Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01354

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01354

 

 

О.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11ий өдрийн 102/ШШ2021/01554 дүгээр шийдвэртэй, О.Өийн нэхэмжлэлтэй Ж.Х, Ц.Х нарт холбогдуулан хашаа байшин хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ө, хариуцагч Ц.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаясгалан, хариуцагч Ж.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ө нь Ж.Х, Ц.Х нарт холбогдуулан эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-р гудамжны 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2202017257 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2202017257 дугаарт бүртгэлтэй, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дээрх газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгоно. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар газар болон хувийн сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Учир нь 2015 оны 10 дугаар сард Ц.Х нь ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдах гэж байгаа хашаа байшинг 15 000 000 төгрөг төлөөд авч болно гэсний дагуу О.Ө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, 7 000 000 төгрөгт нь машин оролцуулан, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Даваадорж гэх хүнтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөр мөнгийг нь төлсөн учраас маргаан бүхий газар болон хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь газар болон хувийн сууцыг худалдан авсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/шш2016/01253 дугаар шийдвэрээр Ц.Х болон Ж.Х нарын асуудлыг шийдвэрлэсэн. Харин уг маргаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй. О.Ө нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлбөрийг шилжүүлснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болсон гэжээ.

Хариуцагч Ж.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Энэ хэрэг маргаан эцэслэн шийдэгдэхгүй 10 жилийг үдэж байна. 2010 оны 9 дүгээр сарын 21-нд би Ц.Х, Ж.Бат нартай орон сууц, хашаа байшин хөлслөх, хөлслүүлэх гэрээ хийж хашаа байшин, газрыг Ц.Х, Ж.Бат нарт хүлээлгэн өгсөн. Улмаар 2011 оны 02 дугаар сарын 16-нд Ж.Х худалдах-худалдан авах гэрээг Ж.Бат, Ц.Х нартай хийсэн. Гэрээний үүрэг, нөхцөл биелэхгүй болохоор 2011 оны 6 дугаар сарын 13-нд худалдааны гэрээг цуцалсан. Улмаар 2011 оны 8 дугаар сард Ж.Бат, Ц.Х нар орон сууц хөлслөх гэрээгээ зөрчиж, газар, орон сууцны гэрчилгээг өгөлгүй зугтаж алга болсон. Ц.Оюунчимэг гуай хууль бусаар шилжүүлсэн гэрчилгээ дамжуулсныг мэдсээр, ойлгосоор байж байнга манай хашаа байшин руу дайрч давшлан үймүүлж, төрсөн хүүхэд, төрсөн дүү, хүргэн нараа уруу татаж зайнаас зохион байгуулж, байдагт би их гомдолтой байна. Гэрээг хүчингүй болгож байгаатай холбогдуулж дээрх гэрээнүүдийн үнийг тодорхойлоход хүндрэлтэй байгаа боловч одоо хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байгаа О.Өийн гэрээний үнэ 2 сая төгрөгөөр үнэлсэн. Иймд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн О.Ө болон Ж.Даваадорж нарын хооронд хийгдсэн маргаан бүхий газар, газар дээрх хувийн сууцыг худалдсан гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож, улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчид гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Хн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хг хариуцагчаар татсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэрээр энэхүү маргаанд ямар ч хамааралгүй хүн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 гудамж, 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2202017257 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 гудамж, 574 тоот хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 гудамж, 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2202017257 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 гудамж, 574 тоот хаягт байршилтай, 45 м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Ж.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр О.Ө, Ж.Даваадорж нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай Ж.Хын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 350 төгрөг, хариуцагч Ж.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт хашаа байшин хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай үндсэн, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв гэж бичсэн байна. Нэхэмжлэгч миний бие өөрийн ёсны өмчлөгчөөр тогтоолгон өмчлөлийн зүйлийг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай хоёр шаардлага гаргасан. Гэтэл үүнийг нэхэмжлэлийн нэг шаардлага гаргасан мэт шүүхийн шийдвэрт тусгасан.

Мөн шүүх хуралдааны явцад ах дүүс биднийг хоорондоо хэлэлцэн тохиролцсон, бусдыг айлган сүрдүүлж хүч хэрэглэж булааж авсан мэтээр залилан сүрдүүлж авсан мэтээр харагдуулж гомдол нэхэмжлэл гарган өмчлөлийн эд хөрөнгийн эрхийг цуцлах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь 2015 онд иргэн н.Даваадоржтой гэр бүл болсон. Улмаар ЧД-ийн 18 дугаар хороонд хадмуудтайгаа хамт амьдардаг байсан бөгөөд бие давхар болж, тусдаа гарах санал хэлэлцэж, хадмуудынхаа ойролцоо хашаа, байшин хайж байгаад тус маргаан бүхий хашаа, байшинг зарын дагуу очиж үзсэн. Дараа нь Ц.Х, Ж.Х нарын хашаа, байшин болохыг мэдсэн. Шүүх ...н.Даваадорж, Ц.Х, О.Ө нарыг ах, дүү, хамаатан садан бөгөөд хоорондоо зөвшилцөн эдгээр этгээдийг залилсан... гэх агуулгаар дүгнэлт хийсэн тул тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь тус хашаа, байшинг худалдаж авсан бүх баримтуудыг гаргаж өгсөн. Хууль бус эзэмшлийг эцэслэн шийдвэрлүүлж, өөрийн өмчөө буцааж авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч Ж.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Ц.Хгаас эд хөрөнгийн 2 гэрчилгээгээ авах гээд маргаж, олон байгууллагад хандсан. Улсын бүртгэлийн газраас ...шүүх энэ маргааныг дутуу шийдсэн, хэрэгсэхгүй болгосон тул улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй... гэсэн хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ...бид шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг л биелүүлэх үүрэгтэй... гэж хэлсэн. Энэ маргаан өмнө нь 3 шатны шүүхээр хянагдсан боловч асуудал шийдэгдээгүй. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй, гэрчилгээний асуудал шийдэгдээгүй. Шүүх ...О.Ө хоосон гэрчилгээтэйгээ байж л бай, Ж.Давааням та гэрчилгээгүй газар, байшинтайгаа байж л бай... гэсэн агуулга бүхий шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэртэй эсэхээс хамаарахгүйгээр би хашаа, байшин, газраа өмчлөөд, эзэмшээд явж байгаа. Гэтэл бусдад түрээслэх, ашиглах гэхээр гэрчилгээ шаардлагатай байгаа тул миний эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн нэхэмжлэгч болон түүний ээж н.Оюунчимэг нар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийт 7 айлыг тус хашаанаас хөөж гаргасан. Улмаар тус хашаа эзгүйдэж, эд зүйл алга болоод маш хүндрэлтэй байсан. Тэгэхээр 2 гэрчилгээний асуудлыг нэг талд болгож шийдвэрлэх ёстой. Ингэхийн тулд хөрөнгө болон гэрээ байх ёстой. Би Ц.Хтай гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус гэрээг цуцалсан. Энэ гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гээд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, Ж.Даваанямд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гомдол гаргаж, маргах ёстой байтал манай хашаанд амьдарч байгаа хүмүүсийг дарамталж, зодоод, хөөж гаргасан. Тэдгээр хүмүүс эргээд намайг дарамталдаг байдал 2015 оны 5 дугаар сараас одоог хүртэл үргэлжилсээр байна. Улсын бүртгэлийн газраас ...хөрөнгө нь байгаа тохиолдолд гэрчилгээ олгодог юм уу, гэрчилгээ байгаа тохиолдолд хөрөнгө олгодог юм уу... гэж асуухад ...хөрөнгө нь байж гэрчилгээ олгогдоно, мөн гэрээнд үндэслэж олгох бөгөөд бид эдгээрт үндэслэн гэрчилгээ олгочихсон, өөрсдөө сайн дураар ирж бүртгүүлсэн ... гэж хэлдэг. Би Ц.Хтай гэрээ байгуулаад уг гэрээгээ цуцалсан нь үнэн. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэчихсэн. Харин О.Өтэй ямар ч гэрээ, хэлцэл байгуулаагүй. О.Өлзийхишгийг ирээд уулзаад, ярилцаач ээ гэхэд надаас зугтаагаад байдаг. Нэг хөрөнгийг тасдаж толгойг нь өөр этгээд, их биеийг нь би өмчлөөд яваад байгаа маргаан л болчихоод байна. Иймд тус 2 гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Дүүргийн шүүхүүд энэ хэргийг шийдвэрлэж чаддаггүй. Цагдаагийн байгууллагад хандахаар ...за наа чинь яахав, яахав, чи хөрөнгөө авчихсан юм чинь, чи шүүхээр шийдвэрлүүлэхээс биш манайх хүний гэрчилгээ шийдвэрлэхгүй... гэж хэлдэг. Одоо шүүхэд 7 хавтастай хэрэг, прокурорт 5 хавтастай хэрэг байгаа. Одоо энэ асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.Ө нь хариуцагч Ж.Х, Ц.Х нарт холбогдуулан эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрхулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын Ү-2202017257 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрхулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байршилтай, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хөрөнгийг хариуцагч Ж.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч Ц.Х хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч Ж.Х эс зөвшөөрч О.Ө, Ж.Даваадорж нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ. /хх1-2, 57-61/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ..,2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр дээрх маргааны зүйл болох хөрөнгийг Ж.Даваадоржоос худалдаж авсан, хууль ёсны өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлсон бол, хариуцагч Ж.Х нь 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Ц.Хтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 2016 оны 2 дугаар сарын 2-ний өдрийн 101/ШШ2016/01253 тоот шүүхийн шийдвэрээр өмчлөгч болсон гэж тайлбарлажээ./1-р хх 94-100/

Хэрэгт авагдсан маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаанаас дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2006 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эрхийн улсын Г-2202004572 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрхулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Наранжаргал болон Э.Энхжаргал нарын өмчлөлд олгожээ. /1-р хх 71-79/

 

2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дээрх газрын өмчлөл Ж.Хт шилжсэн. /1-р хх 80-85/

2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр дээрх хөрөнгө Ж.Хатанбаатраас Ц.Хн өмчлөлд шилжин бүртгэгдсэн./1-р хх 86-94/

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар худалдах-худалдан авах гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрхулын 2 дугаар гудамжны 574 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18640318401481 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг Ц.Хгаас Ж.Даваадоржид шилжүүлжээ /1хх 64-70/

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр уг хөрөнгийн өмчлөх эрх Ж.Даваадоржоос О.Өт шилжин бүртгэгджээ./1-р хх 94-100/

Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 тоот шүүхийн шийдвэрээр Ж.Х Ц.Х нарын хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж дээрх маргааны зүйл болох хөрөнгийг Ж.Хт буцаан олгохыг Ц.Хд даалгажээ.

Анхан шатны шүүх маргааныг агуулгаар нь эцэслэн шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хоёр шаардлага гаргасан байхад тус бүрд нь дүгнээгүй, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй байна.

Маргааны үйл баримтыг он дарааллаар авч үзэхэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө өмчлөгч болсон О.Ө дахин өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй үндэслэл, хэргийн оролцогч бус Ж.Даваадорж болон О.Ө нарын хоорондын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буй сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус, талууд энэ талаар гүйцэт мэтгэлцээгүй, гуравдагч этгээд Ж.Даваадоржийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэн хэний хооронд гарсан, биелүүлэх үүрэг нь хэн хэнд хамаарахыг анхаарах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх ёстой. Мөн сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн эсрэг чиглэгддэг бөгөөд хэргийн оролцогч бус этгээд Ж.Даваадоржийн 2015 онд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж буй талаар мэдсэн эсэх үйл баримт тодорхойгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлд .., Ж.Даваадорж О.Ө нарын хоорондын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэх боловч ямар хуулийн заалтыг хэрхэн зөрчсөн, энэ нь Ж.Хын ашиг сонирхолтой хэрхэн холбогдож байгаа талаар тодорхой мэтгэлцээн өрнөөгүй байна.

 

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байх юм. Хариуцагч 46 950 төгрөгийг аль гэрээний үнийн дүнгээс төлснийг тодруулах нь зүйтэй.

 

Иймд, талуудын маргаанд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11ий өдрийн 102/ШШ2021/01554 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД