Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0480

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0480

Улаанбаатар хот

А.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Г-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 263 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ... Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн /Шимтгэл төлсөн хугацаа/-ийн 1-д Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно, мөн зүйлийн 3-д Төр, аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацаааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно, 3.5-д Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа гэж хуульчилж өгсөн бөгөөд Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-аар хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөхийг зохицуулж өгсөн. Иргэн А.Г-ийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор тэтгэвэр /7 хувь/, тэтгэмж /0.8 хувь/ - ийг 7.8 хувиар тооцож нийгмийн даатгалын санд төлсөн нь өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хүчин төгөлдөр нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заасан. Иргэн А.Г-ийн ажилгүй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2-ын е заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас зөвхөн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалыг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож төлсөн тул ажилгүйдлийн тэтгэмж авах болзол шаардлагыг хангахгүй байна.

Иргэн З.Г нь Т Б В ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-нд ажлаас халагдаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04036 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх шийдвэр гарсан байна. 2016 оны 05 дугаар сард хоёр тал харилцан тохиролцож Т Б В ХХК-аас А.Г нь мөнгө авч, цаашид энэ асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй, энэ байгууллагад ажиллахгүй гэсэн өргөдлөө өгснөөр асуудлыг дуусгасан. Тиймээс түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу цалин хөлсийг 2016 оны 06 дугаар сард олгоогүй гэх хариуг компаниас өгсөн ба энэ нь компанийн ажилчдын цагийн бүртгэл болон тус хэлтэст гарган ирүүлсэн НД7, НД8 тайлангаар батлагдаж байна.

Аж ахуйн нэгж байгууллага нь ажилтныг ажилд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого буюу цалин хөлс олгосноор НДШ-ийг суутгаж тооцдог. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2.4-д заасан тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах эрх нь нийгмийн даатгалын байцаагчийн бүрэн эрхэд хамаарахаар байтал уг эрхээ хэргжүүлээгүй, нөгөө талаар үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна. Харин 2016 оны 05 дугаар сард Т Б В ХХК нь иргэн А.Г-г буцаан ажилд томилсон захирлын тушаал гаргаагүй байж 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №12/149 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд энэ нь Т Б В ХХК-ийн буруутай үйл ажиллагаа юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 263 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулаагүйгээс хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь анх Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Иргэн А.Г-ийн 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй байхад шүүх тодруулалгүйгээр шийдвэрлэсний дээр нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон атал нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхгүй хэмээн дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзсан нь буруу байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана, 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт, ... хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 52.5.2 дахь хэсэгт хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх, 53.3 дахь хэсэгт Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрсөн шалтгаан үндэслэлийг, түүнчлэн тэрхүү шийдвэр үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгаа талаар өөрөө тодорхойлж шүүхэд ирүүлэх үүрэгтэй, харин тэдгээр нь тодорхой бус байвал шүүх хугацаа тогтоож тодруулах боломжийг олгох бөгөөд хэрэв заасан хугацаанд тодруулж ирүүлээгүй бол нэхэмжлэлийг буцаах эрх хэмжээг хэрэгжүүлэх, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэрэгжиж биелэгдэх боломжтой байх нөхцөлүүдийг шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой.

Нөгөөтэйгүүр давж заалдах гомдолд дурдсанаар хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Т Б В ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхгүй орхисон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ... гэсэнтэй нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд зүй нь шүүх нэхэмжлэлийн ямар шаардлагыг хүлээн авахаас татгалзсан талаар тодорхой бичиж тусгах нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий ойлгомжтой байх шаардлага бий болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулснаар шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажилгүйдлийн тэтгэмжид хамруулах эрх бүхий этгээд ямар захиргааны байгууллага, албан тушаалтан байгаа, түүний ямар эс үйлдэхүй байгаа эсэхийг тодруулснаар түүнтэй холбоотой баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар цуглуулсны дараа дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хэргийн 63-66 дахь талд авагдсан баримтууд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан шаардлагыг хангахгүй байгааг хуульд нийцүүлэн авч, хэрэгт ач холбогдолтой эсэхэд дүгнэлт өгсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

          

ШҮҮГЧ                                             О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ