Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/00210

 

М а г Т ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1639 дүгээр магадлалтай,

М а г Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-Э, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М а г Т ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас өөрийн өмчлөлийн орон сууцыг хасуулж, чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн тайлбарыг гаргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 7 дугаар хэсэг, 136 дугаар байрны 21 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001904 дугаартай орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1639 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “М а г Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.М-Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “М а г Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Төрийн банк гуравдагч этгээдээр оролцож буй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшин, Б.Мөнх-Эрдэнэ нар нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1639 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.24-ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “М а г Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн 1639 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх “...хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд уг эд хөрөнгийг шударгаар өмчлөх эрхтэй этгээдийн эрх ашгийг хохироож болохгүй... 114 дүгээр зүйлд ... гэж тус тус заажээ. Хэдийгээр үгчлэн хэрэглэх тохиолдолд эдгээр заалтууд гагцхүү өмчлөх эрх олж авах үйл явцад өмчлөгчийн талаарх бүртгэлийн мэдээллийг илэрхийлж байгаа мэт боловч улсын бүртгэлд бүртгүүлэх замаар үүсэж өөрчлөгдөж, дуусгавар болох учиртай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн inrem эрх (ипотек, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх г.м)-үүдийг багтаасан зарчмын зохицуулалт мөн болохыг анхаарвал зохино. Энэ агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн талаар бүртгээгүй байхад тухайн эд хөрөнгөд ийм эрх үүсээгүй гэж улсын бүртгэлд шударгаар итгэж найдан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдийн эрх ашгийг хамгаалах учиртай юм. Харин барьцааны эрх бүртгэгдэх учиртай боловч аль нэг шалтгаанаар бүртгэгдээгүй, бүртгэл ямар нэг байдлаар будилаантай байгааг мэдсээр байж эд хөрөнгийг ийм эрхгүй гэж итгэсэн мэт дүр үзүүлэн шилжүүлж авсан этгээдэд энэ хамгаалалт үйлчлэх учиргүй. Маргаан бүхий тохиолдолд “М а г Т ХХК-ийг Ү-074002411 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд Ү-0714001871 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх буюу Төрийн банкны барьцааны эрх дамжин бүртгэгдэх учиртайг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байхад ийм эрхгүй гэж итгэж шилжүүлэн авсан гэж дүгнэх аливаа нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн бол Давж заалдах шатны шүүх “...орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч “М а г Т” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсноор барьцаалагч “АССЭ” ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч нь өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийг шударгаар өмчлөх эрх, түүний барьцааны эрхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж хуульчилсан. “АССЭ” ХХК нь 69.5 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Мөнх-Амгаланд шилжүүлснээр түүний өмчлөх эрх дуусгавар болсон бөгөөд улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв орон сууцны өмчлөх эрх, түүнд үүрэг ногдуулсан бүртгэл байхгүй талаар аливаа этгээд эсэргүүцэж маргаагүй, шийдвэрлүүлээгүй байна. Иймд М а г Т ХХК нь улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв орон сууцанд аливаа үүрэг ногдуулсан бүртгэл байхгүй гэж итгэн шударгаар өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул улсын бүртгэл үнэн зөв байх зарчим болон Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу түүгээр дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ дурдсан битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэхээр шаардаж буй хураагдсан эд хөрөнгө бол улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв орон сууц бөгөөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой “Төрийн банк ХХК аливаа барьцааны эрхгүй. Харин нэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн хоёр дугаарт давхар бүртгэсэн байх бөгөөд улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт 808.8 м.кв үл хөдлөх хөрөнгийн хувьд “Төрийн банк” ХХК барьцааны эрхтэй байжээ. Улсын бүртгэлд бүртгэлтэй ипотекийн хувьд өмчлөгч солигдох явдал нь барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байгаа боловч нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд бүртгүүлсэн ипотекийн эрх Төрийн банкинд байхгүй юм. Давж заалдах шатны шүүх нэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн хоёр дугаарт бүртгэж өмчлөх эрх нь тусдаа шилжиж бүртгэгдэж ирсэн үйл баримтыг тодруулалгүй, асуудлыг мухарлаагүй орхисон нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг олон тусдаа бүртгэлд бүртгэхийг хүлээн зөвшөөрөх байр суурийг баримталж байна гэж үзэхээр байна. Иймд “...нэг орон сууцны өмчлөх эрхийг хоёр өөр дугаарт бүртгэсэн, Ү-0714002411 дугаарын бүртгэлд Төрийн банк” ХХК-ийн барьцааны эрх тэмдэглэгдээгүй, энэ нь улсын бүртгэл нэгдсэн байх зарчим алдагдсаны зэрэгцээ эд хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгчийн эрхийг хөндөж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь нээлттэй, үнэн зөв байх, тус бүртгэлд итгэж, эдийн баялгийн эрхийг шударгаар олж авсан этгээдийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготой...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд зах зээлийн эдийн засаг ялангуяа банк болон эдийн засгийн төрөл бүрийн салбар дахь бизнес эрхлэх үндсэн орчин нөхцөл, зарчмыг алдагдуулах сөрөг үр дагавар үүсэхээс хамгаалсан байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн тогтолцоо нь нийгмийн болоод эдийн засгийн өндөр ач холбогдолтой Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн суурь болдог. Уг хөтөлбөр хэрэгжихдээ эдийн засгийн болон эрх зүйн баталгааг хангах үүднээс өмнө давхар барьцааны эрх үүсээгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр зээл олгож, Улсын бүртгэлийн байгууллагад тусгай тэмдэглэл хийх замаар ипотекийн шаардлагаар баталгааждаг. Хэрэв давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосны дагуу шударгаар өмчлөх эрх олж авсан буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн давхар барьцааны эрхгүй байдлыг үгүйсгэж буй тохиолдолд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийг цаашид иргэдэд олгоход эрх зүйн хүндрэл үүсч, баталгаа алдагдах цаашлаад нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой хөтөлбөр тасалдаж нийтийн ашиг сонирхолд хохирол учрах аюултай байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд буртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж тус тус зохицуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Дорноговь аймгийн бүртгэлийн хэлтсийн 2020.06.29-ний өдрийн №44-21312 тоот тодорхойлолтоор “Эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай, Дорноговь Замын-Үүд сум, 1-р баг, 136-р байр, 21 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх: 2013.08.29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр О.Мөнх-Амгалангийн өмчлөлд, 2014.03.07-ны өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Г.Дархижавын өмчлөлд, 2017.11.20-ны өдөр Шүүхийн шийдвэрээр “М а г Т” ХХК хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэж тодорхойлсон байна. Дээр дурдсанчлан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх явдал нь улсын бүртгэлд үндэслэдэг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын зүгээс хууль тогтоомжид заасан бүх шалгалтыг хийсний үндсэн дээр улсын бүртгэл, холбогдох хууль тогтоомжид үндэслэж тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах үед ч одоо ч аливаа барьцааны эрх, гуравдагч этгээдийн шаардлага байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн хоёр дугаарт бүртгэснээс үүдэн барьцаалагчтай аливаа эрх зүйн харилцаанд орж байгаагүй хууль ёсоор үл хөдлөх хөрөнгийг олж авсан өмчлөгч эд хөрөнгөө алдах үр дагаварт хүрээд байгааг шүүх тодруулах шаардлагатай байна. Төрийн эрх бүхий байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн байгууллагын ажлын уялдаа холбооноос шалтгаалж нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэнтэй зөрчилдөж байх бөгөөд төрийн байгууллагын алдаанаас шалтгаалж шударгаар өмчлөх эрх олж авсан этгээдийг хохироож байгаа манай улсын оршин тогтнох суурь болсон өмчлөх эрхийн зарчмыг алдагдуулж байна.         

Маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.12.10-ны өдрийн 5859 дугаар захирамжид үндэслэн явуулж байна. Тус захирамжаар нэхэмжлэгч “АССЭ” ХХК, хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээлийн гэрээний үүрэгт 752,502,630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт зохигчдын эвлэрлийг баталсан байна. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг хариуцагчаар татан оролцуулаагүй байх ба эвлэрлийн захирамжид барьцаа хөрөнгийг тухайлан дурдаагүй. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх хуулийн шаардлага тавигддаг. Уг захирамжийг гаргахдаа холбогдох шалгалтыг хийгээгүйгээс гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн хуульд нийцээгүй шийдвэр гарсан байна. Иймээс тус шийдвэрийн үндсэн дээр хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ч өөрөө хууль зөрчсөн, хууль ёсны өмчлөгчийн эрхийг дордуулж байгаа юм. Энэ нь зөвхөн М а г Т ХХК биш улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаартай 69.5 м.кв орон сууцыг шударгаар эрхийн доголдолгүй гэж итгэн шилжүүлэн авсан Мөнх-Амгалан, Дархижав, Худалдаа хөгжлийн банкны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.11.12-ны өдрийн 1639 дугаар магадлал нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.24- ний өдрийн 182/ШШ2021/01900 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2022/00046 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

7. Нэхэмжлэгч М а г Т ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас өөрийн өмчлөлийн орон сууцыг хасуулж, чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, хууль зөрчөөгүй гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

9. Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

10. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.12.10-ны өдрийн 5859 дүгээр захирамжаар, АССЭ ХХК-ийн Төрийн банкинд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүүг зогсоох, зээлийг эгүүлэн татуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 752,502,630 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид зээлийн гэрээг 2014.12.05-ны өдрөөс цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоон, зээлийн гэрээний үүрэгт АССЭ ХХК нь 752,502,630 төгрөгийг төлөх, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-42, 43 тал/

Уг шийдвэрийг АССЭ ХХК биелүүлээгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016.11.01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох АССЭ ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд, 1-р баг, 7-р хэсэг, 136-р байр, 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцуудыг 2017.06.27-ны өдөр битүүмжилжээ. /хх-49-51, 54-55 тал/

11. Нэхэмжлэгч “М а г Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...тус компани эдгээр битүүмжилсэн хөрөнгөөс 21 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, гэтэл хариуцагч нь орон сууцыг битүүмжилж, өмчлөх эрх зөрчсөн гэж тодорхойлон маргажээ.

12. Хэргийн баримтаас үзэхэд, төлбөр төлөгч АССЭ ХХК нь маргаан бүхий 21 тоот орон сууцыг барьцаалан Төрийн банк ХХК-аас зээл авсан байх хугацаандаа буюу 2013.08.29-ний өдөр иргэн О.Мөнх-Амгалантай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг 86,875,000 төгрөгөөр худалдаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0714002411 дугаарт бүртгүүлсэн /2хх-192-193, 196 тал/, О.Мөнх-Амгалан нь 2014.03.04-ний өдөр Г.Дархижавтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 21 тоот орон сууцыг 83,400,000 төгрөгөөр худалдсан /2хх-200, 203 тал/ байна. Улмаар Г.Дархижав нь 2014.03.11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус орон сууцыг барьцаалж 57,470,000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөгүйгээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017.08.01-ний өдрийн 234 дүгээр шийдвэрээр Г.Дархижаваас 57,876,985 төгрөгийг гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд барьцаа хөрөнгө болох 21 тоот орон сууцыг төлбөртөө тооцохоор тохиролцсон байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг М а г Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гарган, 2017.11.20-ны өдөр 21 тоот орон сууцны өмчлөгчөөр М а г Т ХХК бүртгэгдсэн байна. /хх-13, 119-127 тал/

13. Дээрх байдлаар нэхэмжлэгч “М а г Т ХХК нь маргаж буй 21 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч үүнээс өмнө, “АССЭ ХХК 2012.03.21-ний өдөр Төрийн банк” ХХК-аас зээл авахдаа уг орон сууцыг бусад орон сууцны хамт барьцаалсан, тус компани зээлийн үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр /дээр дурдсан ...шүүгчийн 2014.12.10-ны өдрийн 5859 дүгээр захирамж/-ээр зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх байгууллага АССЭ ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001871 дугаарт бүртгэлтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд, 1-р баг, 7-р хэсэг, 136-р байр, 01, 05, 07, 09, 10, 18, 21, 22, 23, 24, 27, 28, 29, 43, 48 тоот орон сууцуудыг 2017.06.27-ны өдөр битүүмжилсэн /түүний дотор маргаан бүхий 21 тоот орон сууц багтсан/ байжээ. 

14. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө барьцааны зүйл байсан ч бусдад худалдах эрхтэй боловч мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.4-тБарьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарнагэж зааснаар эд хөрөнгөд ногдуулсан үүрэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл, ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87 дугаар зүйлийн  87.1, 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг  хамтдаа шилжиж болохыг заасан бөгөөд нэхэмжлэгч М а г Т ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн боловч эд хөрөнгөд ногдуулсан үүргийг хамтад нь хариуцахаар байна.   

Тодруулбал, хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгийг АССЭ ХХК бусдад худалдсан, нэхэмжлэгч “М а г Т ХХК нь 2017.11.20-ны өдөр орон сууцны өмчлөгч болсон боловч үүнээс өмнө хариуцагч буюу шийдвэр гүйцэтгэлийн байгууллага уг орон сууцыг 2017.06.27-ны өдөр битүүмжилсэн байсан тул М а г Т ХХК өмчлөх эрхийг олж авахдаа эд хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцааны үүргийн хамт шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдсон байна.  

15. Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгч компанийн хувьд 21 тоот орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх байдал нь бусад барьцаалагчийн эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Тодруулбал, Төрийн банк ХХК, АССЭ ХХК-ийн хооронд 2012.03.21-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр үүрэг ногдуулсан хөрөнгөд маргаан бүхий 21 тоот орон сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдон багтсан байх бөгөөд уг барьцаалагчийн барьцааны эрх дуусгавар болоогүй, ...Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч М а г Т ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсноор барьцаалагч АССЭ ХХК-ийн барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн барьцаа нь хувь этгээдэд бус тухайн өмчид ногдох үүрэг тул өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны зүйлийг чөлөөлөх, орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах үндэслэл болохгүй. ...”Төрийн банк ХХК-ийн барьцааны эрх хэвээр байгаа тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдуулан эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

16. Тухайн орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл мөн боловч эд хөрөнгөд барьцааны үүрэг ногдуулсан, уг үүрэг нь хэвээр байгаа, эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 158 дугаар зүйлийн 158.5, 160 дугаар зүйлийн 160.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

17. Мөн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан, нэхэмжлэгч “М а г Т ХХК нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан хэдий ч өмнө нь эд хөрөнгөд ногдуулсан барьцаа хүчин төгөлдөр тул уг үүргийг хамтад нь шилжүүлэн авсан гэж үзнэ, иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

18. Түүнчлэн, барьцаалагч “Төрийн банк” ХХК нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.5-дБарьцааны зүйл нь хэд хэдэн этгээдэд барьцаалагдсан бол хамгийн түрүүнд түүнийг барьцаалсан этгээд уг зүйлийг борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд уг этгээд энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан бол дараагийн барьцаалагч шаардах эрхээ хэрэгжүүлнэгэж зааснаар хамгийн түрүүнд эд хөрөнгийг барьцаалсан этгээдийн хувьд уг эд хөрөнгөөс үүргээ хангуулах эрх нь хамгаалагдах учиртай юм.

19. Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээг залруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.                          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

            Б.МӨНХТУЯА

            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            Х.ЭРДЭНЭСУВД