Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01405

 

“Цагаантэргэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1589 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Цагаантэргэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.Мөнхзалгамжид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 860 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Зээлдэгч И.Мөнхзалгамж нь 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд “Тоёото Гранд марк-2” маркийн 05-07 УНЗ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй автомашин барьцаанд тавьсан. И.Мөнхзалгамж нь зээлийн гэрээ байгуулснаас хойш хүүнд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг төлсөн.Иймд зээлийн үндсэн төлбөр 3 000 000 төгрөг, хүү 240 000 төгрөг, алданги 1 620 000 төгрөг, нийт 4 860 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл нэхэмжлэгч 240 000 төгрөгийн хүүг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа алдангийг 214 хоногоор тооцож 3 446 000 төгрөгөөр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч И.Мөнхзалгамжаас 4 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Цагаантэргэл” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360 000 төгрөг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1589 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шүүгч хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж, иргэний хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль зүйн туслалцаа авч мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг зөрчиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг зөрчиж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэхүү хууль бус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэлгүйгээр гомдлыг шийдвэрлэсэн нь хууль бус байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Харин шүүх Иргэний хуулийн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан зүйл, заалтыг баримтлаагүй алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Цагаан тэргэл” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч И.Мөнхзалгамжид 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгчийн өмчлөлийн автомашиныг барьцаалжээ. Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний үүргийг, 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар гэрээнд заасан алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, мөн зээлийн хүүг талууд тохиролцон тогтоохоор заажээ. Түүнчлэн, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл зохигчдын хооронд барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаа үүссэн байх ба шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрлийг оновчтой тодорхойлох байжээ.

Нэхэмжлэгч барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй хэдий ч шүүх талуудын барьцаат зээлийн гэрээний талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Тухайлбал, талууд гэрээгээ “барьцаат зээлийн” гэж нэрлэсэн боловч хаалтанд “фидүцийн” гэж заасныг анхаараагүй байна. Фидүцийн гэрээ гэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг хэлдэг бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан, эсхүл үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог байна.

Барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй тул фидүцийн гэрээ барьцаалан зээлдэх газраас зээл олгох харилцаанд хамааралгүй болно.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зээлийн тооцоог үндэслэл бүхий гаргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн сонгосон өмгөөлөгч оролцох боломжгүй шалтгаанаа шүүхэд тайлбарлаж, баримт ирүүлээгүй тул шүүх хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1589 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.” гэсний дараа “286 дугаар зүйлийн 286.1., 286.2.” гэж нэмэн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН