Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01443

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01443

 

 

З.Н.О ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09ий өдрийн 182/ШШ2021/01494 дугаар шийдвэртэй, З.Н.О ХХК-ийн нэхэмжлэлтэй ДХДХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 263 044 800 төгрөг, алданги 131 522 400 төгрөг нийт 394 567 200 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ДХДХХК нь тус компанитай 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 108/2019/ДХД/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдрөө 108/2019/БДХД/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 108/2019/БДХД/2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ДХДХХК нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 263 044 800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 5.2.1, 5.2.2-т анзын талаар тохиролцсон. ДХДХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 525 хоногоор хугацаа хэтрүүлэн төлөөгүй байгаа тул үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги 131 522 400 төгрөг, нийт 394 567 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДХДХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээний харилцаанаас үүдэлтэй өр авлага үүссэн, гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлээгүй талаар маргахгүй, үндсэн төлбөрийн дүнгийн талаар маргаан, тооцооллын зөрүү байхгүй болно. Гагцхүү алдангийн нийт дүнг 131 522 400 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, тооцооллын илэрхий алдаатай гэж үзэж байна. Алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги тооцооллыг бидний зүгээс тооцож холбогдох баримтыг шүүхэд ойрын хугацаанд хүргүүлж, эвлэрэх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч ДХДХХК-иас 263 044 800 төгрөг, алданги 131 522 400 төгрөг нийт 394 567 200 төгрөг /гурван зуун ерэн дөрвөн сая таван зуун жаран долоон мянга хоёр зуу/ гаргуулж нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058428 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058430 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058432 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058431 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 200 986 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДХДХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 200 986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийт 445 168 000 төгрөгөөс 182 423 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 263 044 800 төгрөгийн хувьд талууд маргаангүй. Талууд гэрээний хугацаанд харилцан тооцоо нийлсэн. Хэргийн 34-35 дах талд тооцоо нийлсэн акт авагдсан. Актын задаргаанд 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт өр төлбөрийн хэмжээ 263 000 000 төгрөг байсан. Нэхэмжлэгч компани 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнээс тооцвол төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй хугацаанд ногдох хэмжээ нь гэрээний үүрэг зөрчигдсөнөөс биш, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан өдрөөс оруулан тооцох ёстой байсан. Тооцоо нийлэх гэрээнээс хойшхи алданги тооцож хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой иргэн Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн 4 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан. Ж.Гал-Эрдэнийг гуравдагч этгээдээр тогтоосон ба шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн атлаа өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх боломжоор хангаагүй. Урьд гарсан шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны өмнөх өдөр миний төрсөн эцэг нас барсны улмаас шүүх хуралдаанд очиж чадаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч ДХДХХК-нд холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 108/2019/ДХД/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 263 044 800 төгрөг, алданги 131 522 400 төгрөг, нийт 394 567 200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч 263 044 800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч анзыг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь хариуцагч ДХДХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах нэртэй 108/2019/ДХД/01 тоот гэрээ байгуулсан үйл баримтын тухайд талууд маргаагүй. /хх11-16/

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 108/2019/БДХД/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 108/2019/БДХД/2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, гэрээний хувиар тогтоогдсон. /хх18-29/ Барьцааны гэрээний 2.1-т зааснаас үзэхэд Ж.Гал-Эрдэнийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058428 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058430 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 6 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058432 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 3 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206058431 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/, 818 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай, 81 м.кв талбай бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан байна. /хх26-29/

Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, алданги 131 522 400 төгрөгийн тооцоолол буруу гэж маргасан хэдий ч түүнийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээний тал гэж үзэх боломжгүй байна. Учир нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ж.Гал-Эрдэнэ гэх иргэн байна./хх 26-29/

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох хэдий ч өөрийн өмчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн иргэн нь барьцааны гэрээний хувьд гэрээний тал болох юм.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Барьцаа нь гэрээний үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд өмчлөгч Ж.Гал-Эрдэнээс өөрийн өмч хөрөнгийн талаар тайлбар хийх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан байхад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулжээ. /хх90-91/ Иймд Ж.Гал-Эрдэнийн бие даасан шаардлага гаргах эрхийг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байхаас гадна барьцааны зүйлээр үүргийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь түүний өмчлөлийн зүйлтэй холбоотой.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч биш этгээдэд холбогдуулсан буюу гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн шинжтэй болжээ. Гуравдагч этгээд Ж.Гал-Эрдэнэ шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, талуудын тайлбараас барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой заалтыг гуравдагч этгээдэд холбогдуулан хуулийг буруу хэрэглэснийг залруулах боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч зохигчийн хүрээ, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах, түүнтэй холбоотой эрх үүргийг тайлбарлах нь шүүхийн үүрэг юм.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09ий өдрийн 182/ШШ2021/01494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 200 986 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД