Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01536

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01536

 

 

Г.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/01764 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Эийн хариуцагч Ц.Мад холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э нь Ц.Мад 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөг, 4 000 ам.доллар, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг, 17 000 ам.доллар, нийт 28 000 000 төгрөг, 21 000 ам.долларыг зээлдүүлсэн. Хариуцагч Ц.М нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байр, 28 тоот, 18 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.Маас 40 500 000 төгрөг, 31 400 ам.доллар буюу 116 061 274 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Ц.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Ц.М нь дээрх шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст энэ талаар заагаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөд ямар ч ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ц.Мыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган улмаар хаягийг тогтоолгосон. Иймд талуудын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э, Ц.М нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөг, 4000 ам.доллар, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг, 17 000 ам доллар нийт 28 000 000 төгрөг, 21 000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Г.Э нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй буюу шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж зааж өгсөн бөгөөд энэхүү хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дүгээр захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-2205013787 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 48 дугаар байрны 28 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр би 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ бичгээр хүргүүлсэн уг хүсэлтээ өвчний улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцож танилцуулж чадахгүй байгаа тухайгаа илэрхийлсэн болно. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангалгүйгээр хэргийг шидйвэрлэсэн нь хууль зүйн туслалцаа авах, мэтгэлцэх эрх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, эрхийг ноцтой зөрчсөн. Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Маргааны агууллагын хувьд шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд 2011 оны 05 сарын 11-ны өдөр Барьцааны гэрээ байгуулагдаж улмаар нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлж 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг шийдвэрлэсэн. Иргэнийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад дараах үндэслэл, урьдчилсан нөхцөл бүрдсэн байхаар байна. Нэхэмжлэгч нь тогтоосон журмаар барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардах эрх үүссэнээс хойш энэ тухай нэхэмжлэл өмнө огт гаргаж байгаагүй. Нэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шаардсан хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөл бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч биечлэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт ирүүлсэн бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийг заавал оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс хэт нэг талыг баримталж хэргийн гол эзэн хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн хууль бус үйлдэл болсон. Анхан шатны шүүхийн шүүгчийг хэргийн үнэн зөв шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзэн хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.Мад холбогдуулан Ц.Мтай 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 28 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн тул дахин шийдвэрлэх ёсгүй гэж маргажээ. /хх1-2, 35/

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.Мтай 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөг, 4 000 ам.доллар зээлдүүлсэн гэж тайлбарлаж, тухайн өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ. /хх 1-2/

Хэрэгт Г.Э, Ц.М нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл алданги төлөх үүрэгтэйгээр байгуулагдсан баримт авагджээ. /хх 5/

Мөн уг 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 28 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ хэрэгт авагдсан. /хх 7/

Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай захирамжаар Ц.Маас 40 500 000 төгрөг, 31 400 ам.доллар буюу 116 061 274 төгрөгийг гаргуулах Г.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 7/

Дээрх барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 48-р байрны 28 тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц нь Ц.Ганбаатар, Г.Уранцэцэг нарын өмч болох нь Ү-2205013787 тоот гэрчилгээгээр нотлогдсон. /хх 393/

Хариуцагч Ц.М хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 2013 оноос хойш төлбөр төлөөгүй гэх үйл баримтын хувьд талууд маргахгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэдий хэмжээний үүрэгт барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгааг тодруулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гаргажээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэжээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05781 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн агуулгаас болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөг, 4 000 ам.доллар, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг, 17 000 ам.доллар, нийт 28 000 000 төгрөг, 21 000 ам.долларыг зээлдүүлсэн тухай нэхэмжлэлийн шаардлага гарч нийт 116 061 274 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрчээ. /хх 7/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар хангагдсан, хангагдаагүй гэрээнүүдтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарсан эсэх, үүнээс барьцаагаар хангагдсан буюу 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хэд болохыг анхан шатны шүүх авч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар заасан.

Талууд барьцаа хөрөнгөөр зөвхөн 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тохиолдолд 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дээрх шүүхийн шийдвэрээр хэд үлдсэнийг тодруулснаар хэдэн төгрөгийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох юм.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй, салгаж үл болох эрх тул 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 30 000 000 төгрөгийн зээлийн тооцоолол ач холбогдолтой гэж үзнэ.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхээс анхаарч магадлаж үзээгүй нь буруу болжээ. /хх169-173/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/01764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД