Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01601

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01601

 

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24ий өдрийн 182/ШШ2021/01896 дугаар шийдвэртэй, Д.Зын нэхэмжлэлтэй А.Б.С.Н ХХК-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А.Б.С.Н" ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшиж. ашигладаг 99119655 дугаарыг тус компанийн нэр дээр шигжүүлэн өгч байсан. Барьцаат зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эзэмших эрхтэй үүрэн холбооны дугаарыг А.Б.С.Н ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэн, тус дугаарыг ашиглаж явах нөхцөлтэйгөөр ашиглалтын зардлыг бүрэн хариуцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулсаар ирлээ. Гэтэл энэхүү хугацаанд зээлдэгч А.Б.С.Н ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хүүг төлөөгүй гэх үндэслэлээр 2020 оны 1 дүгээр сарын 28, 3 дугаар сарын 2, 4 дүгээр сарын 6, 4 дүгээр сарын 29, 9 дүгээр сарын 8-9, 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус Мобиком Корпораци ХХК-д хандан орох, гарах ярианы эрхийг хязгаарлан, хааж миний дугаар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Энэ нь бидний хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 2.1, 3.2.3-т заасан ашиглаж явах нөхцөлтэйгөөр, ашиглалтыг үргэлжлүүлэх гэж заасныг зөрчиж, миний өөрийн 99119655 дугаарын эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

 

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээнд А.Б.С.Н ХХК-ийг төлөөлж Санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Бат-Эрдэнэ гарын үсэг зурж, гэрээг баталгаажуулах байтал зээлийн ажилтан гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож байна. Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийнэ гэх шаардлагыг хангаагүй байна. Хэдийгээр гэрээг бичгээр боловсруулсан боловч гэрээнд А.Б.С.Н" ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамгаа дараагүй байгаа нь гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхээргүй нөхцөл байдал үүсээд байна. А.Б.С.Н" ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр надад хандаж миний 99119655 дугаарыг бусдад зарж борлуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Миний хувьд тус байгууллагаас 40 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд одоогийн байдлаар 20 000 000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаад байна. Гэтэл А.Б.С.Н ХХК нь зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан атлаа өнөөдрийг хүртэл төлж байсан минии төлбөрийг зээлийн гэрээний хүүнд тооцож, үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцохгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ихээхэн зөрчиж байгаа юм.

Дэлхий нийтэд үүсээд буй Ковид-19 цар тахал манай улсад тархсантай холбогдуулан миний эрхэлж байсан үйл ажиллагаа болох диско баарны үйл ажиллагаа 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хязгаарлагдаж, орлогын эх үүсвэрээ бүрэн алдсан энэ цаг хугацаанд тус барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйл болох 99119655 дугаарын ашиглалтыг хязгаарлах, худалдан борлуулахыг мэдэгдэж шахалт дарамт үзүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гэж үзэхээр байна. Миний хувьд А.Б.С.Н ХХК-аас 1 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд төлбөрийн 50-иас дээш хувийг төлж барагдуулж байхад тус компаниас дээрх үйлдлуүдийг гаргаж байгаа нь зохисгүй юм. Мөн дээрх зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байхад банк бус санхүүгийн байгууллагын нэгэн адил зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцож, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлж байсан төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцохгүй хууль болон гэрээний заалтыг илтэд зөрчсөн үйлдлийг гаргаж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчиж тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан байх тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АВ3097 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцожж, гэрээний үр дагаврыг арилгах зорилгоор 99119655 дугаарын эзэмших эрхийг Д.Зын нэр дээр шилжүүлж өгөхийг Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-д даалгаж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн хүүнд тооцогдон төлөгдөж байсан 17 200 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 40 000 000 төгрөгөөс хасч тооцохыг Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасны дагуу хариуцагч Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч Д.Зын гаргасан шаардлагаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12 000 000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, үлдэх 5 200 000 төгрөгт холбогдох хэсэг болон хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх, 99119655 дугаарыг ашиглах эрхийг буцаан шилжүүлэх тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206 950 төгрөгийг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Д.З, Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг Иргэний хуулийн 53-р зүйлийн 53.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр маргаан бүхий барьцаат зээлийн гэрээг хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр гэрээ хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.8 дахь заалтад компанийн өдөр дутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, итгэмжлэлгүйгээр гэрээ, хэлцэл байгуулах зохицуулалтуудыг тусгасан байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Б.Бат-Эрдэнэ нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч, гэрээ, хэлцэлд гарын үсэг зурах эрхтэй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасан Б.Бат-Эрдэнэд хуулийн дагуу олгосон төлөөлөгчийн бүрэн эрх буюу итгэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Тайлбараа нотлох баримтаар хамгаалж чадаагүй. Мөн шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэж төлөөлүүлсэн этгээд зөвшөөрсөн гэх үндэслэлээр маргаан бүхий барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад төлөөлүүлсэн этгээд буюу харицагч Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-ийн маргаан бүхий барьцаат зээлийн гэрээг байгуулагдах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайн зөвшөөрөл хэрэгт авагдаагүй байдаг. Гэтэл хариуцагч Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-ийг шүүхэд хариуцагчаар төлөөлөх итгэмжлэлтэй Т.Мөнхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн Б.Бат-Эрдэнэ нь манай компанийн хувьцаа эзэмшигч тул аль ч гэрээнд гарын үсэг зурах эрхтэй бөгөөд зохих итгэмжлэлгүй этгээдийн зөвшөөрлөөр гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК-нд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 99119655 дугаарыг Д.Зын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн хүүд тооцогдон төлөгдөж байсан 17 200 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 40 000 000 төгрөгөөс хасч тооцохыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 21, 23/

Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А.Б.С.Н" ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, өмчлөлдөө шилжүүлэн авсан. /хх5/

Барьцаа гэх гар утасны 99119655 дугаарын эзэмших эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж, зээлдэгч өөрөө уг дугаарыг ашиглах эрхтэй байсан талаар талууд тайлбарласан. /хх1-2/

Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр 99119655 дугаарыг бусдад зарж борлуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн тухайд тайлбарласан бөгөөд Д.Зын 99119655 дугаарыг гуравдагч этгээдэд дуудлага худалдаагаар худалдсан гэж хариуцагч тайлбарлажээ. /хх145-154/

Алтанбумба санхүүгийн нэгдэл ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэх бөгөөд барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Б.Бат-Эрдэнэ гарын үсэг зуржээ. /хх5, 19/ Хариуцагч нь өөрийг нь хэлцэлд төлөөлөх Б.Бат-Эрдэнийн төлөөлөх эрхийн хувьд маргаангүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүүтэй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарна. Шүүх хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг талуудын шаардсан эсэхээс үл хамааран хянан үзэх бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээ юм.

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан гэрээнд хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурснаараа хэлцэл хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг арилгуулах агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, 99119655 дугаарын ашиглах эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, зээлд хүү тооцогдох үр дагаваргүй тул 17 200 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохыг даалгуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн буцаан шилжүүлэхийг шаардаж буй 99119655 дугаарын ашиглах эрх нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох зүйл байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдох ёстой.

Нэхэмжилж буй зүйлийн үнийг тодорхойлох нь улсын тэмдэгтийн хураамж тооцохоос гадна хэргийн үйл баримтад хамааралтай юм. Нэхэмжлэгчийн шаардсан 99119655 дугаар нь дээр дурдсанаар бусдын өмчлөлд дуудлага худалдаагаар шилжсэн гэх бөгөөд буцаах боломжгүй тохиолдолд үнийг яаж төлөх, яаж тооцогдох нь тодорхойгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгчийн 17 200 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцохыг даалгуулах шаардлагын хувьд талуудын мэтгэлцээн бүрэн өрнөөгүй, нэхэмжлэгчийн төлсөн нийт хэдэн төгрөгийг зээлийн гэрээний ямар үүрэгт хариуцагч тооцож авсан, 99119655 дугаарыг хэдэн төгрөгт тооцсон, зөрүү байгаа эсэх үйл баримт талуудын хоорондын тооцооллыг хуулийн дагуу хийхэд ач холбогдолтой. Хэдийгээр хариуцагч нь анхан шатны шүүхийн хийсэн талуудын хүү тооцох хугацааг нэг сар гэж үзэх, зээл 40 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 41 600 000 төгрөг гэх тооцооллыг хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй ч нэхэмжлэгч тооцооллын хувьд маргаантай байна. /хх145-154/

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, 17 200 000 төгрөг төлсөн. Д.З, эхнэр н.Цэнгэл болон дүү нарынхаа дансаар шилжүүлэг хийж байсан гэх мэт зөрүүтэй тайлбарласнаас гадна анхан шатны шүүхээс 40 000 000 төгрөгөөс 17 200 000 төгрөгийг хасаж тооцуулах шаардлагын үр дагаврыг тодруулахад нэхэмжлэгч маргаан бүхий 99119655 дугаарын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах саналтай гэжээ. /хх152/

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу төлөх зээлдэгчийн үүргийн хэмжээг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагад бус нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна. Үүргийн хэмжээг тогтоолгосноор хариуцагчаас юу шаардаж байгаа нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д нийцэхгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага болох 99119655 дугаарыг бусдад худалдах үед нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ хэд байсан, хариуцагч дугаарын үнээс хэдэн төгрөгийг тооцож авсан нь маргаантай. Хариуцагч ...нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн үлдэгдэл 58-59 сая төгрөг байсан гэжээ. /хх145-154/

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх, хариуцагчаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхтэй ч нэхэмжлэлийн 99119655 дугаарын ашиглах эрхийг буцаан шилжүүлэх шаардлагын хувьд уг дугаар гуравдагч этгээдэд шилжсэн, гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт хэлэлцэх боломжгүй болсон. Иймд тухайн хөрөнгийн үнэ тодорхой байх шаардлага үүсчээ. Талуудыг тухайн асуудлаар бүрэн мэтгэлцүүлж, үйл баримтыг тогтоогоогүйгээс анхан шатны шүүх маргааныг агуулгаар нь бүрэн шийдвэрлээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлцэлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24ий өдрийн 182/ШШ2021/01896 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД