Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/01639

 

 

 

 

 

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Д- аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 7-р хэсэг, 136-р байрны 21 тоот 69,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт зохион байгуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. М- ХХК нь Д- аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг 7-р хэсэг 136-р байр 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Д- аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 44-21312 тоот лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай, Д- Замын-Үүд сум 1-р баг 136-р байр 21 тоот Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр М- ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг. Харин улсын бүртгэлийн газрын лавлагаагаар М- ХХК-ийн өмчлөлд буй эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэж тодорхойлсон тул хөрөнгөөр А- ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа гүйцэтгэж байгаа нь үндэслэлгүй байна. М- ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа талаар хууль ёсны өмчлөгч болох манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар албан ёсны баримт бичигтэй танилцуулаагүй. Иймд Д- аймгийн Замын-Үүд сумын Нэгдүгээр баг, 7-р хэсэг 136-р байрны 21 тоот хаягт байршилтай, Ү-0714002411 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох " М- ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хамгаалж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу уг эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 5859 дугаартай захирамжаар А- ХХК 752 502 630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн. Манай байгууллагаас Д- аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 дугаар албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Д- аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаар албан бичгээр Т- ХХК-д 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр үүрэг оногдуулсан байна. Захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А- ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д- аймаг, Замын-Үүд сум, Нэгдүгээр баг 7-р хэсэг 136-р байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эститэйт ХХК-иар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдсэн. Дээрх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болно. М- ХХК Д- аймгийн Замын-Үүд сумын 7 хэсэг 136 дугаар байрны 21 тоот хаягт байршилтай орон сууцыг 2017 онд өмчлөх эрхээ бүртгүүлсэн гэх дээрх хөрөнгө нь Т-ны үүргийн гүйцэтгэлд 2012 онд барьцаалбар бүртгэгдсэн, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шүүгчийн захирамж 2014 онд гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А- ХХК нь Т- ХХК-аас 2012 оны 13 дугаар сарын 21-ний өдөр 980 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, зээлийн гэрээ цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эргүүлэн татуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбуулан Т- ХХК-аас 752 502 630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, А- ХХК-иас 752 502 630 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч А- ХХК нь зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт Д- аймгийн, Замын-Үүд сумын, 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 13 24, 27, 28, 29, 43, 48 тоотод байрлах, 808.8 м.кв талбайтай орон сууцуудыг барьцаалсан байсан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/34552 тоот албан бичгээр дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. А- ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу Д- аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001904 дугаартай орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг Н-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаартай захирамжаар "А-" ХХК нь 752 502 630 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч А- ХХК гүйцэтгэх захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д- аймаг, Замын-Үүд сум, Нэгдүгээр баг 7-р хэсэг 13б-р байрны 01, 05, 09, 10, 18, 21, 23, 24, 27, 28 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэгдсэн 10 ширхэг орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 121/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16301188/21, 16301188/23, 16301188/20, 16301188/22, 16301188/24, 16301188/25 дугаар тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4/224 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ-Эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 10 орон сууцыг 520 028 460 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг албан бичгээр талуудад үнэлгээг мэдэгдсэн. Дээрх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдсан. Маргаан бүхий орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдолтой байна. Анх 2012 оны 3 дугаар сарын 15-ны өөр А- ХХК эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хөтлөн хүсэлт гаргаж Д- аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 7-р хэсэг, 136 дугаар байрны 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 дугаар тоотуудыг хамтатган Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлж өмчлөх эрх үүссэн. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан анхны тохиолдолд байсан нь хэрэгт авагдсан. Улмаар дээрх 15 орон сууцыг нэгтгэсэн Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх хөрөнгийг Т- ХХК-ийн барьцааны эрхийг бүртгүүлэхээр 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандан мэдүүлэг гаргаж байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан. Үүнээс үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгө Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцогдох тул барьцаалагч Т- XХК барьцааны эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхээр байна. Харин Д- аймгийн Замын-Үүд сум 1-р баг, 7-р хэсэг, 136 дугаар байрны 21 тоотод байрлах, 69.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр О.М- 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн нь барьцааны эрх тухайн үед бүртгэлтэй байсан нь он цагийн дарааллаар тогтоогдож, барьцааны эрхийг дагуулж бүртгэх ажиллагаа хийгдээгүй байгааг шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт Барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно гэж заасан. Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр байхад дараа дараагийн өмчлөгчийн эрх ашгийг хангаж битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэж байгаа нь барьцаалагчийн эрх ашгийг хөндөж, барьцааны хөрөнгөөс төлбөрийг гаргуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх улсын бүртгэл нэгдсэн байх зарчим алдагдсан эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгчийн эрхийг хөндөж байна гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэхүү эрхийг хамгаалахаар оролдсон нь барьцаалагчийн эрх, иргэний эрх зүйн бүхэл бүтэн салбар болох эдийн засаг, банк санхүүгийн салбарыг эрсдэлд оруулах, шүүхийн хамгаалалтад итгэх хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөх итгэл алдагдах гинжин урвал үүсгэх шийдвэр гаргасан. Банк аливаа зээлийг олгохдоо эрсдэлийг тооцон барьцаа хөрөнгийг үнэлэн эргэлтэд оруулах боломжийг нь хязгаарлуулдаг, улсын бүртгэлд барьцааг бүртгүүлснээр зээлийг олгодог, цаашилбал чанаргүй зээлийг төлүүлэхдээ шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулдаг. Үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэдэг нь ч өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах давхар арга юм. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн байгууллага шударга өмчлөгчийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой хэмээн нөхцөл байдлыг явцуугаар тайлбарласан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр банкны барьцааны эрх бүртгэгдсэн талаар дурдаж захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай нотлох баримт авагдсан ба хэрэв өмчлөгч өөрчлөгдөх нөхцөл байдал үүсвэл барьцаалагчийн зөвшөөрлөөр тухайн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэгдэх гол зарчим зөрчигдсөн талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай. Шударга өмчлөгчийн эрх ашгийг дурддаг боловч барьцаагаар баталгаажсан шаардах эрхийн эцсийн нөхцөл бол үүргийг тухайн барьцаа хөрөнгөөр хангуулах явдал бөгөөд зээлдүүлэгч дам утгаараа өмчлөгч болж болзошгүй угтвар нөхцөлийг үл ойшоосон. Тухайн байрнуудын хувьд гэрчилгээжсэн анхны тохиолдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар А- ХХК-ийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтээр тогтоогдож байна. Мөн 15 орон сууцыг нэгтгэсэн Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгөд Т- ХХК-ийн барьцааны эрхийг бүртгүүлэхээр 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандаж байсныг шүүх дүгнэлтээрээ нотолдог. Иргэний эрх зүйн харилцааны чухал тодорхойлогч бүрэлдэхүүн хэсэг бол он цагийн дараалал байдаг. Энэхүү хэрэг маргааны хувьд он цаг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж болно. Улсын бүртгэлийн байгууллага энэхүү он цагийн дарааллаар бүртгэлийг үнэн зөв хийх ёстой бөгөөд анхлан бүртгүүлсэн этгээдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдах учиртай. А- ХХК нь иргэнийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх замаар худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт нь 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр огноологдож байгаа нь асуудлыг тэр цаг мөчөөс эхлэн зөв болгох, эрхийг сэргээх. хамгаалах, шаардах асуудлыг тодорхойлж байна гэж банк үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн О.М-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхдээ барьцаалагч Т- ХХК-д мэдэгдэн зөвшөөрөл аваагүй үйлдэл, эс үйлдэл хийсэн нь барьцаалагчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Хууль бусаар А- ХХК-аас О.М-д, О.М-гаас Г.Д-т, Г.Д-аас Худалдаа хөгжлийн банк-д, Худалдаа хөгжлийн банк-аас М- ХХК-д шилжүүлсэн үйлдэл, эс үйлдлийг шүүхийн шийдвэрээр ийнхүү зөвтгөж барьцаалагчийн эрх ашгийг хохироож байгаа нь хууль эрх зүйн, шударга ёсны бүхий л хэм хэмжээ, агуулгыг үндсээр нь үгүйсгэсэн явдал болсон. Анхан шатны шүүх М- ХХК-ийн хувьд уг хөрөнгө шүүхийн шийдвэрээр шилжсэн нь шударга гэж үзэх мөртлөө шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа Т- ХХК-ийн асуудлыг буруутай этгээдээс хохирол гэм хороо нэхэмжлэх хууль зүйн боломжтой хэмээсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хүчин төгөлдөр барьцааны эрх бүртгэгдээгүй байхад Д- аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-074002411 дугаартай орон сууцыг Т-ны төлбөрийн үүрэгт битүүмжилсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болсон гэх үндэстэй байна гэж дүгнэсэн нь үндсээрээ алдаатай дүгнэлт болсон. 'Т-" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-074002411 дугаартай ямарваа нэгэн орон сууцыг барьцаалаагүй, үүргийг хангуулахаар шүүхэд хандаж байгаагүй бөгөөд гагцхүү Ү-0714001871 дугаартай нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 15 орон сууцыг барьцаалж зээл олгосон. Гэтэл Ү-074002411 дугаартай өмчлөгчийн эрх ашгийг хамгаална хэмээн хууль ёсны Ү-0714001871 дугаар дээр явагдаж байгаа Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгаж барьцаанаас хасаж, чөлөөлж байгаа нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь учир дутагдалтай. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар эрх шилжүүлэгч нь өмчлөгч бүс этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй. Мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Гэсэн нь өмчлөгч бус этгээдтэй байгуулсан хэлцлийн үр дагавар, шударга өмчлөгчийн асуудлыг хөндсөн зохицуулалт гэж ойлгогддог ба шаардах эрхээр баталгаажсан үүрэг ногдуулсан барьцаа хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэх заалт, зохицуулалт биш гэж үзэж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар орон сууц нь барьцааны үүргийн хамт өмчлөгчид шилжиж барьцаалагчийн эрх ашгийг хамгаалдаг. Замын-Үүд суманд байрлалтай 135, 136 дугаар байрны захиалагч нь тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг шүүх, цагдаагийн албан хаагчид бөгөөд А- ХХК-ийн зээлийн төлбөрийн асуудлаас шалтгаалан шүүхийн маргаантай, санхүүгийн асуудалтай гэдгийг мэддэг бөгөөд мэдэх боломжтой байсан. Банкны барьцаа хөрөнгө гэдгийг айл болгоны хаалганд наадаг стикерээр мэдэх боломжтой байсан. Тухайн цаг үед энэхүү наалтыг наасан үйл баримтаас шалтгаалан маш их гомдол санал гарч байсан. Асуудал байгааг огт мэдэхгүй байх боломжгүй юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын улсын бүртгэлийн Ү-1714001904 дугаартай орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг Н-т даалгасан нь агуулгын хувьд ч бичилтийн хувьд ч алдаатай болсон байна. Ү-0714001904 дугаартай ямар нэгэн хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжлээгүй, барьцаа хөрөнгийн жагсаалтад байхгүй. Иймд барьцааны үүргээр хязгаарлагдсан хөрөнгийг үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан бөгөөд хөрөнгийг салган бүртгэхдээ барьцааны эрхийг дагуулан бүртгээгүйд шударга өмчлөгч буруугүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, тус ажиллагаа хууль зөрчөөгүй гэх үндэслэл заан татгалзжээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5859 дугаар захирамжаар А- ХХК-ийн Т-инд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 752 502 630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс цуцлан, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоон, зээлийн гэрээний үүрэгт 752 502 630 төгрөгийг А- ХХК төлөх, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 42, 43-р тал/. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

Төлбөр төлөгч А- ХХК нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Т- ХХК-ийн хүсэлтээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 879 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 41-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох А- ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй, Д- аймаг, Замын-Үүд, 1-р баг, 7-р хэсэг, 136-р байр, 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцуудыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 01, 10, 2, 24, 28 тоот орон сууцыг хураажээ. /хх-ийн 49-51, 54-55-р тал/

 

Улмаар Д- аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй, Замын-Үүд сум, 1-р баг, 136-р байр, 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцанд Т-ны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдсэн тухай албан бичгийг хариуцагч Н-т хүргүүлсэн байна. /хх-ийн 47-р тал/ Тодруулбал, А- ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Т- ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 980 000 000 төгрөг зээлэхдээ, дээрх орон сууцуудыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 141-146-р тал/

 

Төлбөр төлөгч А- ХХК нь маргаан бүхий байрыг барьцаалан Т- ХХК-иас зээл авсан байх хугацаандаа буюу 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн О.М-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх байрны 21 тоот орон сууцыг 86 875 000 төгрөгөөр худалдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаарт бүртгүүлсэн байна. /2хх-ийн 192-193, 196-р тал/ Улмаар О.М- нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Г.Д-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 21 тоот орон сууцыг 83 400 000 төгрөгөөр худалджээ. /2хх-ийн 200, 203-р тал/

 

Дээрх байдлаар 21 тоот орон сууцны өмчлөгч болсон Г.Д- нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, тус орон сууцыг барьцаалан 57 470 000 төгрөгийн зээл авсан байна. /2хх-ийн 75-82-р тал/. Зээлдэгч Г.Д- нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор зээлдүүлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК Д- аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 234 дугаар шийдвэрээр Г.Д-аас 57 876 985 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 106-108-р тал/

 

Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгө болох 21 тоот орон сууцыг төлбөртөө тооцон авахаар тохиролцсон байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг М- ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтийг гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тус хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 тоот орон сууцны өмчлөгчөөр М- ХХК бүртгэгджээ. /хх-ийн 13, 119-127-р тал/

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-т зааснаар барьцааны зүйлийн өмчлөх эрх барьцаалагчид шилжсэнээр барьцааны эрх дуусгавар болно. Худалдаа хөгжлийн банк нь Г.Д-ын орон сууцыг шилжүүлэн авахаар өөрийн барьцааны эрхийг дуусгавар болгон өмчлөгчийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан захиран зарцуулах эрхийн хүрээнд М- ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч компанийн хувьд 21 тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Тодруулбал, Т- ХХК, А- ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан хөрөнгөд маргаан бүхий 21 тоот орон сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдон багтсан байх бөгөөд уг барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч М- ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсноор барьцаалагч А- ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй.

 

Иймд Т- ХХК-ийн барьцааны эрх хэвээр байгаа тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч болон гуравдагч этгээд Т- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н-т холбогдуулан гаргасан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-т холбогдох орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд Т- ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ