Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0476

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0476

Улаанбаатар хот

А Ү К ХХК, Б О ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Т.М, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0429 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор, А Ү К ХХК, Б О ХХК-уудын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0429 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан А Ү К ХХК, Б О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, НХААГ-16/0158/, НХААГ-16/0157/ дугаартай гэрээг зөвшөөрч баталгаажуулаагүй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээг зөвшөөрч баталгаажуулахыг даалгаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 1, 2 дахь заалтыг буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын 8 ширхэг ус дулаан дамжуулах төвийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбай дахь бохир ус ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын эхний ээлжийн ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар дахин тендер зарласан нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгожээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д давж заалдах гомдолдоо: ... Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тендер дээр гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 29.2-т зааснаар гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэснийг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдсэн. Өөрөөр хэлбэл хүчингүй тендер дээр гэрээ байгуулах эрх Засаг даргад олгогдоогүй төдийгүй шүүхээс хүчингүй тендерт гэрээ байгуулахыг Засаг даргад даалгасан нь холбогдох хуулиудыг зөрчиж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалтай уялдуулан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй, гэрээ байгуулаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зогсоохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Г-д үүрэг болгож захирамжилсан тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн зүгээс тус 2 гэрээг баталгаажуулаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4-т заасан хууль тогтоомж, Засгийн газар, хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцож ажиллана гэснийг биелүүлсэн.

Санхүү, төрийн сангийн хэлтэс Засаг даргын ажлын алба тул Засаг даргын шийдвэрийг биелүүлэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажилласныг шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн 2017 оны төсөвт гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, автозамын зураг төсөл, угсралтын ажилд тухайн ондоо 11.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн бөгөөд 2016 онд сонгон шалгаруулалт зарласан ажлыг 2017 онд санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж заасан заалтыг зөрчин нийслэлийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтэст гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Маргаан бүхий НХААГ-16/0158/ дугаартай гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгох зохицуулалтыг агуулаагүй бөгөөд тус гэрээ нь хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулиар зохицуулагдах эрх зүйн маргааныг зөрчин хууль бус шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч А Ү К ХХК, Б О ХХК-уудаас нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст тус тус холбогдуулан НХААГ/16/0158 тоот гэрээг батлуулаагүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, нийслэлийн Засаг даргын НХААГ/16/0158 тоот тендер шалгаруулалтыг дахин зарласан захирамж нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ... 2016 оны эцэст гэрээ байгуулагдаагүй байсан ажлуудыг санхүүжилтийн эх үүсвэргүй гэж тооцон хөрөнгийг он дамжин батлуулаагүй байсан тул хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй төсөл, арга хэмжээг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар албан бичиг хүргүүлсэн. ... тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж зохион байгуулах шийдвэр гараагүй байхад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах эрх үүсэхгүй ... хэмээн тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь санхүүгийн эх үүсвэргүй, гэрээ байгуулах боломжгүй гэсэн атлаа дахин тендер шалгаруулахаар зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасантай нийцэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ Тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тендер дээр гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. ... 2016 онд сонгон шалгаруулалт зарласан ажлыг 2017 онд санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуульд заасан хугацаанд явагдах ёстой. Маргаан бүхий НХААГ-16/0158/ гэрээ нь захиргааны гэрээ биш, хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан, Иргэний хуулиар зохицуулагдах эрх зүйн маргаан ... гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх гэрээ байгуулах хугацаа дуусаагүй талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй дүгнэлт өгсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон тендер дээр гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга болон А Ү К ХХК-уудын хооронд байгуулсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны 7 дугаар хорооллын 8ш УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажлын НХААГ-16/0158/ дугаар гэрээний тухайд захиргааны гэрээний үндсэн шинжийг хангасан тул давж заалдах гомдолд дурдсанаар иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэрээ гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал, уг гэрээний захиалагч тал нь захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн орон сууцны 7 дугаар хорооллын 8ш УДДТ-ийн цэвэр усан хангамжийн узелийн тоноглолын ажил гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг гэрээгээр хүлээн зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон байх тул НХААГ-16/0158/ дугаар гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.                  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ