Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

    Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

    Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1735001600098 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суух, гавъяа шагналгүй, /РД:ОК70322905/ Б овгийн Ц-ийн Б.

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдснаар/ Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутаг дэвгэрт байрлах хохирогч Д.Б-гийн байшинд нэвтэрч нийт 1.661.000 төгрөгний эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүгдэгч Ц.Б хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хохирогч Д.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатан өгсөн “Би 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд Б гэх бүсгүйтэй хамтран амьдарч байсан юм. Тухайн үед бидний хамаатны хүмүүс бид хоёрын хурим найрыг хийж ёс заншил хийж нэг гэрт оруулсан боловч бид хоёр албан ёсоор гэрлэлт батлуулаагүй юм. Бид хоёр тусдаа хашаа, байшинд амьдардаг байсан бөгөөд салснаас хойш би байшингаа эзэнгүй түгжиж орхиод ээжийнд очиж хамт амьдрах болсон. Б эгчийндээ амьдрах болсон. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ээж маань ...над руу утасдаад “хурдан байшинд хүрээд ир, байшинд чинь хулгайч орж эд зүйл аваад явчихсан байна” гэж хэлсэн юм. Би байшиндаа очиход том өрөөний цонхны халхавч модыг аваад цонхыг нь хагалж ороод хананд өлгөөтэй байсан хивснүүд болон авдар саванд байсан эд зүйлийг аваад явчихсан байсан. Би хамгийн сүүлд 2017 оны 10 дугаар сарын 15-ны орчимд байшиндаа очсон. Тэгэхэд байшингын цонх хагараагүй бүрэн бүтэн байсан юм. Ээж маань 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаангом сум явахдаа харахад хэвийн байсан гэж надад хэлсэн. Морины зурагтай 4*1,5 м хэмжээтэй хивс 1 ш /ээж маань 550.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн, шинэ/, 4*2 м хэмжээтэй шар цоохор дрож дэвсгэр 1 ш, 4*2 м хэмжээтэй улаан өнгийн БНХАУ-д үйлдэвэрлэсэн хивс 1 ш /дрож, улаан хивсийг хамаатны хүн бэлэглэсэн, 1 жил ашигласан хуучин/, ТV box буюу зурагтын тоон системийн хөрвүүлэгч төхөөрөмж 1 ш /60.000 төгрөгний үнэтэй шинэ/, гүрж ногоон цай шинэ 1 ш / 1 жил ашигалсан/, аяга тавагны ком 1 ш /шинэ/, хурганы арьсан дотортой дээл 1ш /хуучин/ зэрэг зүйлс дутсан” /хх-ийн 18-19 тал/ гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчээр өгсөн: “Манай хүү Б 2016 оны 12 сард Бтай гэрэлсэн. 2017 оны 9 сард эхнэр Бгаас салсан юм. Тэгээд Б манай гэрт амьдарч байгаа юм. Манай хүү хүнтэй гэрлэхдээ хашаа байшин худалдаж авсан юм. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би Улаангом явсан юм. Тэгээд би хүүгийнхээ гэрээс 2017 оны 10 дугаар сарын 29 өдөр очиж юм авах гээд орсон чинь манай хүүгийн байшинд хулгайч орж ...эд зүйл алга болсон байсан. Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр аймаг явахдаа хүүгийнхээ байшинд орж харахад ямар нэгэн зүйл болоогүй байсан. Улаангомоос Өндөрхангайд гэртээ ирээд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүүгийнхээ эзэнгүй байшинд очиж ойр зуурын зүйл авахаар очтол байшингийн цонх хаасан хаалт бүрэн, хаалга цоожтой байсан. Ортол зочны өрөөний цонх хагарсан гадна талаас нь битүүлсэн модон рамтай төмөр хаалтыг буцааж хаасан байдалтай хананд байсан болон газарт дэвссэн хивс байхгүй. Авдар савнаас эд зүйлс аваад буцааж хаасан байдалтай байсан тул цагдаад дуудлага өгсөн юм. Хулгайд алдсан эд зүйлийг тоо ёсоор нь буцааж авсан. Дээрх эд зүйл нь миний хүү Д.Б-гийн эзэмшлийн эд зүйлс байгаа юм.” /хх-ийн 21-22 тал/ гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Би өөрийн хүү Д.Б-гийн хамт амьдардаг бөгөөд 2016 оны 12 сард Д.Б-г Ц.Б гэх хүүхэнтэй гэр бүл болгож амьдруулахаар тэднийг тусад нь хашаа байшинд оруулж амьдруулах болсон юм. 2017 оны 9 дүгээр сард тэд хоорондын үл ойлголцох байдал, хувийн маргааны улмаас салж тусдаа амьдрахаар болж хүү Б манайд ирж амьдрах болсон. Харин Б эгч дээрээ очиж амьдардаг болсон. Түүнээс хойш Б-гийн байшин эзэнгүй байх болсон бөгөөд би хааяа очиж эргэдэг байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиход байшинд хулгайч орсон байсан. Цагдаа нарын хамт байшинд орж эд зүйлээ бүртгэж үзэхэд байшингаас 2 хивс, 1 дрож, хурган дотортой эрэгтэй дээл 1ш, аяга тавагны иж бүрдэл 1 ш, гүрж ногоон цай 1 ш, тоон системийг хөрвүүлэгч хүлээн авагч төхөөрөмж 1 ш зэрэг эд зүйлс дутсан. Мөн пийшингийн дэргэдэх хулдаасыг сөхөж доор нь дэвссэн картон цаасыг шатаахыг оролдсон бололтой харалж түлдэгдсэн байсан. 2017 оны 9 дүгээр сараас хойш хашаа байшин нь эзэнгүй цоожтой байсан. Би 2012 онд хүү Б-г тусад нь гаргаж амьдрал зохиолгож бие даалгахаар өөрийн нөхрийн хамт амьдарч байсан жижиг байшинд засвар хийж томруулаад ах дүү нартаа шинэ байрны цай өгсөн юм. Тухайн үед Хан хөхийн уулын төрийн тахилга болж байсан тул уг ёслолыг тохиолдуулан миний болон нөхрийн талын хамаатнууд өөр сум, аймаг, хотоос ирсэн байсан бөгөөд тэд байрны цайнд ирээд хүү Б-г шинэ байшинтай болсон юм чинь удахгүй эхнэр авч амьдарал зохиоход хэрэг болно гэж нөхрийн талын хамаатанууд нийлж / шүүгээний хамт бэлэглэж байсан. Би дараа жил нь буюу 2013 онд манай суманд ирсэн явуулын худалдаанаас морины зурагтай урт хивсийг 2 бяруу зарсан мөнгөөр худалдан авч Б-д зориулж хадгалсан юм. Тоон системийн хүлээн авагч төхөөрөмжийг би өөрийн гэрт ашиглаж байгаад Б, Б нарыг гэр бүл болоход нь тэдэнд өгсөн юм. Хурган дотортой дээлний хувьд Б-гийн талийгаач аав Д-гийн дээлний хурган дотрыг ашиглан гадуур нь шинээр шар өнгийн цэг шиг хээтэй ягаан торгоор гадар татаж оёж өгсөн юм. Миний талийгаач нөхөр Д нь олон жилийн өмнө Б-г насанд хүрээгүй байхад нас барсан юм. Гүрж ногоон цайг Б, Б нарт зориулж өгсөн байх. Би нөхрийн хамт амьдарч байсан байшинг засаж томруулаад хүү Бд өгсөн бөгөөд газар нь Бгий нэр дээр байдаг. Байшин нь албан ёсоор бүртгэл гэрчилгээгүй. Би тусдаа хашаанд амьдардаг уг хашаа, байшинг хүүдээ өгсөн тул хүү Б-гийн өмчлөлийн хөрөнгө байгаа юм. Хүү Б төрөлхийн сэтгэцийн өвчтэй группэд байдаг юм. Гэхдээ тийм ч ноцтой эмгэгтэй биш. Болж буй үйл явцыг хүлээн авч ойлгох чадвартай, аливаа зүйлийг өөрөө сэтгэж бие дааж хийх чадвартай, хүний үгэнд оромтгой, элдэв муу зуршилгүй, худал ярьдаггүй, бусдыг хуурах зальдах элдэв муу зангүй, нилээд ичимтгий хүүхэд байгаа юм. ...Бид хулгайд алдсан зүйлээ тоо ёсоор буцаан авсан. Одоо бидний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” /хх-ийн 189-191 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. Үд буюу 12 цагийн орчимд Б, Б нар манайд ирээд Б надад хандаж “танайд 3 ширхэг хивс хадгалуулчихая, манайх хулганатай тул хадгалж болохгүй байна та хадгалаад өгөөч” гэж хэлсэн тул би зөвшөөрсөн юм. Тухайн үед Б, Б нар уг хивсийг гэрийн гадна аваад ирчихсэн байсан бөгөөд гаднаас оруулж ирсэн тул би амбаарт хулгана байхгүй гэж хэлээд амбаарт хийлгэсэн. Тухайн үед 3 ширхэг хивс хулгайн эд зүйл гэж хэлээгүй, сүүлд цагдаа нар ирж авахаар мэдсэн” /хх-ийн 23 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.П-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цаг орчимд манай малын саравч дотор чернилэн ягаан өнгөтэй цэгэн хээтэй дээлний торгоны гадаргууг эвхэж тавьсан байхыг би олсон юм. Тухайн үед хэн уг торгыг авч ирж тавьсныг мэдээгүй. Сүүлд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сумын цагдаа ирж тэр дээлний гадарыг Б-тай хамт авч явсан юм. 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө хамар хашааны айл Б-гийн гэрт хулгай орохыг мэдээгүй. Нөхөр маань хөдөө явчихсан байсан. Миний чих хатуу тул ямар нэгэн сэжигтэй дуу чимээ мэдээгүй. Сүүлд Б-гийн ээж манайд орж ирээд сумын цагдаагийн дугаар асуугаад Б-гийн байшинд хулгай орсон байна гэж хэлэхэд мэдсэн юм” /хх-ийн 24 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2012 онд Хан хөхий нурууны төрийн тахилгын ёслол болсон бөгөөд тэр үед Т нь Бд зориулж өөрийн жижиг байшинг томгож барьж ашиглалтанд оруулаад байрны цайг хамаатны хүмүүст өгсөн юм. Тухайн үед Улаанбаатар хотоос хамаатны хүмүүс ирсэн байсан бөгөөд байрны цайнд тэдгээр хүмүүс хүрэлцэн ирж бэлэг сэлт өгсөн. Тэр үеэр Тойруул гэх хүн Хятад улсад үйлдвэрлэсэн улаан цоохор хивс өгсөн. Шар цоохор дрожийг Улаанбаатар хотоос ирсэн авга талын хүмүүс нь өгсөн бөгөөд Пүрэвсүрэн, Дамдинсүрэн, Буянхүү нарын хүмүүс нийлж дрож, шүүгээ, хувцасны өлгүүр зэрэг эд зүйлийг бэлэглэсэн юм. Эдгээр эд зүйлсийг ашиглахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сард Бг Бтай гэр бүл болоход хэрэглүүлсэн юм” /хх-ийн 119 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай ёсонд бэр буулгах үед нөхрийн талаас бэлэг сэлт өгдөггүй. Харин Ц.Б, Д.Б нар найрны дараа айлчин хийж ирэхэд нь бид тэдэнд бэлэг сэлт өгсөн юм. Түүний дараа мод тавих ёслол хийх ёстой түүн дээр эхнэрийн талаас гэрийн тавилга авч очдог тэр үеэр нөхрийн талаас гар цайлгаж бэлэг сэлт өгдөг юм. Бид тухайн үед хивс, дрож, хурган дээл, тоон сүлжээний хүлээн авагч төхөөрөмж, аяга тавагны иж бүрдэл, гүрж цай зэргийг өгөөгүй” /хх-ийн 120 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Б-гийн хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний дүү Б нь эцэг эхээс тавуулаа, төрснөөс 4 дэх охин нь байгаа юм. Багаасаа мал дээр хөдөө өссөн. 3 анги хүртэл сургуульд суугаад гарсан. Хөдөө мал маллаж байгаад өнгөрсөн өвөл буюу 2016 оны 11 сард Б гэх хүнтэй хамт амьдрахаар болж нэг гэрт орж тусдаа амьдарсан. 2017 оны 9 сард салж тусдаа амьдрах болсон. Тэр хоёр албан ёсоор гэрлэлт батлуулаагүй, С.Б нь төрөлхийн сэтгэций өвчтэй сэтгэцийн эмчийн хяналтанд группэд байдаг. Өөрийн гэсэн ухаан бодол муутай, аливаа зүйлийг ухамсарлахгүй, бие дааж үйлдэл хийх чадваргүй, хүний хий гэснийг зааварлуулж хийгээд явдаг, бие дааж шийдвэр гаргах чадваргүй. Хэлэхгүй бол юу ч болж байсан өөрөө санаачилж юм хийхгүй зүгээр сууж байдаг. Наана цаана нь орж зааж зааварлаж байхгүй бол болдоггүй. Гадуур тэнээд бусдын амгалан тайван байдал алдагдуулаад эд зүйл эвдэлж хэмхлэх, бусдын эрүүл мэндэд халдах үйлдэл хийж байгаагүй. Өөрийгөө аргацаагаад явж байдаг. Бусдад гэм хоргүй, элдэв муу зуршил байхгүй аминдаа арчаа муутай хүн байгаа юм. ...Тухайн үед бэр буулгаж найр хийсэн боловч мод тавих ёслол хийгээгүй. Тухайн үед бэр буулгах ёслол дээр Б-гийн талын хүмүүсээс бэлэг сэлт өгсөн зүйл байхгүй. Манай талын хүмүүс бэлэг сэлт өгсөн юм. Бд хамаатан садны зүгээс тодорхой хэмжээний бэлэг сэлт өгсөн бөгөөд сүүлд 2017 оны 9 дүгээр сард салахад нь тэдгээр бэлэг сэлтийг бид буцааж авсан юм” /хх-ийн 26, 121 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Д.Б, Ц.Б нар намайг Өндөрхангай суманд очих үед хамт амьдарч байгаа талаар сонссон боловч гэрт нь очиж байгаагүй. Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс байгаа юм. 2012 он Өндөрхангай суманд Хан хөхий уулын төрийн тахилгын ёслол болсон юм. Тэр үед Т нь хүүдээ өөрийн жижиг байшинг томосгож өргөтгөж барьж ашиглалтанд оруулсан бөгөөд тахилгын ёслолын үеэр Улаанбаатар хотоос ирсэн ах дүү нар болох Д, П, Б нартай хамтарч байранд нь эд зүйл авч өгч бэлэглэсэн. Тухайн үед БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан эрээн өнгөтэй хивс, шар цоохор дрож, өлгүүртэй шүүгээ зэргийг бэлгэлж байсан юм. Эдгээр эд зүйлсийг бид Б-д зориулж бэлэглэж байр орон сууцыг нь тохижуулсан юм. Тухайн үед Б ганц бие байсан. Б-г бага байхад нь аав нь нас барсан юм” /хх-ийн 123 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн 6 настай хүүхдийн хамт төрсөн эгч Батхүүгийнд амьдардаг юм. Батхүү эгчийг Улаанбаатар хот явсан хойгуур буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны шөнө дунд буюу 02.00 цагийн орчим би хүргэн ах Б-ийг сэрээгээд айл руу очоод юм аваад ирье гэж хэлээд дагуулаад явсан юм. Би түүнийг дагуулж урьд надтай хамтран амьдарч байсан Б-гийн байшинд очоод Бид эднийхээс юм авна гэж хэлсэн. Биднийг салснаас хойш Б ээжтэйгээ амьдрах болсон бөгөөд байшин нь эзгүй байдаг байсан. Бид хашааны арын мод унасан зайгаар ороод байшингийн том өрөөний цонхыг гадна талаас нь модон рамтай төмрөөр хааж бэхэлсэн байсан тул Бид хэлж тэр төмрийг авахуулаад цонхийг нь бас Бид хэлж хагалуулаад хагарсан нүхээр нь гараа оруулж цонхны түгжээг онгойлгоод хоёулаа дотогш орж хананд байсан 2 ш хивс, хуйлж тавьсан байсан дрож зэргийг авсан. Мөн авдарнаас хурган дотортой дээл 1 ш, аяга тавагны цуглуулга, телевизийн тоон системийн хөрвүүлэгч төхөөрөмж 1ш, гүрж ногоон цай 1 ш зэргийг хулгайлж аваад гэртээ хүргэсэн юм. Түүгээрээ хариад маргааш нь үд болох гэж байтал Бавуу гэх айлд очиж амбаарт нь 2 хивс, 1 дрожийг тавиулсан юм. Бусад эд зүйлс гэрт байсан юм. Гэтэл хэд хоногийн дараа цагдаа ирж шалгаад тэдгээр эд зүйлсийг хурааж авсан явсан юм. Би Б-тэй 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэл хамт амьдраад салсан. Анх намайг Б-тэй гэр бүл болох талаар санаагүй байтал хадам ээж Т хүн явуулаад олон удаа гуйлгаад байсан тул аав минь зөвшөөрч гэр бүл болгосон юм. Гэтэл 9 сард хадам ээж Т надтай уулзаад чи миний хүүгээс сал, хувцас хунараа ав гэж хэлсэн юм. Би авахгүй гэхэд олон удаа утсаар ярьж гүйж ирж загнаад байсан тул Б-гийн гэрт очиход үүдний өрөөнд миний хувцаснуудыг ялгаад баглаад тавьсан байсан юм. Энэ явдалд би бухимдалтай байсан тул тэднийхээс хулгай хийсэн юм. Аав минь нас барсан тул эгч Б-гийн гэрт түүний нөхөр Б-ийн хамт 4-үүлээ амьдардаг. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө, мал байхгүй. Хүүхдийн эцэг одоо хаана амьдарч байгааг мэдэхгүй, холбоо барьдаггүй. Би багадаа буюу 3 настайдаа гэмтэл авч баруун нүд бүр мөсөн хараагүй болсон, хөдөлмөрийн чадвар алдалтын 50% группт орсон юм. Группын мөнгө 140.000 төгрөгөөр амьдардаг юм” /хх-ийн 40-41 тал/ гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Б бид хоёрыг яагаад үл ойлголцлоос болоод салсан гэж яллах дүгнэлтэд бичснийг би ойлгохгүй байна. Бидний хооронд үл ойлголцох байдал гараагүй. Аав минь өнгөрөөд 49 хоног тавьж байхад манай хадам ээж Т намайг ямар ч шалтгаангүй гэрээс хөөж, хувцасаа ирж ав, зайл гэж хөөгөөд салсан. Тэгээд мэдүүлэг өгөхдөө хувийн шалтгаанаар салсан гэж мэдүүлсэн байна. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлэхэд хамаагүй гээд аваагүй, цагдаа хүн байж намайг бас гуйлгачин гэж доромжилсон. Би маш их гомдолтой байна. Би Д.Б-тэй уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Д.Б нь оюун ухааны хөнгөн хомсдолтой, сэтгэцийн эмгэгтэй учир группт байдаг, ээжийнхээ хэлсэн үгнээс огт гардаггүй, бас утас байхгүй тул уулзаж, холбогдож чадахгүй байгаа юм. Надад тухайн эд зүйлсийг авах тодорхой хэрэгцээ шаардлага, зорилго байгаагүй. Хадам ээждээ гомдоод хулгай хийсэн. Хадам ээж бид хоёрын дундуур орсон болохоос бид хоёрт маргалдсан зүйл огт байхгүй. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хэрэг учрал болсон гэх Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багт байрлах хохирогч Д.Б-гийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрдэнэт хивс 1, хятад хивс 1, хивсэнцэр 1, TV BOX 1, гүрж ногоон цай 1, аяга тавагны ком, хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримт хураан авах зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, дээрх эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчоор Д.Б-г тогтоосон тогтоол, хохирогчийн сэтгэцийн байдал, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоосон шинжээч эмчийн акт, эд зүйлсийн зах зээлийн үнийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 7-10, 12-16, 17, 29, 114-115, 132-133 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд, мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Б нь өөрийн хүргэн ах болох С.Б-ийн хамт 2017 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хохирогч Д.Б-гийн байшингаас 4м*1,5м хэмжээтэй морины зурагтай эрдэнэт хивс, хятад улсад үйлдвэрлэсэн 4м*2м хэмжээтэй улаан цоохор хивс, 4м*2м хэмжээтэй шар цоохор дрож буюу хивсэнцэр, аяга тавагны ком, гүрж ногоон цай, тоон системийн хүлээн авагч хөрвүүлэгч төхөөрөмж, эрэгтэй хурган дотортой дээл авсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.     

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/02 тоот тогтоолоор яллагдагч С.Б-д холбогдох хэргийг оюун ухааны эмгэгтэй хүнд шатандаа байгаа, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар буюу хохирогч Д.Б-гийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж нийт 1.661.000 төгрөгний хохирол учруулсан гэж 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 01Б тоот яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Б нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, батлуулаагүй боловч 2016 оны 11 сараас эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэж, хамтран амьдарч байсан, мөн оны 12 сард нь нутгийн ёс заншлын дагуу хурим найр хийж нэг гэрт орж хамтын амьдралтай байсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт ямар субъектүүд багтах, хамтран амьдрагч гэж хэнийг ойлгох вэ гэдгийг тодорхой зохицуулж өгсөн бөгөөд тус хуулийн 3.1, 3.2-д зааснаар ...хамтран амьдрагч, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, ...хамтран амьдарч байсан, ...хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгоно гэж заасан тул шүүгдэгч Ц.Б, хохирогч Д.Б нарыг гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байсан, хамтран амьдрагч этгээдүүд гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Д.Б бид хоёрт ямар ч маргалдсан зүйл, салах шалтгаан байхгүй, намайг аавынхаа 49 хоногийн ажил явдлаар төрсөн гэртээ очсон байхад хадам ээж Д.Т байнга араас утасдаж, хувцас хунараа ав, гэрээс яв, зайл гэж хөөж туугаад байсан. Намайг буцаад гэрт очиход хадам ээж үүдний өрөөнд миний хувцсыг ялгаад тавьчихсан байсан. Би Д.Б-тэй уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Д.Б нь оюун ухааны хөнгөн хомсдолтой, сэтгэцийн эмгэгтэй учир группт байдаг, ээжийнхээ хэлсэн үгнээс огт гардаггүй, бас утас байхгүй тул уулзаж, холбогдож чадахгүй байгаа юм. Би энэ маргаанд уурлаж бухимдаад очоод эд зүйл хулгайлсан. Надад тухайн эд зүйлсийг авах тодорхой хэрэгцээ шаардлага байхгүй” гэж тогтвортой мэдүүлснээс дүгнэхэд хохирогч Д.Б, шүүгдэгч Ц.Б нар хэдийгээр 2017 оны 9 сараас тус тусдаа амьдарч байгаа ч тэдгээрийн хүсэл зоригоос шалтгаалаагүй байх тул хохирогч, шүүгдэгч нарыг гэр бүлийн харилцаагүй болсон буюу салсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-гийн “2016 оны 12 сард Д.Б-г Б гэх хүүхэнтэй гэр бүл болгож, тэднийг тусад нь хашаа байшинд амьдруулах болсон. 2017 оны 9 сараас хүү Д.Б манайд, Б эгч дээрээ очиж амьдардаг болсон. Түүнээс хойш Д.Б-гийн байшин эзэнгүй байх болсон” гэх мэдүүлгээр тухайн нэвтэрсэн гэх Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, улсын бүртгэлийн Г-1511000507 дугаарт бүртгэлтэй газар байрлах байшинд шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Б-тэй гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан байна.

 

Хэдийгээр хэрэг учрал болох үед шүүгдэгч Ц.Б тухайн орон байранд ердийн аргаар нэвтэрч ороогүй ч шүүгдэгч Ц.Б нь хохирогч Д.Б-тэй тухайн байшинд хамтран амьдарч, оршин суудаг байсан тул нэг гэрт эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдрагчийн хувьд өөрийн гэртээ орох эрхтэй байсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-г хохирогч Д.Б-гийн байшинд нэвтэрсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Түүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт хэм хэмжээг баримтлана гэж заасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэсэн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. Шүүгдэгчид ял сонсгож яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд байшинд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд байшинд нэвтрэх гэсэн нэр томъёо байхгүй. Тухайн байшин хүн амьдрах зориулалттай эсхүл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр уу, тусгайлан хамгаалсан байр уу, агуулах уу гэдэг нь тодорхой бус тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй” гэж дүгнэлт гаргаж мэтгэлцсэн байна.

Хохирогч Д.Б-гийн байшинг хуулинд заасан аль нэршилд хамааруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож байгаа үндэслэлээ яллагдагчид тодорхой ойлгомжтой байдлаар тайлбарлаж, үр дагаварыг ойлгуулсан байх нь яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрх хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах болсон үндэслэлээ дээрх байдлаар тайлбарлаж өгөөгүй болох хэргийн 3-4, 40-41 дэх талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.  

Харин шүүгдэгч Ц.Б-гийн 4м*1,5м хэмжээтэй морины зурагтай эрдэнэт хивс, хятад улсад үйлдвэрлэсэн 4м*2м хэмжээтэй улаан цоохор хивс, 4м*2м хэмжээтэй шар цоохор дрож буюу хивсэнцэр, аяга тавагны ком, эрэгтэй хурган дотортой дээл авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, гэрч Д.Ч, Т.Ө, Ц.Б, Н.Б нарын мэдүүлгээр 4м*1,5м хэмжээтэй морины зурагтай эрдэнэт хивс, хятад улсад үйлдвэрлэсэн 4м*2м хэмжээтэй улаан цоохор хивс, 4м*2м хэмжээтэй шар цоохор дрож буюу хивсэнцэр, аяга тавагны ком зэрэг эд зүйлсийг шүүгдэгч Ц.Б-тай хурим найр хийж нэг гэрт орохоос өмнө хохирогч Д.Б-д тэдний талын хамаатан садан бэлгэнд өгсөн, эрэгтэй хурган дотортой дээл нь хохирогчид талийгаач ааваас нь өвлөгдөж үлдсэн болох нь тогтоогдож байх тул эдгээр эд зүйлс хохирогч Д.Б-гийн өөрийнх өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байна.

 

Мөн хэргийн 29 талд авагдсан “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн УВ/01/137 тоот “Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт”-оор эрдэнэт хивс 320.000, хятад улсад үйлдвэрлэсэн хивс 192.000, дрож 245.000, аяга тавганы ком 30.000, хурган дотортой дээл 874.000 төгрөг гэж тус тус үнэлсэн тул хохирогч Д.Б-д нийт 1.661.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс давсан хохирол учирчээ.

  

Иймд шүүгдэгч Ц.Б-гийн хохирогч Д.Б-гийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгөнд зохих этгээдийн /хохирогчийн/ зөвшөөрөлгүйгээр халдаж, улмаар нийт 1.661.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх шинжгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-гийн “хулгайд алдсан эд зүйлийг буцааж бүрэн авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б-гаас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.Б-гийн мэдүүлэг, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тодорхойлолт, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хүүгийнхээ хамт ахынхаа гэрт амьдардаг, хувьдаа мал хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт үйлдсэн, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах зохистой гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ц.Б-д шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: