Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01411

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01411

 

 

Ц.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 184/ШШ2021/01119 дугаар шийдвэртэй, Ц.Тын нэхэмжлэлтэй Д.Бт холбогдуулан төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Тын нөхөр нь нас бараад удаагүй байхад хариуцагч Д.Б нь түүнээс хүнсний ногоо авна гээд 31 000 000 төгрөг зээлсэн. Ийнхүү ногоогоо аваад, бараа материалынхаа бүртгэлийг хийгээд 2 000 000 төгрөгийг Ц.Тд дутуу төлсөн бөгөөд талууд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийж үлдэгдэл 2 000 000 төгрөгийг төлөх хугацаа тогтоон, нотариатаар баталгаажуулсан. Гэвч хариуцагч нь тохирсон хугацаандаа 2 000 000 төгрөг, 0,5 хувийн алданги болох 1 000 000 төгрөгийг төлөөгүй учир нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх талууд хамтран 3 чингэлэг төмсийг Оросын Холбооны Улсаас 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Ц.Тын нэр дээрх компанид оруулж ирсэн. Гэвч оруулж ирсэн төмс нь буусныхаа дараа чанарын шаардлага хангахгүй байна гэх асуудал үүсэж, талуудын хамтран хийсэн наймаа бүтэлгүйтсэн юм. Энэ үйл явдлаас 1 сарын өмнө нэхэмжлэгч Ц.Тын нөхөр нас барсан. Энэ байдлыг хүндэтгэн үзээд хамтарч бизнес хийгээд шатсан хэдий ч хариуцагч тал хүн чанар гаргаад төлбөр барагдуулах гэрээ хийж нэхэмжлэгчид 31 000 000 төгрөг төлөхөөр болсон. Үнэндээ тэрхүү наймаанаас болж хариуцагч тал 50 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар олон жилийн турш хамтран ажиллаж, бизнес хийсэн хүмүүс юм. Ц.Т нь Барс захад бизнес эрхэлдэг бол Д.Б нь Толгойтод байрлах 18 дугаар зооринд үйл ажиллагаа явуулдаг. Талууд ийм харилцаатай явж ирсэн байхад Ц.Т нь яагаад шүүхэд хандаад, ийм зүйл хийгээд яваад байгааг ойлгохгүй байна. Төлбөр мөнгөний асуудлын хувьд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2 435 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1 815 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5 000 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 27 250 000 төгрөгийг хариуцагч А.Батцэцэгээс нэхэмжлэгч Ц.Тын дансанд шилжүүлсэн. Үүнийг нотлох дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргаж өгсөн байгаа. Хариуцагчийн зүгээс нийт 30 815 000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон бараа материалаар нэхэмжлэгчид төлсөн. Дээрх баримтуудаас үзэхэд 185 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид маш их гомдолтой байгаа. Нэхэмжлэгч тал өөрсдөө эхэлж шүүхэд хандчихаад өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ямар ч баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин хариуцагч талаас өөрсдийн татгалзлаа нотлох бүх баримтыг гаргаж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 232 дугаар зүйлийг 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Бээс төлбөр барагдуулах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд 277 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 722 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 8 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Б нь төлбөр барагдуулах хэлцлээр 3 100 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Уг гэрээний үлдэгдэл 2 000 000 төгрөг одоо болтол төлөгдөөгүй бөгөөд үүний алданги 0,5 хувиар бодож 1 000 000 төгрөг нэмэгдсэн. Батцэцэг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр надтай холбогдож наадам болоод сонгино олдохгүй байна, гайгүй үнээр өгөх боломж байна уу гэж гуйхад 50 шуудай сонгино /33 кг-аар/ өгч 1 815 000 төгрөгийг дансандаа хийлгэсэн. Уг мөнгөө төлбөр барагдуулах хэлцлийн төлбөрт оруулан тооцсоныг зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч холбогдох нотлох баримтыг гаргах хүсэлтийг шүүхэд тавьсан байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Д.Бт холбогдуулан төлбөр барагдуулах хэлцлийн үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 нийт 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч төлбөрөө бүрэн гүйцэтгэсэн гэж маргажээ./хх1, 13/

Зохигчид 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах нэртэй хэлцэл байгуулсан тухайд болон хариуцагч нь нэхэмжлэгчээс 31 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаангүй байна. /хх6/

Хариуцагч нь дээрх хэлцлээр 185 000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөхийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. /хх33/

Анхан шатны шүүх хариуцагчаас 185 000 төгрөгт анз тооцож төлүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагч хүлээн зөвөшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн үүргээ бүрэн биелүүлээгүй, 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, мөн уг 2 000 000 төгрөгт 1 000 000 төгрөгийн анз тооцох ёстой гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Хэргийн 34 дүгээр талд авагдсан 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Талуудын хооронд төлбөр барагдуулах хэлцлээс гадна өөр бараа нийлүүлсэн, худалдсан зарим үйл ажиллагаанууд хийгдсэн байх магадлалтай. Манай талаас материалаа дутуу гаргаж өгсөн тул хариуцагчтай дахиж тооцоо нийлэх саналтай гэж бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргах шаардлагатай болсон талаар оролцогч тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хэдий ч эсрэг талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар нотлох баримттай холбогдуулан шинээр нотлох баримт шаардагдах буюу няцаах шаардлага үүсч болно.

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчид өмнө нь олон жилийн турш ажил хэргийн харилцаатай байсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тооцоо дахин нийлэх тухай хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18ы өдрийн 184/ШШ2021/01119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД