Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1589

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.М-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 860 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч И.М нь 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд барьцаанд нь “Тоёото Гранд марк-2” маркийн 05-07 УНЗ улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй автомашин барьцаанд тавьсан. И.М нь зээлийн гэрээ байгуулснаас хойш хүүнд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үндсэн төлбөр 3 000 000 төгрөг, хүү 240 000 төгрөг, алданги 1 620 000 төгрөг, нийт 4 860 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл нэхэмжлэгч 240 000 төгрөгийн хүүг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэж байгаа алдангийг 214 хоногоор тооцож 3 446 000 төгрөгөөр тооцож гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар хариуцагч И.М аас 4 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 360 000 төгрөг холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж, иргэний хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль зүйн туслалцаа авч мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг зөрчиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч И.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6 706 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 846 800 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч “1 сарын төлсөн хүүг тооцоогүй, алдангийг хуульд зааснаас илүү тооцсон тул төлөхгүй” гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ /Фидуцийн гэрээ/ байгуулагдаж, хариуцагч нь 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 5-9 дүгээр тал/

 

Хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 100 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 140 000 төгрөг, нийт 720 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

/хэргийн 18-21 дүгээр тал/

 

Хариуцагчийн төлсөн 720 000 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хүүд тооцон хасч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 3 000 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги шаардах эрхтэй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.7-д алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцохоор заасны дагуу тооцвол нэхэмжлэгчийн 3 000 000 төгрөгийг төлбөл зохих 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 4 275 000 төгрөгийн алданги тооцогдохоор боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шүүх алдангийг 1 500 000 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч И.М-д мэдэгдээгүй гэх үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулж, мөн өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн гаргасан хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн дагуу өмгөөлүүлэх эрхээр нь хангаж 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулсан байх тул дахин хариуцагчийн бусдаас хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангахгүй хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгтт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                                    ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                      

                                                                                                                С.ЭНХТӨР