Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01896

 

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01896

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.З-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А Б С Н” ХХК -нд холбогдох,

 

Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 9911..... дугаарын эзэмших эрхийг буцаан олж авах, 17,200,000 төгрөгийг зээлийн төбөрөөс хасаж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.З би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “А Б С Н” ХХК -тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд өөрийн эзэмшиж. ашигладаг 9911.... дугаарыг тус компанийн нэр дээр шигжүүлэн өгч байсан. Барьцаат зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт Зээлдэгч нь зээлийн баталгаа болгож ззэлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлж барагдуулахаа баталж өөрийн эзэмших эрхтэй үүрэн холбооны дугаарыг “А Б С Н” ХХК -д эзэмших эрхийг шилжүүлэн, тус дугаарыг ашиглаж явах нөхцөлтэйгөөр ашиглалтын зардлыг бүрэн хариуцаж барьцаалсан болно." гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний хугацаа 2019 оны 12-р сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулсаар ирлээ.

Гэтэл энэхүү хугацаанд зээлдэгч “А Б С Н” ХХК -ийн зүгээс зээлийн гэрээний хүүг төлөөгүй гэх үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны, 03 дугаар сарын 02. 4 дүгээр сарын 06-ны, 04 дүгээр сарын 29. 9 дүгээр сарын 08-09, 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус Мобиком Корпораци ХХК-д хандан орох, гарах ярианы эрхийг хязгаарлан, хааж миний дугаар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байна. Энэ нь бидний хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 2.1, 3.2.3 дахь хэсэгт заасан ашиглаж явах нөхцөлтэйгөөр, ашиглалтыг үргэлжлүүлэх гэж заасныг зөрчиж, миний өөрийн 9911..... дугаарын эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээнд “А Б С Н” ХХК -ийг төлөөлж Санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Бгарын үсэг зурж, гэрээг баталгаажуулах байтал зээлийн ажилтан гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож байна. Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж заасан байх тул хэдийгээр гэрээг бичгээр боловсруулсан боловч гэрээнд “А Б С Н” ХХК -ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамгаа дараагүй байгаа нь гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхээргүй нөхцөл байдал үүсээд байна.

Зээлдэгч Д.З би зээлийн гэрээний төлбөрийг боломжит хэлбэрээр төлж барагдуулсаар байхад “А Б С Н” ХХК  нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр надад хандаж миний 9911..... дугаарыг бусдад зарж борлуулах тухай мэдэгдлийг ирүүлсэн билээ. Миний хувьд тус байгууллагаас 40,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд одоогийн байдлаар 20,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаад байна. Гэтэл “А Б С Н” ХХК  нь зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан атлаа өнөөдрийг хүртэл төлж байсан минии төлбөрийг зээлийн гэрээний хүүнд тооцож, үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцохгүй байгаа нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ихээхэн зөрчиж байгаа юм

Дэлхий нийтэд үүсээд буй Ковид-19 цар тахал манай улсад тархсантай холбогдуулан миний эрхэлж байсан үйл ажиллагаа болох диско баарны үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хязгаарлагдаж, орлогын эх үүсвэрээ бүрэн алдсан энэ цаг хугацаанд тус барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйл болох 9911..... дугаарын ашиглалтыг хязгаарлах, худалдан борлуулахыг мэдэгдэж шахалт дарамт үзүүлж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл гэж үзэхээр байна. Миний хувьд “А Б С Н” ХХК -иас 1 сарын хугацаатай 40,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд төлбөрийн 50-иас дээш хувийг төлж барагдуулж байхад тус компаниас дээрх үйлдлуүдийг гаргаж байгаа нь зохисгүй юм. Мөн дээрх зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байхад банк бус санхүүгийн байгууллагын нэгэн адил зээлийн гэрээнии хугацаа дууссан байхад хүү тооцож, миний 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлж байсан төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцохгүй хууль болон гэрээнд заасныг илтэд зөрчсөн үйлдлийг гаргаж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг зөрчиж тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан байх тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АВ3097 дугаартай Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Д.З би өөрийн эзэмшлийн 9911..... дугаарыг “А Б С Н” ХХК-д шилжүүлэн өгснийг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 22,800,000 төгрөгийг “А Б С Н” ХХК-д буцаан шилжүүлэн өгөх буюу Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгнө.

Иймд нэхэмжпэлийн дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасныг зөрчиж үйлдсэн байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах,

2. Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгах зорилгоор 9911..... дугаарын эзэмших эрхийг Д.Зын нэр дээр шилжүүлж өгөхийг “А Б С Н” ХХК-д даалгах

3. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлийн хүүнд тооцогдон төлөгдөж байсан 17,200,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 40,000,000 төгрөгөөс хасч тооцохыг “А Б С Н” ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч “А Б С Н” ХХК-нд холбогдуулан зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор 9911..... дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах, зээлийн гэрээний хүүнд тооцогдсон 17,200,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд нь түүнийг төлөөлөх эрхгүй этгээд байсан бөгөөд тухайн компанийн итгэмжлэлгүй төлөөлөх захирал биш болох нь баримтаар тогтоогдоно гэжээ. Түүний үзэж байгаагаар зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хэлцэл тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэстэй тул уг гэрээний дагуу барьцаалсан гар утасны 9911..... дугаарыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаах, түүнчлэн хүчингүй зээлийн гэрээний турш нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг хүүгийн төлбөрт бус бүхэлд нь үндсэн төлбөрөөс тооцон суутгах учиртай гэжээ. Улмаар хүчингүй зээлийн гэрээний дагуу авсан 40,000,000 төгрөгөөс үлдэх төлбөрийг буцааж хариуцагчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна. Тэрээр зээлийн гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурсан Б.Б нь компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлгүй байсан хэдий ч түүнд компанийг төлөөлөх эрх хуулиар олгогдсон гэж үзнэ. Б.Б нь тухайн үед компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажилладаг байсан бөгөөд энэ хэмжээний зээлийн гэрээ, хэлцлийг байгуулах бүрэн эрхтэй гэжээ. Улмаар 9911..... дугаарыг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 50,000,000 төгрөгөөр гуравдагч этгээд Г.Лд дуудлага худалдаагаар худалдсан, одоо тус барьцаалан зээлдүүлэх газар эзэмшдэггүй гэжээ. Түүнчлэн зээлдэгч Д.Зын хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгаж ирсэн бөгөөд тэрээр үүргээ байнга зөрчдөг байсан тул 17,200,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасаж тооцох бүрэн үндэстэй хэмээн маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.  Зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр АВ3097 дугаартай 40,000,000 төгрөгийг 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатай зээлэхээр гэрээ байгуулсан тухай баримт хавтаст хэргийн 136 дугаар талд авагджээ. Гэрээнд нэг талаас Д.З зээлдэгч гэж, нөгөө талаас “А Б С Н” ХХК-ийг төлөөлж санхүү үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б зээлдүүлэгч гэж гарын үсэг зуржээ. Зохигчид эдгээр нөхцлийг тохирсон үйл баримт, тус гэрээний дагуу Д.З 40,000,000 төгрөг хүлээн авсан үйл баримт, түүний дагуу хүүгийн төлбөр төлж байсан үйл баримт, “А Б С Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг үйл баримтуудын тухайд тус тус маргаагүй болно. Гагцхүү нэхэмжлэгч Д.З нь зээлдүүлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан тул уг гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгуулахаар шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн дурдаж буй үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ. Зохигчид талуудын хооронд байгуулсан гэх барьцаат зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан Б.Бнь тухайн үед уг компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдээр улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд биш болох үйл баримтын тухайд маргаагүй болно. Харин хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэл нь төлөөлөх эрхийг илтгэдэг цорын ганц баримт биш бөгөөд аливаа бизнесийн байгууллага үйл ажилагааны онцлогоос шалтгаалан гүйцэтгэх захирал бус этгээдэд зарим үйл ажиллагаанд тодорхой үнийн дүнгийн хэмжээнд компанийг төлөөлөх эрхийг олгож болдог тайлбар гарган мэтгэлцэж байна. Хэдийгээр Б.Бнь тухайн цаг мөчид “А Б С Н” ХХК-ийг тодорхой үйл ажилагаанд төлөөлөх эрх олгогдсон этгээд мөн болох талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй боловч иргэний эрх зүйн хэлцлийг хожим дэмжин зөвшөөрөх зарчмын дагуу зээлдэгч Д.З, зээлдүүлэгч “А Б С Н” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэстэй байна. Энэ талаар Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс хамаарна гэж тус тус заажээ.

 

2.  Зохигчид хариуцагч тал болох “А Б С Н” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байгууллага болох үйл баримтын тухайд харилцан маргаагүй. Энэ талаар холбогдох баримтыг гаргуулахаар дүүргийн Засаг даргад хандсан байх хэдий ч тусгайлсан бүртгэл байдаггүй тухай хариуг шүүхэд ирүүлжээ. Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх байгууллагад албан ёсоор зөвшөөрөл өгөх, аль нэг хянан зохицуулах байгууллагад зайлшгүй бүртгүүлсэн байх зэрэг шаардлага тавьсан эрх зүйн хэм хэмжээ үгүй бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагаа хэсэгт энэ талаар тэмдэглэх байдлаар байгууллагын эрхлэх үйл ажиллагааг тодорхойлж байна. Энэ тохиолдолд хариуцагч ба нэхэмжлэгч этгээд нь тухайн этгээдийн эрх зүйн статусын талаар эс маргаж, хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсан тэмдэглэлд үндэслэн “А Б С Н” ХХК-ийг барьцаалан зээлдүүлэх газар хэмээн тодорхойлов.

 

Энэ үүднээс зохигчдын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан АВ3097 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаалан зээлдүүлэх газраас олгосон зээлийн гэрээ гэж дүгнэлээ.

 

3.  Хариуцагч тус зээлийн гэрээ тухай бүр сунгагдсаар ирсэн бөгөөд үүнийг зохигчдын хооронд энэ талаар харилцсан гар утасны зурвас, зээлийн хүүгийн зориулалтаар төлбөр шилжүүлж байсан үйл баримтууд нотлоно гэж маргаж байна. Гэвч эдгээр үйл баримтууд зохигчид зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг ханган сунгасан гэх боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь дахин давтагдах шинжтэй, ашиг олох зорилго бүхий тогтмол цаг хугацааны туршид мэргэшсэн байдлаар хийгдэж байгаа бизнесийн үйлчилгээний нэгэн төрөл бөгөөд энэ харилцаанд талууд ажил хэрэгч байдлыг чухалчах учиртай. Энэ ч агуулгаар энэ төрлийн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах, энэ шаардлагыг хангаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар хуульд заажээ. Энэ зарчим зээлийн гэрээний сунгалт бүрт нэгэн адил тавигдах учиртай. Ингэснээр бизнесийн сахилга баттай байх, аливаа үүргийн зөрчил тодорхой бус байдлаар удаан үргэлжлэх, ийнхүү тодорхойгүй удаан үргэлжлэх замаар талуудын эдийн засгийн байдлыг улам муутгахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Тэгвэл хэрэгт авагдсан баримтаас зохигчид энэ талаар албан ёсоор харилцан тохирч гэрээг сунгасан, ажил хэрэгчээр хандаж зээлийн харилцаа цаашид хэрхэн үргэлжлэх талаар хоёрдмол утгагүй тохирсон зүйл үгүй байна гэж дүгнэв.

 

Энэ үүднээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү тооцох хугацааг нэг сар гэж үзэх, өнгөрсөн хугацаанд төлсөн эргэн төлөлтийн дүнг зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,600,000 төгрөг, нийт 41,600,000 төгрөгөөс хасаж тооцох нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасантай нийцэж байна.

 

4.  Хавтаст хэргийн 24-38 дугаар талд маргаан бүхий зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийж байсныг харуулах нотлох баримт буюу дансны хуулга авагджээ. Тус дансны хуулгаар Б.Ц болон Д.З гэх данс эзэмшигчдээс “А Б С Н” ХХК-ийн 5099110014 дугаартай ХААН банкны дансанд гүйлгээ хийгдсэн байх ба нэхэмжлэгч Б.Цийг түүний нэрийн өмнөөс зарим үед зээлийн эргэн төлөлт шилжүүлж байсан гэж тайлбарлаж байна. Б.Цийн хийсэн гүйлгээний утганд зохигчдын зээлийн гэрээний барьцааны зүйл болох утасны дугаарыг тэмдэглэн төлбөрийг шилжүүлж байснаас үзвэл уг тайлбарыг үндэслэл бүхий байна. Харин зээлийн төлбөрийг шилжүүлэн авч байсан данс нь “А Б С Н” ХХК-ийн данс болох нь зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 1.1.8 дахь заалтаар тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримтад үндэслэн зээлдэгчийн төлсөн нийт төлбөрийг тооцбол Д.З барьцаат зээлийн гэрээний үүрэгт нийт 13,600,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үүнээс 1,600,000 төгрөгийг хүүгийн төлбөр гэж үзвэл үлдэх 12,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах үндэстэй байна.

 

5.  Нэхэмжлэгч нь Мобиком үүрэн телефоны 9911..... дугаарын эзэмшлийг буцаан шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Маргааны зүйл болох утасны дугаар буюу дээрх найман оронтой тоог хэн нэг этгээд эзэмшилдээ байлгах бодит боломжгүй, энэхүү тоон дугаарууд нь хийсвэр ойлголт болно. Энэ агуулгаар дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай бус харин уг дугаарыг ашиглах эрх буюу дугаарыг ашиглан үйлчилгээ авах эрхийг олж авах талаар зохигчид маргаж байна гэж үзэх үндэстэй байна. Тэрээр зохигчдын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүдэх үр дагаврыг арилгуулах зохицуулалтыг баримтлан шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Шүүх уг шаардлагыг дээрх үндэслэлээр болон байж болох бусад шаардах эрхийн хүрээнд хангах боломжгүй гэж үзлээ.

 

Маргаан бүхий дугаарыг ашиглах эрх өнөөдрийн байдлаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Лд хамаарч байх ба тэрээр уг эрхийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “А Б С Н” ХХК-иас олж авсан нь хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан Мобиком ХХК-аас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. Тэрээр уг эрхийг шударга бусаар олж авсан гэх аливаа нөхцөл байдал хэргийн баримтын хүрээнд тогтоогдоогүйн зэрэгцээ Г.Лд холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс утасны дугаарын ашиглах эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой аливаа шаардлага гаргаагүй. Г.Л нь хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаа хариуцагч бус этгээд болохыг дурдах нь зүйтэй.

 

6.  Дээр дурдсан дүгнэлтүүдийг нэгтгэн дурдвал нэхэмжлэгч Д.Зын хариуцагч “А Б С Н” ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон 9911..... дугаарыг ашиглах эрхийг буцаан шилжүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож үлдэх нэхэмжлэлийн шаардлага буюу 17,200,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 болон 286.5 дахь хэсэгт тус тус нийцэж байна.

 

Өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчид зээлийн гэрээний үүрэгт 41,600,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 13,600,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн зөрчлийн дүн 28,000,000 төгрөг байжээ. Улмаар хариуцагч барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагаа хийсэн байна. Гэвч хэрэгт нэхэмжлэгч аливаа мөнгөн төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаагүй. Учир нь тэрээр шаардлагаа тодорхойлохдоо зээл ба барьцааны харилцааг зохицуулсан агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлд суруилсан. Нэгэнт байгуулсан хэлцлээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч итгэсний улмаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу барьцааны зүйлийг буцаан авах, хүлээж авсан 40,000,000 төгрөгөө буцааж өгөх тул тус дүнгээс түүнд нэгэнт өгчихсөн 17,200,000 төгрөгийг хасуулж тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Шүүх шаардлагын үндэслэлийг зөвшөөрөөгүй хэдий ч шаардлагын зарим хэсгийг дээр дурдсан үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэхдээ барьцааны зүйлийг худалдан борлуулсан үйлдлийн дараа ч шүүхийн энэхүү дүгнэлт эрх зүйн ач холбогдолтой гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид нийт 428,150 төгрөг /хх-ийн 3, 22 дугаар тал/ төлсөн байх ба үүнээс 357,950 төгрөгийг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад, 70,200 төгрөгийг гар утасны дугаарыг ашиглах эрхийг буцаан шилжүүлэх тухай шаардлагад тооцсон талаараа тайлбарласан байна /хх-ийн 42 дугаар тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад уг гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнэ тодорхойлохоор заасан нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор хэлцлийн зүйлийг харилцан өгөлцөж авалцах үр дагавар үүсдэгтэй холбоотой тул улсын тэмдэгтийн хураамжийг хэлцлийн үнийн дүнгээс тооцон төлөхөөр зохицуулжээ. Иймд нэхэмжлэгч барьцаат зээлийн гэрээний үнийн дүн болох 40,000,000 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх ба энэхүү гэрээ нь гар утасны дугаар ашиглах эрхийн барьцааны харилцааг зээлийн харилцаатай хамтатган зохицуулсан гэрээ байх тул түүний гар утасны дугаарыг ашиглах эрхийг буцаан шилжүүлэх тухай шаардлагад төлсөн 70,200 төгрөгийн хураамжийн төлбөрийг илүү төлсөнд тооцож тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу буцаан олгох нь зүйтэй байна. Харин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 357,950 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөгийг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасны дагуу хариуцагч “А Б С Н” ХХК-нд холбогдуулан нэхэмжлэгч Д.Зын гаргасан шаардлагаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АВ3097 дугаартай барьцаат зээлийн гэрээний үндсэн төлбөрт 12,000,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, үлдэх 5,200,000 төгрөгт холбогдох хэсэг болон хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх, 9911..... дугаарыг ашиглах эрхийг буцаан шилжүүлэх тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөгийг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА