Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01571

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01571

 

 

А.Г, А.Т, А.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06ы өдрийн 184/ШШ2021/02104 дугаар шийдвэртэй, А.Г, А.Т, А.Т нарын нэхэмжлэлтэй Ч.Тт холбогдуулан нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд 091100464 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд нэг хүний өмчлөлд өмчлүүлэхээр Улсын бүртгэлд Г-061400383 дугаарт бүртгэж, 000026087 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, А.Т, Б.Одхүү нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд 091100970 нэгж талбарын дугаартай 700м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд хоёр хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлд Г-061400832 дугаарт бүртгэж 000040551 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд 091100535 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд гурван хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлд Г-0614000449 дугаарт бүртгэж 000026156 дугаартай гэрчилгээг 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус, тус олгосон. Улмаар 2017 онд нэхэмжлэгч нарын ах А.Болд нас барж талийгаач болон нэхэмжлэгч нарын хооронд гэр бүлийн дундын өмчлөл, аж ахуйн нэгжийг эзэмших хувь хэмжээтэй холбоотой үл ойлголцол үүссэн тул нэхэмжлэгч нар өөрсдөд ногдох өмч хөрөнгийн талаарх мэдээллийг төрийн зохих байгууллагуудаас сурвалжилж эхлэхэд дээрх хууль ёсны өмчлөлийн газрыг өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр, тэдгээрийн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг А.Болдын өмчлөлд шилжүүлсэн байна. Уг асуудлаар 2020 оны 5 дугаар сард Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт хандсан хэдий ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.

Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж байсан Ч.Т нотариатч нь А.Болдтой үгсэж А.Ггийн өмчлөлийн газрыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1405 дугаарт Галхүүгийн гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэсэн, мөн А.Тийн өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1404 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэсэн, мөн А.Т, Б.Одхүү нарын өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1404 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэхдээ газар өмчлөгч нарын хэнийг ч оролцуулаагүй зөвхөн Тунгалагийн гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэсэн, мөн А.Тийн өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1404 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэсэн, мөн А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарын өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан мэтээр 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар байгуулж 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1402 дугаарт гэрээг байгуулсан гэж бүртгэхдээ газар өмчлөгч нарын хэнийг ч оролцуулаагүй зөвхөн А.Тгийн гарын үсгийг хуурамчаар зурж бүртгэснээр нэхэмжлэгч нарын Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхэд хууль бусаар халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг хэлцлийг А.Болдын эрх ашгийн төлөө хийсэн мэтээр нотариатаар гэрчилснээс дээрх нэр бүхий 3 иргэн өмчөө бусдад алдаад байна. Нотариатч нь Нотариатын тухай хуулийг ноцтой зөрчиж Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний өмчийг хууль бусаар бусдад шилжүүлэх хуурамч хэлцлийг хамтран үйлдэж, өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр гэрээг баталж өмчлөх эрхийг А.Болдод шилжүүлэх нөхцөлийг хууль бусаар хангасан байна.

Иймд нотариатч Ч.Тын Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт нотариатчийн үйл ажиллагаа явуулж байхдаа хууль бусаар гэрчилж баталгаажуулсан дээрх бүртгэл, үйлдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Т нь 2004 онд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд 2005-2018 оны хооронд Дорнод аймгийн тойрогт ажиллаж байсан. Дээрх 2009 оны 12 сард хийгдсэн А.Г, А.Т, А.Т нарын Дорнод аймаг Хэрлэн сум 2-р багт хаягтай 000040551, г-0614000832 0000026087, г-0614000383 000026156, г-0614000449 тус тус улсын бүртгэлийн дугаартай 3 газрын худалдах-худалдан авах гэрээний нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Тухайн үед манай байрны 2 давхарт Алтангэрэл гуай хөгшин нь үр хүүхэд зээ охинтойгоо амьдардаг байсан. Мал Булганд байдаг хөдөө голцуу байдаг байсан. Тэдний гэр бүлийнхэн бүгд л орж гараад зөвлөгөө аваад л явдаг байсан. Том хүү А.Болд нь Их чулуут компанитай байсан ба ЖДҮ зээл, банкны зээл гээд манайхаар бичиг баримт батлуулдаг байсан гэхдээ тэр хүнтэй хэзээ ч үгсэн хуйвалдаж хууль бус бичиг баримт баталж өгч байсан тохиолдол байхгүй. Харин ч банкны зээлийн гэрээ батлуулахад эхнэр хүүхдээ авч ирж гарын үсэг зуруул гэхэд нэг нутаг ус байж, дандаа орж гарч байхад надад итгэдэггүй юм уу гэж хүртэл муудаж л байсан. 2018 онд талийгаачийн эхнэр хүүхэд өв хүлээн авах гэж байх үед А.Г Их чулуут компаний ногдох хувийг авах ёстой гээд хоорондоо ойлголцохгүй манай өрөөгөөр ороод гарч байсан. Тэрнээс хойш эднийхэнтэй уулзалдаагүй, 12 жилийн өмнө буюу 2009 оны 12 сард хийгдсэн А.Г, А.Т, А.Т нарын Дорнод аймаг, Хэрлэн сум 2 дугаар багт хаягтай 000040551, г-0614000832, 000026087, г-0614000383, 000026156, г-0614000449 газар шилжүүлэх гэрээ хэлцэл хийлгэсэн нь холбогдох гэрээ хэлцлээр, харагдаж байна. Тухайн үед гэрээ хэлцлийг хуулинд заасны дагуу л хийж өгсөн. Надад талийгаач А.Болдтой үгсэн хуйвалдах ямар ч шаардлага шалтгаан байхгүй. Гэрээний нэг тал болох А.Болдыг нас барахаас өмнө үнэхээр маргаж байсан бол яагаад гомдол гаргаагүй юм. Уг хэлцэл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, Нотариатын тухай хуулийн 21.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус зааснаар Дорнод аймгийн тойргийн нотариатч Ч.Тын 2009 оны 12 дугаар сарын 04, 07, 10-ны өдрүүдэд А.Г, А.Т, А.Т нараас А.Болдод газар худалдах худалдан авах гэрээг гэрчилж бүртгэсэн нотариатын 1402, 1404, 1405 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Г, А.Т, А.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхээс шууданд шийдвэрийг хийснийг 9 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрийг гардан авсан тул хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй. Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар 26.1 Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн үйлдлийг он, cap өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална, 26.2.Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэсэнтэй нийцэж байх бөгөөд хаяг зэргийг тэмдэглэсэн гэжээ. Энэ үйлдэл нь үйлчлүүлэгчид огт хамааралгүй асуудал юм. Шүүх нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэлд хамааралгүй зүйлээр дүгнэлт хийсэн нь шүүх хэргийг нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Маргааны гол асуудал бол дээрх 3 гэрээнд нэхэмжлэгч нар гарын үсэг зураагүй, нотариатын үйлдэл хийхэд байлцаагүй тухай юм. Гэтэл анхан шатны шүүх нотариатын бүртгэлийн дэвтэр дэх гарын үсэг, газар худалдан авах гэрээнүүд, Ч.Эрдэнэбатад олгосон итгэмжлэлүүдэд буй гарын үсгүүд ижил, түүнд шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдахааргүй байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт ач холбогдол өгөөгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж буй нөхцөлд энгийн нүдээр харахад ижил байлгахаар зориуд дуурайлган зурах тул ижил харагдах магадлал туйлын өндөр. Ийм асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөс гарын үсэг-ийг мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүхээс гомдол гаргах эрхгүйгээр хангахаас татгалзснаар ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.1-т заасан үүргээ нэхэмжпэгч биелүүлэх боломжгүй болгосон. Хэрвээ гарын үсгийн үнэн зөв эсэхийг мэргэжлийг шинжээчээр тогтоолсон бол хэргийг бодиттой, эргэлзээгүй, үндэслэл бүхий шийдвэрлэх боломж бүрдэх байсанд давж заалдах шатны шүүхээс хууль нийцсэн дүгнэлт хийж өгөхийг хүсье. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат нь нотариатын үйлдэл хийхэд нэхэмжпэгч нар болон нотариатын үйлдэл хийхэд оролцвол зохих бүх хүмүүсийг хариуцагч байцуулсан гэж тайлбарладаг. Гэтэл 1402 дугаарт бүртгэснээс хойш нэг бүртгэл алгасаж 1404, 1405 дугаарт бусад гэрээг бүртгэсэн, 091100535 нэгж талбарын дугаартай, Г-0614000449 дугаартай гэрчилгээнд А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарыг бүртгзсэн бүртгэлээс Санжаа гэх нэртэй хүүхэд Туяа, Энхболд нарт байхгүй буюу төрсний гэрчилгээ газар өмчлөх бичиг баримт дахь овог нэр зөрүүтэй байдлыг зохих байгууллагаас лавлагааг аваагүй, тухайн үеийн насанд хүрээгүй өмчлөгч нарын төрсний гэрчилгээг бүртгэлд бүртгээгүй зэргээр тухайн нотариатын үйлдэлд нэхэмжлэгч нар, болон насанд хүрээгүй байсан бусад өмчлөгч нар оролцоогүй нь тодорхой байна. Нотариатч хувийн харилцааны явцад үүссэн итгэл дээр суурилж өмчлөгч нарыг байлцуулахгүйгээр нотариатын үйлдэл хийсэн байх бүрэн магадлалтай. Шүүхээс нэхэмжлэгч нарын төлөөлөгч гаргасан хүсэлтийг 4869-р захирамжаар шинжилгээ хийлгэхэд шаардагдах гар бичмэл, гарын үсгийн адилтгалын шинжилгээний шаардлага харьцуулах загварууд чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын гэх шинжилгээ хийлгэхэд зайлшгүй шаардагдах материалыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр хангаагүй гэж үг, агуулгын хувьд ойлгомжгүй захирамжаа зөвтгөх гэсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Г, А.Т, А.Т нар нь нотариатч Ч.Тт холбогдуулан А.Ггийн өмчлөлийн газрыг 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдэл, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1405 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, А.Т, Б.Одхүү нарын өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдэл, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1404 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарын өмчлөлийн газрыг А.Болдод худалдсан гэх 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдэл, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нотариатын бүртгэлийн 1402 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч уг хэлцэл хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ. /хх1-3, 42/

 

Хэрэгт А.Т, Б.Одхүү нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд 091100970 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд хоёр хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлийн Г-061400832 дугаарт бүртгэж 000040551 дугаартай гэрчилгээг 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, А.Гд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Жуковын музейн зүүн талд 091100464 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд нэг хүний өмчлөлд өмчлүүлэхээр Улсын бүртгэлийн Г-061400383 дугаарт бүртгэж, 000026087 дугаартай гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Жуковын музейн зүүн талд 091100535 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд гурван хүний өмчлөлд өмчлүүлэхээр улсын бүртгэлийн Г-0614000449 дугаарт бүртгэж 000026156 дугаартай гэрчилгээг 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус тус олгосон. /хх8, 18/

Улмаар А.Ггийн газар 2009 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, А.Т, Э.Санжаа, Э.Баянбат нарын газар 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр, А.Т, Б.Одхүү нарын газар 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр А.Болдын өмчлөлд, дээрх 3 газрыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн иргэн Б.Ханхүүгийн өмчлөлд, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Саранчимэгийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх8-9, 11-12, 18-19, 36-37/

 

Нотариатч Ч.Т нь 2009 оны 12 дугаар сард дээрх 3 газрыг худалдах худалдан авах гэрээг нотариатын бүртгэлийн дэвтрийн 1402, 1404, 1405 дугаарт бүртгэж, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдлийг хийжээ. /хх9-13, 19-20/

 

Нэхэмжлэгч нарын ах, гэрээний тал болох А.Болд 2017 онд нас барсан. /хх2/

Талууд дээрх хэлцлийг байгуулахад нэхэмжлэгч нар байлцсан эсэх, өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгээр хэлцэл хийгдсэн эсэх, гэрээ хэлцэл болон холбогдох бичиг баримтад зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч нарын гарын үсэг мөн эсэх, нотариатч хууль зөрчсөн эсэхэд маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилдог.

 

Бичиг баримтад зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч нарын гарын үсэг мөн эсэхийг тогтоох нь тусгай мэдлэг шаардагдах асуудал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна нотариатын бүртгэлийн дэвтэр дэх гарын үсэг, газар худалдах худалдан авах гэрээнүүд, Ч.Эрдэнэбатад олгосон итгэмжлэлүүдэд буй гарын үсгүүд ижил, түүнд шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдахааргүй байна гэж шүүх шинжээчийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар өөрөө дүгнэлт хийжээ.

Мөн газрыг худалдах, худалдан авах гэрээнд Э.Санжаа, Э.Баянбат нарын төлөөлөгч А.Т гарын үсэг зурсан нь насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх гэрээ хэлцэлд төлөөлнө, гарын үсэг зурна гэж зохицуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаж буй асуудлыг тогтоогдсон мэтээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж дүгнэжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс талууд гэрээ болон бүртгэлд гарын үсэг зурсан эсэх талаар маргаж байхад бүртгэлийн талаар дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй, хийвэл зохих ажиллагааг хийгээгүй, гарын үсгийн шинжээч томилох хүсэлтийг хангаагүй атлаа нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь зөрчилтэй болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хэлцэл хийсэн нэг тал болох А.Болд 2017 онд нас барсан, маргаан бүхий газрууд Б.Ханхүү гэх иргэний өмчлөлд шилжсэн тул гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүйг шүүхээс анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2021/02104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД