны хүний хувьд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, хугацаанаас шалтгаалан өөр, өөр эрх зүйн үр дагавар, ялгавартай байдал үүсгэдэг байсан хууль хэрэглээний буруу хэвшмэл үйлийг халсан, зарчмын шинжтэй зохицуулалт юм.

Тиймээс хяналтын шатны шүүх хуралдаанаар Д.Н-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх үед тэрээр 18 насанд хүрсэн байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгчид ял оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Д-гийн гаргасан  “...хувийн байдлыг нь харгалзан үзэж торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн агуулгатай гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 767 дугаар магадлалд “Шүүгдэгч Д.Н-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН